sonin.mn
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Казахстан улсын Үндсэн хуулийн өдөр  тохиож байгаатай холбогдуулан Монгол Улс дахь БНКУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэл хийлээ.
Элчин сайд Калыбек Кобландин  ярихдаа, "Улс орныхоо хөгжилд, иргэний нийгэм болон улс хоорондын харилцааг бэхжүүлэх, ард иргэдийн нийгмийн эрх зүйн хамгаалалд Үндсэн хуулийн гүйцэтгэх үүрэг асар их. Энэ сарын 30-ны өдөр Казахстан улсын Үндсэн хуулийн түүхэн ой тохиож байна. Өнөөдрийн байдлаар "Казахстан улс 2050" хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, дэлхийн эдийн засгийн тэргүүлэх 30 орны тоонд багтах зорилт тавин ажиллаж байна. Эдийн засаг, нийгэм соёлын хөгжилд БНКУ-ын ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын зүтгэл их гэдгийг энд онцлох нь зүйтэй. Мөн Казахстан улсын түүхэнд тодоор тэмдэглэгдэх нэгэн өдөр маргааш буюу наймдугаар сарын 29-ны өдөр тохиож байна. Тодруулбал БНКУ-ын ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын санаачлагаар НҮБ-аас албан ёсоор зарласан Олон улсын цөмийн туршилтын эсрэг тэмцэх тэмцлийн өдөр юм. Дэлхийн улс орнуудад бодитоор нүүрлээд буй аюул заналын нэг бол цөмийн зэвсэг бөгөөд өнөөдөр дэлхий дээр цөмийн зэвсгийн хор хөнөөлийг хэрхэн амсаж хохирч буйг бид нүдээр харж болно. Өнгөрсөн  68 жилийн хугацаанд нийт 456 удаагийн цөмийн туршилт явагдсан байна. Цөмийн туршилтын улмаас манай улс их хэмжээний хохирол амсаж байсан тул туршилтын эсрэг бид тууштай тэмцсээр ирсэн юм” гэлээ.
Цөмийн зэвсгийн туршилтын эсрэг тэмцлийн өдрийг НҮБ-аас 1991 онд анх зарлан тунхагласан байдаг. Энэхүү тунхаглалын хүрээнд дэлхийн 100 гаруй орон цөмийн зэвсэггүй бүс нутаг болгон зарласнаас Монгол Улс мөн бүс нутгаа цөмийн зэвсгээс ангид байх бодлого хэрэгжүүлж ирсэн байна.
Казахстан улс эдийн засгийнхаа өсөлтийг дэмжих зорилгоор инновацийн хөгжлийг түлхүү дэмжсэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж буй аж. Мөн 20-25 насны залуу гэр бүлүүдийг дэмжиж жилийн 7 хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгааг хэллээ. Түүнчлэн өнгөрсөн жилээс тэтгэвэр тэтгэмж болон төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлсэн байна. 
Уулзалтын үеэр Элчин сайд Калыбек Кобландин хоёр улс сүүлийн жилүүдэд худалдаа, эдийн засгийн чиглэлд харилцаагаа улам өргөжүүлэн ажиллахад анхаарч байна. Энэ хүрээнд ирэх 10 дугаар сард Монгол-Казахстаны худалдааны форумыг зохион байгуулах гэж буйг дуулгалаа.
 
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг