sonin.mn
ШАНХАЙ. /ТАСС/. Хятад улсад бүтээсэн дэлхийн хамгийн том нисгэгчгүй тээврийн нисэх онгоцны анхны туршилт амжилттай болсон тухай Шанхайн мэдээллийн “Knews” цахим хуудас мэдээлжээ. 
Уг нисэх онгоц мягмар гарагт Хятадын Өвөр Монголын өөртөө засан мужийн Баотоу хотын туршилтын талбайн хөөрөх-буух зурвасаас амжилттай ниссэн байна. 
"Фэйхун 98" буюу “Нисч буй хун 98” тээврийн нисэх онгоцыг Хятадын Сансрын шинжлэх ухаан, техникийн корпорацид /”CASC”/ “Юнь 5Б” тээврийн нисэх онгоцны загвар дээр тулгуурлан бүтээжээ. Уг нисэх онгоцод “CASC”-д бүтээсэн агаарын хөлгийн автомат удирдлагын хамгийн сүүлийн үеийн системийг суурилуулсан байна. 
"Фэйхун 98" нисэх онгоцны нислэгийн аюулгүй байдлын бүх дүрэм журмыг хангасан жин нь 2,5 тонн орчим бол ачаа тээшийн хэсгийн хэмжээ 15 шоо метр бөгөөд нийт 1,5 тонн ачаа тээвэрлэж болох аж. Дэлхийн хамгийн том нисгэгчгүй тээврийн нисэх онгоцыг хамгийн өндөртөө 4500 метрт цагт дээд тал нь 180 км-ын хурдтай нисэхээр зохион бүтээжээ. Түлш шатахуун цэнэглэхгүйгээр "Фэйхун 98" 1200 хүртэл км замыг туулж чадна. 150 метрийн урттай хөөрөх, буух зурвасаас хөөрч чаддаг  учирр хэцүү тогтоцтой газар нутагт ачаа тээвэрлэх боломжтой аж. 
Уг нисэх онгоцоор иргэний төдийгүй цэргийн зориулалттай ачаа тээвэрлэж болно.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг