ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын Владивосток хотноо хийсэн уулзалтын үр дүнгийн тухайд талууд хамтарсан мэдэгдэл хийгээгүй, мэдээлэл хомс байгаа боловч уг уулзалтыг зарим хэвлэлүүдэд “түүхэн” гэж тодорхойлж байна.
Ким Жөн Уны хувьд, 4 дүгээр сарын дундуур болсон БНАСАУ-ын Ардын Дээд хурлын 14 дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаар БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн даргаар дахин сонгогдсоныхоо дараахан Владивостокт зочилсныг Оросын хэвлэлүүдэд онцолжээ.  
Төлөвлөснөөс хоёр дахин удаан сунжирсан Путин-Кимийн ганцаарчилсан уулзалтын дараа Ерөнхийлөгч В.Путин сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Харин Ким Жөн Ун ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй төдийгүй протоколд тусгаснаас 7 цагийн өмнө нутаг буцжээ.
 
В.Путин хэлэлцээний үр дүнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсний сацуу Ким Жөн Уныг нээлттэй хүн гэж үнэлээд, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орсон бүхий л асуудлаар Умард Солонгосын удирдагчтай чөлөөтэй ярилцсан гэдгээ дурдав. 
 
Путин, Ким Жөн Ун нар хоёр талын харилцааны өнөөгийн байдал, хэтийн төлөв ба Солонгосын хойгт үүссэн нөхцөл байдал гэсэн үндсэн 3 асуудлыг хэлэлцсэн байна.
 
Солонгосын хойгийн асуудлыг зохицуулахад Оросын оролцоо 
 
Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах нь Зүүн Хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах гол хүчин зүйл бөгөөд Орос улсын оролцоогүйгээр тус бүс нутагт аюулгүй байдлын механизмыг бий болгох нь боломжгүй юм. 
 
Умард Солонгостой хиллэдэг 3 улсын нэг болох ОХУ бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 5 байнгын гишүүн орны нэг учраас Солонгосын хойгийн асуудлыг зохицуулахад жинтэй нөлөө үзүүлж чадах гүрэн юм. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулснаар Алс Дорнодод аюулгүй байдал хангагдаж, улмаар бүс нутагт эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжинө гэж Оросын тал үздэг.
 
Ханой хотод болсон АНУ-БНАСАУ-ын Дээд хэмжээний 2 дахь уулзалт тодорхой үр дүнд хүрэлгүй дууссаны дараахан Орос, Умард Солонгосын удирдагчид уулзсан нь Солонгосын хойгийн асуудлыг энх тайвны замаар шийдвэрлэх үйл явцад шинэ бүтээлч санааг авчрах болов уу гэсэн хүлээлтийг үүсгээд байсан билээ.
Умард Солонгос цөмийн зэвсэгтэй болсон нь АНУ, Хятадын нэгэн адилаар Орос улсыг түгшээдэг. Ийм учраас 2000-аад оны эхээр болж байсан Умардын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт хэлэлцээнд ОХУ оролцож байсан билээ. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаарх ОХУ, АНУ хоёрын байр суурь зарим талаар нийцэж байгаа бөгөөд хамгийн гол нь, Умард Солонгост аюулгүй байдлын баталгаа өгөх нь чухал гэсэн байр сууриа В.Путин Владивостокийн уулзалтын үеэр дахин илэрхийлсэн байна. Мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг алхам алхмаар шийдвэрлэх ёстой гэсэн Оросын байр суурь хэвээр байгааг Ерөнхийлөгч В.Путин дахин нотолжээ.
Харин АНУ-ын эрх бари