Амьдралыг хүн өөр, өөрийн зураг төөрөг, хичээл зүтгэлээр туулдаг. Манай нийтлэлийн энэ удаагийн зочин ахмад багш, Удирдахуй ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш Хадын Пүрэвдагва байлаа. Хөдөө нутгийн малчин айлын хүүгээс эрдэмтэн, профессор, төрийн түшээ, Монгол Улсын гавьяат багш хүртэлх амьдралын замнал нь хөдөлмөр, эрдэм ном, хүн чанар, хувь заяаны олон учралаар бичигджээ. Тэрээр Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүнээр ажиллаж, улс орны нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийн эхэн үеийн хууль тогтоох үйл явцад оролцсон ч өөрийгөө хамгийн түрүүнд “Багш” хэмээн тодорхойлдог. “Багш аа” гэж дуудуулах их дуртай хэмээн ярих тэрээр 49 дэх жилдээ эрдмийн өргөөнд ажиллаж, хэдэн мянган шавь бэлтгэн, ном бүтээлээрээ өөрийн амьдралын мөрийг үлдээжээ.
“Аав маань хүүхдүүддээ бүгдэд нь Пүрэв нэр өгсөн нь манай гэр бүлийн содон түүх”

Х.Пүрэвдагвын уугуул нутаг Архангай аймгийн Өлзийт сум. Төв халхын дунд орших ганц Өөлд үндэстэнтэй сум гэдгээрээ онцлог энэ нутгийн түүх Галдан бошигт хааны 100 модны байлдаантай холбогддог. Байлдааны дараа тийш нүүж гарсан өөлдүүдийн хоёр хошуу байгуулагдсаны нэг нь түүний төрж өссөн нутаг ажээ. Эцэг, эх нь хоёулаа малчин, Өлзийт сумын уугуул хүмүүс. Х.Пүрэвдагвын аав, ээж нь 1940 онд гэр бүл болж, арван хүүхэдтэй төрүүлжээ.
Энэ өнөр өтгөн айлын гурав дахь хүү нь Х.Пүрэвдагва юм. Түүний аав хүүхдүүддээ бүгдэд нь Пүрэв нэр өгсөн нь тэдний гэр бүлийн содон түүх. Тухайлбал, түүний том ахыг Х.Пүрэв гэх бөгөөд “Тонж Манлай засуул”, уртын дуучин, соёлын үйл хэрэгт зүтгэсэн хүн юм.
Х.Пүрэвдагва найман настайдаа сумынхаа бага сургуульд орж, 12 нас хүртлээ суралцан дөрөвдүгээр анги төгсжээ. 1959 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын долоон жилийн сургуульд суралцахаар явах байсан ч хотод байсан аав, ээжийнх нь дүү нар ах, эгч хоёрыг нь нийслэлд авчирч сургуульд оруулсан тул араас нь Х.Пүрэвдагва ч ирсэн байна. Энэ тухайгаа тэрээр “Хотод ирж, ээжийнхээ үеэл дүүгийнд амьдарч, 1959 оноос нийслэлийн зургаадугаар сургуульд суралцсан. 1965 онд аравдугаар ангиа төгсөж, найман жил төрөл бүрийн ажил хийлээ. Тухайлбал, ачигч буюу тухайн үеийн нэршлээр “өргөөч”, манаач, референт зэрэг ажил хийж, амьдралын их сургуульд суралцсан. Сонирхуулахад, миний ажиллаж байсан газруудын нэг бол Богд хааны музей. Тэнд 1970 онд долоон сарын турш музейн манаачаар ажиллаж байлаа. Тэр үед шөнө оготор шар карабин буу үүрч, жижигхэн нохой дагуулан хэрмийн хашааг тойрон харуулд гардаг байж билээ” гэсэн юм. Энэ дурсамж түүний залуу насных нь нэгэн содон зураг болон үлджээ.
“065 дугаар ангид хамт алба хааж байсан бага түрүүч Ж.Гүррагчаа нь хожим Сансрын нисгэгч болов”
Улмаар Х.Пүрэвдагва 1970 онд цэргийн албанд мордож, Агаараас эсэргүүцэн хамгаалах цэргийн 065 дугаар ангийн радио локаторын салбарт гурван жил алба хаасан байна. Тайван цагт ч байлдааны үүрэг гүйцэтгэдэг тус анги Зөвлөлтийн цэргүүдтэй хамтран ажилладаг байв. Монголын нутаг дэвсгэр дээгүүр нисэж буй онгоцны чиглэл, өндөр, хурдыг дэлгэц, самбараар ажиглан тэмдэглэх үүрэгтэй.
Тус ангид хамт алба хааж байсан бага түрүүч Жүгдэрдэмидийн Гүррагчаа хожим Монголын анхны сансрын нисгэгч болсон нь түүний цэргийн он жилүүдийн мартагдашгүй учралын нэг. Энэ үеийн дурсамжаа хуваалцахдаа тэрээр “Ж.Гүррагчаа радист, Морзын кодоор мэдээ дамжуулдаг байсан.
Харин би түүний араас мэдээг бичиж авдаг үүрэгтэй байлаа. 065 дугаар анги сэргэлэн, овсгоотой залуусыг сонгон авдаг онцлогтой байв. Мөн Зөвлөлтийн цэргүүдтэй хамт алба хаадаг байсан. Энэ нь надад орос хэл сурах том боломж болж, цэргээс халагдахдаа оросоор чөлөөтэй ярьж, ном уншиж, дэлгүүрээр үйлчлүүлэх хэмжээнд хэл эзэмшсэн байсан” гэв. Түүний ажилласан байгууллагууд, цэргийн алба нь хүнтэй харилцах, хүний үгийг сонсох, үг даах зэрэг амьдралын чухал ухааныг өгсөн гэж тэрээр дурссан юм.
“Миний хань бол бурхнаас өгсөн хишиг”

Тэрээр гэргий Д.Цэдмаатайгаа 1966 онд танилцаж, 1968 онд гэр бүл болжээ. Тэднийг танилцах үед Х.Пүрэвдагва 19, н.Цэдмаа 17 настай байжээ. Тэрээр “Миний хань бол надад бурхнаас өгсөн хишиг юм даа” хэмээн ярих нь амьдралын урт замд нэгнээ гэх сэтгэл нь хувирч хуучраагүйг тодхон харуулах шиг. Гудамжинд явж байгаад танилцсан залуус үерхэж, хамтын амьдралаа эхлүүлжээ. Анхны хүүхэд нь 1969 онд мэндлэхэд Цэдмаа 20, Пүрэвдагва 22 настай байв. 1972 онд хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ.

Д.Цэдмаа хотын унаган хүүхэд. Х.Пүрэвдагвын хадам аав Ж.Дамдинсүрэн залуудаа лам болохоор сүм хийдэд шавилан сууж байгаад хожим нягтлан бодохын курст суралцсан аж. Монголын циркийн анхны үеийн жүжигчдийн нэг бөгөөд 1939 онд байгуулагдсан циркийн сургуульд Зөвлөлтийн багш нараар хичээл заалгаж, номеруудаар бэлтгэгдэн, 1940 оны анхны тоглолтод оролцож байжээ. Д.Цэдмаа Улсын багшийн дээд сургуулийг Орос хэл, утга зохиолын багш мэргэжлээр төгсөж, 1972 оноос одоог хүртэл музейн салбарт ажиллаж яваа бөгөөд, олон ном бүтээл туурвижээ. Д.Цэдмаа музейн салбарт олон жил ажилласныхаа хөдөлмөрийг үнэлүүлж, Үндэсний орчин үеийн музейн 100 жилийн ойн үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртжээ. Х.Пүрэвдагвынх гурван охинтой, арав гаруй ач, зээтэй өнөр өтгөн ам бүл болжээ. Тэдний охид өөр өөрсдийн амьдралын замаар хөдөлмөрлөж явна. Тухайлбал, дунд охин нь ДЭМБ-д ажилладаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмч, мэргэжилтэн болсон байна.
“Мотивац”-аас эхэлсэн эрэл хайгуул нь хожмийн “Эрдмийн шувуу”-г бий болгов
Цэргээс халагдаад 1973 онд Х.Пүрэвдагва их сургуульд элсэн орсон байна. МУИС-ийн Политехникийн дээд сургуулийн Инженер-эдийн засгийн факультетад суралцжээ. Тухайн үед хүн бүр өөрийн сонголтоор мэргэжлээ сонгохоос илүүтэй олгогдсон хуваарийн дагуу сурч, мэргэшдэг байжээ. Тэрээр оногдсон хуваарийнхаа дагуу аж үйлдвэрийн эдийн засаг, зохион байгуулалтын чиглэлээр суралцсан байна. Ингээд 1978 онд Инженер-эдийн засагч мэргэжлээр төгсжээ. Түүний суралцсан факультет 1959 оноос сургалт явуулж эхэлсэн бөгөөд 2029 онд 70 жилийн ой нь тохионо.
Монголд менежментийн ухааныг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлсэн эрдэмтэн, багш нарын залгамж халаа бүрэлдсэн энэ сургуулийг тэр менежментийн “дэг сургууль” хэмээн тодорхойлдог.
Эдийн засгийн ухааны доктор, профессор Ломбоцэрэнгийн Гүржав, Нанзадын Цэнд нарын шавь болсон нь түүний хувьд их хувь заяа байжээ. Оюутан ахуй насныхаа тухай тэрээр “Н.Цэнд багш Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат бөгөөд ажил зохион байгуулах, нэгж хөгжүүлэх чадвараараа гарамгай хүн байсан. Хоёрдугаар курсээсээ эхлэн хавар болгон эрдэм шинжилгээний хуралд оролцдог байв. Нэг удаа Н.Цэнд багш намайг дуудаж “ДЦС-3-ын ажилчдын дунд мотивацын судалгаа хий” гэх даалгавар өгсөн. Миний хувьд “мотивац” гэх үгийг анх удаа сонсож, юу хийхээ ойлгож, мэдээгүй ч багшаас шууд хариулт нэхэлгүй эрэл хайгуулд гарсан. Ингээд нөгөө үгийнхээ учрыг олохоор сэтгэл судлалын багш нартай уулзаж, их сургуулийн Бор багшаас асуусан юм. Бор багшид учраа хэлтэл, “Цэнд тэгж л таарна” гээд “мотив” ба “мотивац” гэх ойлголтыг тодорхойлолтоор нь надад хэлснийг одоо хүртэл мартдаггүй.
Бор багш “Мотив нь хүний дотоод сэдэл, хүсэл тэмүүлэл бол мотивац нь тухайн сэдлийг идэвхжүүлж, үйлдэл хийхэд өдөөн түлхэх нөлөөлөл” хэмээн хэлж өгсөн юм. Ингээд юуны тухай, ямар судалгаа хийхээ ойлгож аван материал хайх ажлаа эхлүүллээ” гэв.
Монгол хэлээр “мотивац” гэх сэдвээр унших материал олдоогүй тул Сүхбаатарын талбайн баруун талд байсан 25 дугаар номын дэлгүүрийн орос номын тасгаар өдөр бүр орж, ном хайх болжээ. Нэг өдөр Виндровын “Социальные психологические факторы труда” буюу “Хөдөлмөрийн нийгэм, сэтгэл зүйн хүчин зүйлсийн тухай” гэх ном олсон нь судалгааных нь гол эх сурвалж болсон байна. Номоос асуулгын аргаар судалгаа авах аргачлалыг судалж, ДЦС-3-ын ажилчдын хөдөлмөрлөх сэдэл, түүнийг удирдлага хэрхэн идэвхжүүлж болохыг шинжилжээ. Дөрөвдүгээр курстээ судалгааныхаа үр дүнг илтгэл, тайлан болгон боловсруулж, сургуулиасаа шалгарсан хоёр илтгэлийн нэгээр улсын уралдаанд оролцсон байна. Нөгөө илтгэлийг нь хожим Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Самбуугийн Ламбаа бичжээ. Түүний судалгаа Улаанбаатар хотын хог тээврийн зохион байгуулалтыг хамгийн бага зардал, шатахуун, цаг хугацаагаар оновчлох математик загварын тухай байв. Улсын уралдаанд С.Ламбаагийн илтгэл тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртсэн гэдэг. Харин Х.Пүрэвдагвын судалгаа тухайн үед нэгдүгээр байрт шалгараагүй ч Унгарын Печь хотод болох олон улсын оюутны эрдэм шинжилгээний анхдугаар хуралд илгээх болсон нь түүний хувьд том боломж, тэмүүлэл нь болов.
Энэ талаар Х.Пүрэвдагва “Монгол Улсаас долоон оюутан оролцсон олон улсын оюутны эрдэм шинжилгээний анхдугаар хуралд оролцсон. Би тус хуралд Хөдөлмөрийн хамт олны мотивацыг социологийн аргаар судалсан ажлаа танилцуулж, тэргүүн байр эзэлсэн юм.
Шагналд нь ном дээр суусан том шаазан шар шувуу өгч билээ. Энэ шагналаасаа санаа авч хожим сургуульдаа “Эрдмийн шувуу” цомын төлөөх их, дээд сургуулиудын оюутны эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан. Мөн менежментийн хичээлийн материал, контентоо бусад их, дээд сургуулийн багш нартай хуваалцаж, салбарын багш нарыг нэгтгэх ажлыг эхлүүлсэн. Энэ хамтын ажиллагааг олон улсын түвшинд хөгжүүлэхээр Хөх хотын Санхүүгийн их сургуульд уулзалт хийж байсан. Цаашид улам өргөжүүлэн, хөгжүүлэхийг л зорьж байгаа” тухайгаа ярьсан юм.
АИХ ба Улсын Бага хурлын гишүүн болсон нь
Ардчилсан Үндсэн хууль батлалцав. 1992.01.13
Х.Пүрэвдагва 1986 онд МАХН-ын гишүүнд нэр дэвшигч болж, 1987 онд бүрэн гишүүнээр элссэн байна. 1990 оны ардчилсан өөрчлөлтийн өмнөхөн залуу багш, эрдэмтэн, эдийн засагчдын дунд намыг дотроос нь шинэчлэх тухай яриа өрнөж, “Сүхбаатарын дуудлага” гэх хөдөлгөөнийг Х.Пүрэвдагва нарын нөхөд байгуулжээ. Тэрээр энэ тухайгаа “Сүхбаатарын дуудлага” хөдөлгөөний удирдагчаар намайг сонгож, зохицуулагчдын нэгээр ажиллаж байсан. Свердловск хотод аспирантурт суралцаж байгаад ирснийхээ дараа хөдөлгөөний ажилд оролцож, шинэ сөрөг хүчинд нэгдэхээс илүү МАХН-ыг анхан шатнаас нь шинэчлэх байр суурийг баримталсан. Харин 1990 онд манай нутгийнхан намайг Ардын Их Хурлын депутатаар нэр дэвшүүлэхээр сонгосон байдаг. Би өөрөө ч тэнд нэр дэвшээд явж байгаагаа мэдээгүй явж байсан. Ингээд энэ тухай сонсож 1959 онд нутгаасаа гарснаас хойш 31 жилийн дараа нутагтаа уулзалт хийхээр очиж байлаа.
Сонгуульд аймгийн Засаг дарга зэрэг арваад хүн өрсөлдсөн. Намайг нутаг руугаа явахад сургуулийн химийн багш, Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга, “Сүхбаатарын дуудлага” хөдөлгөөний гишүүн н. Эрдэнэбат маань тусалж, ЗИЛ-130 машинаар сонгогчидтой уулзахаар явсан юм” гэв.
Түүнийг сонгогдсоноо мэдээгүй явахад нь нэг өглөө хоёр хар машинтай хүн ирж “Ардын Их Хурлын депутатаар сонгогдсонд баяр хүргэе”, “үнэмлэхээ очиж аваарай” гэсэн гэдэг. Ийн есдүгээр сарын 9-нд Ардын Их Хурлын анхдугаар чуулган хуралдаж, 400 гаруй депутат оролцжээ. Төрийн хууль тогтоох байгууллагын ажилд өмнө нь оролцож байгаагүй Х.Пүрэвдагва хуралдаанд тасралтгүй сууж, хэлэлцүүлгийг ажиглан суралцсан байна. Тэрээр “Чуулганы завсарлагааны үеэр МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, депутат Цэвээнжавын Өөлд гуай намайг Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдох гэж байгааг дуулгасан. Ингээд би эхэндээ сургуульдаа буцаж очиж, багшийн ажлаа үргэлжлүүлэхийг хүссэн ч намын шийдвэрээр Улсын Бага Хуралд ажиллахаар болсон юм.
Намайг сонгох болсон шалтгааныг “Сүхбаатарын дуудлага” хөдөлгөөнд оролцсон байдал болон шинэ парламентын бүрэлдэхүүнд их, дээд сургуулийн багш, эрдэмтдийн төлөөлөл хэрэгтэй байсан нь нөлөөлсөн болов уу гэж одоо боддог юм.
Улсын Бага Хуралд МАХН, Монголын Ардчилсан нам, Үндэсний дэвшлийн нам, Социал демократ нам зэрэг намын төлөөлөл ажиллаж байв. Би Эмэгтэйчүүд, хүүхэд, залуучуудын байнгын хороонд хуваарилагдсан нь багш мэргэжилтэй минь холбоотой. г нь төгссөн мэргэжлийнхээ дагуу эдийн засгийн чиглэлийн хороонд ажиллана гэж бодож байсан. Миний хувьд Улсын Бага Хурлын гишүүнээр хоёр жил ажиллахдаа Тэтгэврийн тухай, Хөдөлмөрийн тухай, Боловсролын анхны хууль, Банкны тухай, Өмч хувьчлалын тухай, Аж ахуйн нэгжийн тухай зэрэг суурь хуулиудыг боловсруулахад оролцсон. Хуулийн төслүүдийг бичгийн машинаар шивж, цаасыг нугалан олшруулж, гишүүдэд тараадаг байлаа. Гишүүд зүйл, заалт, өгүүлбэр, үг бүр дээр ажиллаж, засварласан төслүүд “улаан цоохор” болдог байсан” гэж тэрээр дурсав. Улсын Бага Хурлын гишүүд таван жилийн хугацаатай сонгогдсон ч шинэ Үндсэн хууль батлагдаж, байнгын ажиллагаатай Улсын Их Хурлыг байгуулах шийдвэр гарснаар хоёр жилийн дараа бүрэн эрхээ дуусгавар болгожээ. Анхны УИХ-ын тухай болон сонгуулийн тухай хуулийг боловсруулах, сонгууль явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж явсан гавьяатай эрдэмтэн бол Х.Пүрэвдагва билээ.
“Багш” хэмээх эрхэм алдраар дуудуулсан 49 жил
Х.Пүрэвдагва Улс төрийн ажлаа дуусгаад 1978 оноос багшилж эхэлжээ. Оюутан байхдаа л Цэнд багшийнхаа даалгавраар лекц уншиж, хичээл зааж эхэлсэн нь багшийн ажилд бэлтгэж байсан хэрэг байсныг хожим ойлгосон гэдэг. Ийнхүү тэрээр боловсролын салбарт 49 дэх жилдээ ажиллаж буй нь энэ юм.
Тэрээр жилд дунджаар 100 орчим мэргэжилтэн төгсгөж байжээ. Багш хүний ажил ном унших, судалгаа хийх, бүтээл туурвихтай салшгүй холбоотой. Түүний хэвлүүлсэн ном, сурах бичиг 61-д хүрчээ. Эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл нь 150 гаруй, зохиогчийн эрх авсан бүтээл нь 21-22 орчим болсон байна. Зарим бүтээлээ шавь нартайгаа хамтран туурвиж, залуу багш, магистрант, докторантуудад зөвлөн ажиллаж иржээ.
Түүнийг нэгэн томоохон өмч хувьчлалын төсөл дээр зөвлөхөөр давхар ажиллах үед нь тухайн байгууллагынхан “Дарга аа” гэж дууддаг байж. Харин тэрээр “Би дарга биш ээ, битгий тэгж дууд. Харин багшаа гэвэл сайхан байна” хэмээтэл байгууллагынхан “Дарга багш аа” гэж дуудах болжээ.
Тэгэхэд нь “Дарга гэдгийг нь хасаад, зүгээр багш аа гэвэл их гоё байна” гэж хэлсэн гэдэг. Албан тушаал, эрх мэдлээс илүү багш хэмээх нэрийг эрхэмлэдэг нь түүний үг бүрээс мэдрэгдэнэ. Манай нийтлэлийн баатрын амьдралын замналд малчин айлын хүүхэд нас, ачигч, манаач, референтийн ажил, цэргийн алба, оюутан нас, судалгааны эрэл хайгуул, багшийн хөдөлмөр, төрийн түшээ гээд олон үе шат бий. Гэвч энэ бүхний дундаас өөрийн сонгосон мэргэжил, эрдэм ном, гэр бүлдээ үнэнч байхыг эрхэмлэж иржээ. Түүний хувьд үлдээх хамгийн үнэ цэнтэй өв нь албан тушаал, цол гуншин бус, үе үеийн шавь нарын гар дээр очиж уншигдах ном бүтээл, эрдэм мэдлэг аж. Хадын Пүрэвдагва гуай өөрийн амьдралынхаа тойргийг эрдэм номоор бүтээн сүндэрлүүлж, хойч үедээ өвлүүлж явна.
Чулуунхүү БЯМБАХАЖИД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Даваа - 11 сарын 02,
2026
Сэтгэгдэл1
Оюуны өв гэж байхгүй, иймд хуулиар хамгаалахгүй. Оюуны өмч гэж байгаа түүнийг хуулиар хатуу хамгаална. Хүмүүсийг худал үгээр төөрүүлж, бэртэгчин царайлахыг хориглоно.