Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр “Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн одон-Чингис хаан” одонг “The Hu” хамтлагт олгохоор болсон гэж мэдээллээ.
Мөн Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр энэ сарын 26-ны, Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 нь энэ сарын 27-ны өдөр дараалан таарч байгаа тул эдгээр өдрүүдэд болдог бөхийн барилдааныг нэгтгэх болсон талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД “THE HU” ХАМТЛАГТ ШАГНАЛ ОЛГОХ БОЛСОН ТАЛААР:
 
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэдийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг журамтай.
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн өнөө жил 11 дүгээр сарын 27-ны өдөр тохиож байгаа. Энэ өдөр “Чингис хаан” одон гардуулах ёслол тогтсон дэг жаягийн дагуу болно.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч өнөө жил Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонг улс орныхоо нэр хүнд, үндэстний урлагийнхаа гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө төрхийг бий болгож байгаа “THE HU” хамтлагт хүртээхээр шийдвэрлэснийг Та бүхэнд уламжилж байгаадаа баяртай байна.
 
“The Hu” хамтлаг “Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг, 11 хүний бүхэлдэхүүнтэй.
 
МУГЖ Б.Дашдондог – Үүсгэн байгуулагч, продюсер,
Ц.Надмидтулга – Менежер,
Брэндон Фрайзен – Менежер,
Ц.Галбадрах – Хамтлагийн ахлагч, аянга морин хуур, хархираа хөөмэй,
Г.Нямжанцан – Төмөр хуур, цуур, хөөмэй,
Б.Энхсайхан – Гал морин хуур, хөөмэй,
Н.Тэмүүлэн – Товшуур,
Г.Одбаяр – Бөмбөр,
А.Жамбалдорж – Соло гитар,
Б.Батхүү – Басс гитар,
М.Өнөмөнх – Хэнгэрэг гэсэн бүрэлдэхүүнтэй юм байна.
Үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог нь 2009 оноос эхлэн 9 жилийн турш энэхүү хамтлаг, уран бүтээл, хөгжмийн урсгал чиглэлийн санааг бодож боловсруулан, судалсан байна. Тэрбээр “Хүннү рок” урсгалын үндсэн дуугаралтыг гаргаж авах, хөг өнгийг шинээр зохиох, хамтлагийг бүрдүүлэх, тоглох арга барилыг сайжруулах, дуугаа бичих, дуулах хэв маягийг орчин үеийн рок хэлбэрт шилжүүлэх, хөгжмийн зэмсгийг загварчлах, хамтлагийн гишүүдийн дүр төрхийг тодорхойлох зэрэг ажлуудыг хийж ирсэн байна.
 
“Хү” хамтлаг уран бүтээлээ анх 2018 оны сүүлээр нийтийн хүртээл болгосон цагаас асар богино хугацаанд маш өргөн хүрээнд түгж, дэлхийн хөгжмийн ертөнцөд монгол агуулгатай нэгэн шинэ өнгө төрх, уур амьсгалыг бий болгож байна.
 
 
Анхны уран бүтээл “Юу вэ, юу вэ, юу?” дууг “Youtube” сувгаар нэг жилийн дотор 26 сая, “Чонон сүлд” дууг 20 сая удаа үзэж, “Хүннү рок” урсгалыг дэлхийн сонорт чангаар тунхаглажээ. 2019 оны 6 дугаар сараас эхлэн Европын нийт 13 орноор 23 фестиваль тоглолтод оролцож, эхнийхээ аялан тоглолтыг амжилттай хийгээд одоо Америк, Канад улсаар аялж, бие даасан болон фестивалийн нийт 60 тоглолтыг хийж явна. Англид болдог алдартай рок фестивальд анх тоглосон хамтлаг дүүрэн үзэгчтэй тоглосон тохиолдол 10 жилийн дараа гарсан нь “Хү” хамтлаг болсон байна.
 
 
Энэ онд гаргасан “Чингис хаан” дууны клип цацагдсанаар олон улсад Чингис хааны нэрийг буруу бичиж, хэлж хэвшсэн байдал засагдаж эхэлсэн зэрэг гадаад харилцаа, улс төр, дипломатын хүрээний эерэг үр дүн ч гарч байгааг дурдах нь зүйтэй. Түүнчлэн Европт хийсэн аялан тоглолтын үеэр монгол хүнд хандах тухайн улсын хүмүүсийн хандлага, харьцаа илүү хүндэтгэлтэй, эелдэг найрсаг болж ирснийг Европын олон оронд сурч, ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд маань бахархан ярьж байгаа юм.
 
“Гэрэг” хэмээх анхны цомгоо энэ оны 9 дүгээр сард гаргасан нь борлуулалтаараа дуу хөгжмийн ертөнцийн жагсаалтыг тэргүүлж байна.
Их Эзэн Чингис хаан, эзэнт гүрэн, өвөг дээдсийнхээ суу алдар, бахархалт түүх хийгээд үндэсний уламжлалт урлаг соёлынхоо арвин өвдөө тулгуурлан бий болгосон “Хүннү рок” хэмээх шинэ урсгалыг дэлхий дахинд сурталчлан түгээж, Монгол Улс, монгол хүний нэр хүндийг өндөрт өргөн гялалзаж яваа монгол залуустаа баяр хүргэж, талархал илэрхийлье” гэсэн юм.
 
МӨН БҮГД НАЙРАМДАХ УЛС ТУНХАГЛАСАН ӨДӨР, ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН МЭНДЭЛСЭН ӨДРИЙН ТАЛААР:
 
2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн ордны түүхийн музейд 11:40 цагаас хөгжмийн зохиолч, “Чингис хаан” одонт, Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны “Алтан пянз”-ыг Төрийн түүхийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өгөх ёслол болно.
2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Реалист зураачдын уран бүтээлийн үзэсгэлэн Төрийн ордны “Баганат” танхимд болно. Мөн жил бүр уламжлал болгон зохиогддог Мөнх тэнгэрийн бичиг монгол уран бичлэгийн үзэсгэлэн Хүүхдийн урлан бүтээх төвд 15:00 цагт нээлтээ хийхээр болсон.
2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол эхэлнэ. Мөн өдрийнхөө 14:00 цагаас Эзэн богд Чингис хаан мэндэлсний 857 жилийн ой, Улс тунхагласны 95 жилийн ойн баярт зориулсан чансаа өндөртэй хүчит 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.
Улс тунхагласны гэж бидний ярьдаг өдөр бол улс тунхагласны өдөр биш юм. Бид буруу ярьж сурсан. Анх удаа Үндсэн хууль баталж, Хаант засаглалаас Бүгд Найрамдах улсын хэлбэрт орсны баярын өдөр болохоос Монгол Улс олон зуун жилийн түүхтэй улс” гэлээ.
 
Мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
 
-“Чингис хаан” одонг иргэдэд гардуулдаг байсан?
 
-Энэ жилээс журамд өөрчлөлт орж байгууллагад гардуулдаг болж байгаа юм. Хамтлаг бол байгууллага “Чингис хаан” одонг үүсгэн байгуулагчид нь зүүж өгөхгүйгээр жаазанд хийж өгнө. Харин хамтлагийн бүх гишүүдэд жижиг тэмдэг зүүж өгнө.
 
-Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд хориг тавих уу?
 
-Дөрвөн давхар дээлтэй сайдын асуудалд хориг тавих тухай яригдаж байгаа. Гэхдээ хоригийг хүлээж авах хэмжээний УИХ-ын гишүүдийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг давхар судалж байгаа. Үндсэн хуулиа бараг 100 хувийн саналаар баталсан, мөн давхар дээлтэй дөрвөн сайддаа аль аль нам нь дуртай байгаа юм шиг байна. Хэрвээ хориг хүлээж авах хэмжээнд хүрэхгүй бол хориг тавихгүй. Бусад Үндсэн хуулийн өөрчлөлттэй санал нийлж байгаа.
 
-Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтөд хориг тавих боломжтой эсэх талаар маргаантай байх шиг байна?
 
-Үндсэн хуульд хориг тавих талаар “…УИХ-ын хууль, бусад шийдвэр” гэж байдаг. Үүнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хамаарна.
 
-Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлж байгаад хориг тавих уу?
 
-Хориг тавина. Нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс нэмэгдэх 2 хувь дээр хориг тавихаар бэлтгэж байгаа.