Улаанбаатар /МОНЦАМЭ/. Underground. Энэ үг мэдээж олон утгатай. Харин өнөөгийн хип хопын төрөлд зүгээр л “гаж” гэсэн утгаар нь авч үзье л дээ. Гэхдээ зүгээр нэг хэлбэр хөөсөн, дуураймал бус жинхэнэ гаж гэсэн утгаар шүү. Дээр нь нэмээд жаахан дарк өнгө аяс болон hardcore холиход болно. Ингээд бичих зүйлсээ эхлэе.
1997 оноос “Дайн ба Энх”, “Эр чөлөө” зэрэг хип хоп хамтлагууд монголд гарч ирнээс хойш өдгөө хүртэл энэ төрлийн хөгжмийн өөрчлөлт, репперүүдийн замнал өнөөдөр ямар түвшинд хүрсэн талаар энд дурдахгүй. Учир нь бүгдийг нь тэд мэднэ. Харин ихэнх сонсогчдын чихний хажуугаар өнгөрсөн жинхэнэ underground, hardcore –уудын тухай ярилцах гээд үзье.
Рок ч тэр, реп ч тэр адилхан эрх чөлөө. Гитар, бөмбөр хоёрын хослолоор л Нирвана симфонид байхгүй дисгармони үүсгэж байсан тухай нийтлэлч Б.Бадрал дурдсан нь бий. Тэгвэл наймхан такт хэлээд л репперүүд гурван минутын beat эзэгнэж чаддаг. Аль алинд нь эрх чөлөө, өөртөө үнэнч байх гэсэн хоёр хууль үйлчилдэг.
 
НОЁНООС АЙДАГГҮЙ ХҮҮ
 
2000-аад оны эхээр төрөн гарсан олон реп хамтлаг дуучдаас CCB, Vanquish, Rokit Bay, Opozit нар репийг шинэ түвшинд хүргэж чадсан. Сонсогчид үүнтэй маргадаггүй. Opozit хамтлагийн хоёр гишүүний нэг нь Энэрэл. Түүний бие даан хийсэн “Raspberry”, “Infinitea”, “Явуу”, “Before and After” зэрэг дуунуудыг энд нэрлэж болно. Реппер Мөнхбаяр |Seriouz| -тай хамтрасан дуунууд нь ч мөн түүнийг жинхэнэ хип хоп хийж чаддаг гэдгийг баталдаг бөгөөд “Беллучи бол төгс” гэсэн сонсогчдын үнэлгээ түүнийг дагалддаг. Харин сүүлийн үед реппер NMN-тэй хамтарч хийсэн бүтээлүүдийнх нь тухай ярьмааргүй байна.
Энэрэлийн хамгийн олон фентэй реппер Gee-д хийсэн дисс нь түүнийг ноёноос айдаггүй хүү гэдгийг баталсан. Үүнийг давах дисс одоохондоо үгүй. Энэрэл нэгэн шоу ярилцлагын үеэр “Яагаад хүмүүст дисс хийдэг вэ” гэсэн асуултанд “Юу ч хийхгүй сууснаас” дээр гэж хариулсан удаатай. Ямартаа ч тэр хамтлагийн гишүүн Гантулга шигээ ядахнаа СТА цолгүй нэгэн.
 
ФАНТАМААС ИРСЭН ЗОЧИД
 
 
Тэдний тухай ярихад эрт байгаа ч дурсаад өнгөрөхд гэмгүй. Фантам дээр зохиогддог “Rаp Dembee”-гээс төрсөн залуус одоо бол хэдийн од болсон. Гэхдээ ихэнхийг нь өсвөр насныхан л сонсдог. Харин шилдэг нь Mabberant. Мөн одоо ид хийж бүтээж яваа Thunder, Mop-G, Еxoteric, Сигор, Lil Thug E болон Gee-гийн тэжээсэн чоно Wolfizm нарыг нэрлээд орхиё.
Мөн “Rep Dembee”-д хамааралгүй ч орчин үеийн реп буюу trap урсгалаар туурвиж буй Don Dior, Vandebo нарыг нэрлэчихэд гэмгүй.
 
ЦЭРЭГГҮЙ ХААН
 
Магадгүй энд Рокит Бэйе бичигдэж болно. Гэхдээ түүнд цэрэг бий. Харин цэрэггүй хааны нэр Hades. Тэр ч мөн фантамаас ирсэн зочдийн нэг. Тэндээ ч хаан байсан. “Darksyde” хэмээх хамтлаг байгуулж цомог хүртэл гаргаад амжсан хэдий ч Hades нэрийн дор ганцаар дуу хийх болсон. Түүний дуунууд ихэвчлэн фанзати үгтэй, хар бараан өнгө аястай байдаг. Жинхэнэ hardcore, underground гэж түүнийг хэлнэ. Харин жинхэнэ урлагийг мэдрэгчид ямагт цөөн байдаг шиг тэр цөөн сонсогчидтой нэгэн. Түүний “Сүнсээ зарах”, “Тав дахь өдрийн сар”, “F”, “Punchline King”, “Миний мэдэх зүйл”, “Хип хоп алга болсон”, “Амь орсон райм”, “Унтахын өмнөх түүхүүд”, “Hadecore” гээд олон дуунуудыг нэрлэж болно.
Hades раймаа бичиж, хоолойгоо бичүүлж дуусаад амрахаар хэвтэхэд үүр цайв. Хар дээрх цагаан үгс, түүндээ маш сайн зохицсон реп хөгжим. Одоо нэг сайн мэдээ байна. Түүний сонсогчид “тоглох” товчийг дараад чихээ баярлуулж болно. Муу мэдээ нь гэвэл тэр дахиж дуу хийхгүй. Үүнд зуун хувь итгэж бас болно.
 
Б.Алтанхуяг
Эх сурвалж: Монцамэ агентлаг