1992 оны Үндсэн хуулийн эцэг эх нь хэн бэ?
 
 
Манай улсын улс төрийн амьдралд содон үйл явдлууд өрнөсөөр байна. 2010 онд болсон МАХН-ын 26-р Их хурал ихээхэн дуулиан Монголын улс төрд цоо шинэ хандлагыг бий болгожээ. Энэхүү хандлага нь юуны өмнө улс төрийн гуравдах хүчийг бий болгох энэ асуудалтай огт холбоогүй бөгөөд харин улс төрийн цоо шинэ хүчийг, тодруулбал, улс төрийн тэргүүлэгч, залуурдагч лут хүчийг төлөвшүүлэхтэй шууд холбогдсон гэдгийг дурьдах ёстой. Манай олонхи улс төрчид эрх баригч намыг нэгдүгээр улс төрийн хүч, Ардчилсан намыг хоёр дахь улс төрийн хүч, бусад намуудыг гуравдах улс төрийн хүч хэмээн үздэг. Гэхдээ олон жилийн туршид гурав дахь хүчинд хамрагддаг олон намуудаас аль нь ч гурав дахь хүчийг зохион байгуулалтанд оруулж залуурдаж чадсангүй. Ийнхүү манайд төлөвшсөн улс төрийн гурван хүчин нь засгийн эрхийн төлөө хүч тэнцвэргүй тулаанд орж, гуравдахь улс төрийн хүчин ад үзэгдсээр гурав дахь хүчин хэмээх хөдөлгөөнийг амилуулах боломжгүй болголоо.
 
Өнөө үед нэгэнт гурав дахь улс төрийн хүчин оршин тогтнож ажиллаж тэмцэх чадвараа алдсан гэдэг нь олон түмэнд ойлгогдсон учраас гуравдахь улс төрийн хүчин гэж ярих шаардлага үгүй болж байгаа. Монгол улсыг том том сүйтгэл сүйрлээс аврахын тулд улс төрийн цоо шинэ хүч төрөх шаардлага аль хэдийн бий болчихсон байв.
 
Чухамдаа МАХН-ын 26-р Их хурал улс төрийн цоо шинэ хүчин төрж гарах алтан боломжийг олголоо. Хэдийгээр намын нэр солих, намын үзлийг шинэчлэх гэсэн өнгөц үйлдлүүд жинхэнэ цаад утгаараа цоо шинэ улс төрийн хүчийг амилуулахад хүргэв.
Манай улс төрийн намуудыг, ялангуяа лут лут улс төрчдийг цочроон гайхшруулсан нэгэн лут дүгнэлт МАХН-ын 26-р Их хурал хуралдаж  дууссаны  маргааш өдөр нь хэвлэлийн бага хурлаар орон даяар цуурайтсан явдал юм. “Сонгуульд ялсан улс төрийн нам Засгийн эрхийг атгаж байх хугацаандаа намынхаа нэрийг өөрчилж болохгүй” гэсэн агуу дүгнэлтийг чухамдаа Монголын ард түмний хянан шалгах хорооны тэргүүн, Монголын Ардчилсан хувьсгалын содон лийдэр Д.Нинж нийт Монгол түмэндээ сонордуулсан гэдгийг бид бүгд мэдэж байгаа билээ. Энэ бол улс төрийн том үйл явцуудын шүтэлцлүүдийн эгзгийг, лут лут нийгэм улс төрийн зөрчлүүдийн гоц хурц шилийг үнэнхүү гүн гүнзгий мэдэрч ухаарсны дээд илрэл нь болж өгсөн. Дээрх улс төрийн цочром дүгнэлт эрх баригч том намыг задралд өртүүлж, улмаар МАХН урьдын байр сууриа уламжлан хадгалж, намынхаа онц их хурлыг амжилттай хийлгүүлж, намын тунхаг, мөрийн хөтөлбөр, намын, дүрэм, улс төрийн лут лут илтгэлүүдийг батламжилж, уугуул намаа улс төрийн шинэ шинэ үзэл номнол, бодлогоор хүчирхэгжүүлснээр засгийн эрх барих чадавхиа улам чансаажуулах түүхэн тийм ховор алтан боломжийг олгосон гэдгийг цохон тэмдэглэх хэрэгтэй.
УИХ-ын 2008 оны сонгуулиар 45 суудал авч, ялалт байгуулсан улс төрийн нам бол МАХН мөн билээ. Ардчилсан нам 28 суудал авсан. Харин МАН уугуул МАХН-аас салж, гуравхан сар насалж байгаа учраас түүнийг эрх баригч нам гэж Монгол түмэн үзэхгүй байгаа. Харин МАН-ыг том карьеристуудын нам, улс төр-бизнесийн мафижсан олигархи бүлэглэлүүдийн нам гэж томъёолдог болсныг бид бүгд мэднэ. МАХН-ын онц их хурал уугуул намыг шинэ шинэ үзэл бодлогоор зэвсэглэсэн явдал эл намыг шинэчлэгдэж чадсан гэдгийг зөвхөн Монголчууд бидэнд төдийгүй, гадаад улс орнуудад харууллаа. Шинэчлэгдсэн МАХН нь Монгол улсад улс төрийн лут шинэлэг тэргүүлэгч хүч төрсний том нотолгоо болж өгснийг энэ дашрамд тэмдэглэж хэлэх нь зүйтэй байх.
 
Шинэчлэгдсэн МАХН зөв гольдролоор дэвшлийн замналаар урагшилж эхлэхэд Монголын улс төрийн амьдралыг гутаасан, Монгол түмнийг басамжлан доромжилсон үйл явдлууд ундарсаар байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй. Эдгээр үйл явдлаас бид хоёрыг нь зориуд цохож дурьдах шаардлагатай гэж үзэв.
 
Эхнийх нь үйл явдал юу байсан бэ гэвэл Оюутолгой ордын алттай холбогдсон асуудал юм. “Хөх толбо” сонины энэ оны №6-д: “Оюутолгойн 1200 метрийн гүнд газар ухаж, алтны гүн судалтай таарсан... Тэнд ажиллаж буй аварга техникийн шанаганд алт шарлаж, бас дээж нэрийдлээр Оюутолгойн алтыг онгоцоор заасаар байгаа” гэж мэдээллээ. Ийм эвгүй мэдээллийг сонссон хэний ч зүрх сэтгэл нь ихэд шимшрэх болно. Оюутолгойн ордыг Монголын хувийн компани эзэмшиж байгаа биш, чухамдаа гадаадын том монжооч империалист компани хувьчлан авч эзэгнэж байгаагийн хамгийн тод жишээ мөнөөс мөн. Хэрэв Монголын хувийн компани Оюутолгойн ордын ашиглаж байгаа бол түүний асар их алтыг гадаад руу том том онгоцоор зааж тээвэрлэхгүй л байх байсан. Оюутолгойн гайхамшигт ордоо гадны колоничлогчдод хувийн өмчинд нь лицензээр, их авлигаар панзалсан манайхны эдийн том шуналт махан толгойтнуудыг улс төр-эдийн засгийн аймшигт гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж, шийтгэх ёстой болоод байна. Монгол улсыг, Монголын ард түмнийг молигодож, алт мөнгийг нь тонон цөлмөж байгаа гадаадын колоничлогчдыг, манай хуйвалдагч улс төрчдийг залхаан шийтгэх асуудал нэн хурцаар тавигдчихлаа гэдгийг Монгол түмэндээ сонордуулах нь зүйтэй байх.
 
Хоёр дахь үйл явдал нь Монгол орныг улам сульдааж гүн доройтолд нэрвэгдүүлсэнтэй, Монгол түмнийг төгс мунхагжуулахтай холбогдсон Очирваань их шүтээнийг залж аравнайлсан явдал юм. Саявтар Монголын цагаан сарын дараахан Очирваань бурхныг залах том ёслол Гандантэгчилэн хийдэд болсон. Хамгийн хачирхалтай нь юу байсан бэ гэвэл Очирваань шүтээнийг хуурамч  IX Богд залж аравнайлсан явдал юм. Ер нь ингэхэд Очирваанийг лут бурхан гэж өргөмжлөхөөсөө илүү шарын шашны арван догшин сахиусын нэг гэж үздэгийг бид мартаж болохгүй. Манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэг мэдэх нь шарын шашны лут бишрэлтэн болчихоод: “Чингис хаан бол Очирвааний хувилгаан” гэж балайрлаа. Монгол улсын Ерөнхийлөгч шарын шашны талаар, шарын шашны хорлонт бодлогын талаар ямар ч ойлголтгүй байж. Их Тэмүчин Чингис хааныг  яах гэж Очирвааний хувилгаан гэж зарлан тунхаглачихваа. Улс төрийн ийм том алдааг хийж болох уу? Их Тэмүчин хэзээ ч шарын шашин, бас улааны шашныг, бас исламыг, христ шашныг шүтэж байгаагүй бөгөөд 2011 онд чухамдаа Монгол улсын Ерөнхийлөгч түүнийг Очирвааний хувилгаан гэж найман зуун жилийн дараа өргөмжилнө гэж яаж мэдэхэвдээ.
Их Тэмүчин Чингис хааныг таалал төгссөнөөс хойш 170 жилийн дараа шарын шашин Зонхова богдын чармайлтаар үүссэн бөгөөд Их Тэмүчин Чингис хааныг таалал төгссөнөөс 350 жилийн дараа Очирваань шүтээн бий болсон ажээ. Тэгэхлээр манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их Тэмүчин Чингис хааныг Очирвааний хувилгаан гэж нэрлэж, Их Монгол улсын их хааныг ёстой нэг доромжилсон шиг доромжилж, гутаасан шиг гутааж байна.
 
Ерөнхийлөгчийн туслах, шарын шашны зөвлөх нь яагаад Очирваань бурхан гэж байдаггүйг, Очирваань бурхан сахиус гэж байдгийг мэдэхгүй явна вэ?
 
Одоогоос 430 жилийн тэртээд  Автай сайн хаанд анх удаа Очирваань хувилгаан гэсэн цолыг хүртээсэн ажээ. Гэтэл манай Ерөнхийлөгч Далай ламын зөвшөөрөлгүйгээр хугацааг нь бүр 350 жилээр урагшлуулж, Чингис хаанд Очирваань хувилгаан гэсэн цолыг олгосноо Монголчууд бидэнд сонордуулж, манай улс төрчдийн хөх инээдийг хүргэж, шарын шашинтнуудын элэг доог болж байна даа. Монгол түмнээ ингэж мунхруулж болохгүй. Шарын шашин бол бүх Монголчуудыг өөрийн мунхаг сүсэг бишрэлдээ оруулж, Их Монгол улсыг дэлхийн тавцангаас таягдаж хаяулахад хамгийн бузар булай нүгэл үйлдсэн гэдгийг Монголчууд бид, манай хойч үеийн заавал мэдэж байх ёстой.
 
Очирваань шүтээн, Манзушир бурхан, Жанрайсаг бурхан хэзээ ч Монгол улсын тусгаар тогтнолыг илтгэж байгаагүй бөгөөд Манзушир бурхан нь Манжийн хаадад шарын шашин үнэнч байна гэдгийн бэлгэдэл болж явсан. Тэгвэл Жанрайсаг бурхан нь Монгол улсын тусгаар тогтнолын илрэл хэзээ ч байгаагүй бөгөөд VIII Богд Жавзундамба хутагтыг Монгол бөөгийн хараалаас аврах зорилгоор бүтээгдсэн бурхан байсан гэдгийг дурьдах ёстой. 
 
Тэр тусмаа Очирваань шүтээн, Манзушир болон Жанрайсиг бурхад нь Монгол орныг аврах увидастай лут лут бурхад гэж зарлан тунхагладаг болсон нь шарын шашинтнууд эрээ цээргүй дөвчигнөдөг болчихжээ гэдгийг харуулсан. Шарын шашин нь хэзээ ч Монгол улсыг мандуулж бадраахгүй бөгөөд харин Монгол улсыг энэ ертөнцөөс  арчиж тонилгох тийм нууцын нууц айлдвартай гэдгийг Монголчууд бид заавал мэдэх ёстой. Бид ямар ч нөхцөлд Их Тэмүчин Чингис хааны нэр алдрыг шарын шашнаар гутаалгаж болохгүй. Тэр тусмаа Их Тэмүчин чингис хааныг Очирваань догшин сахиусын хувилгаан дүр гэж доромжлуулахгүй гэдгийг дахин хэлье. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их Чингис хааныг Очирвааны хувилгаан дүр гэж худал номчирхсоныг бас Очирваань шүтээнийг Чингис хааныг ч, аль алиныг нь шүтэх ёстой гэсэн балайрлыг Монголчууд бид хэзээ ч уучлахгүй. Саявтар гурван сарын нэгэнд Улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийг манай олон намууд тэмдэглэж өнгөрөөсөн. Энд бид нэгэн гоц улс төрийн үйл явдал болсныг зориуд дурьдах учиртай. Энэ гуравдугаар сарын нэгнийг түүхэн содон ач холбогдолтой болгосон үйл явдал бол “Эх орон шударга ёс” Үндэсний хөдөлгөөн байгуулагдсан явдал мөн.
Улс үндэстнээ аврах нэгдсэн хөдөлгөөн 2010 оны хавар байгуулагдсан бөгөөд уул хөдөлгөөн дахин шинээр үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Том хөдөлгөөний хэлбэрээр улс үндсээ аврах бодит шаардлага нэн хурцаар тавигдаж байгааг манай дэвшилтэт улс төрчид аль хэдийн ухаарсан юм. 3-р сарын 1-ний өдөр Үндэсний хөдөлгөөн байгуулагдсан нь Монгол улсын улс төрийн амьдралд МАХН-ын онц их хуралдай эн зэрэгцэх гоц үйл явдал болсон гэж  Монголчууд бид дүгнэж байна. Үндэсний хөдөлгөөнд нэгдэн орж байгаа улс төрийн том том субьектүүдийг юуны өмнө онцгойлж  анхаарах учиртай. Юуны өмнө таван улс төрийн нам үндэсний хөдөлгөөнд нэгдэж орлоо. Тухайлбал, шинэчлэгдсэн МАХН, Үндэсний шинэ нам, Бүгд найрамдах нам, Монголын либерал нам, Монголын  ардчилсан хөдөлгөөний нам Үндэсний хөдөлгөөний тулгуур нь болж өгч байгаа. Тус хөдөлгөөнд “Ард түмний хянан шалгах хороо”, “Миний Монголын газар шороо хөдөлгөөн”, “Монголын ард түмний улс төрийн манлай хөдөлгөөн”, “Чингис хааны дэлхийн академи”, “Даяар Монгол хөдөлгөөн”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” зэрэг арав гаруй төрийн бус байгууллагууд орж байгаа. 3-р сарын 1-ний өдөр дээрх нам, хөдөлгөөн, холбоод цуглаж Монгол улсад үүссэн бодит нөхцөл байдлууд, улс төрийн гол гол үйл явцуудын талаар илэн далангүй санал солилцож, улмаар “Эх орон шударга ёс” Үндэсний хөдөлгөөнийг үүсгэн байгуулах тухай санамж бичгийг батлав.
Луйварчин араншинтай эрх баригчид өөрсдөө хагартлаа баяжиж, үндэснийхээ баялгийг харийнханд алдаж, баян хоосны ялгааг гааруулсан гэсэн улс төрийн гол дүгнэлтийг санамж бичгэнд тусган оруулснаар Монгол улсаа, монгол үндэстнээ авран хамгаалах их үйлсэд нэгдэн тэмцэх зорилгоор “Эх орон шударга ёс”  Үндэсний хөдөлгөөнийг байгуулснаа улс төрийн намууд, улс төрийн хөдөлгөөнүүд нийт монгол түмэндээ зарлан тунхаглалаа. Бид үүнтэй холбогдуулж хоёр зүйлийг тодотгож хэлэх шаардлагатай болсныг хэлье. Юуны түрүүнд Үндэсний хөдөлгөөнийг залуурдах  лийдрүүд энэ хорин жилд төрж  гарчээ гэдгийг хэлвэл зохино. Бид юуны түрүүнд дөрвөн том улс төрчийн нэрийг зааж хэлэх гэсэн юм. Энэ бол Ардчилсан хувьсгалд гоц үүрэг хариуцлагатайгаар оролцож явсан хоёр авъяаслаг лийдэр бий. Нэг нь, Монголын ард түмний хянан шалгах хорооны тэргүүн Д.Нинж юм. Нөгөө нь, Бүгд найрамдах намын дарга, мятаршгүй улс төрч, сүрлэг бизнесмэн Б.Жаргалсайхан билээ. Тэд Ардчилсан хувьсгалын тогоонд чанагдсан тууштай лийдрүүд мөн гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Бид нөгөө хоёр улс төрчийн тухай цухас дурьдах нь зүйтэй байх.
 
Үүнтэй холбогдуулж, “Зууны мэдээ” сонины  энэ оны 2-р сарын 22-ны №43-т Ерөнхий Сайд асан М.Энхсайханы өгсөн ярилцлагаас нэгэн ишлэлийг нь дурьдая. Тухайлбал: “Асуудлын гол нь алдаагаа хэн нь ойлгож, засахыг эрмэлзэж байна вэ, хэн нь дөргүй бух шиг түүнийг өмгөөлнө вэ гэдэгт байгаа юм” гэжээ. Бид Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан М.Энхсайхан хоёрын тухай цухас дурьдах учиртай. Манай улсын дөрвөн Ерөнхийлөгчөөс улс төрийн тэмцлийн тэргүүн эгнээнд цойлж очсон хүн бол яах аргагүй Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр мөн. Тэрбээр зөвхөн намын дарга байсан төдийгүй төрийн гурван өндөрлөгийг тэргүүлэн хашиж байсан содон удирдагчийн нэг мөн. Түүний улс төрийн бодлого, улс төрийн үйлсэд чанарын цоо шинэ өөрчлөлт гарч, асар олон алдаа гажуудал, төөрөгдөл, хуйвалдаан нууц үйлдлүүдийн “халуун гал тогоо”-нд чанагдан төгөлдөржиж ухаарсаар МАХН-ыг шинэчлэх аугаа зорилтыг үнэнч хамтран зүтгэгчдийнхээ хамт амилуулах хүртлээ зүтгэсээр яваад улс төрийн зөв гольдрол руугаа орч чадлаа.
Н.Энхбаяр зөвхөн том зохион байгуулагч төдийгүй, бас онол улс төрийг улс орны тулгамдсан асуудлуудтай уялдуулан шийдэх чадвартай гэдгээ саяын МАХН-ын онц их хурлаар нотлон харуулж чадлаа. Улс үндэстнээ аварч хамгаалах үндэсний хөдөлгөөнийг санаачлан зохион байгуулахад Н.Энхбаяр тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу? Үндэсний хөдөлгөөнд нэн идэвхитэй оролцох улс төрийн чиг шугамыг М.Энхсайхан Үндэсний шинэ намынхаа хамт хэрэгжүүлж чадна гэсэн итгэл найдварыг төрүүлж байгаа. Улс төрийн алдааг гаргаж болно. Гэхдээ ийм алдаагаа засч чаддаг хүн тэр бүр улс төрд байнга тохиолдоод байдаггүй юм. Бид Ерөнхий сайд асан М.Энхсайхан ямар ч л байсан улс төрийнхөө үйл ажиллагаанд өөрийн баримталдаг үзэл онол бодлогодоо үнэлгээ дүгнэлт өгч, улс төрийн зөв чиг шугамыг баримтлахыг эрхэмлэдэг гэсэн нэгэн гоц шинжийг дурьдаж хэлэх ёстой.
 
Ер нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ч тэр, Ерөнхий сайд асан М.Энхсайхан ч ялгаагүй хоёулаа элдэв хор найруулж, улс төрөөр тоглож жүжиглэх талаар багагүй туршлагажсан гэдгийг хүмүүс мэднэ. Ялангуяа энэ талаар М.Энхсайханыг гүйцэж давах хүн өнөөг хүртэл гарахгүй л байгаа шүү дээ. 
 
Тэрбээр ямар ч хүнд нөхцөлд өөрийгөө ч, бас хамтран зүтгэгчдээ авч гарах тийм арга ухааныг олж чаддаг хүн. Харин Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр ямар ч л байсан хийсэн алдаагаа дөргүй бух шиг өмгөөлж явах хүмүүс биш. Харин алдаандаа дүгнэлт хийж, алдаагаа засаж залруулах чадвартай тийм улс төрчид болж чадсанд л хамаг учир байгаа юм.
М.Энхсайхан либерализмыг цаад мөн чанараар нь ойлгосон учир тэрбээр шууд үндэсний үзэл рүү том алхам хийж чадсан. Бас либерализм неоколониализмыг далдуур амилуулдаг нэгэн нууцыг М.Энхсайхан олж харсан. Үүний нэгэн адил М.Энхсайхан ч, Н.Энхбаяр ч хувьсгалын асуудлыг тун зөв чиглэлүүдээр маш итгэл үнэмшилтэйгээр ойлгож чадсан явдалд бид баяр хүргэх ёстой. Энэ хоёр том лийдрийн яриад байгаа хувьсгал нь ямар ч л байсан цус урсгах хувьсгал биш гэдгийг бид цохон дурьдаж байгаа юм. Энэ хоёр лийдэр шударга ёсны хувьсгалаас уврахгүй гэдгийг Монгол түмэндээ сонордуулах нь зүйтэй байх. Миний хувьд энэ хоёр том лийдрээс хүсэн хүлээдэг хоёр юм бий. Нэг нь юу вэ гэвэл Н.Энхбаяр ч, М.Энхсайхан ч аль аль нь ялгаагүй шинжлэх ухааны коммунизмын талаар айхавтар далд урхинд өртсөнөөс том төөрөгдөлд орсноо цаашдаа ухаарах ёстой. Ингэвэл улс төрийн алдааг гаргах нь эрс багасна. Миний хувьд хүсч буй хоёр дахь зүйл нь гэвэл Үндэсний хөдөлгөөний лут хоёр лийдэр маань шарын шашны мунхруулгаас өөрсдийгөө ангижруулах ёстой шүү. Шарын шашин хэзээ ч улс төрчдөд тус хүргэж чадахгүй. Тэр тусмаа шарын шашин  Их монголчуудад далдуур маш их нүгэл үйлдсэнийг улс төрийнхөө үйл ажиллагаанд анхаарвал зохино.
Ингээд манай дөрвөн Ерөнхийлөгчөөс Н.Энхбаяр тодорч олон олон Ерөнхий сайдуудаас чухамдаа М.Энхсайхан дүүлэн гарч ирсэн нь манай улс төрийн амьдралд учирч буй содон үйл явдал гэж бид хэлэх учиртай. Ийнхүү үндэсний хөдөлгөөнийг гардан удирдах, улмаар Монгол улсаа, Монгол үндэстнээ авран хамгаалахад  Д.Нинж, Б.Жаргалсайхан, Н.Энхбаяр, М.Энхсайхан дөрөв түүхэн гоц үүргийг хэрэгжүүлэх аугаа хувь тавилантайгаа золгосон гэдгийг Монгол түмэндээ дуулгаж байна.
“Зууны мэдээ” сонинд М.Энхсайханы өгсөн ярилцлагад 1992 оны Үндсэн хуулийн талаар тэрбээр гайхшрал төрүүлсэн маш чухал мэдээлэл өгснийг зон олондоо толилуулах нь зүйтэй гэж бид үзлээ. Үүнд: “Мань мэт нь тэр үед залуухан байж. Гал халуун цустай ч байсан байлгүй. Гэвч залуу үеийнхээ ойворгон бодлыг тухайн үеийн Ардын Их Хурлын 430 депутат засч чадаагүй юм билээ. Тухайн үеийн МАХН цагийн урсгалд зүгээр л буугаад өгсөн. Бүр 75-аар шүү. Уг нь улс үндсээ гэсэн “гал хамгаалагч” нь МАХН байх ёстой байлаа. Энэ үүргээ  биелүүлж  чадаагүй нь хуучин Зөвлөлтөөс дэндүү хараат байсны илрэл биз.
 
Манайх Үндсэн хуулийн эх баригч Б.Чимэд гэдэг хүнтэй. Шинэ Үндсэн хуулийг Р.Гончигдорж тэргүүтэй Улсын Бага хурал боловсруулсан гээд л бид хөөрцөглөдөг. Үнэндээ тийм биш. Манай Үндсэн хуулийн үзэл санааг үндсэндээ АНУ-ын Азийн сан, Америкийн зөвлөгчид хийсэн. Манайхан дагаж баяссан. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болонгуутаа Азийн сангийн суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан Шэлдон Северинг Хаусыг Төрийн дээд одонгоор шагнасан нь манай Үндсэн хуулийг хийхэд түүний гүйцэтгэсэн үүргийг үнэлсэн хэрэг. Өнөөдөр ийм Үндсэн хуультай байтаад би нэг ч Монгол хүнийг буруутгамааргүй байна” гэжээ.
 
Ингэж 1992 оны Үндсэн хуулийн жинхэнэ нууцыг М.Энхсайхан 19 жилийн дараа Монгол түмэндээ дэлгэж тавилаа. Ийм чин үнэнийг хэрэв М.Энхсайхан түүний нам үндэсний үзлийг шүүн тунгааж амжаагүй байсан бол саяын лут баримтыг хэлэхгүй байх байсан. Дээрх Үндсэн хууль батлагдсаны дараа миний шавь хууль зүйн ухааны доктор Баатар хэвлэл мэдээллээр Үндсэн хуулийг Б.Чимэд хэрхэн зохиосон тухай илэн далангүй хэлж шүүмжилж байсныг өнөө үед хүмүүс бараг мартаа биздээ. Тэрбээр надад Үндсэн хуулийг бусад орнуудын жишгээр, эсвэл гадны хүнээр зохиолгож болохгүй бөгөөд Монголчууд дээр үед Үндсэн хуулийг дээд гэрээ гэсэн хэлбэрээр зохиож чаддаг байсныг хэлж байсан. Гэвч доктор Баатар маань удалгүй машины аваарт орж, цэл залуугаараа нэн харамсалтайгаар амиа алдсан билээ.
Ер нь 1992 оны Үндсэн хууль ч бай, түүнээс өмнөх гурван Үндсэн хууль ч гэсэн ялгаагүй монголчуудын оюун ухааны шим бүтээл биш, зөвхөн гадныхны бэлдсэн төслөөр Үндсэн хуулиа эцэслэн боловсруулдаг байсныг бид мэднэ. Ер нь улс төрийн гүн ухаан, хөгжиж чадвал Үндсэн хуулийг үндэсний үзэл дээр тулгуурлаж боловсруулж болдгийг Монголын туршлага харуулсан. Их монголчууд 1225 онд Их Чингис ухаанд, улс төрийн гүн ухаанд түшиж алтан дээд гэрээг зохиож батламжилсан ажээ. Алтан дээд гэрээ гэдэг нь Үндсэн хууль байв. Хожим  “ХӨХ МОНГОЛ-ыг Нүүдлийн соёлоор бадраах  ИХ ЗАСАГ-ийн Алтан Дээд ГЭР ИЭ”-г Сорхон бэх тайху боловсруулж, 1251 онд том хүү Мөнхийг Их Монгол улсын хаанаар өргөмжлөхөд түүнд гардуулж өгчээ. Ингэж Их Монгол улсын Үндсэн хуулийг алтан дээд гэрээ гэж нэрлэж байсан, тэр тусмаа бид өнөө үед өвөг дээдсийнхээ онолын дээд сэтгэхүйг эзэмшиж, улс төрийн гүн ухаанд мэргэшин, Үндсэн хуулиа өөрсдөө боловсруулж байх ёстой. Хэрэв бидний хойч үеийнхэн есөн ухаанаа, найман оюунаа шарын шашинд атгуулчихаад гүн мунхаглалд нэрвэгдчихвэл хэзээ ч бид өөрийн Үндсэн хуулийг өөрсдөө бичиж чадахгүй гэдгийг хэлэхэд юу нь буруу байхав. Үндсэн хууль бол тэр тусмаа бидний оюун ухаан, ууч сэтгэл, дээд онол, үндэсний их үзлийн яруу тод илрэл нь болж, Их Чингис ухаанаар зангидагдах ёстой.
1990 онд Ардчилсан хувьсгалын онол бодлогыг боловсруулах явцад Монгол улсын Үндсэн хуулийн асуудал хөндөгдөж байсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу? Үүний нэгэн адил өнөө үед шударга ёсны хувьсгалыг өрнүүлэх явцад Монгол улсын Үндсэн хуулийг Монголчууд бид үндэснийхээ их үзлээр амилуулах сайхан гарц нээгдэж буйг хэлэх нь зүйтэй. Ийм Үндсэн хуулийн гол чиглэмж нь юу байх вэ гэвэл манай бүх баялаг, ашигт малтмал ард түмний өмчинд байж, ард түмэн улс орныхоо жинхэнэ эзэнд өргөмжлөгдөж бие даасан том бодлого явуулж, тусгаар тогтнол, Монгол хүний хөгжлийг улам баталгаажуулах явдал байх болно.
 
Доктор П.Нэргүй
 
 
“ХӨХ ТОЛБО”  сонины архиваас