sonin.mn
Улс төрийн зууны манлай
(Эсээ дуун) 
 
Эргэлтийн дуун
 
Аминч, нийгэмч хоёр туйл 
Ана мана сөргөлдсөөр 
Арга буюу социализм 
Хожил дутаж задрахад 
Монгол Улс дэлхийн жишгийг 
Тэртэй тэргүй дагах байтал 
Монгол Ардын (хувьсгалт) нам л 
Тээг садаа болох мэтээр 
Орой дээрээс огцор гэхэд нь 
Олон үггүй буугаад л ирсэн 
"Оготнын хамраас ч цус гаргахгүй" 
Оносон шийдлийг ингэж гаргасан 
Орвонгоороо нийгэм хөрвөж 
Орон даяар хямрал нүүрлэж 
Мал, малчин хоёрынхоо буянаар 
Манай монгол өлсөөгүй ч 
Хоосон лангуу хонгинохыг үзсэн 
Хомсхон хэрэглээнд дугаарлаж үзсэн 
Эрхи ч эргүүлж, архи ч эргүүлж 
"Идтэн, шидтэн"-д хуйларч үзсэн 
Хүний эрхийг дээдэлсэн ч 
Хэм нь хэтрээд задгайрсан 
Хувийн өмчийг дархалсан ч 
Хувьчлал ихэд гажуудсан 
Шинэ, хуучны завсар заагт 
Ширвээтүүлсэн хүнд үед 
Ард түмэн ууган намд л 
Асар давуу найдпага тавьсан 
Ерэн оноос хойших 
Есөн том сонгуулийг 
Нандин сайхан уламжлал 
Наадмын бөхтэй зүйрлэвэл 
Ардын нам долоо түрүүлсэн 
Даяар дуурсах далай даян 
Олныг баясуулагч дархан аварга 
Ардчилсан нам хоёр түрүүлсэн 
Даамай хүчит даян аварга 
Энэ хоёр аваргын 
Эрх барьсан жилүүдийг 
Эргэцүүлж, харьцуулж үзэхээр 
Их том ялгаатай 
Ардын намын ялалт бүрийд 
Атаа жөтөө өвөрлөгсөд 
Араас нь хатгаж, өврөөс нь чичлээд 
Ахиц дөхөцийг нь сааралтуулж,
Аль болохоор харлуулах гээд 
Амар заяа үзүүлдэггүй ээ 
Эсрэгцэлтэй талуудын 
Хүчний харьцааг тэнцүүлэн 
Эвлэж, хавилах боломжийг 
Сонгогчид маань олгоод байхад 
Эрх ашгийн зөрчилдөөнөөс 
"Их эвсэл" бутарсан
Эргээд бас л шазуур зуулцан 
Эцэс сүүлд нь ах намын 
Их өргөөг галдан шатааж,
Эрдэнэт хүний аминд үрсэн 
Эрээ цээргүй танхайралд 
Үй олноор хэрдхийгээд 
Үймэрч, түгшиж, жигшиж байсан
Анхны нэрээ сэргээхээр 
Адгаж яарснаас ашиглуулж 
Ардын намын эз нь хатгаж 
Асар боломжоо сарниулахад 
Ардчилсан намын аз нь шовойж 
Арайхан илүү суудал олоод 
Засгийн эрхийг хоёр дахиа авсан ч 
Замарсан юм дахиад л болсон 
Эрдэнэ сангийн савыг хоосолж 
Эдийн засгийг тэрий хадуулж 
Эх орноо тарчигдуулсан 
Эгэл түмнээ тамирдуулсан 
Зангараг суухыг нь хүлээсээр байтал 
Загал боллоо, горьгүй нь гээд 
Залуу хөгшингүй 
Ардчилсан намаас 
Зайгаа барьсан нь цөөнгүй л билээ
 
 
C.Мөнхдалай /СГЗ, сэтгүүлч/
 
Үргэлжлэл бий