sonin.mn
“Түүнд би хайртай байсан”, “Мөнгөн бороо” зэрэг сор бүтээлүүдээрээ олны хайр, хүндэтгэлийг хүлээсэн “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гоцлол дуучин Б.Цогтгэрэлтэй ярилцлаа. 1990-ээд оны эхэн үед залуусыг байлдан дагуулж, Монголын урлагт шинэ өнгө, төрхийг тодорхойлж байсан тус хамтлаг 1997 онд тарснаас хойш энэ эрхэм олны дунд чимээгүй, даруухнаар аж төрж, амьдрах болсон билээ. Гэвч тэрээр урлагаас хөндийрөөгүйн дээр цээжинд нь буцалж оргилсон их авьяас нь одоо ч бадамлаж байна.
 
Та аль нутгийн уугуул вэ, багадаа ямар хүүхэд байсан бэ?
 
-Унаган Улаанбаатар хотынх, багын дүрсгүй хүүхэд байсан л даа. Хэрэг, төвөгт орооцолдчих гээд л аавын чихийг халууцуулж, ээжийн сэтгэлийг их ч зовоосон. Тэгж байтал Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт илгээлтийн эздээр ирээд удаагүй байсан ах, эгч нарын маань гарт намайг шилжүүлж, би гэдэг хүн ном журамдаа орох нь тэр. Би тэгэхэд дунд ангийн сурагч байлаа, тэндээ ерөнхий боловсролын сургуулиа дүүргэсэн. Тухайн үед Эрдэнэт гэдэг их айл хөгжил, дэвшил гэж жигтэйхэн, орчин үеийн жишиг, ёстой л залуусын мөрөөдлийн хот байсан сан.
 
Таныг хар нялхаараа шахуу л “Соёл-Эрдэнэ” хамтлагаар овоглогдсон гэцгээдэг. Ямар хувь тохиолоор энэ хамтлагтай учирсан юм бэ?
 
-Бусадтай л адил дуулж, бүжиглээд явдаг хүүхэд байлаа. “Эрдэнэт хивс” үйлдвэрийн “Солонго” хамтлагийн уран бүтээлчдийг дагаж тоглолтуудад оролцоно, сургалт зохиогдвол хамт яваад орчихно. Тэгж явахдаа л “Соёл-Эрдэнэ” хамтлагийнхаа анхны удирдаачтай таарч билээ. Хүмүүс мэднэ дээ, Баадайн Дамдин гэж хүн байсан. Яагаа вэ нөгөө,
Саахалтын газраас санагдаад байдаг 
Сайхан монгол бүсгүйд би хайртай гэдэг үгтэй дууны чинь зохиогч шүү дээ. Тоглолтын найруулгаа өөрөө хийдэг мундаг, чадварлаг хүн байлаа. Эрдэнэт хотын “Уурхайчин” соёлын ордонд ажиллаж байсан нь түүнтэй багш, шавийн барилдлагатай болох замын эхлэл байж.
 
Таны оролцсон анхны тэмцээний тухайд...
 
-1985 онд Бүх ард түмний урлагийн их наадамд найзтайгаа хамт, гитараа бариад л хослон дууллаа, чамгүй амжилт үзүүллээ. Дараа жил нь Зөвлөлт-Монголын Оюутнуудын урлагийн наадамд оролцохоор бэлтгэлээ базааж эхлэв. Гэтэл фестиваль эхлэх өдөр тухайн үеийн Цэргийн хэлтсээс төлөөлөгч ирж намайг “18 нас хүрчихсэн, цэргийн алба хаах ёстой” гээд цэрэгт татах нь тэр. Хариуд нь би юу ч хэлж чадаагүй юм даа. Ингээд л нөгөө алдартай наадамд уран бүтээлээ толилуулна гэдэг нь зүүд зэрэглээ л болж үлдсэн.
 
Та аль ангид алба хаасан бэ, авьяаслаг цэргүүдийн тоонд багтсан нь гарцаагүй...
 
-Дорнод аймагт байрлах Хилийн цэргийн 132 дугаар ангид алба хааж, эх орныхоо зүүн хязгаарыг манаж явсандаа их баярладаг, бахархдаг. Манай анги Монгол улсын маршал Х.Чойбалсангийн нэрэмжит отряд байлаа. Хугацаат цэргийн алба хаахдаа отрядын 50 жилд зориулсан хүндэтгэлийн тоглолтод ч оролцоод амжив. Бүжиг, найрал дуу, гоцлол дуу зэрэгт миний нэр цохиж л явна.
 
Цэргээс халагдаж ирээд л ёстой бужигнуулсан байх даа...
 
-1988 онд халагдаад ирэхэд, намайг цэрэгт татагдахад үдэж гаргасан Б.Дамдин багш маань хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байж билээ. Багш маань амьд сэрүүн цагтаа “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гишүүдэд “Б.Цогтгэрэлийг цэргээс халагдаад ирэхээр нь хамтлагтаа гоцлол дуучнаар аваарай, их эвлэгхэн дуулдаг хүү бий” гэж захисан гэдэг.
 
Тэгвэл халагдсан өдрөөсөө л урлагийн тогоонд буцалж эхэлжээ дээ...
 
-Нэг зүйлийг тодотгох нь зүйтэй болов уу. “Соёл-Эрдэнэ” хамтлагаас өмнө Эрдэнэт хотын “Уурхайчин” соёлын ордны дэргэдэх дуу, хөгжмийн “Кумо” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн. 1991 онд СУИС-д дуурийн дуулаачийн мэргэжлээр суралцсан. 1993 оноос албан ёсоор “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гоцлол дуучнаар ажиллах болсон л доо, түүнээс өмнө тоглолтуудад нь оролцоод, дуулаад л явдаг байсан. Цэргээс халагдаж ирсэн өдөр их сайхан дурсамжтай шүү, санаанаас огт гардаггүй юм. Халагдсан өдрөө л “Соёл-Эрдэнэ” хамтлагаараа “Найрамдал” талбайн үдшийн цэнгүүнд оролцох даалгавар авлаа.
“Жигүүртэй юм шиг залуу насны
Жинхэнэ боловч гэнэн хайр” гэдэг үгтэй дууг өдөр нь заалгаад орой нь дуулж, уран бүтээлээ эхлүүлсэн юм даа.
 
Заавал дуучны мэргэжлээр суралцах шаардлага байсан хэрэг үү?
 
-Хамтлагийн гишүүд болон багш маань мэргэжлийн дуучин бол, ном журмаар нь яв гэж зөвлөдөг байсан. Залуу хүний замын хүзүү урт, цаашид хийж бүтээх зүйл их, тийм учраас заавал суралц, ингээд л сайн дурын уран сайханч шиг яваад байж болохгүй гэсэн. Тэгээд л СУИС-д шалгалт өгч тэнцээд мэргэжлийн дуучин болох замналдаа орсон доо. Олон хүүхэд өрсөлдсөн чанартай шалгаруулалт болсон шүү.
 
Танай хамтлагийг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн харьяа байсан гэдгээр нь онцолбол?
 
-Тухайн үед уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээс биднийг их ч дэмжсэн, 130 орчим сая төгрөгөөр японы “Ямаха” брэндийн бүрэн аппаратурыг захиалж авчруулсан. Одоогийн ханшаар бодоход ч их өндөр тоо шүү дээ. Ховор техник хэрэгслүүд л бидэнд байдаг, Улаанбаатар хот болон бусад газар зохиогддог тоглолтуудад их л нэр хүндтэйгээр оролцдог байж билээ.
 
“Соёл-Эрдэнэ” хамтлагаас хөндийрч хэсэгтээ хувийн уран бүтээлээ хөөх болсон. Анхны тоглолтоо ч хийгээд амжсан шүү дээ. Өөр тэмдэглүүштэй зүйл гэвэл?
 
-Бие даан уран бүтээлээ эхлүүлж, 100 гаруй дууны бүтээл туурвисан. Мөн 1997 онд УДБЭТ-т “Хол нар”, 2005 онд Монгол улсын “Морин хуур”-ын чуулгатай “Хайраа би”, 2008 онд Улсын Филармонийн Симфони Найрал Хөгжмийн оркестртой хамтран “Мөнх тэнгэрийн нутаг”, “Түүнд би хайртай байсан” тоглолтуудаа үзэгч олондоо толилуулаад байна.
 
“Түүнд би хайртай байсан”, “Мөнгөн бороо” зэрэг дуу одоо ч бидний зүрх, сэтгэлд уяатай байдаг шүү…
 
-Бүгд л тухайн үеийн сор, хит болж байсан дуунууд. Гэхдээ заримыг нь тайзан дээрээс үзэгч олонд толилуулж чадаагүйдээ харамсдаг.
 
Хамтлаг тарсан түүх их л гунигтай санагддаг...
 
-Хамтлагийн гишүүдээс хорвоогийн мөнх бусыг үзүүлж, зарим нь хувийн уран бүтээлээ хөөж, би гэж хүн өрх гэр толгойлох болсноор Улаанбаатар хотыг зорьсон. 1997 оны нэг өдөр л оюутны байрнаас нүүсэн хүн дээ.
 
Гэхдээ урлагаас бүр мөсөн, нүүр буруулчхаагүй биз дээ?
 
-Яг ч тийм биш л дээ. Би 1997 онд БНАСАУ-д зохиогдсон олон улсын урлагийн наадамд оролцсон. Тус наадамд надаас өмнө оролцсон дуучид өндөр амжилт үзүүлцгээсэн юм билээ, бүр хоёр жил дараалан “Алтан цом”-ын эзэд болцгоосон шүү. Тэр амжилтын буухиаг таслахгүй байх өндөр үүрэг, хариуцлага оногдсон. Гэтэл яасан гэж санана, төсөөлж байснаас ч өндөр оноо авлаа, “Алтан цом”-ын эзэн ч боллоо. Энэ шагнал надад их урам өгсөн, гаднын оронд очоод 60 гаруй орны уран бүтээлчдийн болоод Орос, Хятад зэрэг улс орны үндэсний чуулгын тоглолтыг дэргэдээс нь харж, ёстой л юм үзэж, нүд тайлна гэдэг л болсон.
 
Таныг “Voice of Mongolia” шоунд оролцох үед үзэгч, сонсогчид гэлтгүй шүүгчид ч их гайхаж хүлээж авсан нь танд мэдрэгдсэн үү?
 
-Дэлхийн хэмжээний тайзнаас үзэгчдэд дуу хоолойгоо хүргэнэ гэдэг алтан боломж шиг санагдсан. Манай үеийнхэн ч хэр баргийн юманд хөдлөхгүй л дээ. Би уран бүтээлчийн эр зориг, хүсэл тэмүүллээрээ тус шоунд орсон. Хойш сууя гэж бодоогүй.
 
Тус шоуны зарим шүүгч таныг дуулах мөчид хоолойг тань таньж ядаад л Б.Цогтгэрэл мөн үү, биш үү гэж их эргэлзсэн гэдэг. Цаагуураа бол таны хоолойг дахин давтагдашгүй гэдгийг л хэлээд байх шиг...
 
-Дахин давтагдашгүй нь ч юу юм бэ, хоолойн өнгө, хэмнэл зэргээрээ надтай адил хүн байгаа байлгүй дээ. Ер нь “Voice of Mongolia” шоунд оролцоод тэнцэх, тэнцэхгүй нь чухал биш байлаа. Зарим нөхөд минь “Яах гэж оролцсон юм бэ” гэж асуудаг л даа. Би амьд хөгжмийн хамтлагт дуулж, уран бүтээлээ туурвидаг байсны хувьд тус шоуны тайзнаас “Түүнд би хайртай байсан” дуугаа л хүргэхийг хүссэн юм. Түүнийгээ ч хүргэсэн, шүүгчид ч ажлаа номоор нь хийсэн. Шүүгч “Хурд” хамтлагийн гитарчин Б.Отгонбаяр уг нь миний хоолойг хамгийн түрүүнд л таньсан байх. Урлагийн тогоонд 30 гаруй жил болсныхоо хувьд намайг, миний хоолойг танихтайгаа шүү дээ. Гэхдээ Б.Отгонбаяр эргэж хараагүй нь болсон юм. Надтай гар нийлж ажиллаад хэр хол явахыг хэн ч мэдэхгүй. Тэдний хувьд авьяаслаг залуу үеэ л дэмжих нь чухал шүү дээ, арай л ирээдүйтэй болов уу.
 
Таныг анзаараад байхад их бодсон, бясалгасан шинжтэйгээр хариулаад байх юм, та хэр шашинлаг, бурханлаг үзэлтэй хүн бэ?
 
-Энэ ч насных байлгүй дээ. Хүн ер нь өөрийн үзэл бодол, хүссэн зорьсондоо тууштай байх ёстой. Сүүлийн үеийн залуучуудыг их л анзаарах юм. Боловсролтой байх, амьдралын арга ухаанд суралцах, гол нь “амьдралын хаалгаа” зөв сонгох хэрэгтэй юм шиг санагддаг. Олон хүчин зүйлээс л хүний өөдлөх, уруудах нь шалтгаална. Нийтлэлч Баабар буюу Б.Батбаярын “Ууланд зөв авирах уу, Зөв ууланд авирах уу” үг л санаанаас гардаггүй юм. Зөв ууланд л зөв авирах ёстой байх.
 
Ярилцсанд баярлалаа.
 
Ц.Энх-Оргил
Эх сурвалж: "Соёмбо" сонин