sonin.mn
Бидний хайрт аав, өвөө Авгачуул овогтой Будын Намсрай нь 1940 онд малчин ард  Будын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн. Тэрээр 1948-1958 онд Дорнод аймгийн арван жилийн дунд сургуульд, 1958-1962 онд Эдийн засгийн дээд сургуульд суралцан Эдийн засагч мэргэжил эзэмшжээ. Сургуулиа төгсөөд Эдийн засгийн дээд сургууль, Монгол Улсын Их сургуульд 1962-1964 онуудад багшилж байсан байна. 
1964-1993 он хүртэл Намын төв сургууль, Намын дээд сургуульд эдийн засгийн багш, 1993-1996 онд Улс төрийн боловсролын академи, 1996-1997 онд Зах зээл судлалын хүрээлэнд судлаач, 1997-2000 онд Улсын их хурлын олонхийн бүлгийн ажлын албаны дарга, ахлах зөвлөхөөр ажилласан. 2000-2019 онд одоогийн Удирдлагын академид эдийн засгийн онол, эдийн засгийн түүх зэрэг хичээлүүдийг зааж  багшилж байжээ.
Москва хотод Нийгмийн ухааны академи БНАГУ-ын Берлин хотод  Европын академи, Австрийн Вена хотод Менежментын сургууль зэрэгт мэргэжил дээшлүүлсэн байна.
 
 
 
Ажиллаж байх хугацаандаа зах зээлийн эдийн засгийн ухааныг судалж  эдийн засгийн онолын анхны сурах бичиг,  хөгжлийн эдийн засаг, эдийн засгийн хөгжлийн түүх зэрэг сурах бичгүүдийг эх хэлнээ орчуулан олон зуун шавь нарыгаа зах зээлийн эдийн засагтай танилцуулахад хувь нэмрээ оруулж ирсэн. 
 
 
 
Тэрээр амьдралынхаа 50 гаруй жил  багшаар ажиллаж, олон мянган шавь, боловсон хүчин бэлтгэхэд өөрийн мэдлэг, хөдөлмөрөө зориулсныг төр засгаас үнэлж Монгол улсын Гавъяат багш цол олгосон. 
Аав минь ардчиллыг талархан дэмжигч байсны зэрэгцээ Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцад өөрийн хувь нэмрийг оруулж чөлөөт зах зээлийн эдийн засгийн хичээлийг шинээр зааж байсан анхдагчдын нэг юм.
Бидний ээж Ё.Балжиннямтай 1960 онд танилцаж гэр бүл болон зургаан хүүхдийн эцэг эх болсон. 
Үр хүүхэд  бид нь Таныхаа үнэнч шударга, ажилч хичээнгүй, тууштай, эгэл даруу, уян зөөлөн зан чанаруудыг тань ямагт дээдлэн дурсан санаж, Таныхаа үргэлжлэл байх болно. 
 
Үр хүүхдүүд, ач, зээ нар нь