sonin.mn
ОХУ-ын Москва хотноо амьдарч байгаа чөлөөнд байгаа хурандаа генерал Сономын Лувсангомбыг өнгөрсөн 4 дүгээр сард эх орондоо ирэх үеэр нь уулзаж ярилцсанаа хүргэж байна. Өдгөө 95 насыг зооглож байгаа энэ буурал ой ухаан саруул сэргэг бөгөөд үйл явдлыг он, сар, өдөртэй нь, дарга цэрэг, хамт олноо овог нэр, цол хэргэмтэй нь нэрлэх нь үнэхээр бахархам.
 
-Эрхэм хурандаа генералынх зочин ихтэй байна уу даа ...
 
-Намайг буцах нь гээд дүү нар, найз нөхөд эргэж ирээд хөл ихтэй л байна. Сая хүртэл Батлан хамгаалахын сайд асан Ц.Шаравдорж тантай зөрөөд гарлаа. Нэг нутаг усны хүмүүсийн хувьд бид хоёр нэгнээ эртнээс таних улс.
 
-Та хол нутгаас хэд дэх жилдээ “Монгол генералын өдөр”-ийг зорин ирж байна вэ?
 
-2004 онд “Монгол генералын өдөр”-ийг тэмдэглэж ирсэн үеэс нь эхлэн оролцож байна. Генералууд маань баярын өдөртэй болсон тэрхүү он цаг үед Батлан хамгаалахын сайдаар хошууч генерал Ж.Гүррагчаа ажиллаж байсан юм. Мань нөхөр баярын арга хэмжээнд ОХУ-ын Москва хотоос хошууч генерал Ц.Содномдаржаа, С.Санжмятав бид гурвыг анх урьсан юм. Түүнээс хойш тасралтгүй оролцож байгаад сүүлийн таван жил ирж чадаагүй. Энэ жил харин Тагнуулын Ерөнхий газрын хэдэн хүүхдүүд намайг авчирч, генерал цол бий болсны 75 жилийн ойд оролцууллаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Нэгэн цагт залуу явсан хэдэн генералууд маань буурал болж, ихэнх нь таяг тулжээ. Хорь гаруй настай, хонгор зүстэй байхаасаа л эх орныхоо төлөө зүтгэсэн тэр алдартай хүмүүсийг хараад сэтгэл хөөрч, догдоллоо. Цэл залуу явахдаа найзалж, нөхөрлөж явсан хошууч генерал Т.Алтангэрэлийгээ хараад нулимс ч унагалаа. Өдгөө 101 насыг зооглож байгаа манай хүн их сайхан харагдаж байна. Бид хоёр хуучны үеийн үйл явдал, улс орныхоо өнөөгийн байдал, эрүүл мэндийнхээ талаар жаахан ярилцаж, дурсгалын зургаа татуулсан. Ийм л сайхан арга хэмжээнд оролцлоо доо.
 
-Эх орон, Зэвсэгт хүчиндээ хурандаа генерал болтлоо зүтгэсэн он цагийнхаа тухай хуучлахгүй юу?
 
-Учиргүй урт юм болно шүү дээ, охин минь. Ээ, дээ уртаа урт.
 
-Нээрээ л тэгэх байх ...
 
-Миний бие 1944 онд Дорноговь аймгийн Хатанбулаг сумаасаа хугацаат цэргийн албанд татагдсан. Тэр жилийнх нь 4 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсад генерал цол бий болсон түүхтэй. Тэгсэн бидний хэдэн цэргийг Октябрийн хувьсгалын 27 жилийн ойн баярын хуралд оролцуулдаг юм байна. Цэргийн клубт яваад орлоо. Монгол Улсын генералууд Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн, Д.Дамдинхүү, С.Балдан гээд хүмүүс ирчихсэн индэр дээр сууж байна. Сүр жавхлантай гэж жигтэйхэн. Бараанаас л сүртэй харагдаж байгаа юм. Тэр үед өөрийгөө тэдэн шиг генерал болно гэж бодох нь битгий хэл мөрөөдөж ч явсангүй. Их хувь тохиолоор тэр жилийнхээ 11 дүгээр сарын сүүлчээр Ардын Армийн цөөнгүй офицер, цэрэг ЗХУ-ын цэргийн сургуульд суралцахаар болсны нэг нь, би. Д.Сандаг бид нарын зургаан цэрэг Тамбов хотын Их бууны техникийн дунд сургууль болон танк, холбоо, химийн сургуульд 1944-1948 онд суралцаж төгсөөд, 1948 оны хавар нутагтаа ирэв ээ. Тэгэхэд Батлан хамгаалахын сайд Ж.Лхагвасүрэн биднийг ихэд дотноор хүлээж аваад ямар мэргэжил эзэмшсэн, орос хэл хэр сурсан зэргийг асууж байна. Бүгдээрээ “Сайд аа, сайн” л гэлээ. “Та нарт итгэж байна. Армид их зүйлийг хийгээрэй” гээд дэслэгч цол олгож, анхны албанд маань томилсон түүхтэй. Гэтэл төд удалгүй шинэхэн дэслэгчийг албандаа дадаж амжаа ч үгүй байтал “С.Лувсангомбо, О.Сэрдарь нарын дөрвөн офицерыг ЗХУ-ын Артиллерийн инженерийн академид суралцуул” гэсэн сайдын тушаал гарлаа. Тушаал бол тушаал. Бид ч суралцлаа. 1954 онд төгсөж ирээд ЦЕС-д багш, их бууны дивизионд артиллерийн бэлтгэлийн даргаар 1956 он хүртэл ажиллаж байтал арми маань цомхотголд ордог юм байна. Тэргүүний офицеруудыг улс, ардын аж ахуйд шилжүүлэх тушаал гарсан бөгөөд миний бие тэдний дунд багтсан. Тэгж л армиас бэлтгэлээр халагдаж, барилгад орсон хүн. Тэгж явсаар 1972 онд Барилгын цэргийн үйлдвэрлэлийн асуудлыг шууд удирддаг болж, тэр чинээгээр олон ч сайхан бүтээн байгуулалтын ард гарсан. 1979 онд Монголын Ардын Армийг өргөтгөх, шинэ зэвсэг, техникээр хангахаар ЗХУ-аас өгсөн зээлээр цэргийн ангиудыг барьж байгуулах, орон сууцжуулах, дэд бүтцийг нь шийдвэрлэх ажилд ханцуй шамлан орж байснаа одоо дурсахад сайхан л байна. Танк, их буу, төрөл бүрийн агуулахууд, зам талбай, инженерийн шугам сүлжээ, сургалтын полигонууд зэрэг их бүтээн байгуулалт хийж дээ. Энэ их хөдөлмөр, хичээл зүтгэлийг маань үнэлж 1979 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр дэслэгч генерал цол, 1982 онд буюу улс орны их бүтээн байгуулалтын ажлууд дуусах үед хурандаа генерал цол олгож, НАХЯ-ны сайдаар томилсон түүхтэй.
 
-БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч даргаар ч мөн ажилласан байх аа ... 
 
-Тийм ээ. Сайд нарын Зөвлөлд ажиллаж байхдаа армийн генерал Б.Дорж, хурандаа генерал Ж.Ёндон, Ж.Авхиа, Б.Дэжид, Б.Цог, дэслэгч генерал Ч.Пүрэвдорж, Ш.Жадамба, Ц.Цэдэн-Иш, Ж.Жамъян, Ш.Арвай нартай ажил төрлийн ойрхон холбоотой хамтран зүтгэж явсан. Монгол Улсын Зэвсэгт хүчний зохион байгуулалт, хангалтын зарим асуудлыг хариуцдаг байсны хувьд армийн генерал Б.Дорж гуайтай олон удаа зөвлөлдөж, Ардын Армийн ар талын хангамж, цэргийн анги, нэгтгэлийн байршил, тохижилт, барилгажилтын талаар ажил төрлөө хамтран зохион байгуулж, зохицуулж явлаа. Эргээд харахад Зэвсэгт хүчний талаар нэг л зүйлийг батлан хэлж чадна.
 
-Юуг?
 
-Манай Зэвсэгт хүчин 30 жилийн өмнө өндөр хөгжилтэй орнуудын хэмжээнд хүрчихсэн байсан. Бүх зүйл нь цоо шинэ. Одоо бол зэвсэг, техникийн хангалт буурсан. Гучин жилийн өмнөх хуучин техникээрээ ажиллаж байна. Хуучин ч гэсэн ажиллаж байгаа нь аштай юу даа. Гэхдээ орчин үеийн нано технологийн хөгжлийн эрин үед манай Зэвсэгт хүчинд өөр арга барил, зохион байгуулалтад шилжих шаардлага байна. Энэ талаар манай цэргийн дарга нар юм боддог байлгүй. Өвгөн би одоо юугаа ярих вэ.
 
-Өдгөө Та бүх цэргийн дээд цолтон нь байна. Энхийн цагт энэ эрхэм цолыг хүртэх аавын хүү гарах болов уу л гэх юм. Та юу гэж бодож байна?
 
-Эрхэлсэн албандаа үнэнч, зүтгэлтэй, бүтээлч үйлсээрээ манлайлагч бол аяндаа энэ цолыг хүртэнэ. Төр, засаг нь өгнө. Генерал бол хийж бүтээснээрээ хүртдэг цол. Энэхүү цолыг хүртэх цэргийн залуус олон байгаа гэдэгт итгэж байна. Би өөрийгөө лут юм хийсэндээ хурандаа генерал болсон гэж хэлэхгүй.
 
-Ингэхэд Та ОХУ-д хэзээнээс ажиллаж, амьдарч эхлэв. Явах шалтгаан байсан юм уу?
 
-Ажилласан юм байхгүй ээ. 1989 онд 65 настайдаа тэтгэвэртээ гарсан өвгөн би ямар юмаараа ажил хийх юм. Хөгшний ээж хүнд өвчтэй байсан учраас бид Москва явсан. Өөр шалтгаан ч бас байсан.
 
-Ю.Цэдэнбал даргатай ойр байсан гэж сонссон. Энэ үнэн үү?
 
-Ю.Цэдэнбал даргын удирдлагад олон жил ажилласан. Онгирч байгаа ч юм биш. Ялангуяа НАХЯ-ны сайд байхдаа илүү ойр явж. Ю.Цэдэнбал дарга бол ард түмнийхээ аж амьдралын төлөө өөрийгөө бүрэн зориулсан удирдагч. Одоо тийм удирдагч алга байна. Энэ хүний үед Монголын ард түмэн 100 хувь бичиг үсэгтэй болсон. Энэ хүний үед монголчууд эрүүлжсэн. Урьд нь Манжийн дарлалын үед элдэв өвчин тарж, нас барах хүртэл аюул тулгарч байсан ч богино хугацаанд эрүүлжүүлж чадсан юм. Эдийн засгийн хувьд ч огцом өөрчлөгдсөн. Будаа, тариа, гурилаар өөрийгөө 100 хувь хангаж, мал аж ахуйн бүтээгдэхүүнээр хивс, ноосон хөнжил, даавуу, эсгий гутал хүртэл хийдэг болсон. Үйлдвэр хөгжсөн. Барилгажилт, бүтээн байгуулалт улс орон даяар өрнөсөн. Гадаадын орнуудтай дипломат харилцаа тогтоож, асар бага хүүтэй зээл авдаг болсон гээд Монголын төлөөх түүний хийсэн үйлс бүрийг тоочоод барахгүй. Мөн түүний гэргий Анастасия Цэдэнбал-Филатовагийн дайчин шаргуу хөдөлмөр, зүтгэлийн ачаар 1972-1984 онд буюу 12 жилийн хугацаанд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хот, 18 аймагт хүүхдийн цэцэрлэг, ясли, соёл, боловсрол, эрүүл мэндийн цогцолбор барилгууд сүндэрлэн босож, үндэсний болоод сонгодог урлаг гадаадад алдаршиж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн нэмэгдсэн юм. Анастасия Цэдэнбал-Филатоватай дүйцэх ийм их үйл хэрэг бүтээж, улс үндэстний хөгжил дэвшилд асар их хувь нэмэр оруулсан эмэгтэй өөр байхгүй. Тэр хүн монголчууд тэр дундаа хүүхдүүдийн төлөө өөрийгөө бүрэн зориулсан хүн. Хүүхэд багачууд цөмөөрөө түүнийг “Ажаа” хэмээн хүндэтгэн нэрлэдэг байсан үе шүү дээ. “Ажаа” гэж дуудна гэдэг бол “Ээж ээ” гэж байгаатай ялгаагүй, их хүндэтгэлийн дуудлага байхгүй юу. Монголчууд түүнийг өөрсдөд нь өгөөмөр сэтгэл гаргасны хариуд хайрладаг байсан юм. Гэтэл өнөөдөр түүхээ мартаж, тусыг нь үгүйсгэсэн нөхөд мэр сэр гарч ирэх болж. Саяхан хүртэл зохиолч Д.Төрбат гэдэг нөхөр түүний хийсэн бүтээсэн бүхнийг үгүйсгэж, харлуулсан ном бичсэн гэнэ билээ. Зохиолч хүн уг нь түүхээ мэддэг л баймаар юм. Тэр зохиолыг нь эсэргүүцэж бичсэн хүн ч алга. Ингэж болохгүй л юм даа, уг нь.
 
-Ю.Цэдэнбал дарга ОХУ дахь Элчин сайдын яамныхаа үүдэнд “Нутагтаа очиж ясаа тавих сан” гээд л сууж байсан гэлцдэг ...
 
-Үнэн, үнэн. Бөөн явдал суудал болж нутагтаа 1988 онд ирж сар гаруй болоод буцсан. Энэ хугацаанд олон хүнтэй уулзаж, сэтгэл санаа нь өргөгдөж, их л баяртай очсон гэсэн, хөөрхий минь. Дахиад нутаг руугаа явах сан гэж байсан ч чадаагүй. Аргаа бараад л Элчин сайдын яаманд очиж, тэнд байгаа монголчуудтайгаа ярьж, нутгаа санасан сэтгэлээ тайвшруулдаг байсан гэнэ лээ. Тэр үед миний бие Москва хотод байгаагүй учраас нарийн мэдэхгүй юм. Ер нь тэгээд миний Москва хотод очиж амьдрах нэг шалтгаан нь Ю.Цэдэнбал даргатай холбоотой. Яагаад гэвэл Ю.Цэдэнбалын тойрон хүрээлэгч гэх зохиомол хэрэг надад үүсгэж, хоёр жил гаруйн хугацаанд гэрийн хорионд байлгасан. Энэ үед сэтгэл санаагаар ч их унасан. Ээж, эгч, дүү гурвыгаа ч алдсан. Арга буюу хөгшнөө дагаад Москва хотод очиж амьдрахаар явсан юм.
 
-Та гэр бүлийнхээ талаар ярихгүй юу?
 
-Москва хотод суралцаж байхдаа танилцсан орос охинтойгоо ханилсан. Тэр маань Монголд 35 жил амьдарсан. Манайх хоёр охинтой. Хоёр охины хоёр, хоёр хүүхэд гээд дөрвөн зээтэй. Бас нэг гучтай. Цөмөөрөө ажил, амьдралтай, бие даацгаасан. Зээ нар маань нүдний эмч, уран зураач, олон улсын агентлагт ажилладаг гээд мундаг хүүхдүүд бий. Хамгийн бага зээ өдгөө Анагаах ухааны их сургуулийн зургаадугаар дамжааны оюутан. Товчхондоо ийм.
 
-Би таны унаган нутаг Дорноговь аймгийн Хатанбулаг сумаар хэдэнтээ очиж байсан л даа. Бие биеийнхээ барааг үл харах алс чанадын эзгүй говь, элсэн тойром гээд нам гүм, амар тайвныг олж харсан. Таны сэтгэлийн гүнд нутаг ус тань хадаатай л явдаг байх даа ...
 
-Би нутаг усаа ээж минь гэж боддог. Таны хэлсэнчлэн миний нутаг үнэхээр сайхан. Эргэлийн зоо гэдэг алдартай уул бий. Энэ уулнаас анх үлэг гүрвэлийн өндөг олдсон түүхтэй. Тэрийг хардаа. Манай говь яг харагдаж байгаа биз. (Талд ганц гэр буусан, цаана нь зэрэглээ суунагласан байгалийн үзэсгэлэнг харуулсан гэрэл зургийг гэрийнхээ хойморт өлгөсөн байв).
 
-Тийм байна ...
 
-Говийн амьдрал ийм л сайхан. Сулинхээр хайрхан байна. Монголчуудын дунд алдаршсан долоон хээр морины нэгээр нь нэрлэгдсэн уул. Анх Сул хээр гэж байсныг нь явцдаа Сулинхээр болгосон юм гэнэ лээ. Бас Хатанбулаг рашаан бий. Домог түүхтэй рашаан. Чингис хаан манай нутагт нэг хатнаа нутаглуулаад явсан гэдэг бөгөөд түүнийг нь илтгэх нэлээд том хэрэгсүүр, овоотой. Намайг хүүхэд байхад манай нутаг усныхан ч ихэд мөргөж, шүтэж ирсэн дээ. Харин сүүлийн үед чулууг нь зөөгөөд дуусаж байгаа гэлцэнэ лээ. Хожмоо Хатны булаг нь Хатанбулаг болж нэрлэгдсэн түүхтэй. Би гэдэг нөхөр 13-хан настай байхаасаа заг түүж, жин тээж, хилийн цэргийн отряд, заставуудад буулгадаг, ээжийгээ дагаж их л хөдөлмөрлөдөг байж билээ. Өдгөө 95 насыг зооглож байгаагийн ач тус нь хүүхэд, залуу явахдаа хөдөлмөрлөж байсны үр дүн гэж боддог. Нутгаа ярьсан чинь ээжийгээ санаж байна. Миний ээж туйлын хөдөлмөрч хүн байсан сан. Нутагтаа шар хүүхэн гэж нэрлэгдсэн сайхан эмэгтэй байлаа. Их уран. Таван хүүхдээ хүний дайтай хүн болгож өсгөсөн гавьяатай эмэгтэй. Саяхан би Төрийн соёрхолт Н.Жанцанноровтой уулзахад надад “Аргалд явсан ээж” дуугаа төгөлдөр хуурын аянд дуулж өгсөн. Уярахдаа ээжийгээ л санаж, уйлж суулаа.
 
-Эрхэм хурандаа генерал танд баярлалаа. Сонины редакцын хамт олныхоо өмнөөс танд эрүүл энх байж, урт удаан наслахыг хүсэн ерөөе. 
 
-Баярлалаа. Цэрэг, ард түмэн хоёрыг холбогч гүүр нь болж яваа танай сонины хамт олонд гялайлаа. Эх орноо хайрлах сэтгэл, тусгаар тогтнолын үнэ цэнэ, тэмцэл, үүх түүх, уламжлалыг энэ сониноор дамжуулж, ухааруулж ирсэн байна. Хэрэв цэргийн сонин үгүй бол Зэвсэгт хүчний өнгө төрх ард түмний дунд бүүдийх биз дээ. Энэ завшааныг ашиглаад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн монгол цэргийг бүтээн байгуулалтад оруулах шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлье. Монгол Улсын Зэвсэгт хүчин байлдах чадвараа бэхжүүлэхийн зэрэгцээ улс орондоо их бүтээн байгуулалтыг өрнүүлж ирсэн юм. Хэзээнээсээ тийм. Энэ шийдвэр маш зөв.
 
 
Дэслэгч Д.Болормаа
Эх сурвалж: "Соёмбо" сонин