sonin.mn
Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол улсын Нийгмийн даатгалын ерөнхий газарт “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Японд өндөр насны тэтгэвэр олгох нөхцөл буюу нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаанд хязгаар тогтоодог шалтгааныг тайлбарлая. Өндөр насны тэтгэвэр авах нөхцөлийн нэг нь шимтгэл төлөх хугацааг 10 жилээс дээш гэж заасан байдаг. Харин есөн жил 11 сар шимтгэл төлсөн тохиолдолд 65 наснаас тэтгэвэр авах боломжгүй болдог. Заавал 10 жил шимтгэл төлж байж тэтгэвэр авах эрх үүснэ. Харин бүрэн тэтгэвэр авахын тулд 20-60 нас хүртлээ 40 жил шимтгэл төлөх ёстой юм.
Өмнө нь 25 жил шимтгэл төлсөн тохиолдолд тэтгэвэр авах нөхцөл бүрддэг байсан нь хүн бүр тэтгэвэрт гарч, өндөр настан болох учраас үүнд бэлдэх хэрэгтэй гэсэн ойлголтыг хэвшүүлэхийн тулд авсан арга хэмжээ байв.
Өвдөх, бэртэж гэмтэх, залуудаа нас барах нь гэнэтийн бөгөөд урьдчилан таамаглах боломжгүй тул орлогын баталгаагаар хангах нийгмийн даатгалын үүрэг их байдаг. Тиймээс, тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухайд шимтгэл төлөх хугацааг олон жилээр заадаггүй. Шимтгэл төлж эхэлсэн үеэс тэтгэвэр авах боломж бүрдэнэ. Харин цаг хугацааны эрхээр хөгширч, нас өндөр болох үед амжиргаанд хүрэлцэхүйц орлоготой байх хэрэгтэй. Тэгэхээр өндөр насны тэтгэвэр авахын тулд шимтгэл төлөх хугацааг зааж өгсөнөөр энэ хугацаанд ирээдүйн амьдралдаа бэлтгэхийг даатгуулагчдаас хүсч байгаа юм. Шимтгэл төлөх хугацааг заасан нь нөгөө талаар төрөөс иргэдэд хандсан мессеж гэж болно. Нас өндөр болоод амар тайван амьдрахын тулд, өдөр тутамдаа хэрэглэх мөнгөнөөс гадна удаан хугацаанд хуримтлуулах хөрөнгө (тэтгэврийн мөнгө, хадгаламж) чухал гэдгийг ойлгох хэрэгтэй.
 
 
 
Төслийн ахлах зөвлөх ЯМАШИТА МАМОРУ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин