Дүгэрсүрэнгийн Билэгт
 
/1949-2020/
 
Бид бүхний хайртай, хүндлэн дээдэлдэг дотны хүн Дүгэрсүрэнгийн Билэгт 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр бурхны оронд заларч бидэнд хүнд гарз, уй гашуу тохиолоо. 
Д.Билэгт нь 1949 онд Монгол Улсын ууган геологич Жалцавын Дүгэрсүрэн, Цэрэндоржийн Сэжидмаа нарын отгон хүү болон Улаанбаатар хотноо мэндэлж, 1956-1966 онд нийслэлийн 1 дүгээр дунд сургуулийг алтан медальтай, 1966-1971 онд хуучин ЗХУ-ын Москва хотын Геологи хайгуулын дээд сургуулийг улаан дипломтой тус тус төгсөж, уулын инженер-геофизикч мэргэжил эзэмшиж,  геологийн салбарт арваад жил ажиллан, улмаар Москвагийн Нийгмийн ухааны академид суралцаж төгссөн юм. 
1982 онд Монголын Энх тайван, найрамдлын байгууллагуудын холбоо (МЭТНБХ)-ны  Гүйцэтгэх хорооны орлогч даргаар томилогдсоноос хойш энэ байгууллагад тасралтгүй гуч гаруй жил ажиллахдаа энхийн төлөө, улс орнуудын найрамдал, хамтын ажиллагааны төлөөх монголын олон нийтийн дуу хоолойг дэлхийн олон түмэнд хүргэн таниулах энх тайвны элч болж, ихээхэн хүчин чармайлт, санал санаачилга гарган ажиллаж байсан юм. Дэлхийн энх тайвны талынхны чуулга уулзалт, Ази, Африкийн Эв санааны нэгдлийн Тэргүүлэгчдийн чуулган зэрэг 50 гаруй улс, оронд болсон олон улсын хурал, чуулганд оролцож, эх орон, монголчуудаа төлөөлөн илтгэл тавьж, мэдээлэл хийж, үг хэлж, санал солилцож байсан юм. 
 
 
Д.Билэгт нь Олон улсын Эв санааны нэгдлийн Монголын Нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааг дэмжих “Андын тус” Нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, Улаанбаатар “Арслан” клубын ерөнхийлөгч (2002), “Буриадын соёл, өв уламжлалын сан”-гийн дэд ерөнхийлөгч зэрэг сонгуульт албуудыг хашиж байв. Тэрээр Монгол Улсын ШУА-ийн олон улсын судлалын профессор, Японы Сока их сургуулийн хүндэт доктор, академич, Нүүдлийн соёл иргэншлийн академийн билгүүн номч, академич, ОХУ-ын Буриад Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн юм.  
 
 
Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, ойн медалиудаар шагнасан бөгөөд БНАСАУ-ын Найрамдлын 1-р зэргийн одон, Чехословак, Куба, Итали улсуудын төр, засгийн “Найрамдал” медаль, ОХУ-ын Энх тайвны сангийн дээд шагнал “Алтан медаль”, ОХУ, БНСВУ-ын энх тайван, найрамдлын шагнал зэрэг гадаад улс, орны олон шагналтай юм. 
Талийгаачийн маань алсын хараа, зорьсон зорилгынхоо төлөө тууштай тэмцдэг,  тэвчээр тэнхээтэй, энгийн даруу зан чанар, цөөн хир нь мартагдахааргүй хэлдэг жинтэй үгс, удам угсаа, төрөл саднаа гэх ухаалаг бодол санаа, хүсэл мөрөөдөл, гэр бүл, үр хүүхдээ гэх хайр, халамж нь  бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно.
 
Хань, үр хүүхэд, ач гуч, эгч нар, төрөл төрөгсөд