sonin.mn
Монголын уран нугаралтыг дэлхийн тавцанд таниулж буй уран бүтээлчдийн нэг О.ЦЭЦЭГЛЭНТЭЙ ярилцлаа.
 
-Монголын циркийн өнгө төрх болсон уран нугаралтаар хэдэн наснаасаа хичээллэж байна вэ. Энэ урлагт хөл тавихад тань бахархал болсон уран бүтээлчид багшилж байв уу?
 
-Би найман наснаасаа буюу 1998 оноос уран нугаралтаар хичээллэж байна. Зурагтаар хоёр эмэгтэй нугарч байхыг хараад биширч билээ. Тэгээд тэдэн шиг нугарах гэж оролдсон юм. Уран нугаралтын талаар ямар ч мэдэгдэхүүнгүй атлаа анхны оролдлогоор амжилттай нугарч, “Би чадаж байна” гэж өөрөөрөө бахархсан. Уран нугараач болох мөрөөдлөө ээждээ хэлэхэд зөвшөөрч циркийн дугуйланд явж эхэлсэн. Би гурван багштай хичээллэсэн байдаг. Анх гимнастикийн Цэцэнхүү багштай хичээллэж, циркийн урлагт хөл тавьсан юм. Дараа нь Соёлын тэргүүний ажилтан уран нугараач Энхцэцэг, Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Энхцэцэг багштайгаа бэлтгэл сургуулилт хийх болсон.
 
-Өдгөө дэлхийн алдартай цирк, соёлын цогцолбор аяллын усан онгоцон дээр манай уран нугараачид л хамгийн гайхалтай үзүүлбэрийг үзүүлж байна. Та бүхэн Монгол аялгуутай уламжлалт тавилтаа өөрчилж байгаа юу?
 
-Хамтран ажиллаж буй компани, шоугаа толилуулж байгаа улсаас хамаараад тавилтаа өөрчлөх шаардлагатай болдог. Зарим байгууллага уламжлалт тавилтыг сайшаадаг байхад зарим нь сонгодог хэлбэрийг эрхэмлэдэг учраас хореограф буюу тавилтаа өөрчилдөг. Алдартай цирк, театр, варьетегийн хамгийн оргил үзүүлбэрийг Монголын уран нугараачид гүйцэтгэж байна. Бид аль ч улсын тайзнаа гарсан үзэгчдийг бишрүүлж, алмайруулсан үзүүлбэр үзүүлдэг.
 
 
 
Уран нугаралтаар Монголчууд шилдэг нь гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрсөн.
 
 
 
-Үндэсний урлагаа сурталчлах хэрэгтэй ч циркийн жүжигчний хувьд мэргэжлийн карьераа баталж олон улсын уралдаан тэмцээнд оролцож байна уу?
 
-Би олон улсын зэрэглэлтэй таван тэмцээнд оролцсоноос дөрвөн хүрэл цом, хоёр тусгай байр эзэлсэн. Циркийн олимп гэгддэг Монте Карлогийн тэмцээнд 2010 онд хамтлагаараа оролцож, хүрэл цом хүртэж байлаа. Мөн циркийн А зэрэглэлийн Уханийн олон улсын тэмцээнд хамтлагаараа оролцон хүрэл цомын эзэд болсон. Мэргэжлийн жүжигчний хувьд карьераа ахиулж, чадвараа батлахыг хичээдэг.
 
-Алдартай циркүүд Монгол нугараачдыг урьж ажиллуулахаас гадна багшлуулж залгамж халаагаа бэлтгэх болсон. Тэдний Монгол багшийг сонгох болсон нь тохиолдол биш болов уу. Үүнд монгол нугараачдын төрөлхийн авьяас нөлөөлж байна уу эсвэл манай сургалтын уламжлалт арга барил шилдэг байна уу?
 
-Монгол багш нар техник сайтай учраас олон улсын нэр хүндтэй циркт урилгаар ажилладаг. Циркчдийн мөрөөдөл болсон “Нарны цирк”-т ч Монгол багш нар ажиллаж байна. Монголчууд техникээс гадна уран нугаралтыг бяр чадал, гоо үзэсгэлэнгийн дээд түвшинд гүйцэтгэдэг. Хүмүүс нугарахад уян хатан байхад л болно гэж ташаа ойлгодог. Үнэндээ байгалиас заяасан уян хатан бие, тэвчээр хатуужил шаардахаас гадна, бяр чадал, амьсгалаа хэрхэн зөв хуваарилах зэргээр ухаан шаарддаг урлаг. Нөгөөтэйгүүр гоо зүйн урлаг учраас гадаад гоо сайхнаа уран яруу илэрхийлэх хэрэгтэй.
 
 
 
 
Монгол эмэгтэйчүүд биеийн хэлбэрийн хувьд уран нугарахад төгс зохицсон байдаг. Мөн гаднынхан уран нугаралт, циркийн сунгалт сурахаар Монголд их ирэх болсон.
 
 
 
Тэдний зорилго бол манай багш нараар Монгол техник заалгах. Хатуужил дунд циркийн урлагийг эзэмшсэн хүн сурсан мэдсэнээ бусдад хуваалцахдаа сайн бөгөөд чадварлаг шавь бэлтгэдэг.
 
-Та гадаадын хэчнээн улсаар аялан тоглолт хийв. Одоо ямар байгууллагатай гэрээгээр ажиллаж байна вэ?
 
-Би Үндэсний урлагийн их театрт 10 жил ажилласан. Энэ хугацаанд улсын наадам, баяр ёслол, эх орноо сурталчилсан соёлын өдрүүд, тэмцээнд тогтмол оролцож байв. Циркийн жүжигчний хувиар гаднын 30 гаруй улсад аялан тогложээ. “Могойн чуулган” бүрэн хэмжээний тайлан тоглолтоо 2015 онд Монголчууддаа толилуулсан. Дараа нь хэв загвараа өөрчилж, эмэгтэйлэг өнгө төрхийг илтгэсэн богино хэмжээний тоглолт хийсэн. Олон байгууллагатай гэрээгээр ажиллаж байсан. Хамгийн сүүлд Германы 100 жилийн түүхтэй “Fire drichstadt Palast” театрт нэг жилийн гэрээтэй ажиллаад өнгөрсөн нэгдүгээр сард эх орондоо ирсэн. Энэ бол Европын хамгийн том бас нэр хүндтэй театр. Монголд ирээд варьете шоугаа толилуулахаар зэхэж байсан ч амжсангүй.
 
-Дубайд хөл хорионд орж, эх орон, элгэн саднаа санаж байна уу. Ер нь гаднын жүжигчидтэй хамтран олон сараар аялан тоглолтод явахдаа ганцаарддаг уу? 
 
-“Нарны цирк”-тэй байгуулсан гэрээний дагуу Италийн MSC компанийн аяллын усан онгоцон дээрх шоунд оролцож байсан ч тахлын улмаас Дубайн боомтод хөл хорионд ороод байна. Энд тэнцвэрийн үзүүлбэр үзүүлдэг “Нарны цирк”-ийн жүжигчин монгол охинтой хамт байгаа. Багаасаа гадаадад аялан тоглосон учраас тэр бүр гэрээ санаж, ганцаарддаггүй. Мэдээж охиноо, гэр бүлээ санана. Дэлхийн шилдэг цирктэй хамтран ажиллаж байгаа учраас хангамж сайтай байдаг.
 
-Бид урлагийнхны ил далд өрсөлдөөний талаар бишгүй л ярьдаг. Залуу насны урлаг учраас циркчдийн өрсөлдөөн ширүүн байдаг уу?
 
-Манай уран нугараачид өөр хоорондоо өрсөлддөггүй. Харин ч хамтарч ажилладаг. Бид соло номер тэр бүр үзүүлдэггүй, хамтарсан үзүүлбэр бэлтгэдэг. Тиймээс хэн нэгэн нь амин хувиа хичээвэл нэгнийгээ унагаж, бэртээх эрсдэлтэй. Бие биенийхээ амь насыг хариуцаж байгаа учраас өрсөлдөгч биш эгч дүүс шиг ижил дасал болдог. Магадгүй цирк эрсдэлтэй урлаг учраас бид өрсөлдөхөөсөө илүү нэгнийгээ хайрлах сэтгэл зүйг нэн тэргүүнд тавьдаг байх. Нөгөөтэйгүүр Монголын уран нугараачдыг гаднын аль ч цирк дуртайяа хүлээн авдаг учраас хоорондоо өрсөлдөх шаардлагагүй. Циркийн жүжигчний өгөгдөл байгалиасаа байдаг учраас бусдадаа атаархах бус өөрийн давуу талаа нээж амжилтад хүрэх хэрэгтэй. Хэрвээ байгалиасаа бяргүй бол уян налархай чадвараа түлхүү гаргадаг.
 
-Охинтойгоо авахуулсан гэрэл зургийг тань харсан. Тэвчээр, хатуужил шаардсан урлаг руу бяцхан охиноо хөтлөн оруулахдаа сэтгэлдээ өрөвдөж байв уу?
 
-Охин минь уран нугаралтаар хичээллэж эхлээгүй байгаа. Би уран нугаралтын хүнд бэрхийг туулсан учраас охиноо нугарахад дургүй байдаг. Долоо хоногийн бэлтгэл тасалдахад нуруу өвдөж, формдоо эргэж ороход амаргүй. Спортыг урлагтайгаар үзэгчдэд хүргэхийг цирк гэдэг. Гимнастикийн жүжигчний хийж чаддаггүй хэцүү элементийг бид тайзан дээр жүжиглэлттэй гүйцэтгэж байна. Охин минь уян налархай биетэй. Мөн миний нугарахыг хараад “Ээж шигээ нугараач болно’’ гэдэг. Ер нь бяцхан охид биднийг хараад дагаж дуурайх гэж оролддог юм. Гэхдээ би ингэ тэг гэж зааж зааварладаггүй. Би тоглолтын хувцсаа өөрөө оёдог. Охин маань ээжээ надад бас оёоод өгөөч гэж гуйдаг юм. Охин минь одоо арай л балчир байна. Би уран нугаралтаар найман настайгаасаа хичээллэж эхэлсэн. Хэрвээ төрөлхийн авьяастай бол арван настайгаасаа хичээллэж эхэлсэн ч оройтохгүй. Үнэхээр чин сэтгэлээсээ уран нугараач болохоор шийдвэл хориглохгүй. Хүсэл тэмүүлэлтэй байхад амжилтад хүрнэ шүү дээ. Бас сонирхолтой, мөрөөдлийн ажлаа хийвэл хувь хүн талаасаа аз жаргалтай байдаг.
 
-Хятадууд кунфу, бээжин дуурь зэрэг дэлхийд танигдсан урлагаа улс орныхоо гадаад сурталчилгаа, аялал жуулчлалын нэг хэсэг болгож байна. Бидэнд уран нугаралтын музей, соёлын ордон байгуулах бололцоо бий юү?
 
-Уран нугаралт, Монгол гэдэг хоёр нэрийг салгаж ойлгох боломжгүй. Гаднын циркийнхэн “Монголоос ирсэн” гэхэд “Чи уран нугараач уу” гэж асуудаг. Заримдаа “Би уран нугараач” гэж өөрийгөө танилцуулахад шууд л “Монголоос ирсэн үү” гэдэг. Энэ бол Монголчууд уран нугаралтыг дэлхийд тамгалсныг баталж байна. Гэхдээ бидэнд улсаас төсөв санхүүжилт олгодоггүй, үнэлэмж багатай ч гадаад зах зээлд эрэлттэй байдаг. Нөгөөтэйгүүр циркчид аялан тоглолтоор тогтмол явдаг нүүдлийн хэв маягтай байдаг. Тиймээс эх орондоо мэргэжлийн карьераа ахиулна гэдэг амаргүй. Бид нэг газраа удаан амьдардаггүй. Магадгүй би эх орондоо хамгийн удаан ажилласан уран нугараач байх. Бид монгол хүнийхээ хувиар үндэсний урлагаа сурталчлан эх орноо таниулахыг хичээдэг ч нэгдсэн бодлогогүй учраас үнэгүйдэх нь бий. Гэхдээ төр засгаас үнэлэдэггүй, циркийн урлагийг орхигдуулж байгаад гомддог ч улсынхаа нэрийг гаргах гэж хичээж л явна. Дэлхийн хэмжээний тэмцээмд манай нугараачид гайхмаар амжилт гаргасныг гаднын уран бүтээлчид ярьж “Танай тийм үзүүлбэр гайхалтай байсан шүү” гэж магтдаг. Мөн Монгол уран нугараач дурдах хэрэгтэй. Тэр бүхнийг монголчууд мэддэггүй. Тиймээс уран нугаралт Монголын соёлын салшгүй болохыг гэрчлэх ордон байгуулбал тохижуулах үзмэр бидэнд хангалттай бий. Спортын төв ордон шиг том биш ч нугараачид бэлтгэл сургуулилтаа хийхээс гадна амжилтаа гэрчлэх байртай болбол сайхан л байна.
 
-Бага балчраасаа хичээллэж, карьерын оргил үе нь цэл насаар нь хэмжигддэг нь харамсалтай. Басхүү бэртэл гэмтэл авах эрсдэлтэй урлаг учраас тэтгэвэрт гарах сэтгэлийн бэлтгэлтэй явдаг уу?
 
-Уран нугараачид амьдралын шаардлагаар карьераа дуусгадаг. Бидний карьерын оргил үе 18 наснаас эхэлдэг. Жүжигчний замналаа хэр удаан үргэлжлүүлэх нь хувь хүний бэлтгэл, хүсэл сонирхлоос шалтгаалдаг. Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Энхцэцэг багш маань 57 настайдаа тайзан дээр гарсан. Бид хүнд дасгал хөдөлгөөн хийдэг учраас нурууны шингэн дуусах, нуруу нь сууж, муруйж, диск нь хугарсан байдаг. Гэхдээ байнгын бэлтгэлтэй байвал эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна. Уран нугаралтыг мөнгө олох хэрэгсэл гэж ойлгодог хүмүүс мэргэжлээрээ удаан ажилладаггүй. Харин зүрх сэтгэлээ зориулсан уран нугараачид тэтгэвэрт гарах талаар хэзээ ч боддоггүй. Би нягтлан бодогчийн мэргэжлээр сурч, бэлтгэл цалгардуулан харьцангуй бага сургуулилт хийж бэртэл их авч байсан. Циркийн олимп гэгддэг Монте Карлогоос хүрэл цом авч, хамгийн шилдэг нь болох “Нарны цирк”-тэй гэрээ байгуулж, топ жүжигчидтэй хамт нэгтайзнаа гарсан гээд мэргэжлийн уран бүтээлчийн хувьд тэтгэвэрт гарахад харамсах зүйлгүй. Гэхдээ би уран нугаралтад хайртай учраас 22 жил тасралтгүй нугарч байна. Тиймээс тэтгэвэрт гарсан ч уран нугаралтаас холдохгүй. Олон сайхан шавь бэлтгэж, чанартай агентлаг байгуулахыг мөрөөддөг. Мөн уран нугаралтын тавилтыг хөгжүүлж, чанаржуулах бодолтой байгаа.
 
 
 
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн"сонин