sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны тавдугаар сарын 1 /Reuters/. Вашингтон ХБНГУ дахь цэргийн бие бүрэлдэхүүнийхээ тоог судлан хэлэлцэж буйгаа мэдэгдсэнээс нэг өдрийн дараа буюу пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Итали, Испаниас цэргээ татах асуудлыг авч хэлэлцэх үү гэсэн асуултад "магадгүй" гэж хариуллаа.  


Хоёрдугаар сарын 28-ны өдөр АНУ, Израилын цэргүүд Ираны эсрэг ажиллагаа явуулж эхэлсний улмаас Ормузын хоолой хаагдаад байгаа билээ. Тус хоолойг нээх ажиллагаанд НАТО-гийн холбоотнууд тэнгисийн цэргийн хүчээ илгээж туслаагүйг Ерөнхийлөгч Д.Трамп хатуу шүүмжилсээр ирсэн юм.


Пентагоны дотоод цахим захидалд Ираны эсрэг ажиллагааг дэмжээгүй НАТО-гийн холбоотнуудыг "шийтгэх", тухайлбал, Испанийг тус эвслийн гишүүнчлэлээс түдгэлзүүлэх зэрэг хувилбаруудыг тусгасан тухай Reuters агентлаг өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. 


Ираны дайныг мөн шүүмжилж буй Итали, Испаниас цэргээ гаргах боломжийг судлан хэлэлцэх эсэх талаарх асуултад Д.Трамп хариулахдаа “Магадгүй л юм. Үнэндээ яагаад болохгүй гэж? Итали улс бидэнд ямар ч тус болоогүй, харин Испани бол үнэхээр аймшигтай, үнэхээр муу байсан” гэжээ.


АНУ-ын Батлан хамгаалах яамны хүний нөөцийн мэдээллийн төвийн мэдээллээс үзвэл, 2025 оны 12 дугаар сарын байдлаар Европын орнууд дахь АНУ-ын цэргийн баазуудад 68 мянга гаруй цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байсан байна.




Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг