sonin.mn
Юуны өмнө жаахан тайлбар хэрэгтэй. Бид нар гэдэг 1970-аад оны дунд үед төрөгсөд. Харин АХ нар бол 1960-аад оны дунд, 1970-аад оны эхэн үед төрөгсөд. Тэд нар минь мэдээж биднээс лавтай хорин оймс илүү элээсэн архагууд. Яг нийгэм солигдох үед ихэнх нь цэргийн албаа дүүргээд, зарим нь гадаад дотоодын ТМС-ийн боловсролтой, бас чиг юм үзэж тайлсан, бидэндээ бол “дориун эрчүүд” харин бусдад бол арай л чулдаж мэдэх насандаа явжээ. Зарим нь бүр их, дээд сургуулийн төгсөх ангийн оюутнууд, хар дипломат цүнх, туулайн арьсан сээгий малгайтай, Дарханы нэхий өмсчихсөн монцгорууд байлаа. Ганзагын наймаанд явж, нэг бус удаа шатаж үзээд, утаа үнс үнэрлэчихсэн, хатуу идээ яаж хүртэхийг заах, хайрын паян хэрхэн дэлгэхийг сургах хэмжээнд хүрсэн байлаа. Олонх нь ардчилал, ардчилал гэж ярих дуртай ч одоо бодоход хэн нь ч түүнийхээ талаар мэдлэггүй, мөнгөтэй л болчихвол бүр зүйл ОК болдог нийгэм ирлээ гэсэн хар таамгаар биднээс арай түрүүлж, амьдралд хөл тавьжээ. Тэд маань тэгээд мөнгөний хойноос л нүдээ аниад шүдээ зуугаад зүтгэсэн л дээ. Анхны тохиролцооны дэлгүүрүүдийг тэд нээж, анхны баар сав ч бас тэднийх. Анхны хуучин ч гэсэн  BMW, BENZ-үүдыг тэд унаж, анхны хууль бус наймаа ч тэднийх. Гэхдээ мэдээж бүгдээрээ биш л дээ? Зарим нь шүлэг бичиж, бүжиг дэглэж, жүжиг тоглож, архи ууж, агсан тавьж, ардчилал бол гэж амаа ангалзуулж, өсөж хүмүүжсэн хуучин нийгмээ үмхий самхайгаар нь дуудаж, харь газар ном үзэж, капиталист нийгмийг ойлгох гэж оролдож явсан гэдгийг мартах ёсгүй.
 
 
Ах нар минь уг нь өнгөрсөн хугацаанд улс орноо хөгжүүлэх гэж их хичээсэн гэдгийг бид үгүйсгэхгүй. Даанч суурь итгэл үнэмшид нь шал худлаа байжээ. Бүгдийг шинээр өөрчлөнө гэж зүтгэсэн ч яаж өөрчлөх талаар ямар ч ойлголт байсангүй. Тэдний маань буруу биш. Энэ тал дээр бол хаа ч тэднийгээ бид өмгөөлнө.
 
 
Учир нь “Урьхан салхинд намирсан улаан туг минь сүртэй еэ” хэмээн дуулж, “Урагшаа тэмүүлэн алхсан урам зориг минь” гэж хашгирч, МАХН-ын залуу идэр жавхлант халаа хувьсгалч залуучуудын эвлэлийн гишүүнд элсэж, хөрөнгөт нийгмийн шүдээ хүртэл зэвсэглэсэн дайснуудыг Калашниковын AKA буугаар хага буудах мөрөөдөлтэй өссөн юм. Юуных нь хөрөнгийн зах зээл, валютын арилжаа, эдийн засгийн чөлөөт харилцаа, банк санхүүгийн бодлого, ёстой “түй” ч ойлголт байсангүй. Харин мөнгө бол энэ нийгмийн харилцаанд хамгийн хүчтэй зэвсэг гэдгийг там тум гадарласан учраас ямар ч аргаар хамаагүй “мөнгөтэй" л болох хүсэлд хэт эзэмдүүлчихжээ. Тэгээд л хөнжил дээгүүр гүйсэн бясаа хүрэн улаан болдог шиг ханахаа мэдэхгүй харайж гарсан юм. Тиймээс тэд маань шинжлэх ухаан, соёл, уран зохиол, урлаг гоо сайхан, гэр бүлийн нандин ёс, үр хүүхдийн ирээдүй, эрүүл мэнд, үнэт зүйлсийн тухай бодох завгүй явсаар өнөөдөр ирсэн юм. Бодох зав үнэндээ одоо ч тэд нарт минь алга. Бодож үзээгүй юмаа хүн сураагүй л байдаг шүү дээ.
 
Энэ ч бас тэдний минь буруу биш. Бид ер нь хар багын айх, хайрлахын завсраар ах нарыгаа хүндэлж, хайрлаж, аль болох л хамгаалах өмгөөлөх талын бодолтой болсон хүмүүс. Шалтгаан нь ердөө л анх л тэднийхээ дуу хоолойгоор” Алтан хавчаараар хавчсан үсэнд чинь аясын салхи наадан тоглоно” гэж гитартай парчигнуулахыг сонсож, анх тэднийхээ гараас аягатай архи хүртэж, тамхинд нь гүйж, анх л тэднийхээ амнаас амрагийн 'явдал яаж “хийдгийг” сонсож, анх л тэднийхээ заавраар айлын охидуудыг орцонд дуудаж, анх л тэднийхээ хэлснээр АВВА, BONEY M гэдэг хамтлагийн дуу сонсож, ядаж л анх тэднийхээ араас айлын тагтнаас борц шууж, байрны хонгилд шөл буцалгаж үзсэн юм хойно аргагүй л дээ? Тэд бидэнд амьдралын А үсгийг ангийн багш нараас өмнө таниулсан хэрэг. Тэгэхээр чинь яаж тийм ач буянтай улсуудынхаа талаар муу хэлж, луу унжиж болох билээ.
 
Одоо ч тэд нар минь хичээсээр яваа гэдгийг бид мартах ёсгүй. Яахав, хөөрхийс минь ядарсан нь ядарч, адарсан нь адарч яваад цаг бусаар цаашаа наашаа болж, орчлонгийн гөлөөн хавтгай дээр осолдож эндэж яваа ч тархи толгойных нь буланд яавал эх орноо бусдын дайтай болгох вэ? гэсэн сайхан бодол нь хадгалагдсаар байгаад бид итгэдэг. Даанч мэдэхгүй, чадахгүй, ойлгохгүй гурав л тэдний минь хөлийг хорьж, гарыг гавлачихаад байгаа юм. Түүнээс биш хувьдаа ихийг завшиж, хууль бусаар хурааж хуримтлуулаад, гай болж юм эргэвэл гадаад руу зугатах гээд байгаа юм биш. Одоохондоо өөрсдийгөө болгочихоод дараа нь биднийгээ хага баяжуулаад, ногоон мөнгөөр бороо оруулна л гэж гэгээнээр мөрөөдсөөр яваа гэдэгт бид бас итгэдэг.
 
 
Ах нар заримдаа хэт хичээдэг л гэмтэй. Улс орноо хөгжүүлэх гэж хэт их хичээснээс болоод санхүү мөнгөний сахилга бат алдаж, саарал жагсаалтад орчихдог л юм. Тэр яах вэ? Эр улсууд хойно нэг алдаж, эрэг нэг нураа л биз. Бас хэт их хичээснээсээ болоод ЖДҮ-гээс мөнгө тууж, ОПШОР-т данстай болчихдог юм. Харин биднүүс ах нарыгаа ямар ухаанаар, яаж яваад, хэнээр заалгаад тийм их мөнгө хурааж чадсаныг ойлгохгүй л байгаа.
 
 
Ер нь ах нар гэдэг чинь “АХ НАР” л байдаг юм байна гэж далд нууцхнаар тэд нараараа бахархдаг гэдгээ хэлчихье. Бас тэд минь хэт их хичээснээсээ болоод НАМ гэдгийг ёстой НОМ болтол нь хөгжүүлсэн мундагчуул. Бүгдийг намаараа л ёстой нам болтол нь шийднэ. Дээр суудаг захирал, доор суудаг үүдний жижүүр, пирожки хайрдаг гуанзны тогооч, пийшин шалгадаг байрны багш нь хүртэл ах нарын нэг намын гишүүдээс бүрдсэн сургууль хүртэл бүтээж чаджээ.
 
XXI зууны хосгүй гайхамшгийг тэд нар минь л цогцлоосон. Хайр хүрээд байдаг юм. Бас тэд минь хэт их хичээснээсээ болоод эх орон, уул тал хөндийгөө уурхай баялгийн охь гэж үзээд ухаад л байвал нэг өдөр капиталжсан улс болно гэж ухаарсан нь “социалист” төлөвлөгөөт эдийн засгаа “төгөлдөржүүлнэ” хэмээн анхнаасаа итгэсэнтэй нь л холбоотой гэдгийг бид ойлгохгүй юм бол хэн ойлгох юм бэ?
Ах нар минь хүн-нийгмийн энэ хөгжпийн замд хэнээс ч дутахгүй болцгоосон л доо? Брэндийн пиджаак, торгон зангиа, коньяк голдуу ууж, олон одтой зочид буудалд унтаж, олон залуу охидын хувийн амьдралыг ч шийдэж өгсөн жинхэнэ эрчүүд. Гэхдээ бүгдээрээ биш л дээ. Энгийн сайхан хүний амьдралаар эхнэр хүүхдээ тэжээж, эрдэм номонд хичээж, зөв сайхан төлөвтэй зөндөө ах нар бидэнд байна. Бид тэдэндээ аргагүй хайртай. Харин БИД гэж хэн билээ.
 
БИД НАР
 
Бид нар яах вэ? Ёстой өнөө гадны мэргэн хүний хэлснээр “Орхигдсон үе”-ийнхэн. Гэхдээ нэг их сүртэй орхигдсон юм байхгүй л дээ? Зүгээр л өөрсдийгөө тэгж бодоход сайхан байдаг юм. Мэдээж олон талаараа азтай, зарим талаараа азгүй талдаа хүмүүс. Одоо хэдий 40 хүрч, дөрөө даах насандаа ирсэн ч хувираад байгаа цаг үеэ “хувьсгал” үргэлжилсээр байна гэж ухвар мөхөс боддог оройтсон ухаанаар доройтох насны хаалга самардаж эхэлсэн ясны хувьсгалч улсууд. Даанч хувьсгал хийнэ дээ гэж мөрөөдсөөр хорвоог барж дуусах шатандаа оров. Товчхондоо хувьсгал хийж үзээгүй хувьсгалчид. Бас л бахархмаар явдал. Ах нараасаа ганц нэг зүйлээр илүү, Хожуу ургасан чи.: санаатай юм болохоор. Гэвч олон зүйлээр тэднээсээ өөрцгүй. 
/Уучлаарай үхэр, хонин жилтэй үе тэнгийнхэн минь... /
Үндэсний соёл урлагаа хайрлах нь мэргэжлийн байгууллагуудад нь шинэ байшин барьж өгөх, эрдэм мэдлэгийг дээдлэх нь эрдэмтдийн их чуулган зарлах, тэгээд ажил хийсэн гэж зурагтаар ам дүүрэн ярих, бодлогын түвшинд гэх ч бодлого боловсруулж үзээгүй, гадаад орны туршлагааас гэвч дотоод орны амьдралаа мэддэггүй ах нараасаа ялгарах зүйл бидэнд бараг л үгүй шүү дээ.
 
Тэд нарынхаа нөмөрт өсөж, тэд нарынхаа ам, гарыг харж, тэд нараараа орчлонг төсөөлж, тэд нараараа амьдралаа заалгагсад. Яг л хувилаад тавьчихсан мэт байдалтай, хуруу гарынх нь үзүүрт гүйгчид. Зах зухаасаа яам тамгын газарт зангиа зүүж, алба ажлын захтай болж, орчин үе гэж ярьдгаас биш орчин үеэ огт ойлгоогүй. Гэхдээ мэдээж бүгдээрээ биш л дээ? Бид ажил хийж, амь зууж, уурхай малтаж, найраг хэлхэж, “Цаг ирнэ дээ” гэж цамнаж, цалингаа буухаар намнаж, эхнэр хүүхдээ хайрлаж, эх орноо бас хөгжүүлэхээр зүтгэж яваа. Даанч ганц л зүйлийг гавьяат болсон ч сайн ойлгохгүй хэвээр. Үймээнтэй энэ дэлхий ертөнцөд яажшуухан ямар аргаар улс орноо хөгжүүлэх ухаанаа бас олоогүй. “Хэзээ нэгэн цагт болно доо” гэсэн халх, буриад, дөрвөд, торгууд бусад зангаараа тайтгарч сууна.
 
ДҮҮ НАР
 
Тэд нар их л өөр л дөө? Эрх мэдэл, мөнгө хоёрыг ядаж зааглаж ойлгодог. Гэм нь цүнхэнд л хайртай... “Заяа ихтэй Монголчууд” гээд дуу байдаг билүү? Сайн санахгүй байна. Ямар худлаа үг вэ?
 
 
П.Батхуяг Хэл бичгийн ухааны доктор, яруу найрагч, хүүрэл зохиолч утга зохиол судлаач, шүүмжлэгч