Манай улс анх удаа “Аравт” олон улсын цэргийн наадмыг зохион байгууллаа. Морин цэргийн анхдугаар уралдаанд найман улсын зэвсэгт хүчин нэгдэсний дотор оролцогчоор Монгол, Орос, Казахстан, Киргиз, ажиглагчаар БНХАУ, АНУ, Вьетнам, Зимбабве ажилласан юм. Монгол морь эх орноо дэлхийд сурталчилсан энэхүү тэмцээний Ерөнхий шүүгчээр ажилласан ЗХЖШ-ын Биеийн тамир спортын тасгийн дарга, гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэтэй ярилцлаа.
 
 
-Олон улсын цэргийн наадмын морин уралдааны төрлийг Монголд анх зохион байгуулах санаачлага хэрхэн гарсан бол?
 
-ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас санаачилсан олон улсын армийн тоглолт цэрэгжилтийн 30 гаруй төрлөөр арван оронд тав дахь жилдээ боллоо. Хоёр жилийн өмнө ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод “Аравт” тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн. “Холын зайд морьтой холбоотой уралдаанд Монгол тохиромжтой.Танай улсын соёлтой ч нийцнэ” гэж тэмцээний санал тавьсан. Тухайн үед энэ талаар шийдвэр  гараагүй. Яг үнэнийг хэлэхэд малчдаас эхлээд мориноосоо холдсон байна шүү дээ. Харин өнгөрсөн жил “Зэвсэгт хүчний аварга шалгаруулах морин марш” холын зайн тэмцээнийг зохион байгуулсны дараа бид морин уралдаан хийх боломжтой гэдгийг ойлгосон. Үүний дараа шийдвэр гаргаж ОХУ-д хариу өгсөн.  Оролцох баг бүрэлдэхүүн, зааврыг явуулж дэмжлэг авснаар тэмцээн албан ёсоор эхэлсэн нь энэ юм.
 
-Тэмцээн эхлэхээс дуусах хүртэлх гол сэдэв нь Монгол морь байлаа. Мориныхоо онцлогийг судалсан байх?
 
– Морин цэргийн уралдаан гэхээс илүү Монгол Улсыг дэлхийд сурталчлах маш том хөшүүргэ боллоо. Тэмцээний явцыг олон улс орны хэвлэл мэдээллийнхэн сурталчиллаа. “Аравт” тэмцээн Монголын аж амьдрал, соёл, зан заншлыг дэлхийд түгээсэн  олзуурхмаар үйл явдал болсон гэж дүгнэж байна.
 
Тэмцээнд аль нэг улс орон, хэн нэгэн түрүүлэхдээ гол нь биш, монгол морь яллаа гэж ам бардам хэлмээр байна. 130 км-ын зайд 80 кг орчим жинтэй оролцогчийг 15 кг агсамж ачаатай нь суулгаад олон саад бэрхшээлийг монгол морь туулж чадсан. Тэмцээний явцад  хүчтэй бороо, мөндөр орж байсан ч манай морьд ажраагүй.
 
Угаасаа тэмцээний зааварт зөвхөн монгол мориор уралдах ёстой. Энэ дагуу Монгол хүний дундаж биеийн жинг 70-80 кг гэж тооцоод оролцогчдыг 80 кг-аас илүүгүй байх шаардлага тавьсан. Олон хүнтэй уулзсаны дотор Монгол баатрууд эрт үед морин дээрээ илд, бамбай байлдааны хэрэгсэлтэйгээ явдаг байсан учраас 100 кг-ыг нуруун дээрээ авч явна гэдэг бол  монгол морины дархлаа юм гэсэн гаргалгааг гаргаж ирсэн.
 
 
 
-Морьдыг зүүн аймгуудаас сонгосон нь ч учиртай биз?
 
-Морьдыг сонгох ажил хамгийн чухал нь байсан. Бие томтой эрүүл чийрэг, алхаа гишгээ, зүсийг нь хүртэл ажиж сонгосон. Хоёрдугаарт, зүүн аймагт буюу Эзэн Чингис хааны есөн хөлт цагаан тугийг залдаг адуун сүрэг байрладаг. Төрийн сүргээ түшиглэхээс гадна Чингис хааны төрсөн нутаг гэдгээрээ ч цаанаа бэлгэшээж малчин айлуудаас 100 гаруй морь сонгосон. Малчид санаачлагаараа бие бялдар сайтай, сайн удмын морио бидэнд авчирч өгч олон улсын тэмцээнд монгол морьдын тэсвэр тэвчээр бяр чадлыг харуулахад тусалсан. Тэмцээнд оролцогчид морьдоо сугалсны дараа  Киргиз цэргүүд монгол морийг үнссэн нь их сэтгэл хөдөлгөсөн шүү. Морь, хүн хоёр нэг болж, нэгнээ хайрлана гэдэг тэр.
 
Морьдыг худалдаж авсан үеэс эхлэн агтчин цэргүүд уналга эдэлгээнд сургаж номхруулж, мал эмнэлгийн бүрэн хяналтад байсан. Мөн хаздаг, хайрдаг зэргээр нь морь болгоны ааш зан, онцлогийг судалж тэмдэглэн паспортжуулаад тэмцээнд оролцогчдод хавсаргаж өгсөн.
 
-Тэмцээний үеэр оролцогчид болон морьд гэмтэж бэртсэн асуудал гарсан уу?
 
– Би 30 гаруй жил тэмцээн шүүснээс хамгийн хэцүү нь “Аравт” байсан. Ерөнхий шүүгчээр ажилласны хувьд бусад орны цэргүүдийг мориноос унах юм уу, гэмтэж бэртэх вий гэж санаа зовж байлаа. Харин тэмцээний явцад ямар нэг асуудал гараагүйд баяртай байна. Морьдын хувьд ганц нэг хөл доголох, нуруу холгох зүйл гарсан. Киргизийн малын эмч “Монгол морь гайхалтай ухаантай. Уурыг нь хүргэвэл Монголоо ярих нь холгүй байна” гэж байсан.
Батлан хамгаалахын сайдаас эхлээд энгийн цэрэг хүртэл гар бие оролцсон учраас “Аравт” маш сайн зохион байгуулалттай болсон. Агтчин цэргүүд хоёр сар гаруй хугацаанд морьдыг гаршуулж бэлтгэх явцдаа тангаруулах, өшиглүүлөх, гар хөлөндөө бэртэл авахаас эхлээд зүрх сэтгэл гаргасан ажилласан. Тэмцээнд оролцогчдыг аюулгүй байлгахын тулд хүч, хөдөлмөр гаргасан.
 
 
-“Аравт” тэмцээний даалгаврууд онцлогтой байлаа. Морьдтой харьцахаас гадна уул, ус гээд монгол орны онцлогийг харуулахыг зорьсон уу?
 
-Тэмцээн хоёр шаттай зохион байгуулагдсан. Нэгдүгээрт, холын зай 130 км зам туулна. Туулахдаа гол гатлах, тэсрэх бөмбөгтэй хэсгээр морио хөтлөж гарах даалгаврыг биелүүлсэн. Дараа нь морь бугуйлдаж уналганд бэлдэх цэг бий. Үүнийг амжилттай гүйцэтгэсний  дараа хоноглох цэг буюу замын 70 дахь киломерт байрлах газарт очих ёстой. Хоноглох цэгт ирээд зүг чиг олох баримжаагаар ус, хоол хүнсээ олох, хоноглох оромжоо гар доорх материалаар босгох даалгавар өгдөг. Энэ даалгавар гадны улс орныхны сонирхлыг маш их татсан. Үлдсэн 70 км замыг туулахдаа хөнөөлийн голомтоос шархадсан нөхрөө татаж гаргана. Хулстайн нурууны цогцолбор газар, уул даваа, элсэн манхан, гол ус, хээр талаар туулсан нь Монгол орны байгалийн онцлогийг харуулахаас гадна  тэмцээний үеэр хүчтэй аадар бороо, мөндөр орсон.
Хүчтэй бороо  монгол цэргүүдийг үүрэг гүйцэтгэх үед орж таарсан. Шүүгчдийн бүрэлдэхүүн тэмцээнийг зогсоохыг хүссэн ч миний хувьд зогсоогоогүй. Ерөнхий шүүгчид байгалийн давагдашгүй үзэгдэлд тэмцээнийг зогсоох эрх байдаг. Гэхдээ манай монгол цэргүүд, монгол морьд зогсохгүйгээр давж гарч чадна гэж итгэсэн учраас тэмцээнийг зогсоогоогүй.
 
-Армийн тэмцээнд Монгол цэргүүд түрүүлсэн. Бусад улс орнуудын хувьд ч давуу талтай байсан байх?
 
– Тэмцээнд оролцогчид бэлтгэл сайтай ирсэн нь ажиглагдсан. Казакстаны оролцогчдын хувьд бие бялдарын хөгжил сайтай, Киргизүүд моринд сайн, Тувачууд мориндоо эрэмгий байсан. Харин Орос цэргүүдийн хувьд дарга нарынхаа тушаалаар  тактикийн алдаа гаргасан. Монгол морь танк биш шүү дээ. Гэхдээ л бүгд алдаагаа ухамсарлаж туршлагажиж жигд байлаа.
Тэмцээний бас нэг онцлог нь даалгавраа биелүүлж буй хүнийг 130 км-ын радиуст бүрэн хянаж чадсан. Техникийн өндөр нөхцөл шаардсан ажлыг манай холбоочид хийж тэмцээний явцыг хянахаас гадна аюул осолгүй байлгах боломжоор хангаж өгсөн.
 
 
– Улс орнууд шилдгүүдээ авчирсан байна лээ. Монголын багт 19 настай хоёр байлдагч байсан нь сонирхол татаж байлаа?
 
-Тийм. Байлдагчид олон улсын тэмцээнд эх орноо төлөөлнө гэдэг нэр төрийн хэрэг. Цэрэг гэхээс илүү монгол залуу, тангараг өргөсөн эх орны цэргүүд. “Аравт”-д 232 дугаар ангийн малчин цэргүүд оролцсон. Цэргүүдийг татан оролцуулсан нь монголын баг дотор офицер, ахлагч, цэрэг гээд шат шатандаа ямар чадвартайг харуулж байгаа юм. Монгол цэргүүдээ хэрхэн бэлтгэж буйг дэлхийд таниулсан хэрэг. Бусад улс орны цэргүүдээс монгол цэргүүд илт давуу байсан. Бороо, мөндөр орч байхад гадны шүүгч нар надад “Та ерөнхий шүүгчийн хувьд зогсоож болно шүү дээ” гэхэд би “Зогсоохгүй. Монгол цэрэг юу хийж чаддагаа харуулах ёстой” гэсэн хариултыг өгсөн. Манай цэргүүд замаа туулж үүргээ маш сайн гүйцэтгэсэн.
 
 
-“Аравт”-ыг дараа жилээс өөр оронд зохиох боломжтой юу, зөвхөн Монголд зохиогдох уу?
 
-Армийн тоглолтыг том хүрээнд авч үзэхэд “Аравт” зөвхөн монголд л зохиогдох боломжтойг харууллаа. ОХУ-ын хэвлэл мэдээллээр Монголд зохион байгуулагдсан “Аравт” тэмцээн бол армийн шигтгээ боллоо гэж зарласан. Монгол улс оролцогчоос зохион байгуулагч боллоо. Мөн цэрүүд дайны талбарт бус тэмцээн уралдааны талбарт нөхөрлөлөө.Улс орнууд бүгд сэтгэгдэл маш өндөр буцлаа. Монголчууд зочломтгой ард түмэн гэдгээ харууллаа.
 
 
О.Уранбилэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин