sonin.mn
Дэлхийн байгаль орчин тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Санжаасүрэнгийн Оюуныг өчигдөр Ази тивийн шилдэг манлайлагчаар тодруулж шагналыг нь  АНУ-ын Нью-Йорк хотноо гардуулсан нь жирийн монгол бүсгүй дэлхийн хүчирхэг эмэгтэйчүүдийн эгнээнд нэгэнт багтсаныг харуулж байна. 
 
 
Өнгөрсөн онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн хүртэж байсан энэхүү дэлхийн шагналаас гадна Санжаасүрэнгийн Оюуны боловсрол туршлага одоогийн эрхэлж байгаа ажил алба нь дэлхийн түвшинд аль эрт хүрчээ. Тухайлбал, Европын нэр хүндтэй Карлын Их сургуулийг 1987 онд дүүргэж дэлхийн топ Кембрижийн Их сургуульд  доктор хийнэ гэдэг хир баргын аавын хүүгийн чадал чансаанд багтаад байдаг зүйл биш. Гэвч тэрээр дэлхийн боловсролыг чадлынхаа хирээр эзэмшсэн төдийгүй Монгол-Чехийн хамтарсан үйлдвэрт геологич, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөрт төслийн мэргэжилтэн, дэлхийн топ уул уурхайн Рио-Тинтод амжилттай ажиллаж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан гээд бод доо.
 
Эзэмшсэн мэргэжлээс гадна 2014 онд Кенийн Найробид хуралдсан НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулганаар Санжаасүрэнгийн Оюуныг тус байгууллагын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь түүний мэдлэг дадлага туршлагыг дэлхий үнэлж эхэлсэн явдал байлаа.
 
НҮБ-ын Байгаль орчны ассамблей /United Nations Environment Assembly буюу UNEA/ нь НҮБ-ийн гишүүн бүх орныг эгнээндээ нэгтгэсэн, дэлхийн байгаль орчны хамгийн том байгууллага бөгөөд Санжаасүрэнгийн Оюун Ерөнхийлөгчтэй тус байгууллагаас Агаарын бохирдлоос болж дэлхий дээр  жилд долоон сая хүн нас барж байгаа гэсэн судалгааг албан ёсоор даяар олноо сонордуулж, агаарын бохирдол далайн хог хаягдал амьтны хууль бус наймаа зэрэг 16 зорилт шийдвэрийн хэрэгжилтийг С.Оюун дэлхийн түвшинд амжилттай удирдан зохион байгуулсан түүхтэй.  
2016-2018 онд Санжаасүрэнгийн Оюун дэлхийн 180 гаруй орны 3000 гаруй усны байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн усны менежментыг сайжруулах үндсэн зорилготой Дэлхийн Усны Түншлэл /Global Water Partnership/ байгууллагын Ерөнхийлөгчөөр томилогдон амжилттай ажилласан төдийгүй одоо ч  Оюун нь Green Growth Knowledge Platform буюу Ногоон хөгжлийн мэдлэгийн зөвшилцөл, Future Earth буюу Ирээдүйн дэлхий,  International Environment Technology Centre of UNEP буюу НҮБ-ын Байгаль орчны технологийн төв зэрэг дэлхийн хэмжээний олон байгууллагад зөвлөх болон удирдлагад нь орж ажилладаг.
 
Улмаар Доктор Санжаасүрэнгийн Оюун 2018 оноос НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Конвенцийг хэрэгжүүлэх санхүүжүүлэх зорилготой дэлхийн Ногоон уур амьсгалын Сангийн гадаад харилцаа эрхэлсэн захирлаар томилогдон ажиллаж байгаа нь монголчуудаас өнөөдөр олон улсын түвшинд эрхэлж байгаа хамгийн өндөр албан тушаал гэхэд хилсдэхгүй. https://www.greenclimate.fund/news/oyun-sanjaasuren-appointed-as-gcf-director-of-external-affairs
 
Цаашдаа монголчууд бид дээр доргүй Оюуныхаа дээлийн захыг мушгиад НҮБ-ын орлогч, Атомын эрчим хүчний агентлаг зэрэг аль нэг НҮБ-ын төрөлжсөн байгууллагын Ерөнхий захирлын суудалд бодлогоор зүтгүүлэхэд түүний мэдлэг боловсрол туршлага олон улсын харилцаа хэлхээ холбоо нь ямарч албыг аваад явах зиндаанд нэгэнт хүрчээ.
 
Олон улсын өндөр албанд бодлогоор томилогдсон хэнбугай нь ч үндсэн ажлынхаа хажуугаар албан тушаал алдар цол нэр хүнд хувийн харилцаа холбоогоо ашиглан  өөрийн улсынхаа нэр хүндийг өргөх, маргаантай болон тулгамдсан асуудлуудыг аль болохоор улсдаа ашигтайгаар шийдвэрлэх, үндэснийхээ язгуур эрх ашгийг олон улсын түвшинд хаацайлж хамгаалах талаар лобби хийх хор найруулах зэрэг бичигдээгүй хуулийг дэлхийн түвшинд давхар зохицуулж  эх орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдлын бас нэг баталгаа болж байдгаараа чухал ач холбогдолтой байдаг.
 
 
 
ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт