ТРИПОЛИ. /AFP/. Ливийн нийслэл Триполи хотод мөргөлдөөн эрчимтэй өрнөж байгаатай холбоотойгоор 500 мянга орчим хүүхдийн амь нас аюултай байдалд ороод байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан мэдэгдлээ.
Наймдугаар сарын сүүлээс эхэлсэн уг мөргөлдөөний улмаас 115 хүн амиа алдаж, 400 орчим хүн шархдаад байна гэж Ливийн Эрүүл мэндийн яам мэдэгджээ.
Харин НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр, Триполи хотын өмнөд хэсэгт мөргөлдөөн эрчимжиж эхэлсний улмаас сүүлийн 48 цагийн хугацаанд 1200 гэр бүл орон гэргүй болсон байна. Ингэснээр гэр оронгүй болсон нийт хүмүүсийн тоо 25 мянгад хүрээд байгаагийн тал хувь нь хүүхэд байгаа ажээ.
“Хүүхдүүд дэндүү хүнд ачааг үүрч байна. Тэднийг зэвсэгт бүлэглэлүүд өөртөө элсүүлэн авч байна” гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн Ойрхи Дорнод, Хойд Африкийн асуудал хариуцсан захирал Герт Каппелаери мэдэгдэв.
Мөн тэрбээр, “хүүхдүүд сургуульд явах боломжгүй байгаагийн зэрэгцээ яаралтай шаардлагатай вакцинжуулалтад хамрагдаж чадахгүй байна. Үүнээс гадна тэнгисээр дамжин Европт цагаачлахаар ирсэн ливичүүд илүү их зовж байгаа бөгөөд тэд маш хүнд хэцүү нөхцөлд амьдарч, зарим нь шоронд хоригдож байна” гэж мэдэгджээ.
 
 
Д.Нямтулга 
Эх сурвалж: Монцамэ агентлаг