sonin.mn
ОХУ-ын   Ерөнхийлөгч   В.Путин   өчигдөр   Холбооны   аюулгүй   байдлын   албаныхан оролцсон   хууль   бус   бизнесийн   талаар   нийтлэл   бичихээр   материал   цуглуулж байгаад баривчлагдсан сэтгүүлч Голуновын хэрэгтэй холбоотойгоор Москва хотын баруун бүс хариуцсан ДХГ-ын дарга, цагдаагийн генерал Андрей Пучков, ДХЯ-ны Хар тамхины хууль бус эргэлттэй тэмцэх Москва дахь газрын дарга, цагдаагийн генерал Юрий Девяткин нарыг үүрэгт ажлаас нь халлаа.
 
 
 
Медуза   мэдээллийн агентлагийн сэтгүүлч  Голунов 6 дугаар сарын 6-нд хар тамхи хадгалсан хэргээр цагдаагийн ажилтнуудад   баривчлагдсан бөгөөд   Цагдаагийн   газар Голуновын   гэрээс   5 гр   хар тамхи   илрүүлсэн   гэж мэдэгдэж   байсан   ч   сэжигтэн цагдаагийнхан шургуулсан гэж эрс эсэргүүцэж, энэ бол миний ажилтай холбоотой гэж байв.
 
Голуновыг   баривчлагдсаны дараагаас   Оросын   сэтгүүлч, хөгжимчид,   урлагийн   нэртэй зүтгэлтнүүд,   хүний   эрхийг хамгаалагчид  суллахыг  шаардан 12 мянган хүн оролцсон жагсаал, цуглаан зохион байгуулж,   Цагдаагийн   газар   550   хүн   баривчилж,   хотод   үүсээд байгаа хэрэг, явдлын талаар 6 дугаар сарын 10-ны өдөр Ерөнхийлөгчид илтгэжээ. 11-ний   өглөө   Голуновыг   суллаж,   сэтгүүлчийг   мөрдөн   шалгах   ажиллагааг   зохион байгуулсан, гүйцэтгэсэн Цагдаагийн газар, Прокурорын  байгууллагын бүх ажилтныг эргүүлэн шалгаж эхэлжээ. 
 
 
 
 
ОХУ-ын   Ерөнхийлөгч   В.Путин хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг үйлдсэн, хэрэг үйлдэхэд   шууд   болон   шууд   бусаар   дэмжин   тусалсан,   тэднийг   ивгээл хамгаалалдаа авсан, энэ  хэргийг мөрдөн  шалгах  ажиллагааг саармагжуулахыг санаархсан хэнд ч өршөөл байх ёсгүй гэсэн хатуу байр суурь баримтлаж байна гэж Кремлийн хэвлэл, мэдээллийн алба мэдээлэв. 
 
 
 
Р.Цэцэгээ