Монгол Улсын төмөр замын тээврийн салбарын үндэс суурь болсон Налайх-Улаанбаатарыг холбосон нарийн төмөр замын түүхийн гэрчүүд өдгөө тун цөөн үлджээ. Тэрхүү гэрч нарын нэг Норжинпилийн Норжинсүрэнг урьж ярилцлаа. Энэ эрхэм нас сүүдэр 88 хүрсэн ч бие тэнхлүүн, ухаан саруул, үр хүүхэд ач, зээ нараа тойруулан аж төрж сууна. Зундаа Шарга морьтын зусландаа жимсний мод бутаа арчилна. Радио сонсож, сонин содон, амьдрал ахуйд тустай гэснээ өврийн дэвтэртээ тэмдэглэж, үр ач нартаа хэрэг болох болов уу гэж хурааж сууна. Монголын уламжлалт анагаах эрдмээс судалж, өөрөө туршиж, амьдралдаа эхрэгжүүлснээ Эрүүл мэндийн яамныханд дуулгасан юм сан. Түүнийг түмэнд  түгээвэл олонд тустай болов уу гэж утас чагнаж сууна даа гэж ярианыхаа эхэнд хуучилсан билээ. Н.Норжинсүрэн, багадаа бригадын бага сургуульд сурч, Монгол бичгээр уншиж бичихтэй болж, хожим нутгийн хүнээр крилл бичгийн хэдэн үсэг заалгаснаас өөр төгссөн сургууль үгүй гэнэ. Харин өөрийн хичээл зүтгэл, овсгоо самбаагаар боловсорч, сурч мэдэж, нарийн төмөр замаас хойш Мод боловсруулах үйлдвэрт цахилгааны засварчин, Мебель картоны үйлдвэрийн механикийн цехэд механикч, Ойн яамны Тоног төхөөрөмжийн үйлдвэрт ерөнхий инженер хүртэл алба хашиж явжээ.
 
-Таны нутаг ус хаана бэ?
 
–Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул. Сэргэлэн сумын төв тэгэхэд Ганц худаг гэдгийн хажууханд байлаа. Намайг багад манай суманд "Цэргийн наадам" болдогсон. Хурдан морьд хойноосоо урагшаа давхидаг байсан санагдана. Миний аав Лувсан намайг хоёр настайд өөд болсон гэдэг. Дээр үед нас барсан хүний нэрийг хэлэхээс цээрлэдэг байсан юм болов уу. Би ээжээрээ овоглодог. Миний ээж Норжинпил гэж хүн байлаа. Би эцэг эхээс долуулаа. Хатанбаатар Магсаржав гуайнх хоёр хүү, нэг охинтой. Тэдний том хүү М.Сундуйсүрэн гуайнх намайг багад миний дунд эгч, нэг дүүг маань өргөж авсан юм. М.Сундуйсүрэн гуай Мал тариалангийн яаманд ажиллаж байгаад Төв аймгийн Баян-Өлзийт сум руу Морин заводын даргаар томилогдоод явахдаа манайхыг хамт нүүлгээд авч явсан. Бодвол биднээр хонь малаа хариулуулах гэсэн байх л даа. Тэнд байхад Халх голын дайн дэгдэж, эрчүүд нь дайнд мордож хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд хадланд гарч байсан нь тодхон санагдаж байна.
 
-Та хэрхэн нарийн төмөр замын ажилчин болов?
 
-Намайг 18 нас хүрэх жил ээжийн ах манайхыг Төв аймгийн Баян-Өлзийт сумаас нүүлгэж авчирсан юм. Тэр намар би цэрэгт мордсон. Улаанхуарангийн карантинаас төмөр замын цэргийн ротод хуваарилагдав. Тэр үед нарийн төмөр замын тусгай цэргийн рот гэж байсан юм билээ. Хоёр салаа цэрэгтэй. Ротын дарга нь Тулгаа гэдэг хүн байв. Түүнийг ган шүдтэй болохоор хүмүүс "ган" Тулгаа гэж дууддаг сан. Бид орой үдэш нь цэргийн сургуулиа хийнэ. Өдөр нь нэг нэг багш дагаад слесарь хийдэг байв. Өөрөөр хэлбэл, мэргэжилд сургаж байсан байх. Цөөн төгрөгийн цалинтай. Тэгээд жил гаруй болж байтал манай ротыг татан буулгах болоход заримыг нь төмөр замд ажилчнаар авсан. Бодвол төмөр замын ажил мэргэжилд гайгүй дадлагажсаныг нь ажилд авсан байх. Ингэж цэргээс шууд төмөр замчин болж, төмөр замын ажилчдын байранд нэг айлын галын өрөөнд цэрэг ор тавиад орж байлаа.
 
 
Нарийн төмөр замын кондуктор Н.Норжинсүрэн /1957 он/
 
-Та нарийн төмөр замд ямар ажил алба хаших болов ?
 
-Нарийн төмөр замын  засварчин бүр нэг л эд ангийг хариуцаж засдаг байв. Би поршины слесарь байсан. Миний багш А.Сэрж гэж хүн байлаа. Жил шахам дагалдаад жинхэлсэн. Харин А.Сэрж багш маань Баянтүмэний төмөр замын даргаар томилогдоод явсан юм. Сүүлд өргөн төмөр замд Зүүнхараа депогийн дарга, дараа нь Москвад төмөр замын худалдааны төлөөлөгч зэрэг ажил хийж байсан даа. Багш маань их цэвэрч нямбай хүн байв. Засварын депо бөөн тос шүү дээ. Тэгэхэд ажил дуусмагц багажнуудаа арчиж, цэвэрлээд яг дэс дараагаар нь цэгцтэй тавина. Тэр хүнээс их зүйл сурсан.
 
-Та ямар хүмүүстэй хамт ажиллаж байв ?
 
-Дизелийн засварчин  Цэдэндамбаа, тогооны засварчин Жамбал, Чойжав, арматурын слесарь Жанцансүрэн гээд байсан. Маниадын Дондог, токарьчин Довдон гээд сайн залуу байсан. Флимов гээд Монголд төрж өссөн нутгийн орос ажиллаж байлаа. Депогийн дарга нь А.Сэрдорж гээд байв.
А.Сэрдоржийн дүү Намхайдорж гэж сайн токарьчин байлаа. Хийн гагнуурчин Гүржав гээд олон хүн байсан даа. Нарийн төмөр замын дарга нь Ж.Бэгзжав гэж хүн байсан. Дарга юм ярихдаа "одондоо" гэж их хэлдэг. Түүгээр нь хүмүүс "Одондоо Бэгзжав" гэдэгсэн. Ерөнхий ревизор нь Хэнтийн Дадалын Цэвээндорж. Нарийн төмөр замын анхны эмэгтэй машинч С.Цэндсүрэн гэж хүүхэн байлаа. Түүний нөхөр Цэрэндорж гэж хүн байв. Улсын арслан Ө.Эрдэнэ-Очир нарийн төмөр замд замчин байсан. Хүмүүс түүнийг замын рейс төмрийг дажгүй өргөөд хоёр хүнтэй дамжлаад явдаг байсан гэж ярьдагсан. Нарийн төмөр замын Уурын тэрэгний депо, Вагон депо нь тусдаа байсан. Надтай хамт нарийн төмөр замд ажиллаж айсан хүмүүсээс одоо хөдөлмөрийн баатар Г. Дашдорж байна даа. Би уурын тэрэгний депод, Г.Дашдорж маань Вагон депод нь ажилладаг байсан.Нацагдорж гуай маань саяхан урхан болжээ. Г.Дашдорж бид хоёр очиж уулзахсан гэж их ярьсан юмсан. Гэвч чадсангүй.
 
-Нарийн төмөр замын депо хэдэн ажилтантай байсан бэ?
 
-Ээ мэдэхгүй. Нэг дамжлага дээр голцуу хоёр ажилчин байсан. Шугам замаа оруулбал олон ажилтан байсан байх. Налайхад нэг станц байсан. Налайхын наана Баяндаваанд, Баянзүрхэд, хойшоо цэргийн нэг станц байлаа. Консулаас нааш яваад Сүхбаатарт ирээд, эргээд нэгдүгээр цахилгаан станц руу ордог байв. Нэгдүгээр цахилгаан станцын зүүн урд руу замынхаа хойд талд сайхан хүрэн байшингуудад төмөр замчид нь амьдарна. Хоёр давхар дөрвөн хүрэн модон байшин байсан юм.
 
-Ажлын ачаалал их байв уу?
 
-Өдөр нь ажиллаад орой тарах ч, заримдаа шөнө ажилд дуудагдана. Налайхаас тийм тэрэг засвартай гарлаа гээд мэдээлэл ирүүлнэ. Түүний дагуу дуудагч Шаариймаа ирж дуудна. Тэгээд л босоод очно. Вагоны ус, тос нь дээрээс гоожоод жигтэйхэн юм болно. Слесариар би 7-8 жил ажилласан. Дамбадаржаа гэж засварын техникч байсан. Түүний дүү Пүрэвдорж намайг дагалдаж слесарь болж, би кондуктор хийх болсон. Тухайн галт тэргээ хариуцаад л явдаг ажил л даа. 
 
-Нарийн төмөр замын  хүчин чадлыг сонирхуулаач ? Хэдэн тонн нүүрс тээдэг байсан юм бэ?
 
-34-50, 34-51 зүтгүүр бол 17-18 вагон чирдэг. Жижиг вагонд найман тонн нүүрс ордог байсныг бид кузовыг нь өндөрлөөд 10 тонн ордог болгож байлаа. 906 гээд жижиг зүтгүүр байсан. Тэр бол 8-9 вагон л чирнэ. Налайхаас гарч Хонхорын цаахна ирээд цувааныхаа талыг нь тасалж, кондуктор нь хараад үлдэнэ. Талыг нь Баяндаваан дээр гаргачихаад буцаж ирээд үлдсэн вагонуудаа авдаг байсан. Наашаа уруу газар их давхина. Тэр үед кондуктор тоормос барьж зөөлрүүлж явна. Машинч гурван дуут дохио өгвөл "тоормосоо барь" гэсэн үг. Өвлийн хүйтэнд дах өмсөөд зогсоод явна. Ер нь, амаргүй ажил байсан шүү. Хоёр жил шахам кондуктор хийсэн. Тэгээд нарийн төмөр зам татан буугдсан л даа. Үеийн залуучуудтай курсэд яваад өгсөн. Нарийн төмөр замынхан маань их элгэсэг дотно, сайхан хамт олон байсан шүү.
 
-Нарийн төмөр замд ажиллаж байх үед цалин хангамж нь ямархуу байв ?
 
-Гайгүй байсан байх аа. Манай А.Сэрж багш Иж-49 мотоциклтой байсан. Би багш шигээ Иж-49 авч унаж байлаа. Дараа нь, багш Иж-72 мотоцикл авахад нь би бас авсан. Хоёулаа Төв аймаг хүртэл орж байлаа. Тэгж бодохоор цалин пүнлүү гайгүй авч байсан байх. Тэгэхэд би гэрлээгүй байсан болохоор мөнгө төгрөгөөр дутагдаж байсангүй. Харин хань болох бүсгүй маань төмөр замын бага сургуульд багшилдаг байв. Тэр бага сургууль төмөр замчдын сууцны ойрхон байсан. 1958 онд нарийн төмөр замаас гараад Хятад руу курсэд явахад гэргий маань хөл хүнд үлдсэн. Намайг явснаас хойш хоёр сарын дараа төрсөн. Манайх нэг хүү, таван охинтой айл.
 
-Төмөр замын цэргийн ротоос тан шиг төмөр замчин болсон хүн олон уу?
 
Надтай хамт цэргийн алба хаасан хүмүүсээс цөөхөн. Нэг салаа нь хорь гаруй цэрэгтэй гэж бодохоор 50 гаруй цэрэгтэй рот байсан байх. Нарийн тоо мэдэхгүй. Гэхдээ надаас өмнөх оны цэргүүдээс машинч болсон улс байсан шүү.
 
-Таныг дагаад дүү нараас чинь төмөр замд ажилд орсон гэсэн байхаа?
 
-Миний дүү В.Доржсүрэн Сэлэнгийн партизан Ваанчиг гэдэг айлд өргөгдсөн. Тэр дүү маань анагаахын сургууль төгсөөд комбинатад хуваарилагдсан ч хожим төмөр замын эмнэлэгт ирж тэтгэвэрт гартлаа хүүхдийн эмчээр ажилласан. Дүү Н.Лувсаншарав маань хөдөөнөөс ирээд төмөр замд ажилд орж, вагоны мастераар ажиллаж байсан. Мастер гэхээр Налайх- Улаанбаатарын хооронд вагоноо хариуцаад засварын үзлэгээ хийгээд явдаг ажил л даа. Н.Лувсаншарав маань нарийн төмөр зам татан буугдахад усны аж ахуйд слесариар ажилд орж, сүүлд нь жолооч болсон.
 
-Та яагаад төмөр замд үргэлжлүүлж ажиллаагүй юм бэ?
 
-1958 оны тавдугаар сард Налайх-Улаанбаатарыг өргөн төмөр замаар холбосон. Тиймээс бид 1958 оны тавдугаар сараас ажилгүй болж эхэлсэн. Тухайн үед нарийн төмөр замд ажиллаж байсан миний үеийн хэдэн залуучууд "Хятадад курсэд явуулах гэж байна. Тийшээ явцгаая" гээд дарвиад л зургуулаа явсан даа. Зургадугаар сарын 6-нд Бээжинд оччихсон байсан гэхээр бид тавдугаар сарын дундуур л эндээс явсан байх. Бээжингээс зүүн хойшоо Гийрн гээд хот байдаг Сунгари мөрний эрэг дээр очиж цаасны үйлдвэрт дадлага хийв. Нийтдээ зургаан сар хийчихээд 1958 оны арванхоёрдугаар сарын дундуур ирж байлаа.
Би нарийн төмөр замд нийтдээ 10 жил ажилласан. Төмөр замаас ажил амьдралтай залгасандаа баяртай явдаг. Монгол Улсад төмөр замын тээвэр үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын хуралд очиж оролцсон. Надтай хамт ажиллаж байсан, таньж мэдэх хүн их ховорджээ. Энэ дашрамд төмөр замчиддаа ажлын их амжилт хүсч, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе! Төмөр замчдын маань үйлс нь улам дэлгэрч байг.
 
Б.Гүнж
Эх сурвалж: "Ган Зам" сонин