МЕХИКО, 2026 оны арваннэгдүгээр сарын 2. /ТАСС/. “Мерседес” багийн уралдаанч, Италийн тамирчин Кими Антонелли “Формула-1” ангиллын авто уралдааны ДАШТ-д анх удаагаа түрүүллээ. Тэрбээр Мексикийн Гран-Прид III байрт шалгарч, нийт дүнгээр 380 оноотой болсноор дэлхийн аварга цолыг хүртэж байна.
Энэ мөчийг хүртэл түүнийг гүйцэх боломж Жорж Расселл (Мерседес), Льюис Хэмилтон (Феррари) нарт байв. Байрлал тогтоох уралдаанд Антонелли тавдугаарт жагссан бөгөөд үндсэн уралдаанд 9 дүгээр байрт шалгарахад л дэлхийн аварга болох байв.
Антонелли энэ цолыг 20 нас 69 хоногтойдоо хүртсэнээр “Формула-1”-гийн түүхэн дэх хамгийн залуу аварга боллоо. Өмнө нь Германы тамирчин Себастьян Феттел /23 нас 134 хоног/ дээд амжилтыг тогтоогоод байсан юм. Түүнээс гадна, Антонелли Мексикийн Гран-Прид түрүүлснээр Жузеппе Фарина (1950), Альберто Аскари (1952, 1953) нарын дараа Италиас төрсөн гуравдахь аварга боллоо.
Тэрбээр 2024 оны наймдугаар сард “Мерседес” багтай гэрээ байгуулж, 2025 оны нэгдүгээр сард анх удаагаа “Формула-1” уралдаанд оролцжээ. Мөн тус уралдаанд оролцож эхэлсэн хоёр дахь жилдээ аварга цол хүртсэн дөрөв дэх уралдаанч болж байна. Түүнээс өмнө ийм амжилтыг Аргентины Хуан Мануэл Фанхио (1951), Канадын Жак Вильнёв (1997), Хэмилтону (2008) нар үзүүлжээ. Харин анх удаагаа “Формула-1”-д оролцсон даруйдаа аварга цол хүртсэн цорын ганц уралдаанч бол Ж.Фарина юм.
Б.Адъяахүү
Даваа - 11 сарын 02,
2026
Сэтгэгдэл0