sonin.mn

Цахим орчин бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болжээ. Мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх, худалдаа хийх, ажил хэргээ явуулах гээд нийгмийн харилцааны томоохон хэсэг сошиал платформд өрнөж байна. Тэр хэрээр энд хэлсэн үг, хийсэн үйлдэл хүний амьдрал, нэр хүнд, эд хөрөнгөд бодит нөлөө үзүүлдэг болсон. Ийм орчинд эрх чөлөөний зэрэгцээ хариуцлагын тухай ярих цаг хэдийн иржээ. Тиймээс нэг хүн нэг сошиал платформд нэг л хаягтай байх Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Г.Тэмүүлэнгийн санаачилгыг дэмжье. Үүний цаана цахим харилцаанд итгэлцэл бий болгох, бусдад хохирол учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэх боломжийг нэмэгдүүлэх чухал зорилго байна.


Өнөөдөр сошиалд бичсэн сэтгэгдлийн тоог хараад олон нийтийн байр суурийг шууд дүгнэхэд бэрх. Олон өөр нэртэй хаягийн цаана нэг хүн байж болно. Нэг этгээд хэд хэдэн хаягаар ижил агуулгыг давтан түгээж, өөрийн байр суурийг олон хүний санал мэт харагдуулж чадна. Ингэснээр бодит санал бодол, зохион байгуулалттай нөлөөллийн зааг бүдгэрдэг.


Энэ нь нийтийн хэлэлцүүлгийн чанарт нөлөөлнө. Баримт, үндэслэлээр мэтгэлцэхийн оронд хэн олон хаягаар дайрч, хэн илүү чанга шуугиан үүсгэснээрээ давамгайлах нөхцөл бүрдэж болзошгүй. Үр дүнд нь бодолтой, хариуцлагатай дуугардаг хүмүүс маргаанаас холдож, бусдыг доромжлох, сүрдүүлэхээс буцдаггүй хэсгийн дуу хоолой тод сонсогдоно. Ийм орчныг хэвийн үзэгдэл мэт хүлээн зөвшөөрсөөр байж болохгүй. Нэг платформд нэг хүний үндсэн хаягийг баталгаажуулах зарчим энэ асуудлыг багасгахад хэрэгтэй. Хуурамч дүрээр олон хүний өмнөөс ярьдаг, бусдын нэрийг барьдаг, хаягаа устгаад өөр нэрээр дахин гарч ирдэг үйлдэлд саад тавих боломжтой. Хэрэглэгч өөрийн үг, үйлдлийн хариуцлагыг ухамсарладаг болох нь цахим харилцааны соёлд ч эерэг нөлөө үзүүлнэ. Энэ өөрчлөлтийн үр өгөөжийг хамгийн түрүүнд жирийн иргэн хүртэх учиртай. Нэр, зургийг нь ашиглан бусдаас мөнгө нэхсэн хуурамч хаягтай таарсан хүн хаана хандахаа мэддэг байх хэрэгтэй. Цахим худалдаанд мөнгөө алдсан иргэн худалдагчийн хаяг устсанаар асуудлаа орхих ёсгүй. Хүүхэд нь цахим дарамтад өртсөн эцэг эхэд зөрчил гаргасан этгээдийг тогтоолгож, эрхээ хамгаалуулах бодит боломж шаардлагатай. Гэхдээ нэг хүн нэг хаягтай болсноор цахим орчны бүх асуудал шийдэгдэнэ гэж үзэж болохгүй. Баталгаажсан хаягаар ч худал мэдээлэл тарааж, бусдыг дарамталж болно. Иймээс хаягийн бүртгэлтэй зэрэгцэн гомдлыг шуурхай шийдвэрлэх, хохирогчийг хамгаалах, платформуудтай хамтран ажиллах тогтолцоог сайжруулах ёстой. Хаягийн тоог цөөрүүлэх нь иргэний эрхийг хамгаалах бодит үр дүнд хүрч байж утга учиртай.


Тэр үр дүнд хүрэхийн тулд хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах асуудлыг эхнээс нь шийдэх шаардлагатай. Иргэний үнэмлэх, утасны дугаараар баталгаажуулах бол ямар мэдээллийг хэн цуглуулах, хаана хадгалах, хэн ашиглах эрхтэйг тодорхой болгох ёстой. Хүний мэдээллийг шаардлагагүйгээр олноор нь төвлөрүүлж, алдагдах эрсдэл үүсгэвэл зохицуулалт өөрөө шинэ асуудал дагуулна.


Мөн хаягийн эзнийг баталгаажуулах, түүний хувийн мэдээллийг нийтэд ил болгох хоёрын ялгааг хадгалах хэрэгтэй. Ажлын байрны дарамт, хүчирхийлэл, авлигын талаар мэдээлэхдээ нэрээ нууцлах шаардлагатай хүн бий. Тэд аюулгүй байдлаа хамгаалан дуугарах боломжтой байх ёстой. Баталгаажуулалтын тогтолцоо ийм хүмүүсийг хамгаалах шийдэлтэй байж олон нийтийн итгэлийг хүлээнэ. Хэрэгжилтийн хувьд ч амьдралд нийцсэн зохицуулалт хэрэгтэй. Хувийн хаяг, байгууллагын албан ёсны хуудас, хэвлэл мэдээллийн суваг, худалдаа үйлчилгээний хуудсыг ялгаж үзэх шаардлагатай. Нэг хүн байгууллагынхаа хуудсыг хөтөлж, бизнесээ сурталчилж, хувийн хаягаа ашиглаж болно. Эдгээрийг хольж, тоонд баригдсан хязгаарлалт тогтоовол иргэдийн ажил, орлогод хүндрэл учруулна. Тиймээс платформ бүрийн онцлог, техникийн боломж, хэрэглэгчийн хэрэгцээг тооцсон шийдэл боловсруулах нь чухал. Хамгийн гол нь хариуцлага тэгш үйлчлэх ёстой. Хуурамч хаягаар зохион байгуулалттай дайралт хийлгэдэг бол түүнийг захиалж, санхүүжүүлдэг этгээдийн асуудлыг хамт хөндөх хэрэгтэй. Хэдэн хаяг хааснаар ийм үйл ажиллагааны үндэс арилахгүй. Улс төрийн болон бизнесийн нөлөө бүхий хүмүүс ч ижил шаардлага, ижил хариуцлагад хамрагдаж байж энэ санаачилга шударга хэрэгжинэ. Үүний зэрэгцээ төрийг шүүмжлэх, албан тушаалтнаас тайлбар нэхэх, бодлогын шийдвэрийг эсэргүүцэх эрхийг найдвартай хамгаалах ёстой. Хаяг хаах, мэдээлэл устгах үндэслэл ойлгомжтой, шийдвэрт гомдол гаргах боломж нээлттэй байх шаардлагатай.


Хэрэглэгч эрхээ мэддэг, шийдвэр гаргагч нь үндэслэлээ тайлбарладаг тогтолцоо цахим орчны хариуцлагыг бэхжүүлнэ.


Хууль Зүй, Зотоод Хэргийн сайд Г.Тэмүүлэнгийн санаачилгыг ийм агуулгаар дэмжих нь зөв. Олон хаягийн цаана нуугдаж бусдад хохирол учруулах боломжийг хумихын зэрэгцээ иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх баталгааг бэхжүүлэх хэрэгтэй. Нэг хүн нэг платформд нэг үндсэн, баталгаажсан хаягтай байх зарчмыг мэдээллийн хамгаалалт, шударга хэрэгжилттэй хослуулж чадвал сошиал орчны итгэлцэлд бодит ахиц авчирна. Хэлсэн үг эзэнтэй, хийсэн үйлдэл хариуцлагатай байх зарчим цахим орчинд ч үйлчлэх ёстой.



Н.Отгончимэг