sonin.mn
Дархан овгийн Ч.Төмөр Засагт хан аймгийн Ёст бэйсийн хошуунд 1887 онд Чогсомын ууган хүү болон төрсөн. Тэрбээр 10 настайдаа Сангийн далай хийдэд шавилан сууж Төвд ном заалган манж хэл бичигт суралцсан ба тус хийдэд 39 нас хүртлээ хурал номын ажилд идэвхтэй оролцсон. Улмаар Чойрын дацангийн унзадаар таван жил ажилласан ажээ. Ч.Төмөр нь тухайн үедээ өндөр боловсролтой сэхээтэн хүний тоонд багтан унзад Төмөр хэмээн нэрлэгддэг, нутгийн зон олондоо нэр хүндтэй хүн байв. Тэрээр Жанцангийн Хандхүүтэй гэр бүл болон таван хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд түүний ууган хүү нь Бат-Очир юм.
 
Төмөрийн Бат-Очир 1921 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт Төхөмийн хүрэн гэдэг газар мэндэлсэн. 1931 оноос эцгийнхээ адил 10 настайдаа хүрээ хийдэд таван жил төвд ном заалган цогчин хурлын магтаал дуусгажээ.
 
1938 оноос сумынхаа Төвд бичиг үсгийн бүлгэмд монгол бичигт суралцан ерөнхий боловсролын дунд сургууль, 1950-1951 онд Цэргийн ерөнхий сургуулийн офицеруудын курс, 1957-1960 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль, 1964-1966 онд ЗХУ-ын Ленинград хот дахь Цэргийн холбооны академийн дээд курсийг тус тус дүүргэсэн байна. 
Т.Бат-Очир нь 1940 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдан, бичиг үсгийн чадвартайд тооцогдсоноор холбооны хорооны “Холбоо засварын газар” засварчин байлдагч болжээ. Энэ тухай Т.Бат-Очир дурсан ярихдаа: “Манай холбооны засварын бүрэлдэхүүн нь холбооны хэлтсийн томилолтоор дөрвөн морьт дивизэд нэг сар болон түүнээс илүү хугацаагаар хоёр жилд нэг удаа явж ажилладаг байсан. Манай хороо Дорноговь аймгийн Сайншанд сумын зүүн урд байрлаж байв. Нэг өдөр биднийг нуувч ухаад байцгааж байтал гэнэт түргэн жагсаалын бүрээ татав. Биднийг жагсаагаад Сайншанд руу очих замдаа гурван удаа баг өмсүүлэн гүйлгэж, усан хулгана болтол хөлөргөөд хүрэв. Бригадын жагсаалын эхэнд туг, үлээвэр хөгжим наранд гялалзаад сүр жавхлантай байлаа. Удсан ч үгүй Сайншандын хойд хөтлөөр олон “шилэн фордууд” тоос татуулан гарч ирлээ. Хоёр дахь машины урд хаалгаар Бүх цэргийн жанжны орлогч Ж.Лхагвасүрэн гарч ирээд машины арын хаалгыг онгойлгоод ёслон зогстол Маршал Х.Чойбалсан гарч ирээд жагсаалын зүг рүү явсан ба бригадын дарга, бригад командлан захирагч, БНМАУ-ын баатар Ш.Гонгор түүнд рапорт өглөө. Маршал бидэнд хандан хэлэхдээ: 
-Монголын Ардын Армийн гол үүрэг нь дорно зүгээс довтлох дайснаас өөрийн орныг батлан хамгаалах явдал мөн.
-Та нар зэвсэг, техникээ арван хуруу шигээ судалж эзэмш.
-Цэргийн сахилгыг өндөр түвшинд тавь. Сахилгагүй цэрэг бол буу үүрсэн анчинтай адил, тийм цэрэг дайнд ялагдана.
-Цэргийн алба хаагч бүр ямар ч бэрхшээлийг даван туулдаг байх ёстой. 
-Цэргийн хүн тайван цагт хэдий чинээ их хөлс гаргана, дайны үед бага цус гарна гэж Оросын жанжнуудын хэлсэн үгнээс иш татан үүрэг тавьсан юм. Манай армийн дайчид үүргээ онц сайн биелүүлбэл Зөвлөлтийн улаан армийн ялалтад тусалж байгаа хэрэг гэж ярьж байсныг тодхон санаж байна” хэмээжээ.
Тэр үед холбооны засварын дарга, бага дэслэгч Т.Бат-Очир холбооны техник хэрэгслийн засварын сургагч, ахлах дэслэгч Дубровинтай хамтран нэг өдөр гэрлийн моторыг асаах гэсэн чинь мотор нь асдаггүй, магнит нь ажиллахгүй байв. Гэтэл холбооны хорооны дарга, хошууч Ж.Дагва мотороо түргэн асаахгүй бол чамайг байлдааны журмаар гүйцэтгэнэ гэж загнажээ. Тэгтэл Дубровин “11АК-ийн моторын магнитыг түр авч ир” гэж үүрэгдээд, түүнийг авч тавьснаар уг мотороо асаажээ. Хорооны дарга, хошууч Ж.Дагва буу тулгахаар хүн биш, их даруухан сайхан хүн хэдий ч байлдаан гэдэг хүний зан авирт өөрчлөлт оруулдаг аюултай зүйл болохыг энэ тохиолдол харуулсан ажээ.
Ингээд холбооны тусгай хороо 1945 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 03.00 цагт Монголын хилийг даван Өвөр Монголын нутагт орж, Цантын хийд, улмаар Яндуугийн хийдээр дайрч Ар цагаан нуур гэдэг газарт очоод элсэнд сууж, бараг бүх машин бензингүй болсон байна. Ийм нөхцөлд 11АК-хоёр, 5АК-нэг нэгж РСБ станцыг цааш Жэхэ, Долнуур хүртэл явуулж, үүрэг гүйцэтгүүлэхээр томилохдоо ангийнхаа бүх машины бензинийг шавхан дээрх радио станцуудад өгч тус анги маршаар явахад хүрсэн түүхэн үйл явдал болжээ.
 
Түүнчлэн гүүрэн гарц ховор, зам байхгүй, элс ихтэй газар машины дугуй хий эргээд шатахуунаа барах, ихэнх өдрүүдэд 30-аас дээш градусын халуун болж машин болон радио станцуудын аккумуляторууд цэнэгээ алдаж, шингэн амархан ууршиж байсан учраас шингэн дутагдах зэрэг бэрхшээлүүд байнгын тохиолддог ажээ.
 
Долнуурт Армийн Ар талыг удирдах байранд ажиллаж байсан 11АК-аас радио станц ажилгүй боллоо гэсэн мэдээ ирүүлэхэд ангийн штабын дарга, ахмад Намхай Т.Бат-Очирыг дуудаж “Чи орос сургагчтайгаа нийлж ажилтай болго” гэсэн тушаал өгсөн бөгөөд тэднийг очтол 1000 кв-ийн нэвтрүүлэгчийн гаралтын лампын хөшиг шүүрийн замд байдаг том эсэргүүцэл шатсан учраас гаралтгүй болсон байв. Сэлбэгийн нөөцөөс тохирох эсэргүүцлийг олоод түүнийг нь тавьж ажилд оруулах гээд маш олон чухал үүрэг, даалгаврыг өдөр шөнөгүй амжилттай гүйцэтгэдэг байжээ. 
Т.Бат-Очир нь холбооны засварын даргын үүрэг гүйцэтгэж, холбооны хорооны техник хэрэгсэл, хүн хүчийг маневрлуулах, армийн ар тал, нэгтгэл, ангиуд, хээрийн удирдлагыг холбоогоор тасралтгүй хангах зэрэг үүргийг нэр төртэйгөөр биелүүлсэн түүхэн гавьяатай ахмад дайчин юм.
Тэрээр олон арван удаагийн хээрийн сургуульд оролцож Зэвсэгт хүчнийг өргөтгөн зохион байгуулах үед хөдөөгийн нэгтгэл, ангиудад холбооны хэрэгсэл, засварын бүлгийг явуулж, техник хэрэгслийн бэлэн байдалд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм.
Т.Бат-Очир нь инженерийн хэмжээнд өөрийгөө боловсруулж ирсэн шинийг санаачлагч төдийгүй цэргийн холбооны коммутаторт АТС-ын холбох шугамыг оруулах, харуулын холбооны төхөөрөмж, дотоодын холбооны төхөөрөмж, цэргийн холбооны богино ба хэт богино долгионы бага чадлын станцын гэмтлийг богино хугацаанд тодорхойлоход ашиглах төхөөрөмж, үүргэвчийн радио станцын хураагуурыг цэнэглэх нэмэгдэл төхөөрөмжүүдийг санаачлан практикт хэрэгжүүлсэн байна. Энэ мэт олон арван санаачилга, оновчтой бүтээлүүд нь тухайн үеийн нэгтгэл, ангиудын байлдааны бэлэн байдалд нэвтрэн ач тусаа өгчээ. 
Ийнхүү тэр бээр 1986 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд манай улсын цэргийн холбооны түүхэн замналыг бүтээхэд өөрийн үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад холбоочин бөгөөд армийн холбооны ангиудад салааны даргаас механик, цэргийн шуудангийн дарга, холбооны засварын газрын дарга, батальоны орлогч дарга, ерөнхий инженер, Жанжин штабын холбооны хөдөлгөөнт засварын газрын дарга зэрэг нэн хариуцлагатай албыг 44 жил хашиж өөрийн мэдлэг чадвар, дадлага, туршлагаа Монголын Ардын Армийн холбоог бэхжүүлэхэд харамгүй зориулсан төдийгүй 1945 оны Чөлөөлөх дайны галын шугамд цэрэг эрийн дайчин үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн чөлөөнд байгаа дэд хурандаа, хос гавьяатай буурал дайчин билээ. 
Тэрээр 1952 онд Д.Лхамжавтай гэр бүл болон дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд хүү Б.Ганболд нь аавынхаа мэргэжлийг өвлөн цэргийн сургууль төгсөөд цэргийн холбооны мэргэжлээр ажиллаж байсан. Хүү Б.Ганбат нь багшийн мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг. Охин Б.Алтанцэцэг багш мэргэжилтэй, хувийн компанид ажилладаг. Охин Б.Оюунцэцэг нь ОХУ-д суралцаж байна.
Т.Бат-Очирын хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас үнэлж 1945 онд “Бид ялав” медаль, 1950 онд Байлдааны медаль, 1956 онд “Алтан гадас” одон, 1965 онд Байлдааны гавьяаны улаан тугийн одон, 1972 онд Сүхбаатарын одон, мөн Зөвлөлтийн байлдааны медаль, Жуковын медаль, Германыг ялсны 60 жилийн ойн медаль, Халхын голын дайны ялалтын 30, 40 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, Батлан хамгаалах яамны Хүндэт тэмдэг, Монгол Улсын “Онц холбоочин”, “Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнажээ.
 
Ардын Армийн байлдагчаас дэд хурандаа болтлоо эх орныхоо төлөө өнөөг хүртэл зүтгэж яваа буянтай буурал холбоочин маань 2008 онд “Цэргийн холбоонд зүтгэсэн он жилүүд”, 2010 онд “Амьдралаас ургасан шүлгүүд”, “Цэргийн төрөл бүрийн холбооны түүхэн дурсамжийг шүлэглэн тэмдэглэх нь”, 2014 онд “Төрж өссөн өлгий нутаг минь”, 2018 онд “Эх орон-эр цэргийн дуулал” уран бүтээлийг туурвисан төдийгүй “Есөн манжлагат цагаан туг”, “Цэргийн дайчин туг”, “Ахмад холбоочид”, “Цэргийн холбооны түүхэн замнал”, “Цэргийн утсан холбоо”, “Жанжин тугийн намираанд”, “Радио релейний холбоо” зэрэг эх орны сэдэвтэй дууны шүлэг туурвиж тэдгээр нь цэргийнхний дуулах дуртай дуу болон түгсээр байна.
 
Ахмад дайчин Т.Бат-Очир 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол-Зөвлөлтийн армитай хамт өвөр Монгол, Хятадын ард түмнийг Японы эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөхөд оролцон өөрийн орны тусгаар тогтнолыг баталгаажуулахад эх орон, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн юм. 
 
Өнөөдөр хорвоогийн жам ёсоор өндөр насыг зооглосон ахмад дайчид минь улам цөөрсөөр байна. Дайны дараа ч энхийн бүтээн байгуулалтад түүний оруулсан гавьяаг нь Төр, засгаас үнэлэн Монгол Улсын гавьяат холбоочин цолоор шагнана гэдэгт бүрэн итгэлтэй байна. 
Ахмад дайчин, холбоочин, уран бүтээлч Т.Бат-Очир Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойтой зэрэгцэн 99 насны сүүдэр зооглож, ухаан саруул, бие эрүүл, өсвөр үеийн залуус, цэргийн алба хаагчдад эх орныхоо төлөө тулалдаж явсан дайчин нөхдийнхөө баатарлаг үйлс, гавьяаг дурсан ярьсаар, тэрхүү эрхэм үйлсээрээ, өөрийн биеэр үлгэр дуурайлал үзүүлж, уран бүтээлээ туурвисаар яваад уншигч олныхоо өмнөөс талархал илэрхийлж Танд уран бүтээлийн улам их амжилт, эрүүл энхийг бэлгэдэн ерөөе. 
 
 
“Цагаан хайрхан эрдэнэ сан” ТББ-ын тэргүүн Д.ЖАНЧИВДОРЖ