sonin.mn
ХОРТ ТҮЛШНИЙ УТААНД УГААРТАЖ АМЬ НАСАА АЛДСАН УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭДИЙН ГЭГЭЭН ДУРСГАЛД
 
Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотын иргэд шинэ шахмал түлш худалдаж аваад тэр түлшнээсээ угаартаж амь насаа алдлаа гэсэн аймшигт мэдээ Улаанбаатарчуудаар зогсохгүй нийт монголчуудыг цочоов.
Засгийн газар, Улаанбаатар хотын удирдлага хамтран ирэх өвлийн утааг багасгахын тулд ихээхэн хэмжээний зардал гаргаж “утаагүй” шахмал түлш үйлдвэрлэж иргэддээ худалдсан нь ийнхүү олон хүний амь насанд хүрэх хорт түлш байжээ. Хорт түлшний угаарт хордож амь насаа алдсан хүмүүсээс гадна олон арван хүн угаарт нь хордоод одоогийн байдлаар эмнэлэгт хүргүүлэн эрчимтэй эмчилгээнд ороод үхэх сэхэх нь мэдэгдэхгүй байж байна. Эцэг эхчүүд энхрий хайртай үр садаа, хорвоотой дөнгөж танилцаж эхэлсэн бяцхан хүүхдүүд элбэрэлт эцэг эхээ, дүү нар ах эгч нараа, ах эгч нар дүү нараа алдлаа. 
 
Энэ дэлхийд дэндүү цөөхөн монголчууд бидний хувьд нэг хүн зуурдаар нас барсан ч нөхөж баршгүй том гарз хохирол учирлаа хэмээн хүлээн авч гашуудахаас өөр аргагүй. Гэтэл одоогийн байдлаар эрдэнэт олон хүний амь нас алдагдлаа. Олон айл өрх эзгүйрч, олон хүн өнчирлөө. Үндсэн хуулийн “Монгол хүн амьд явах эрхтэй, эрүүл саруул орчинд амьдрах эрхтэй” гэсэн заалтууд зөрчигдлөө.
 
Юуны түрүүн хорт түлшний угаарт хордож амь насаа зуурдаар алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд, хань ижил, хамаатан садан, найз нөхдөд гүн эмгэнэлээ илэрхийлж байна.
Засгийн газар, Улаанбаатар хотын удирдлага чанаргүй түлшний хорт угаарт хордож нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд нэн даруй нөхөн олговор олгох ёстой. Тэд чанаргүй түлш үйлдвэрлэсний учир шалтгааныг олж тогтоох, буруутантай хариуцлага тооцох талаар шаргуу ажиллах ёстой. Засгийн газар, Улаанбаатар хотын удирдлага нэгэнт өөрсдийгөө өмөөрөх боломжгүй болсон нас барсан хүмүүсийг элэг барин угаартсан хүмүүс өөрсдөө буруутай хэмээн ойлгогдохоор тайлбарлан өөрсдийгөө зөвтгөх гэж оролдож байгаа нь ёс зүйгүй тайлбар болоод зогсохгүй ингэж байгаа нь өөрөө ямар ч эрүүл саруул ухаантай хэн боловч хүлээн авах, зөвшөөрөх боломжгүй гэмт үйлдэл юм. Ийм тайлбар зөвтгөл гаргахаа таслан зогсоохыг шаардаж байна.
Одоо Засгийн газар, Улаанбаатар хотын удирдлага цаашид нэмж нэг ч хүний амь насыг ихээхэн мөнгө хөрөнгө зарж өөрсдийн үйлдвэрлэсэн чанаргүй түлшний утааны угаарт хордуулан алдах эрх байхгүй гэж үзэж байна.
Засгийн газар, Улаанбаатар хотын удирдлагын их хэмжээний мөнгө зарцуулан үйлдвэрлэсэн хортой түлшэнд угаартаж алтан амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэн нийслэл Улаанбаатар хотод нэг өдрийн эмгэнэл зарлах нь хүмүүнлэг ёсонд бүрэн нийцэх болно.
 
 
НАМБАРЫН ЭНХБАЯР
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч,
МАХН-ын дарга