sonin.mn
Дэлхий ертөнц хурдацтай хөгжихийн хэрээр эрсдэл нэмэгдэж буй энэ үед орон зайн мэдээллийн систем ашиглах нь хамгийн үр дүнтэй. Тэр хэрээр орон зайн мэдээллийн нэгдсэн системийн дэд бүтцийг боловсронгуй болгох, сайжруулах шаардлага тулгарч байгаа аж. Тэгвэл энэ хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдвээр олон улсын төлөөлөгчид болон манай улсын мэргэжлийн хүмүүс хоёр өдөр зөвлөлдөж байна. Хуралд АНУ, Индонези, Япон, Их Британийн төлөөлөгчид ирж өөрсдийн орны туршлага, сайн жишээг хуваалцсан юм.
 
ГАЗАР ДООГУУРХ ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ МЭДЭЭЛЛИЙГ МЭДЭХГҮЙГЭЭС ЦАХИЛГААНЫ ШУГАМ ТАСЛАХ АСУУДАЛ ГАРДАГ
 
Монголын талаас найман илтгэл тавьсны дотор Монгол Улсын суурь орон зайн өгөгдөл, мэдээллийн бүрдүүлэлт, бэлэн байдал, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг дүгнэхэд орон зайн болон статистикийн мэдээллийг нэгтгэхийн ач холбогдолтой илтгэлүүдийг хэлэлцүүлэв. Тухайлбал, БХБЯ-ны Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг Монгол Улсын геодезийн байрлал, өндрийн тогтолцоо илтгэлдээ “Орон зайн мэдээллийн өгөгдөл нь солбицол, байрлалд тулгуурласан мэдээллийн сан, зураг юм. Орон зайн мэдээллийн дэд бүтцийн суурь болсон зураг хийж бусад байгууллага өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж, төлөвлөх ёстой юм. Тухайлбал, хотод зам, барилга барихдаа байрзүйн зураг ашиглана. Энэ зурагт газар дээрх болон доорх бүх обьектын мэдээлэл орсон байдаг.  Газар доогуурх шугам сүлжээний мэдээллийг мэдэхгүйгээс энэ мэдээлэл орсон зураг ашиглаагүйгээс цахилгааны шугам таслах асуудал гардаг. Бид хиймэл дагуулын техник технологийг ашиглаж байна. GPS-ийг мэргэжлийн төвшний багаж ашиглаж нарийн хэмжилт хийдэг. Манай улсын өндрийн сүлжээ ОХУ-аас  эхтэй. Сүүлийн үед тоон технологи ашиглаж сүлжээний нарийвчлалаа сайжруулж байна. Манай байгууллагаас гаргасан 1*1000 масштабтай зураг хот болон бүх аймаг сумын төвүүдийг хамарч байна. Мөн улсын хэмжээнд 1*100000 масштабтай зургийг тоон хэлбэрт оруулсан. Одоо 1*25000 масштабтай зургаар нутаг дэвсгэрийг хянахаар ажиллаж байна. Энэ зурагнуудыг  бүх салбар ашиглаж төлөвлөлт хийж, ажлынхаа гүйцэтгэлийг хянана” гэдгийг дурдлаа.
“Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” олон улсын зөвлөгөөн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд орон зайн мэдээллийн гүйцэтгэх үүрэг, Үндэсний орон зайн мэдээллийн систем, дэд бүтэц, Орон зайн мэдээллийн менежментийн төрөөс баримтлах бодлого, хуулт эрхзүйн орчин гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд явагдаж байгаа юм. Хоёр өдрийн турш олон улсын төвшинд ярьж, шийдвэрлэж буй орон зайн мэдээллийн менежмент, дэд бүтцийн чиглэлээрх арга хэмжээ, үр дүн, сайн туршлагыг ярина. Энэ дунд Монгол орны онцлог, нөхцөл байдалтай уялдуулан орон зайн өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэх, боловсруулах, хадгалах, хамгаалах, түгээх, хэрэглэх, үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулах, хяналт тавих олон талт сэдвийг хөндөж байгаа юм.
 
ГАМШИГ ТОХИОЛДСОН ГАЗАРТ АГААРЫН НИСЛЭГ ҮЙЛДЭЖ ТУХАЙН ОРЧНЫХ НЬ ЗУРГИЙГ АВЧ БОЛОВСРУУЛДАГ
 
Зөвлөгөөнд оролцогсдын анхаарлыг татсан бас нэгэн сэдэв бол орон зайн мэдээллийн системийг гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн аюулын үед болон хор хохирлыг тооцоход хэрхэн ашиглах талаарх илтгэл байлаа. Японы гамшгаас сэргийлэх болон гамшгийн үеийн орон зайн мэдээллийн хэрэглээ сэдвээр илтгэл тавьсан НҮБ-ын Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн Ази, Номхон далайн бүсийн зөвлөхүүдийн хорооны ерөнхийлөгч, Японы Гео-орон зайн мэдээллийн агентлагийн Газарзүйн албаны дарга Шоичи Оки “Японд 14 хоногийн хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлт болох үед миний ухаалаг утсанд  дохио ирдэг. Дохиог хүлээж авсан даруйд манай байгууллага 30 минутын дотор цугларч орон зайн мэдээллээ цуглуулж, боловсруулдаг. Гамшиг тохиолдсон газарт агаарын нислэг үйлдэж тухайн орчных нь зургийг авч боловсруулаад гамшиг хаашаа тархах, хаана эвдрэл гэмтэлтэй. Тусламж хаана хамгийн түрүүнд хүрэх хэрэгтэйг тодорхойлж дүн шинжилгээ хийдэг. Энэ тооцоог бүх төрийн болон бусад байгууллага руу илгээхэд онцгой, зэвсэгт хүчин, эрүүл мэндийн байгууллага шуурхай арга хэмжээ авч эхэлдэг. Ингэхдээ эхлээд зайлшгүй тусламж хэрэгтэй газруудаа тодорхойлж тусламж хүргэдэг. Тусламж хэрэгтэй газрынхаа нөхцөл байдлыг бодитоор тогтоож авснаар гаргах хүн хүч, хөрөнгө мөнгийг тооцоолоход орон зайн мэдээлэл чухал үүрэг гүйцэтгэдэг. Гамшиг тохиолдсон газарт шуурхай мэдээлэл хүргэхээс гадна мэргэжлийн байгууллагууд хоорондоо богино хугацаанд мэдээллээ солилцож хэдхэн цагийн дотор Засгийн газарт гамшиг тохиолдсон газрын бүрэн зураглалыг харуулдаг. Ингэснээр хурдан хугацаанд шийдвэр гаргах нөхцөл бүрддэг. Орон зайн мэдээллийн системийг гамшгийн үед болон дараа ашиглахаас гадна урьдчилан сэргийлэх менежменттэй. Гамшиг тохиолдож болохуйц газар, онцгой бүс нутгийн эрсдэлийн зураг гаргадаг. Энэ зурагаа бүх төрийн байгууллагад түгээдэг. Нийтээрээ тэр зургийг ашиглаад үерийн бүс, эрсдэлтэй бүс нь хаана байгааг мэдэж урьдчилан сэргийлдэг” гэлээ.
Тэгвэл орон зайн мэдээллийн системийг Монгол Улс гамшгийн үед хэрхэн ашиглаж байгаа талаар ОБЕГ-ын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн Орон зайн мэдээллийн тасгийн дарга Д.Содномрагчаа  “ОБЕГ дээр гамшгийн орон зайн мэдээлэлд суурилсан систем, гамшгийн статистикийн  мэдээллийн системийг хөгжүүлж байна. Орон зайн мэдээллийн систем нь Монгол Улсын хэмжээнд хаана ямар эрсдэлтэй газар байгаа, хаана ямар гамшиг осол тохиолдов гэдгийг системээрээ дамжуулаад бодит мэдээллээр хангах олон нийтэд зөв мэдээлэл хүргэхэд илүү ач холбогдолтой. Бодит мэдээллийг авсны үндсэн дээр удирдлагын төвшинд зөв шийдвэр гаргахад чухал нөлөөтэй.
Японы дэмжлэгтэй­гээр системээ хөгжүүлж байна. Ингэснээр зөвхөн Монгол гэлтгүй олон улсын хэмжээнд мэдээллээ дамжуулах, олон улсаас дэмжлэг авах юм. Орон зайн мэдээллийн системийг ирэх сард багтааж орон нутгийн онцгой байдлын газруудын үйл ажиллагаанд нэвтрүүлж эхэлнэ. Журам, гарын авлага бэлэн болсон. Системийг ашигласнаар тухайн аймагт тохиолдсон гамшиг ослын мэдээллийг зураглана. Хүч хэрэгслээ хаана байршуулсан, хүн хүчний нөөц боломж ямар байгааг төвөөс хянах юм. Гамшиг тохиолдож байгаа цаг үед бодит мэдээллийг авахаас гадна урьдчилан сэргийлэх прогноз, гамшгийн дараах хор хохирлыг хянана. Одоо бол ус цаг уурын байгууллагаас хиймэл дагуулын мэдээлэл, байгалийн гаралтай гамшигт үзэгдлийн ерөнхий төлөв, гамшгийн өмнөх болон дараах зураглалыг авч ашиглаж байна” гэлээ. Монгол болон олон улсын байгууллагын төлөөлөгчид тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын нөхцөл байдал, үр дүнг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
 
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин