Коронавирусний цар тахлаас үүдэн дэлхийн эдийн засагт хүндрэл үүснэ гэдэг нь нэгэнт тодорхой болж, тэр ч байтугай сүүлийн 100 жилд тохиогоогүй ноцтой хямрал дэгдэнэ гэсэн түгшүүрт мэдээлэл тархаад байна. 2020 оны нэгдүгээр сарын сүүлчээс нөхцөл байдал огцом өөрчлөгдөж, коронавирусний халдвар нь дэлхийн эдийн засагт шинэ эрсдэл, шинэ сорилт болж гарч ирснээр эдийн засаг богино хугацаанд сэргэнэ гэсэн найдлага өдрөөс өдөрт сарнин замхарсаар... Болзошгүй их уналтаас сэргийлэхийн тулд улс орнуудын бодлого тодорхойлогчид шуурхай ажиллаж, гуравдугаар сарын дундуур л гэхэд нийт 30 гаруй улсын төв банк бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргав. Тэдгээрийн дотор Монголбанк бодлогын хүүгээ нэг нэгж хувиар, банкуудын заавал байлгах нөөцийг хоёр пунктээр бууруулахаар шийдвэрлэлээ.  
COVID-19 өвчний халдвар маш хурдацтай тархаж байгаа учраас түүний нөлөөллийг нарийн тооцоход одоогоор хүндрэлтэй байна. Гэхдээ коронавирус Монгол Улсын эдийн засгийн төлөв байдалд аль хэдийнэ нөлөөлөөд эхэлснийг Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харж болно. Тодруулах үүднээс эдийн засгийн бодит байдлыг илэрхийлж байдаг цөөн хэдэн суурь үзүүлэлтийг авч үзье.
 
 
 
Улсын нэгдсэн төсвийн орлого 2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 1,464.4 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 173.7 тэрбум төгрөг буюу 10.6 хувиар буурчээ. Экспорт 29.5 хувь буурснаас шалтгаалан Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 23,7 хувийг бүрдүүлдэг эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 347.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 32.9 хувиар буурсан байна.
 
 
 
Экспорт буурсныг дагаад импорт 10.4 хувиар хумигдлаа.  Энэ нь коронавирусний улмаас Хятад улсад түүхий эдийн эрэлт огцом буурснаас, тухайлбал, нүүрсний хэрэглээ 30 гаруй хувиар багассантай холбоотой юм.
 
 
 
Экспорт, импортын нийлбэрээр тодорхойлогддог гадаад худалдааны бараа эргэлт нь манай улсын хувьд ДНБ-тэй нь тэнцдэг нэгэн онцлог бий. Гэтэл бусад улсын хувьд экспорт, импортын нийлбэр нь ДНБ-ээсээ 2,5-3 дахин бага байдаг. Өөрөөр хэлбэл, манай улс импорт-экспортоос хэт хамааралтай учраас төсвийн орлого нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос шууд хамаарч буйг дээрх тоонууд харуулж байна. Тодорхой тоо дурдваас, экспортын орлогод уул уурхайн бүтээгдэхүүн 87.1 хувийг эзэлдэг.
 
Эмзэг салбарууд
 
Коронавирусний “цохилтод” хамгийн түрүүнд хүндээр өртсөн салбарууд бол агаарын тээвэр болон аялал жуулчлал. Цар тахлын улмаас энэ онд гэхэд дэлхийн аялал жуулчлалын зах зээл 25 хувиар хумигдахаар байгааг Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс анхаарууллаа. Урьд нь гахайн ханиад, САРС, H1N1, эбола гэх мэт вирусний халдварт өртөж байсан улс орнуудын аялал жуулчлалын салбар дунджаар 19-20 сарын дараа эргэн сэргэж байсныг тооцож үзвэл коронавирусний тархалт нь тус салбарт удаан хугацаанд сөргөөр нөлөөлөх бололтой. Хэдийгээр ДНБ-нд харьцангуй бага хувь /5-6 хувь/ эзэлдэг боловч маш олон ажлын байр бий болгодог /60 мянга орчим/ манай улсын аялал жуулчлалын салбарт хямрал нүүрлэж буйн эхний шинж тэмдгүүд илэрч эхэллээ. 2020 оны 2 дугаар сард манай улсад ирсэн гадаадын иргэдийн тоо 2019 оны мөн үетэй харьцуулахад 21 хувиар цөөрч, аялал жуулчлалын орлого 28 хувиар буураад байна.
 
 
Хөвсгөл аймаг дахь Хөвсгөл нуурт жил бүр болдог өвлийн аялал жуулчлалын томоохон арга хэмжээ “Хөх сувд” мөсний баяр цуцлагдлаа. Мөн жил бүрийн гуравдугаар сард болдог “Бүргэдийн баяр” нь жуулчдын үздэг гол үзүүлбэр байдаг ч энэ жил мөн л цуцлагдав. Ийм байдлаар өвлийн аялал жуулчлалын гол арга хэмжээнүүд коронавирусний улмаас зохион байгуулагдсангүй. Эдгээр болон бусад шалтгаанаар оны эхний хоёр сард агаарын тээврийн салбарын орлого 21.7 хувиар буурчээ.
 
Засгийн газрын тооцоолол ба хэрэгжүүлж буй алхмууд
 
 
 
2016 оны сүүлчээс Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч эхэлсэн. Тухайлбал, 2017 онд эдийн засгийн өсөлт 5,3 хувьтай гарч байсан бол 2018 онд 7,2 хувь болж нэмэгдсэн билээ. Харин 2019 онд уул уурхайн салбарын экспортоос хамааран өсөлт саарч, 5,1 хувь болсон. 2019 оны сүүлийн саруудын үзүүлэлтүүдийг тооцсоны үндсэн дээр Монголын эдийн засаг энэ 2020 онд 5,6 хувиар өснө гэсэн таамаглалыг Дэлхийн банк, өсөлт 6.1 хувьтай байна гэсэн таамаглалыг Азийн Хөгжлийн банк дэвшүүлж байсан боловч коронавирусний халдвар дэгдсэн нь жигд өсөлттэй байсан эдийн засгийг зогсонги байдалд орууллаа.
 
 
 
Сангийн яамны хийсэн тооцооллоор, өнөөгийн нөхцөл байдалд ДНБ-ий хэмжээ нэг орчим хувиар буурахаар харагдаж байна. Харьцуулахад, 2008 онд 8.9 хувьтай байсан ДНБ-ий өсөлт 2009 оны хямралын улмаас 1.6 хувь болж саарч байв. 
Гэсэн хэдий ч У.Хүрэлсүхийн Засгийн газар өмнөх жилүүдэд гарсан эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг бататгаж чадсанаар нэг жилийн хүндрэлийг давж чадна хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар итгэлтэй хэлж байна. Түүний ярьснаар бол, цар тахал намжиж, экспорт сэргэснээр оны сүүлч гэхэд алдсан цаг хугацаа, ашиг орлогыг нөхөх боломжтой. Манай Монгол шиг эдийн засгийн багтаамж харьцангуй багатай орны хувьд экспортоо сэргээсэн тохиолдолд эдийн засаг нь богино хугацаанд эргээд хэвийн горимдоо орох боломжтой. Тэгээд ч манайхаас гаргаж чадах хэмжээгээр түүхий эд худалдан авна гэдгээ Хятадын тал илэрхийлжээ.
Нөхцөл байдал хүндэрч буйг тооцсоны үндсэн дээр төсөвт тодотгол хийх нь зүйтэй гэж үзэж буй эдийн засагчид олон бий. Харин Засгийн газар, Сангийн яам ийм хувилбарыг үгүйсгэж “төсвийг тодотгохгүй, төсвийн хөрөнгө оруулалттай бүхий л ажлыг хийж дуусгана” гэсэн байр суурьтай байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар илэрхийллээ.
 
Коронавирусний цар тахлын үед дэлхийн улс орнууд үндсэндээ гурван чиглэлээр эдийн засаг руугаа чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Нэгдүгээрт, эрүүл мэндийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Хоёрдугаарт, татварын бодлогоор аж ахуйн нэгжүүдийг дэмжих. Гуравдугаарт, банкны мөнгөний бодлогоор бизнес эрхлэгчдийг дэмжих. 
 
Эдгээр чиглэлд Монгол Улсын Засгийн газар ч мөн адил тодорхой шат дараатай арга хэмжээ авч байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Юуны түрүүнд, цар тахлын үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол ба үнийн хөөрөгдөл үүсгэхгүйн тулд бараа бүтээгдэхүүний гааль, НӨАТ-ын татварын төлөх хугацааг хойшлуулах арга хэмжээ авсны үр дүнд нийлүүлэлт хэвийн, үнэ тогтвортой байна.
Нөгөөтэйгүүр, аж ахуйн нэгжүүд нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд хүндрэлтэй байгаа учраас өндөржүүлсэн бэлэн байдлын үед нийгмийн даатгалаа төлөөгүйгээс үүдэн алданги, торгууль тооцож байсныг зогсоожээ. Мөн тухайн хугацаанд төлөх ёстой татвараас алданги, торгууль тооцохгүй байхаар шийдвэрлэсэн нь аж ахуйн нэгжүүдэд томоохон дэмжлэг боллоо.
 
Валютын нөөц
 
Үүний зэрэгцээ валютын нөөц 4.3 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа нь 9 сарын импортын хэрэгцээг хангах хэмжээ бөгөөд богино хугацаанд ханшийн савлагаа үүсгэхгүй байх, импортын барааны үнийг өсгөхгүй байх хэмжээнд хүрснийг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл онцлон хэллээ.  
Түүнээс гадна, хил хаагдсан хугацаанд буюу 2020 оны хоёрдугаар сард иргэд, аж ахуйн нэгжүүд Монголбанкинд 952.6 кг алт тушаасан нь даруй 10 дахин өссөн үзүүлэлт /2019 оны хоёрдугаар сард аж ахуйн нэгжүүд Монголбанкинд 95.9 кг алт тушааж байв/ гэдгийг эдийн засагч Ж.Батсуурь дурдсан юм. 
 
 
 
Алт тушаалт энэ эрчээр үргэлжлэх аваас оны эцэст валютын нөөц 25 тонн алт буюу 1,2 тэрбум доллароор /бусад валютын орлогыг тооцохгүйгээр/ нэмэгдэх төлөв харагдаж байна. Үүний зэрэгцээ дэлхийн зах зээлд нефтийн үнэ бараг 2,5 дахин унасан учраас манай улсын импортын гол нэрийн бүтээгдэхүүн болох шатахуун худалдан авахад зарцуулдаг валют хэмнэгдэнэ. Гэхдээ ирэх онуудад томоохон гадаад төлбөрүүд хүлээгдэж байгаа учраас валютын ханш буурах магадлал тун бага юм.
 
 
 
Эрсдэлүүд
 
Энэ оны хувьд, гадаад болон дотоод орчны тодорхойгүй байдал бий болох учраас эдийн засгийн хэтийн төлөвт эрсдэл нэмэгдэж байгааг Дэлхийн банк анхаарууллаа. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хэтийн төлөв нь сонгуулиас үүдэлтэй улс төрийн тодорхойгүй байдал, түүхий эдийн үнэ буурах хандлага, банкны салбарт хийгдэж буй шинэчлэл (банкуудын дахин хөрөнгөжилт)-ийн явц, мөн мөнгө угаахтай тэмцэх үйл ажиллагаанд ахиц гарах зэргээс ихээхэн хамаарахаар байна. Жишээлбэл, сонгуулийн жилийн эрсдэл гэдгийн тухайд,  бодлого боловсруулагчдын зүгээс сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж ирсэн шинэчлэлийн алхмуудаа тууштай үргэлжлүүлж, үр дүнг нь үзэх тал дээр назгайран тайвширч магадгүй юм. 
 
 
Коронавирустай шууд холбоотой хоёрдахь эрсдэлийн тухайд товч дурдая. "Fitch Solutions" агентлаг Хятад улсын эдийн засаг 5.9 хувиар өснө гэж таамаглаж байснаа 4.2 хувь болгож бууруулсан нь мэдээж коронавирусний цар тахалтай холбоотой. Өсөлт удааширснаас үүдэн 2020 онд Хятадад эрэлт буурч, Монгол Улсаас худалдан авдаг уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээ буурах магадлал өндөр. Экспортын гол түүхий эдүүд болох нүүрсний үнэ харьцангуй тогтвортой байгаа бол зэсийн үнэ 6300 доллароос 4700 доллар болтлоо огцом доошиллоо. АНУ-ын эдийн засаг сэргэж, Бээжин, Вашингтон хоёрын худалдааны дайн зогсож, Брекситийн үйл явцад ахиц гарснаас гадна агуулах дахь нөөц багассан зэрэг шалтгаанаар зэсийн үнэ он гарангуут огцом өсөж, 6314 ам.доллар/тн-д хүрээд байсан билээ.  Цаашдаа зэсийн үнэ 4500 ам.доллароос доош орвол “Эрдэнэт” үйлдвэр алдагдалд орж эхэлнэ. Манай улсын экспортын орлогын 40 хувь, төсвийн орлогын 15 орчим хувийг зэсийн салбар бүрдүүлдэг. Үнэ унах хандлага цаашид үргэлжилбэл төсвийн орлого, экспортын орлого буурснаар эдийн засгийн идэвхжил сулрах эрсдэл бий.
 
 
Түүнчлэн экспортын бас нэгэн чухал бүтээгдэхүүн болох төмрийн хүдрийн үнэ унах магадлалтай байна. 2019 онд Монгол Улс 8.4 сая тонн төмрийн хүдрийг 576.6 сая ам.доллароор экспортолсон байна. Экспорт биет хэмжээгээр 13.4 хувиар, мөнгөн дүнгээр 68.5 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ. Үүнээс үзвэл төмрийн хүдрийн экспорт нь багтаамжийн хувьд ноолуурынхаас илүү орлоготой салбар юм. Харин Хятад улсад эрэлтийн өсөлт саарч, зах зээлд нийлүүлэлт нэмэгдэх төлөвтэй байгаагаас хамаарч 119 ам.доллар/тн байсан төмрийн хүдрийн үнэ 2020 онд дунджаар 80 ам.доллар болж доошлох төлөвтэй байна. Үүнээс үүдэн “Монгол Улсын эдийн засаг Хятадын эдийн засгаас өндөр хамааралтай өнөөгийн нөхцөл байдалд шинэ төрлийн коронавирусний Хятадын эдийн засагт үзүүлэх нөлөө нь Монголын эдийн засагт сөрөг байх болно” гэсэн дүгнэлтийг Дэлхийн банк хийжээ.
Үүний сацуу тус банкнаас 2020 оны хоёрдугаар сард гаргасан “Монгол Улсын эдийн засгийн тойм тайлан”-д дурдсанаар, эдийн засгийн өсөлт сүүлийн 3 жилийнхтэй харьцуулахад бага зэрэг саарсан ч дунд хугацааны төлөв эерэг хэвээр байна. 
 
 
 
Б.Адъяахүү