sonin.mn

СӨҮЛ, 2025 оны есдүгээр сарын 18 /Anadolu/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ дээд хэмжээний уулзалтад оролцохоор Өмнөд Солонгост ирэх сард айлчлах төлөвтэй байна гэж албаны хүмүүс лхагва гарагт мэдэгджээ.


Ши Жиньпиний айлчлалын талаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Чо Хён Бээжинд хийх анхны айлчлалынхаа өмнө мэдэгдсэн байна. 


“Миний ойлгосноор Ши дарга АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Өмнөд Солонгост айлчилна. Бид энэ талаар нарийвчилсан хэлэлцээ хийх болно” гэж Чо Хён хэлснийг “Yonhap” агентлаг уламжилжээ. Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Хятадын удирдагчийг дээд хэмжээний уулзалтын үеэр Өмнөд Солонгост айлчлахыг урьсан захидлыг тусгай элчээр дамжуулсан хүргүүлсэн байна. 


АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 1-ний хооронд Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутгийн Кёнжү хотод болно.


Бээжинд хийх Чо Хёны айлчлал нь Өмнөд Солонгосын шинэ засаг захиргаа энэ оны зургаадугаар сарын үүрэгт ажилдаа орсноос хойш БНХАУ-д хийж буй анхны айлчлал болох юм. Хоёр өдрийн айлчлалын үеэр Чо Хён Хятадын эрх баригчидтай худалдааны харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэх төлөвтэй байна. “Бид хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэх, Зүүн Хойд Ази дахь хурцадмал байдлыг намжаах арга замын талаар хэлэлцэх болно” гэж тэрбээр хэлжээ. Хятад, Өмнөд Солонгос улсууд 1992 оны наймдугаар сард албан ёсоор дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр орны худалдааны эргэлт 2024 онд 267.6 тэрбум ам.долларт хүрсэн байна.


АНУ-аас Өмнөд Солонгост суугаа Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Жозеф Юн лхагва гарагт хэлэхдээ, Д.Трамп АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож, ерөнхийлөгч Ли Жэ Мёнтой уулзах төлөвтэй байна гэжээ.


Ли Жэ Мён өнгөрсөн сард Цагаан ордонд зочлох үеэрээ Д.Трампыг АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Өмнөд Солонгост айлчлахыг биечлэн урьсан юм. Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ви Сон Лак хэлэхдээ, Д.Трамп АПЕК-т оролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн боловч одоогоор эцэслэн шийдэгдээгүй байгааг нэмж хэлжээ. Д.Трамп Өмнөд Солонгосоос нийлүүлэх бараан бүтээгдэхүүнүүдэд ногдуулах татварыг анх зарласан 25 хувиас 15 хувь болгон бууруулсны хариуд Өмнөд Солонгосын тал АНУ-д 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсоны дараа Сөүл “харилцан ашигтай шийдлийг" хэлэлцэхийг эрмэлзэж буй үед энэхүү айлчлал болох гэж байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг