sonin.mn

Монгол улсын нийслэлийг ганц гутааж байгаа зүйл бол ,нийтийн тээвэр гэдэгтэй хэн ч маргахгүй болжээ. 21 дүгээр зуун гарчихаад байхад харьцааны наад захын соёлгүй, гоо зүйн талаар бүр яриад ч хэрэггүй, бүдүүлэг гэдэг ухагдахуунаас давсан бүдүүлэг үйлчилгээтэй навсгар хэдэн микроавтобус бүхэл улсын нийтийн тээврийн орон зайг бөглөж байх ч гэж дээ.

 

Энэ асуудлыг хэн шийдэх вэ? Холбогдох хариуцсан байгууллага, цаашилбал төр засаг. Өөр хэн ч биш. Гэтэл нийтийн тээврийн салбарт нааштай ахиц гарсангүй.
УИХ-ын гишүүн асан Ц. Батбаяр хотын мэр байхдаа “2007 оноос эхлэн микроавтобусыг шахах бодлого үе шаттай хэрэгжиж эхэлнэ. Шууд гаргаад хаячихгүй ч том оврын автобусны тоог нэмэгдүүлэх замаар энэ асуудлыг аажмаар шийднэ” гэж мэдэгдэж байсныг санаж байна.

 

Гэтэл өнөөдөр байдал ямар байна даа. Том оврын автобусын чиглэл нэмэгдэж, авотобусын тоо ч нэмэгдэх нь нэмэгдлээ. Гэхдээ өнөө жинхэнэ хэргийн эзэн микро маань цөөрсөнгүй. Замын цагдаагийн газраас үе үе томоохон операци зохиодогч “туулайнууд” хаагуур нь гараад “зугтаачихдаг” юм, бүү мэд , явдгаараа явсаар. Сурчихжээ. Замын цагдаа болоод нийтийн тээврийн байцаагчдын судсыг бариад гаршчихсан гэвэл илүү ононо.

 

Хамгийн гол нь үйлчилгээний соёл хэмээх айхтар чухал үзүүлэлт хувийн хэвшлийн том, бага автобуснуудад үзье гэсэн ч алга. Зорчигчдыг хэл амаар доромжлох, тэгэхээс тэгэх гэсэн шиг харанхуй гудамжинд хөөж буулгах нь “микро”- чуудын хувьд зүгээр л энгийн үзэгдэл. Нэг жишээ татья. Ханын материалд гэртэй танил маань 21 цагийн үед Драгоны урд талын буудлаас микрод суужээ. Гэтэл 600 төгрөг нэхсэн байна.

 

“Та нар өдөр 300 төгрөгөөр явж байсан биз дээ" гэвэл кондуктор нь орой болчихсон байгааг мэдэхгүй байна уу гэж даапаалан мөнгөө нэмж өгөхийг шаардсан байна. Хэлдэг газар чинь хэлнэ гэвэл хэл амаар доромжилж дараагийн буудал дээр буулгахын завджээ. Танилын уур хүрч буухгүй гэж зүтгэсээр байгаад ханын эцсийн буудал дээр иржээ. Гэтэл жолооч кондуктор хоёр нь нийлж гуйлгачин ядуу байж яах гэж микрод суусан юм бэ гээд бөөн юм болж.

 

Тэр ч бүү хэл чаддаг юм бол суучих. Чамайг аваачиж ална гэж заналхийлсэн байгаа юм. Ер нь орой 18 цагаас хойш микронууд үнээ нэмж, нийтийн тээврийн хуулийг ноцтой зөрчсөөр удлаа. Нийтийн тээврийн газар иймхэн асуудлыг шийдэж чадахгүй байгаа нь хачирхалтай. Бусдыг хүндлэх сэтгэлгүй, ичиж айх мэдрэмжгүй, өрөвдөх ухамсаргүй, мөнгөний донтой бүхэл бүтэн арми “микрон” дотроос төрж байгаа нь зүгээр л аймшиг.

 


Хүн чанар гэдэг үнэт зүйлийг мартаж төлөвшиж байна гээд бод доо. Тэднийг “микрогүйгээр” нь төсөөлөөд үзэхээр юу хийж, яаж амьдрах нь бараг тодорхой байгаа биз. Энэ олдмол дархлааг бага дээр нь устгах нь тийм ч бага төвшний асуудал хэдийнэ биш болжээ. Нийтийн тээврийн газрыг үндсээр нь өөрчилье, шинэчлэх цаг болжээ.

 


Ард түмний гомдлыг хүлээн авч барагдуулах, нийтийн тээвэрт гарч буй хууль бус, бусармаг үзэгдэлтэй тэмцэж таслан зогсоох, хяналт тавих үүрэгтэй байгууллага бол Нийслэлийн нийтийн тээвэр зохицуулалтын газар. Гэтэл энэ алба үүргээ хэр зэрэг гүйцэтгэж байгаа нь ард түмний бухимдлаас тодорхой. Өөрсдийгөө өмөөрөх, элдэв тайлбар хэлэх ямар ч шаардлагагүй. Тун муу ажиллаж байгаа, зөөлнөөр хэлэхэд.

 


Өнөөдөр хулгайн “микро” осол аваар хийлээ гэхэд дээрх газар Замын цагдаа руу чихээд л өнгөрдөг нь нууц биш. Замын цагдаатай хамтран ажиллаж иргэдийн аюулгүй зорчих баталгааг хангах нь үндсэн үүргийнх нь нэг биш гэж үү? Ер нь “микронуудын” гаргадаг том бага осол, түүнээс учирсан хохирлын талаар тоо баримт тоочихоос ч аймаар.

 


Оройны 22 цагаас хойш хулгайн тээвэр гаардаг нь хариуцсан байгууллагын арчаагүй байдалтай шууд холбоотой. Шар хадны чиглэлийнх Баянхошуунд халтуур хийгээд “морилж” явах юу ч биш. Нийтийн тээврийн газарт асуудлыг тавихаар 22 цагаас хойш наад асуудал чинь бидэнд хамаагүй, бараг л хүний эрх гэсэн хариу өгсөөр удлаа. Монгол Улсын хууль тогтоомж тогтоосон цагаар хэрэгждэг болж байна уу?

 


Үнээ дураараа нэмж ард түмний халаасыг хоосолж байгаа үзэгдэлтэй хамгийн эвлэрэх ёсгүй байгууллага бол бас л Нийслэлийн нийтийн тээвэр зохицуулалтын газар. Гэтэл тэдний үгийг тоож байгаа ч тээврийн хэрэгсэл алга. Оройн 18 цагаас хойш “микронууд” үнээ нэмээд байна гэдэг гомдлын хариуд “бид торгосон” гэдэг үгээр ам таглана. Хийдэг ажил нь гомдол хүлээн авах, зөрчил гаргагчийг торгосон болоод өнгөрөх.

 

Шинэлэг менежмент, хурц дайчин шударга арга барил үнэхээр дутагдаж байна. Холбогдох байцаагч нарын амьдралд “микро” тодорхой үүрэг гүйцэтгэдэг болсон бол түүнийгээ шуудхан хэлчихмээр юм. Харин ард түмний маань амьдрал мах, гурилаас гадна автобусны үнэ дээр тогтож байгааг ойлгож, шийдвэртэй арга хэмжээ авах цаг болжээ. Ингэхийн тулд нийтийн тээвэр зохицуулалтын бодлогод эргэлт гаргая.


Д.Дорж
Эх сурвалж: “Геологи Уул Уурхайн Мэдээ”