Сэжиглэх Чадвар
 
Монгол хэлний толь бичигт “Сэжиглэх” гэдэг үгийн утгыг дараах байдлаар тайлбарлажээ:
 
1.       Аливаа үйлдлийн зөв бурууг тогтооход энэ тийм болов уу гэж төсөөлөн тааварлах, хардах
 
2.       Муу муухай юмнаас жигшиж дургүй хүрэх
 
Товчхондоо, сэжиглэх гэдэг нь хүн өдөр тутмын хувийн болон нийгмийн амьдралдаа зөв, оновтой шийдвэр гаргахын тулд тухайн зүйл яг юу вэ, мөн чанар нь юу юм, эм үү хор уу, сайн уу муу юу, буруу юу зөв үү, ямар үр дагавартай байх вэ зэрэг олон мэдээллүүдийг боловсруулан, өөрт тохирох зөв замыг сонгоход тусалдаг ач холбогдолтой оюуны (тархины) үйлдэл юм. 
Зэрлэг байгал дээрх амьтдыг төсөөлөөд бодъё. Амьд үлдэж, үр удмаа үлдээх нь тэдгээр амьтдын тэргүүн зорилт. Нэгэнт зэрлэг байгал дээр хүчтэй нь хүчгүйгээ гэсэн байгалийн хууль үйлчлэх учир амьд үлдэж, бусдын өгөөш болохгүйн тулд амьтад маш өндөр сонор сэрэмжтэй байх ба бүх мэдрэгчүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байх ёстой. Аюул дан ганц, хүчтэйгээс ирэхгүй. Урхи, занга, зүсээ хувилгасан аюул хаа сайгүй нуугдах тул сэжиглэх чадвар дээд хэмжээнд хөгжсөн байх шаардалагатай. Эс бөгөөс бусдын идэш болох, урхинд унах, хууртагдах, хордож үхэх зэрэг эцсийн үр дүн хүлээж байгаа. Модонд ургасан амтат жимсийг идтэл хор байвал яах вэ? Сайхан үнэр ялгаруулсан амьтан, ургамал үнэндээ махчин байвал яах вэ? Тиймээс бусдын өгөөш болохгүйн тулд сэжиглэх шаардлага зайлшгүй үүссэн. Сэжиглэх нь эволюцын явцад амьтад суралцаж, олж авсан хосгүй чадвар.
Хүн бас л нэг эст биетээс үүсч, хэдэн зуун сая жилийн эволюцийн явцад өнөөдрийн төрхийг олж, амьтны аймгийн нэг бүрэлдэхүүн болж чадсан нь сэжиглэх чадварт сайн суралцсаны баталгаа. Суралцах суралцахдаа бусад амьтадтай харьцуулахад дан ганц гадны аюулаас сэргийлэх, амьд үлдэх, үр удмаа үлдээх зэрэг байгал-биологийн хэрэгцээг давж, өөрийгөө таньж мэдэх, хүрээлэн буй орчноо таньж мэдэх, таньж мэдээд зогсохгүй, тэр мэдсэн нь баталгаатай, үнэн зөв үү гэж эргэлзэх, сэжиглэх зэргээр мэдсэнээ улам бататгах, буруугаа залруулж улам сайжруулсаар мэдлэг (улс, хот, физик, хими, математик, мөнгө, мэргэжил, үнэ цэнэ, зөв буруу, сайн муу, сайхан муухай г.м) бүтээх төвшинд хүрэхэд сэжиглэх, эргэлзэх процесс тулгуур нь болж өгсөн. Тиймдээ ч сэжиглэх нь хүн төрөлхтөний бүх мэдлэгийн тулгуур багана, хүний махан биеийн болон оюуны дархлааны манаач байдаг. Хүний амьдралд аюул дан ганц гаднаас биш тухайн хүнээс өөрөөс нь ирэх тохиолдол элбэг учир хүн өөртөө эргэлзэх шаардлагатай. Энэ нь бидний бусад амьтадтай харьцуулахад сэжиглэх чадварыг илүү эзэмшиж, хөгжүүлж чадсаны бас нэг илрэл.
Сэжиглэх нь олон хэлбэрээр явагддаг. Хамгийн энгийн нь юу вэ, яагаад вэ, яаж вэ, би хэн бэ зэрэг танин мэдэхүйн асуултуудаас эхэлнэ. Мэдсэн нь үнэн, баталгаатай эсэхийг мэдэхийн тулд олон янзын туршилтууд хийх нь сэжиглэхийн нэг л төрөл. Хүний хараа, сонсгол зэрэг 5 мэдрэхүй төгс биш алдаатай учир тухайн мэдрэхүйн эрхтэнээр дамжин орж ирэх мэдээлллүүд алдаатай байх бүрэн боломжтой. Тиймээс хүн зөвхөн сонссон, харсан эсвэл өөрийн үзэж туулсанаа баталгаатай мэдчихлээ гэж дүгнэлт өгөх маш том алдаатай хэрэг болно. Суурь боловсрол тэгэхээр хүн өөртөө эргэлзэж (өөртөө эргэлзэх гэдэг нь өөрийн мэдрэхүйнүүдээр дамжин орж ирсэн мэдээлэл бүрийг мэдлэг гэж андууралгүй, эцсийн дүгнэлт хийлгүй сэжиглэх давхар шүүлтүүрээр оруулах процессыг хэлнэ), өөрийн мэдсэн процессоо дахин дахин асууж, үнэн, баталгаатай мэдлэгт хүрэх тэрхүү чадварыг эзэмшүүлэхээс эхэлнэ. Эртний Грекчүүдийн боловсролын тулгуур нь “Know Thyself” буюу өөрийгөө танин мэд гэсэн дээрхи бүрэн мэдчихлээ гэж итгэлтэй болох хүртлээ өөрийгөө сэжиглэх, эргэлзэх хэрэгтэй гэсэн санааг хэлсэн биз ээ. Цаашлаад оюуны дээд түвшинд критик хийх буюу тухайн зүйлийг ялгаж таних (сайнаас мууг, сайхнаас муухайг, үнэнээс худлыг, зөвөөс бурууг, алдаагаас оноог ялгах) чадварууд дээр мэтгэлзэх, дискурс хийх зэрэг багтана.
 
Сэжиглэх чадвар эзэмшсэн хүн өөртөө итгэлтэй байдаг. Яагаад гэвэл тэр юу мэдэх, мэдэхгүйгээ сайтар мэдэх учир мэдэхгүй зүйлдээ яаран дүгнэлт өгөхгүй бас мэддэг зүйлдээ жанжин шугамаа алдахгүй. Сэжиглэдэг хүн дутуу дулимаг мэдсэн зүйлээ бусдад хүчлэхгүй харин дутуугаа нөхөж мэдэхийн тулд бусдын санал бодлыг анхааралтай хүлээж авна. Нэгэнт хүн алддаг, дутуу мэддэг гэдгийг ойлгох учир тэрээр бусдын алдааг уучлах, хамтрахыг илүүд үздэг. 
 
Асуудлыг зэмэлж суухын оронд асуудалдаа шийдэл олохыг эрмэлзэх нь тэдний түгээмэл шинж. Сэжиглэх чадварт суралцсан хүний критик хийх чадвар өндөр учираас аливаад хар сохроор итгэж, хууртахгүй, мухар сүсэглэхгүй бас шүтэхгүй. Сэжиглэдэг хүн муу, муухай, буруу, бурангуйг жигшиж, аливааг сайжруулахын төлөө, урагш хамтдаа хөгжихийг эрмэлзэх учир шүүмжилнэ. Тиймээс сэжиглэдэг хүнийг л үнэн моралтай хүн гэнэ.
Хүн бүр амьдралдаа ямар нэг мэдлэгт суралцаж, мэргэжил эзэмших ёстой хэдий ч аливааг хэрхэн хийхийг суралцахаас өмнө хүн байхын суурь чадвар болох сэжиглэх (асууж лавлах, критик хийх, мэтгэлзэх г.м) чадварт суралцах ёстой. Суурь боловсрол гэж байгаагийн гол учир нь аливаа фактыг цээжлүүлэх, цээжилсэнээ дуржигнатал уншиж сургахдаа биш хүн байхын суурь чадвар буюу сэжиглэх чадварт (асууж лавлах, критик хийх, мэтгэлзэх г.м) сургахад оршино. Сэжиглэх бол боловсролын амин сүнс байх учиртай. Боловсрол нь ардчилалын амин сүнс юм бол сэжиглэх чадвар нь ардчилалын амин сүнс байж таарах нь ээ. Асууж, эргэлзэж, сэжиглэж хөгжих эрмэлзэлтэй хүмүүс л ардчилсан нийгмийн иргэд байж таарах нь.
 
Хүн төрөлхтөний энэхүү хүн байх суурь чадварыг (сэжиглэх чадвар) эзэмшүүлэх боловсролын тогтолцооны шав тэртээ 2600 жилийн өмнө Афинд тавигдсан ба өнөөдөр асуух, критик хийх зэргээр сэжиглэх нь өндөр хөгжилтэй орнуудад институцичлагдан, институцийн төвшинд хөгжсөөр өдийг хүрлээ. 
 
Ирээдүйд технологийн хөгжлийн улмаас олон арван мэргэжил, чадварууд устаж, ямар ч хэрэгцээгүй болох ба харин эсрэгээрээ хамгийн эрэлттэй байх оюуны чадваруудын тэргүүнд эгнээд критик хийх чадвар, асуудлыг шийдэх чадвар зэрэг үндсэн сэжиглэх чадварууд багтаж байна. Техник технологи улам хөгжихийн хэрээр хүний оюуны суурь чадвар улам эрэлттэй болох тренд байгааг онцлох хэрэгтэй.
Сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд, тэр дундаа өндөр хөгжилтэй орнуудад хүртэл, популизм эрчээ авч, хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйлүүд рүү шившигтэйгээр халдах тренд ажиглагдах болсон нь сэжиглэх чадвар дэлхий даяар уналтад орж буйг гэрчилнэ.
 
Харин Монголд энэхүү тренд ямар байдалтай байгаа вэ?
 
Монголчууд бид сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ гэж хэлж заншсан. Бүх нийтээрээ олон зуун жил ийнхүү хэлж заншсан нь дэлхийн тренд Монголд хоцорч орж ирсэн биш харин эртнээс бидний оюуны хөрсөнд гүн шигдэж орсоныг илтгэнэ. Моод Монголоор дуусаагүй анхны жишээ юм биш биз?
Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэрнэ. Хүний оюуны дархлаа, хүн байхын дархлаа болсон сэжиглэх гэдэг суурь чадварыг Монгол хүний оюунаас салгаж чадсан ямар айхтар технологи вэ?
Өнөөдөр Монгол хүний ухамсаргүй үйлдлийг гайхаад барахгүй хүмүүс олон боллоо. Ухамсар өөрөө байгалаас заяадаггүй харин түүнийг олж авах суурь мэдлэг нь сэжиглэх дээр тулгуурладаг. Тэгэхээр хүн ухамсартай байна гэдэг нь сэжиглэх чадварыг гаргууд эзэмшсэн байна гэсэн үг. Сэжиглэж чадахгүй гэвэл ухамсартай гэж ярих боломжгүй.
Монгол хүн асуудалтай байна гэвэл Монгол хүний хүн байх суурь чадвар болох “сэжиглэх” асуудалд оржээ. Монгол хүний хүн байх суурь чадвар “сэжиглэх”-ийг хэн сүжгээр сольж орхив оо?
 
С.Тулга