sonin.mn
УИХ, ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮРГҮҮЛЭХ ШААРДЛАГА
 
 
 
2019 оны 6 сарын 6-ны өдөр                                                        Улаанбаатар хот
 
Байгуулагдсан цагаасаа хэл ам, хэрүүл тэмцэл, хардлага сэрдлэг  дагуулсан “Оюутолгойн ХОГ” нь түмэн олны итгэлийг эвдэн сэтгэлийг сэвтүүлж, хүн ардын уур хилэнг бадрааж, цаашдаа үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эв нэгдэл, хөгжил дэвшилд нөхөж баршгүй гэм хор учруулсаар байх гол хүчин зүйл, нөхцөл шалтгаан мөн гэж улс төрийн намууд дүгнэж, дараахь үндэслэлүүдийг харгалзан энэхүү эрх тэгш бус гэрээг шинэчлэн байгуулах ажлыг нэн даруй эхлүүлэхийг эрх баригчдаас хатуу шаардаж байна.  Үүнд:
 
“Оюу Толгойн ХОГ” нь үнэн хэрэгтээ хөрөнгө оруулалтын гэрээ биш харин анхнаасаа зэс, алт, мөнгө болон бусад дагалдах эрдэс баялгийн нөөцөөрөө дэлхийд дээгүүр орох “Оюу Толгойн орд”-ыг барьцаалан зээл авах гэрээ байсан нь нэгэнт тодорхой болсон учир уг гэрээг зөвхөн гадаадын талд ашигтай байгааг Монголын талд мөн адил ашигтай байхаар өөрчлөх;
Тухайн үеийн ҮАБЗ-ийн зөвлөмжөөр Засгийн газраас байгуулагдсан комисс гадаадынхны эрх ашигт илэрхий үйлчилж, тэр үед “Оюу Толгойн орд”-ын лиценз эзэмшигч “Айвенхоу Майнз” компанийн хувьцаа эзэмшигч, ашиг сонирхлын зөрчилтэй “Голдман Сакс” компанийг зөвлөхөөрөө авч, гэрээ байгуулахаас өмнө оруулсан гэх нэг тэрбум ам.долларыг хөрөнгө оруулалтаар тооцохоор зөвшөөрснөөр гэрээний суурь нөхцлүүд Монголын талд шууд хохирол үүсгэж эхэлсэнийг тооцон засах;
Уул уурхайн салбарын мэргэжилтнүүдийн тавьсан 34 шаардлагыг гэрээнд харгалзаагүйгээс өнөөгийн хүндрэл бэрхшээл үүссэнийг тэмдэглэж, гэрээг шинэчлэхдээ тэдгээр шаардлагыг харгалзан засварлах;
Монголын тал гэрээ байгуулах хэлэлцээрийг хийхдээ өөрийн ашиг сонирхлыг суулгасан гэрээний бэлтгэсэн хувилбаргүй байсан нь гадны талд хөтлөгдөх, улмаар уг гэрээ Монголын талд ашигтай бус байх нөхцөл бүрдсэнийг тооцон гэрээг засах;
“Оюу Толгойн” хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас өмнө Үндсэн хуулийн зүйл заалт, утга агуулгыг зөрчсөн заалтуудыг Ашигт малтмалын тухай хуулинд санаатайгаар оруулж гадны талд давуу байдал олгосныг нэг бүрчлэн тогтоож, гэрээг Монголын талд бас ашигтай байхаар өөрчлөх;
 
“Оюу Толгойн ХОГ”-нд НӨАТ, гэнэтийн ашгийн татвар, гааль, ААНОАТ, авто бензин, дизелийн түлш, нөөцийн ашгийн нэмэлт татваруудаас чөлөөлөх, хөнгөлөх зохицуулалт оруулснаар улсын төсөвт орох татварын орлого “Оюу Толгойн орд”-оос даруй 4 дахин бага хүчин чадалтай “Эрдэнэтийн үйлдвэр”-ээс ч бага байгааг тооцон гэрээг засах;
 
“Оюу Толгойн ХОГ” нь УИХ-ын 2008 оны 40-р тогтоолын дараах заалтуудыг ноцтой зөрчсөн байгааг засах:
-Ордыг түшиглэн байгуулагдах хувьцаат компанийн Монголын талын оролцоо 51 хувиас доошгүй байх,
 
-Бүтээгдэхүүн хуваах зарчимд тулгуурлах,
 
-Монголын талын хөрөнгө оруулалтыг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татвар, хураамж, ногдол ашиг, зээл зэрэг хэлбэрээр тооцож болохоор тохиролцох,
 
-Ордыг ашиглахтай холбогдуулан шинээр барих эрчим хүч, авто зам, төмөр зам, усан хангамж зэрэг дэд бүтцийн холбогдолтой барилга байгууламжуудын болон хот тосгон, нийгэм, соёлын асуудлыг хэрхэн шийдэх тухай гэрээнд тусгайлан тусгах,
 
-Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зарчим баримтлаж, үйлдвэрийн шат дамжлага, гаргах бүтээгдэхүүний нэр төрлийг тохиролцох
 
зэрэг заалтуудыг гэрээнд огт тусгаагүй, эсхүл Монголын талд ашиггүй байдлаар тусгасан байгааг засч залруулах;
 
“Оюу Толгойн ХОГ”-г байгуулах хэлэлцээрийг хийхдээ талууд үгсэн хуйвалдаж, тус ордын ТЭЗҮ-г бүрэн боловсруулаагүй байхад бусдыг санаатайгаар төөрөгдөлд оруулан гэрээг байгуулсан билээ. Түүнчлэн “Дубайн гэрээ” гэх “ДУББСТ”-д ТЭЗҮ-г эрх зүйн баримт бичиг биш хэмээн тусгасан нь Монголын талын үр ашгийг бүр их бууруулах ноцтой алдаа болсон төдийгүй ер нь “Дубайн гэрээ” гэгчийг “Оюу Толгойн төсөл”-ийн өмнөх хууль бус ажиллагаануудыг нуун дарагдуулах зорилгоор байгуулсан, цаашид гэрээ цуцлагдах нөхцөлд Монголын тал өөрийн эрх ашгийг хамгаалах ямар ч боломжгүй болгохын тулд бүх лицензүүд, олон тооны ордуудыг дэлхийн томоохон банкуудад барьцаанд тавьсан байгаа зэрэг ноцтой алдаанууд байх тул “Дубайн гэрээ”-г цаг алдалгүй цуцлах;
Хувь нийлүүлэгчдийн гэрээ нь Монголын талын оролцоог нэр төдий болгож, үр нөлөөтэй хяналт тавих боломжийг боогдуулж, тэр ч байтугай Монголын талын оролцоогүйгээр гадаадын тал бүх асуудлаа дангаараа шийдэж болох гаж зохицуулалттай байгааг нэн яаралтай засах;
Гэрээг байгуулахдаа Монголын өндөр албан тушаалтнууд их хэмжээний авлига авч гадныхны эрх ашигт үйлчилсэн байж болзошгүй баримтууд нийтэд ил тод болсоор байгаа нь гэрээг өөрчлөн засах бодит үндэслэл болж байгааг иш үндэс болгох;
 
“Оюу Толгойн төсөл-“ийн нэгэн эмзэг асуудал бол Монгол ажилтан, ажилчид ижил ажил, хөдөлмөр хийсэн ч гадны мэргэжилтэн, ажилчдаас хэд дахин бага цалин, хөлс авдагийг нэн даруй засч, тэдний цалин, урамшуулалыг гадныхны цалин, урамшуулалын хэмжээнд хүргэх;
“Оюу Толгойн ХОГ”-г байгуулах үед анхны хөрөнгө оруулалтын санал 2.7 тэрбум ам.доллар байсан бол дараа нь 4.4 тэрбум ам.доллар болон өсч, улмаар нэмэгдсээр 7.1 тэрбум ам.доллар, 2018 оны 1 сарын байдлаар 11.1 тэрбум ам.доллар болж огцом өссөнөөр төслийн зардлыг санаатайгаар нэмэгдүүлж, ингэснээр Монголын тал ногдол ашиг авах боломжгүй болсон байгааг нэн даруй засах;
 
Төслийн үйл ажиллагааны зардал 2.8 дахин, хөрөнгө оруулалтын зардал 2.6 дахин, тээврийн зардал 4.9 дахин, менежментийн төлбөр 3 гаруй дахин өсч богино хугацаанд байгалийн баялгаа цөлмүүлсэн Монголын тал “Оюу Толгойн төсөл”-өөс ногдол ашиг хүртэхгүй, улмаар 2038 онд нэг тэрбум ам.долларын өртэй байхаар ноцтой нөхцөл буй болсон байгааг үндэслэн гэрээг засах;
“Оюу Толгойн ХОГ”-ний хэрэгжилтийн хугацаанд анхнаасаа сонирхлын зөрчилтэй иргэд Монголын талыг ТУЗ-д төлөөлж ирснээр Монголын талын хяналтыг сулруулах, “Оюу Толгойн төсөл”-ийн хөрөнгө оруулалт, татварын олон тооны булхайг хаацайлан хаах нөхцлийг бүрдүүлж, тэд гадаад талын үйл ажиллагааны улмаас алдаа дутагдал илрэхэд тухай бүр хамгаалан зөвтгөж ирсэн тул тэднийг цаг алдалгүй өөрчлөхийн сацуу Монголын талыг ТУЗ-д төлөөлдөг гишүүдийн үүрэг, хариуцлага, төслийн хэрэгжилтийг хянах эрхийг дээшлүүлэх зохицуулалтыг гэрээнд тусгах;
Эдийн засгийн өндөр үр ашигтай, тогтвортой зах зээл бүхий дэлхийн хамгийн том, хамгийн өндөр алт, зэсний агуулгатай ордын нэг болох “Оюу Толгойн төсөл” нь үнэн хэрэгтээ хөрөнгө оруулалт нэрээр зохиомол өндөр хүүтэй зээл, санхүүгийн ачаа дарамт үүсгэдэг олон улсын банк санхүүгийн байгуулллагуудын мөнгө хүүлэлтийн системийн эргүүлэгт бүрэн орсон байгааг даруй засах нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна.
Монголын тал ногдол ашиг хүртээгүй атал “Оюу Толгойн төсөл”-ийн гадны оролцогчид дараах эх үүсвэрээс ногдол ашиг авч байгаа нь яавч шударга ёсонд нийцэхгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
 
Үүнд:
Зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа гэсэн нэрийдлээр,
Зээл дамжуулан зээлдүүлж хүүгийн зөрүү авах байдлаар,
Баталгаа, барьцаа гаргасны шимтгэл авах замаар,
Давуу эрхтэй хувьцаа, бонд гаргах аргаар,
Санхүүгийн лизинг байдлаар,
Менежментийн зардал, удирдлагын зардлыг нэмэгдүүлэн авах замаар,
Үйл ажиллагааны зардлаа өсгөх байдлаар,
Баяжмалын борлуулалтын үнийн өсөлтийн улмаас урьдчилан төлөвлөснөөс илүү орлого олох замаар,
Дагалдах эрдэс баялаг (алт, мөнгө… гэх мэт)-ийн бүтээгдэхүүний борлуулалтаас орлого олох замаар,
Ерөнхий болон туслах гүйцэтгэл, даатгалын томоохон хэлцлүүдийн урамшуулал олгох, авах замаар,
Оюу Толгойн зардалд тооцуулсан хайгуулын талбайнуудаа зарж арилжих, өөр субъектэд шилжүүлэн өөрсдөө ашиглах замаар,
Борлуулалтын орлогоо оффшор бүсүүд, давхар татварын хөнгөлөлт эдлэх улсуудад байршуулах аргаар,
Монголын баялгаар босгосон эх үүсвэрээ бусад банк, өөр төсөлд оруулснаас ашиг авах замаар,
Монгол дахь мэдээлэл, харилцаа холбоо, хэлхээг ашиглан “Оюу Толгойн орд”-ын болон бусад компанийн хувьцааны үнийн хэлбэлзлийг санаатайгаар удирдан зохицуулах аргаар тэдгээрийн арилжаанаас асар их ашиг олох
зэргээр ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө хийж ашиг авч байна.
 
Түүгээр ч зогсохгүй ”Оюу Толгойн төсөл”-ийнхөн Монгол Улсын дотоодын улс төрийн үйл ажиллагаанд гүн гүнзгий хутгалдан орох, өмнө нь өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг өндөр цалин, урамшуулал өгөх замаар өөртөө элсүүлэн өөрийн эрх ашгийг хамгаалагчид болгох, нам дамжсан, ашиг сонирхол нь нийлсэн олигархиудтай үгсэн хуйвалдах, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг эрхшээлдээ оруулах, суртал ухуулга явуулдаг хөлсний төлөөлөгчдийн бүхэл бүтэн тогтолцоог бий болгох, ингэснээр олон нийтийн сэтгэл санааг үймүүлэн төөрөгдүүлэх, улс төрийн намууд, иргэний хөдөлгөөнүүдийг хооронд нь зөрчилдүүлэн хагаралдуулах бусармаг ажиллагаа явуулж байгааг буруушааж байна.
 
Энэ бүхний үр дүнд “Оюутолгойн ХОГэрээ” байгуулагдсан 2009 онд  Монгол Улсын гадаад өр 2,2 тэрбум ам.доллар байсан бол 2019 оны байдлаар гадаад өрийн хэмжээ 28.5 тэрбум ам.доллар буюу хүн бүрт 25,0 сая төгрөг болж огцом өссөн байна.
 
Гэтэл “Оюу Толгой компани”-ийн хөрөнгө оруулагч гэгч “Рио Тинто” компанийн авч буй ашиг зөвхөн 2017 оны байдлаар 744 сая ам.доллар болж, менежментийн зардал, үйл ажиллагааны зардал жил тутам өсөж, Монголын талын хүртэх ашиг жил бүр багассаар анхны төлөвлөлтөөр Монголын талын хүртэнэ гэсэн 57 хувийн ашиг өнөөдөр 20 хувь хүрэхтэй үгүйтэй болон буурч, хэзээ ч ногдол ашиг хүртэхээргүй болсон нь цаашид энэ гэрээг үргэлжлүүлэх эдийн засгийн болон эрх зүйн ямар ч үндэслэл байхгүй байна гэж үзэж, энэхүү гэрээг өдөр, хоног алдалгүй шинэчлэх шаардлагатай гэж дүгнэж байна.
 
МАН-АН-тай тэмцэхээ зарласан өнөөгийн эрх баригчид МАН, АН-ын хамтран байгуулсан, Монголын ард түмний эрх ашигт туйлын хортой, Монголын ирээдүйд ихээхэн урхагтай “Оюу Толгойн ХОГ”-ээг нэн даруй өөрчлөн засах эр зориг гаргахыг уриалж байна. Тэд хэлсэн үгэндээ эзэн болдог эсэхийг чухамхүү “Оюутолгойн ХОГ”-г өөрчлөн засч чадсан эсэхээр дүгнэнэ гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж, ингэхийг хатуу шаардаж байна.
 
Шударга ёс тогтох болтугай.
 
ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ
 
МОНГОЛ ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН НАМ
 
МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ
 
ЭХ ОРОНЧДЫН НЭГДСЭН НАМ