sonin.mn
ВАШИНГТОН. /Синьхуа/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, тэргүүн хатагтай асан Мишель Обама нар “Нетфликс” компанитай хамтран уран бүтээл хийх олон жилийн гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ тухай "Синьхуа" агентлаг мэдээлэв.
Обамагийн гэр бүлийнхэн олон ангит кино,  баримтат цуврал зэрэг олон төрлийн уран бүтээлийг бидэнтэй хамтран хийнэ гэж “Нетфликс” компани мэдэгджээ.
Обамагийнхан “Нетфликс” компанид зориулан контент хийдэг "Higher Ground Productions" нэртэй компани байгуулаад байгаа аж. Тэд 2019 оны эхээр уран бүтээлээ толилуулж эхлэхээр төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл байна.  Гэхдээ  “Нетфликс” компани энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Б.Обама даваа гарагт мэдэгдэл хийхдээ “Бид хүмүүст хоорондоо харилцан ойлголцоход нь туслах, урам зориг өгөх, сургамж авах уран бүтээлүүдийг туурвиж чадна гэдэгтээ итгэлтэй байна" гэжээ.
“Нетфликс” нь 125 сая хэрэглэгч бүхий үзвэр үйлчилгээний компани аж.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг