sonin.mn

1921 оны 7-р сарын 6-ны хар өдөр Зөвлөлт Оросын улаан цэргүүдэд эзлэгдсэн Монгол орон 70 жилийн турш монгол төрөөсөө хагацаж, зөвлөлт маягийн харгис дарангуйллын тогтолцоонд шилжиж,  монгол соёл, шашин, хүн ардаа устгуулж, дэлхийн хамгийн ядуу дорой орны нэг болсон байв.


Харгис улаантнууд ямар ч гэмгүй 35 000 монгол хүнийг буудан хөнөөж, 150 000 ямар ч гэмгүй монгол хүнийг хөрөнгийг нь хурааж, ажлаас нь халж, шоронд хийж, хөдөө цөлж хэлмэгдүүлсэн гэсэн мэдээлэл байдаг.



Буудуулсан хүмүүсийн дотор хэвлийдээ хүүхдээ тээсэн жирэмсэн бүсгүйчүүд, 10 настай бяцхан хувилгаан хөвгүүд хүртэл орсон байдаг. 



1990 онд монголын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн буюу GDP дөнгөж 350 ам доллар байсан нь африкийн ядуу орны түвшинд доошоо унасан үзүүлэлт байлаа. Новшийн улаантнууд монголын алтан ургийн ноёд тайж, лам хувраг, эрдэмтэн мэргэд, эх орончдыг хувьсгалын эсэргүү, монголын дайсан мэтээр гүтгэн хөнөөж, Богд хаант монгол төрөөсөө урваж, улаан Оросын талд орсон дайснуудыг монголын баатар мэтээр өргөмжлөн сурталдаж, мянга мянган жил амин зуулга нь болсон ард түмний мал сүргийг нь хүчээр хураан авч ядуусын эгнээнд оруулж байлаа. 



Чойбалсан, Цэдэнбалын үед монголын хамаг сайн ухаант сэхээтнүүд толгой дараалан амь насаа алдаж, шоронд орж, хөдөө цөлөгдөж байлаа. Тэдний нэг нь Цогт-Очирын Лоохууз юм. 



Ц.Лоохууз бол 1922 онд Говь-Алтай аймгийн Чандмань суманд малчин ард Цогт- Очирын 5 хүүхдийн 4 дэх хүү болон төржээ. Лоохууз дээрээ хоёр эгч, нэг ахтай, дороо нэг охин дүүтэй байжээ. Эцэг Цогт-Очир нь тайж удамтай, малч, уран дархан хүн байсан бөгөөд арьс шир элддэг, ажилч хичээнгүй, ноён нуруутай, шулуун шударга зантай нэгэн байв. 


Ц.Лоохууз 1935 онд баруун хязгаарт таван сумын дунд бага сургууль байгуулагдахад элсэн орж, 1939 онд сургуулиа дүүргэн, Улаанбаатар хотод Санхүүгийн техникумд гурван жил, шинэ байгуулсан Намын дээд сургуульд хоёр жил онц дүнтэй суралцан төгсжээ. 1942 онд Санхүү эдийн засгийн техникумыг төгсөөд 1944-1950 онд МАХН-ын Төв Хороонд лектор, 1950-1953 онд Москва хотод ЗХУКН-ын Дээд сургуульд суралцаж байв.


Тэрбээр 1952-1955 онд Намын Төв Хороонд Тасгийн эрхлэгч, 1955-1956 оны намрыг хүртэл Говь-Алтай аймгийн Намын Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1956-1962 онд ХААЯ-ны нэгдүгээр орлогч сайд, 1962 оноос Сангийн аж ахуйнуудыг удирдах ерөнхий газрын даргааар ажиллаж, хожим нь МАХН-ын Төв Хорооны гишүүн болсон байлаа.



1956 оны дөрөвдүгээр сард болсон МАХН-ын Төв Хорооны II бүгд хуралд Увсынхан Ю.Цэдэнбалыг тахин шүтэхийг хүч хэрэглэн зааж эхлэв. Цэдэнбалыг сохроор шүтэх явдал газар аваад байв. Үүнийг сөрсөн ганц хүн нь Цогт-Очирын Лоохууз байлаа. 



1964 оны МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурлаар “Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нараас намын эсрэг бүлэглэсэн явууллага хийсэн тухай” тогтоол гаргаж, намын жанжин шугамыг эсэргүүцсэн, урагшлах замд тохиолдож байгаа бэрхшээл, дутагдлыг дөвийлгөн ашиглаж, намын бодлого буруу мэтээр харуулахыг оролдсон, улс орны ололт, амжилтыг үгүйсгэсэн хэмээн түүнийг гүтгэж буруутгасан ажээ.


Төв Хорооны бүгд хурал дээр Ц.Лоохуузын хэлсэн үгнээс дурдвал:


“Нөхөр Ю.Цэдэнбал улсын ихээхэн хөрөнгө мөнгө үрж, гадаадад ойр ойрхон явж байхын оронд эх орныхоо газар нутгаар явж амарч сувилуулж байвал болохгүй гэх үндэсгүй. Монголын сэхээтнүүдийнхээ санал бодлыг сонсч дэмжиж, туслах ажил үлэмж доголдож байна. Үүнээс болоод манай онолын сэтгэлгээ үнэхээр хоцрогджээ. Өөрийн орны хөгжлийн одоогийн төвшин, хэтийн төлвийн талаарх онолын асуудлыг бид л өөрснөө үндэсний сэхээтнүүдийнхээ хүчинд тулгуурлан боловсруулах ёстой.


Ю.Цэдэнбал нь ЗХУ-ын иргэн орос бүсгүйтэй суусан гэдгээрээ түрүү барьж бусдынхаа үгийг сонсохоо больсон. Амьдралаас тэс өөр зүйл ярьдаг. Жишээ нь малчдад Моцарт, Глинка, Шопен, Бах, Бетховен, Чайковскийн хөгжмүүдийг сонсгож, учир нь үл ойлгогдох зүйлс ярьж байхын оронд нийтээрээ дуртай ардын дуу хөгжмийг нэвтрүүлж, ухуулга, суртал нэвтрүүлгийг өдөр тутмын ахуй амьдрал,үйл ажиллагаатай нь холбож байвал зүйтэй биш үү?



Сүүлийн үед концертыг л гэхэд орос, монгол хэлээр хөтлөн явуулдаг боллоо. Яваандаа ард түмэнтэйгээ харьцахдаа орчуулагч хэрэглэх шаардлага гарах нь. ЗХУ Монгол хоёрын найрамдалд үнэнч эсэхийг чинь орос хэлийг хэр их хэрэглэж байгаагаар чинь шалгана гэж тулгах болсон.



Тэр бүү хэл хавар мал төллөлтийн ид үеэр малчдаас орос хэлний шалгалт авна гэж ярих нь гайхал төрүүлж байна. Бид чинь тусгаар тогтносон Монгол улс болохоос биш ЗХУ-ын аль нэг республик биш” хэмээн тэр үеийн монголын нийгмийн зөрчил дутагдлыг үнэнээр нь гарган шүүмжилжээ.Тэр хуралд оролцсон ихэнхи хүмүүс Лоохуузын хэлсэн үгийг дэмжиж байдал өөрөөр эргэх гэж байв. Гэвч Ж.Самбуу тэргүүтэй хэсэг хуучин архаг коммунистууд Цэдэнбалыг албан тушаалд нь авч үлдэхийн тулд хурлыг завсарлуулж НАХЯ-ыг бэлэн байдалд оруулжээ.


Тэр үед ар талдаа улаан оросуудын дэмжлэгтэй зөвлөлтийн эрх ашгийг хамгаалагч Цэдэнбалыг шүүмжлэх, огцруулах гэдэг маш хэцүү хүнд асуудал байлаа.


Нэгэн жишээ дурдахад, 1958 оны 3-р сард зөвлөлтийн Монгол дахь элчин сайд В.Молотов Монгол, Зөвлөлтийн хилийн шугамыг шинэчлэн тогтоох санал, гар зураг авчирч, Увс аймгийн хойд хэсэг, Тэсийн голоос Тагнын нурууг давуулсан маш өргөн газар нутаг, Хөвсгөл аймгийн баруун хойд хэсэг, Шишигтийн гол, Шишигтийн нуруу орчмын алт, уран, гянт зэрэг байгалийн баялагтай 2500 хавтгай дөрвөлжин км газар нутгийг Зөвлөлт улсын нутаг дэвсгэрт багтаан зурж



“манай Тувагийн үлдсэн газар нутгийг өг. Энэ бол манай Зөвлөлт улсын нутаг”” хэмээн монголын талд хүчтэй тулгалт хийжээ. Энэ газар нь стратегийн ач холбогдол бүхий алт, уран, гянт болдын нөөцтэй, монголын унаган газар нутаг байлаа.



Молотовын шаардсан монголын 2500 квадрат км газар нутгийг Зөвлөлт улсад шилжүүлэн авах гэсэн хууль бус ажиллагааг эсэргүүцсэн Гадаад Явдлын яамны сайд Содномын Аварзэдийг Цэдэнбал “Зөвлөлт монголын найрамдалд сэв суулгах гэлээ” хэмээн буруутгаж албан тушаалаас нь халж алс холын Говь-Алтай аймгийн Цогт суманд цөлжээ.


Цэдэнбал С.Аварзэдийн оронд хилийн хэлэлцээрийн монголын талын даргаар Улсын төлөвлөгөөний комиссын дарга Цэндийг томилж зөвлөлтийн элчин В.Молотовын шаардсан бүх газрыг Зөвлөлтийн талд шилжүүлэн өгчээ. Эх орныхоо унаган газар нутгийг харийн гүрэнд найр тавин өгсөн явдал монголын түүхэнд урьд өмнө огт гарч байгаагүй юм.  Гэтэл эх орноо харьд бэлэглэсэн Цэдэнбалыг тахин шүтэх үзэл Монголд улам дэврэв.    


Үнэн үг хэлснийхээ төлөө Ц.Лоохууз бараг монголын дайсан болов. Ю.Цэдэнбалын өгсөн үүрэг ёсоор “Намын эсрэг бүлгийн толгойлогч” нь Ц.Лоохууз болох нь “тогтоогджээ”. Цэдэнбалын өмнө Лоохуузыг яаж шийтгэх вэ гэсэн асуудал тулгарав. Урьдын аргаар олных нь өмнө түүнийг буудаж бусдыг нь хашраах уу?” гэсэн цахилгаан утсыг Цэдэнбал улаан оросын Кремльд явуулжээ.


Тэр үед Никита Хрущев зөвлөлтийн төрийн толгойд гарч Сталиныг тахин шүтэх үзлийн хор уршгийг шүүмжилж зөвлөлт нийгэм харьцангуй зөөлөрсөн үе байсан тул Кремль “Монгол улсын дотоод хэрэгт бид оролцох ёсгүй. Сталины үеийн хэлмэгдүүлэлтийг та одоо хэрэглэх гээд байгаа юм биш биз” гэсэн хариу цахилгаан Цэдэнбалд ирүүлжээ. 



Гэвч Ю.Цэдэнбал Ц.Лоохуузыг бүх насаар нь бусад эх орончид шиг цөлөх нь дэндүү зөөлөн хандсан явдал хэмээн үзэж байлаа. Иймээс Ц.Лоохуузад ямар ч хуулийн үндэслэлгүйгээр 7 жил шоронд хорих ял оноогоод Бэрлэгийн шоронд хорьж түүнийг тэнд нь үхүүлэхээр төлөвлөв. 



Энэ тухай Ц.Лоохууз ярихдаа “Анх намайг Бэрлэгийн шоронд очсоны дараахан уулын хэсэгт томилсон. Тэнд 18 хүнтэй бригад уулнаас мод цагаалж байлаа. Бригадын дарга нь Увсаас хүн амины хэрэг хийсэн Үрээнхэй гэдэг том биетэй, хүн харахад сүрдмээр эр байж билээ. Тэр надтай хэд хоног шөргөөцөлдсөн. Зарим ялтнууд ч надад Үрээнхэйгээс болгоомжлоорой гэж сануулав. Би дотроо ямар ч байсан энүүний гарт үхэхгүй дээ гээд гутлынхаа түрүйнд халбаганы иш ирлээд хийчихсэн яланд гардаг байлаа. Шөнө унтахдаа ч нөгөө халбаганы ишнээсээ гар салгахгүй.


Тэгтэл Бэрлэгт мод цагаалсны дараа Үрээнхэй намайг дуудаж байна. Майханд нь яваад орлоо. Тэр нэг шил цагаан архи тавьчихсан намайг цоо ширтэнэ. Архинаас хийгээд өглөө би “Уухгүй” гээд буцаагаад өгтөл тэр архинаас татчихаад санаа алдан ийн өгүүлэв.“Лоохууз гуай би таны тухай их сонссон. Манай өвөө Улаангомын хийдийн хамба лам явсан. Яг тань шиг хэлмэгдээд сураггүй алга болсон. Манайх нутаг хошуундаа хамгийн олон малтай баян айл байлаа. Нэгдэл гээд бид бүх малаа нийгэмчлээд хоосон хоцорсон.


Би энэ засагт дургүй. Намайг засангаас “Таны учрыг ол, Таныг хөнөө” гэж шахаад байна. Гэвч би тийм муухай хүний үнэргүй зүйл хийхгүй. Таныг чөмөг ташсаны дараа эд намайг шоронгоос гаргана гэдэг үлгэр” гэв. Тэр үед модны ял хийж байхдаа нэгийгээ модонд санаатайгаар даруулах, цохиулах, модоор саваадаж унагаж бэртээх, хөнөөхийг “чөмөг таших” гэдэг байжээ. Үрээнхэй мэтийн шударга хоригдлуудын чин сэтгэлийн үг Ц.Лоохуузыг “хурцалж” байсан гэдэг. 



Ю.Цэдэнбал нэгэн цагт “Д.Дамбыг би дарсан, одоо Б.Сурмаажавыг сургаж өгнө” хэмээн хэлж байсан шигээ Лоохуузын амьдралыг бүх насаар нь сүйтгэхийг хүссэн юм.



Ю.Цэдэнбалын бас нэг дургүйг хүргэсэн Ц.Лоохуузын үг бол:


-Цэдэнбал дарга та яагаад ганцхан ЗХУ-тай харьцдаг юм бэ. Бусад улс нь хамаагүй гэсэн байр сууриа бидэнд тулгаад байх юм. Тус улсын гадаад бодлого одоогоор идэвхтэй биш байна. НҮБ-д элсэн орох ба дэлхийн улсуудтай харилцаа холбоогоо хөгжүүлэх талаар бие даасан бодлого илт үгүйлэгдэж эхэллээ. Энэ асуудлаар Ю.Цэдэнбал тэргүүтэй удирдах нөхдөд зөвлөгөө өгөх шинэ хүчин арваад жилийн өмнө дутагдалтай байсан бол өнөөдөр тийм хүч хэдийнээ бий болсныг анхаарч үзэх хэрэгтэй” гэжээ.  


Ю.Цэдэнбал Лоохуузын энэхүү шүүмжлэлийг хүлээж аваагүйгээр барахгүй “Сэхээтний төөрөгдөл” хэмээх нэрийн дор үндэсний сэхээтний эсрэг “аян дайныг” энэ хурлаас хойш 7 сарын дараа эхлүүлсэн байдаг. Ц.Лоохуузын энэ шүүмжлэлийг Д.Дамба “Зөв зүйтэй” гэсэн байхад Цэдэнбал уурсан ширээ шааж босч ирээд “Гүтгэж байна. Намын эсрэг бүлгийн толгойлогч Ц.Лоохууз чи хятадын тагнуул” хэмээн чарлаж хашгирч байсан гэдэг. Намын эсрэг шүүмжилсэн үг хэлсэн Лоохуузыг зөвтгөн сайшаасан хэмээн Ц.Лоохуузын илтгэлд алга ташиж дэмжсэн 22 төлөөлөгчийг ажлаас нь халж, заримыг нь нутаг заан цөлжээ. 


Эх оронч Лоохууз эх орондоо ихийг бүтээж байсан нь нотлогддог юм. Тэрээр БНМАУ-ын түүхийг анх удаа орос хэл дээр хэвлэгдэхэд нь монгол хэл дээр хөрвүүлж, нам төрийн бодлого, улс эх орны хөгжил, хэтийн төлвийн талаар өөрийн санал бодлыг хэвлэлд нийтлүүлж байв. Лоохуузыг төвийн удирдлагаас алс хол Говь-Алтай аймагт нь томилжээ. Гэвч Лоохууз аймгийн МАХН-ын Хорооны дарга хийж байх үедээ тус нутгийг гайхалтай хөгжүүлж ямар чадалтайгаа харуулсан нь зөвхөн эхлэл байлаа.


МАХН-ын Төв хорооны Сангийн Аж Ахуйг удирдах газрын дарга, Хөдөө Аж Ахуйн Яамны 1-р орлогч сайд байх үедээ урсгал усгүй Алтай нутгийг усжуулах зорилгоор алдарт Гуулингийн сувгийг байгуулж, "Атар газар" эзэмших их хөдөлгөөнийг анхны шав тавихаас үр дүнд хүртэл нь зохион байгуулав. Мөн гахай, тахиа, туулай, булга, буга, каракуль хонь болон саалийн үнээний ферм, САА-нуудыг олноор байгуулжээ. 


ЗХУ-ын Тимирязевийн нэрэмжит Хөдөө аж ахуйн Академийн аспирантурт сурч байхдаа МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурлын индэр дээр тэр үеийн төр засгийн бурангуй үзэл, шударга бус байдлыг шүүмжлэн өөрчлөн шинэчлэлт хийх хэрэгтэйг хэлсэн нь төрийн хар дансанд бүртгэгдэж "Намын эсрэг бүлгийн толгойлогч" хэмээх нэрийг зүүн шорон гянданд орж, хөдөө орон нутагт цөлөгдөн ар гэрийнхэнтэйгээ уулзах эрхгүй явсан юм.


Ц.Лоохууз гуай ярихдаа: “Би 1923 онд төрсөн хүн. Би Намын Төв хорооны лектор гэдэг ажлыг маршал Х.Чойбалсангаас хүлээн аваад, САА-н газруудын даргаар ажиллаж байхдаа Ю.Цэдэнбалтай муудалцаж “гологдоод” анх эсэргүүн нэр зүүсэн хүн дээ. Улсын удирдагч Х.Чойбалсан аймгийн ажлыг сайжруулсан хүнийг яамны сайд болгодог байсан. Тэр үед 13 яамтай байлаа. Сайд нар нь дандаа нэг аймгийг тэргүүний болгосон хүмүүс.



Гэтэл Ю.Цэдэнбал гарч ирээд Увсын дүрвэдүүд, орос эхнэртэй, орос хэлтэй хүмүүсийг сайд болгоод тавиад байдаг. Тэдний дунд мундаг сайн хүн байхгүй шүү дээ. Нутаг ус, танил тал, орос хэл халтар хултар цээжилснээр нь албан тушаалд тавьж байсан.



Бал дарга тэгж Х.Чойбалсангийн кадр хүчнийг тавих баримталж байсан бодлогыг орвонгоор нь эргүүлсэн. Тэгээд Монгол оронд ажил төрөл гэдэг ямар ч утгагүй юм болж хувирсан. Үүнийг би арьс махаараа мэдэрсэн. Энэ тухайгаа ч бүгд хурал дээр хэлсэн. Цэдэнбал үзэл санааг нь эсэргүүцсэн хүмүүсийг их харгисаар хэлмэгдүүлсэн. Би эцэг эхээс заяасан Лоохууз гэсэн хачин нэртэй хүн л дээ.


Багадаа бөөрөнхий тарган хүүхэд байсан болохоор намайг аав ээж минь тэгж нэрлэсэн хэрэг. Лоохууз гэдэг чинь хятадаар лонх гэсэн үг шүү дээ. Тиймээс намайг хятадын эрлийз гэж хүртэл нүд үзүүрлэх шалтаг болсон. Говь-Алтайн Чандмань сумын Ботгонын голд хонь, сарлаг хариулж амь зуудаг ямар юмных нь хятад хүн байхав дээ. Манайхан ер нь бүгд сонин нэртэй. Миний ахыг Халтар-Ухна, дүү нарыг Мандал, Хумбагар, Муувгар гэдэг. Намтар түүх минь ийм илхэн байхад хятад гэж гүтгэнэ гэдэг юу гэсэн үг вэ.


Тэр үед би залуу омголон ч байж. Шатаа л явчихсан. Энд өнөөдөр дөч тавин хүн цугласан байна. Цөөхөн гэж голъё. Намын Төв хорооны лекторын эрхлэгч байхдаа 1000-2500 хүнд лекц уншдаг байлаа. 1964 оны МАХН-ын 6 дугаар бүгд хурлаар миний бие нам төрийн удирдлагыг шүүмжилсэн, намын эсрэг бүлэг зохион байгуулсан хэрэгт буруутгагдан нутаг заагдав. Ингээд Өвөрхангай аймгийн Сант, Хархорин суманд, Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд мал хариулж, гахай, шувуу маллаж хүртэл үзлээ.


Монгол гэрт эхнэр бид хоёр дөрвөн хүүхэд, хөгшин эх, эгчийн хамт суудаг байв. Яваандаа өөрийн гэсэн малтай болсон боловч хөдөө мах, сүүгээ борлуулах аргагүй байлаа. Гэтэл ар гэрээ тэжээх хэрэгтэй байдаг. Аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байхад миний сарын цалин 1200 төгрөг байсан. Гэтэл намайг хөдөө цөлж нэгдлийн хоньчин болгоод сарын цалин хэмээн 17 төгрөг 50 мөнгө надад бодож өгч байлаа. Эхнэр дөрвөн хүүхэд, ээж, эгчийгээ тэжээж өлбөрч үхэхгүйн тулд би нэмэлт ажил хувиараа хийж амьдралаа дээшлүүлэх шаардлагатай боллоо.  


Би хурганы арьс хүртэл элдэж, хээтэй гөлөм хийж, хусны үндсээр хөөрөг сийлж, мөнгөөр үндэсний хээ угалзтай ээмэг бөгж дархалж эхэлсэн. Энд тэндээс захиалга ч ирэх боллоо. Амьдрал дээшилж би том сайхан гэртэй болж хувийн автомашинтай боллоо. Гэтэл надад атаархсан хүмүүс зүгээр суусангүй. Намайг элдвээр Төв Хороо, НАХЯ-нд матдаг болов.



Удалгүй намайг хувийн арилжаа наймаа эрхэлсэн хэмээн буруутгаж ял тулгалаа. Цааш цөлөх газаргүй учраас намайг Улаанбаатараас 200 километрт орших Бэрлэгийн засан хүмүүжүүлэх колонид хуяглан хүргэв. Шоронд би найман жил ямар ч буруугүй мөртлөө ял эдэлсэн.



Тэгээд шоронд талх авчирж өгөхөд нь болсон хэсгийг нь идээд, болоогүй түүхий хэсгийг нь ухаж аваад түүгээр шатар хийгээд, ширээн дээрээ шатрын хөлөг зурж байгаад шатар тоглоно. Бүр өлсөөд болохгүй бол нөгөө шатраа идчихнэ. Хоригдох хугацаа, нутаг заагдах хугацаа дуусах үед одоо амьдрал хэвийн болно доо гэсэн горьдлого найдвар төрж гэр бүлээрээ урам зоригтой Улаанбаатар хотод ирлээ.


Гэвч их санасан газар 9 шөнө хоосон хононо гэгчээр нийслэл хотод биднийг хэрэгсэх хүн байсангүй. Бид хотын паспортгүй, нийслэлд удаан байхыг бидэнд бас л зөвшөөрсөнгүй. Намын дарга нарын ой ухаанд би нөгөө л “намын эсрэг бүлгийн удирдагч” хэвээрээ байсан юмсанжээ. Би арга мухардахдаа хүндхэн шийдвэр гаргалаа. Эхнэр, хүүхдийг минь эсэргүүний гэр бүл хэмээн ажил, сургууль ч үгүй болгосон тул би гэр бүлээсээ салахаар шийдлээ. Би ар гэрээ хаа нэгтээ төвхнүүлж үлдээгээд өөрөө Говь-Алтай аймгийн Чандмань сумандаа очъё хэмээн санаа шулуудав.


Эцсийн эцэст энэ засагт миний толгой хэрэггүй юм бол амьтан хүнд одоохондоо миний гар хэрэгтэй байна шүү дээ л гэж бодсон. Аз болоход энэ хоёр гар минь жаахан юм хийж чаддаг байлаа. Салж явахаасаа өмнө бид хамгийн гоё хувцсаа гаргаж өмсөөд гэр бүлээрээ дурсгалын зураг татуулсан. Хүн бүр нэг нэг зураг авсан. Зураг болгон дээр нь би хэдэн үг бичсэн. Тэгэхэд би амьдралдаа анх удаа уйлж билээ”.хэмээн хуучилсан юм. 



Ц,Лоохууз нь зөвлөлтийн “Шинжлэх ухаан ба амьдрал”, “Эрүүл мэнд” зэрэг сэтгүүлийг захиалан тогтмол  уншиж, мэдлэг сэтгэлгээгээ байнга цэнэглэж, эрүүл мэнддээ онцгойлон анхаарч, урт удаан насалсан ухаалаг сэргэлэн хүн байлаа.  



1990 онд Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд Ц.Лоохуузыг төрөөс цагаатгасан ажээ. Тэрээр коммунист хүнд суртлыг эсэргүүцсэнийхээ төлөө 25 жилийг цөллөг, шоронд өнгөрөөсөн. Бүх насаараа зүтгэсэн нам, төр нь түүний амьдралыг хайр найргүй сүйтгэжээ. Гэвч тэр цөхөрч сөхрөөгүй. 



Ардчиллын жилүүдэд Цогт-Очирын Лоохууз нь АИХ-ын депутат, АИХ-ын орлогч даргаар сонгогдон ажиллаж, анхны ардчилсан Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцан, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин, Хүний эрхийн үндэсний комиссын анхны дарга болж байсан юм. 2014 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч цол хүртсэн байна. Цогт-Очирын Лоохууз нь 2018 онд 94 насандаа таалал төгсжээ. 


Эцсээ хүртэл эх орныхоо төлөө зүтгэсэн хүнийг эх оронч гэхгүй бол өөр юү гэх билээ. Үнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцнэ гэдэг. Үнэний төлөө тэмцсэн хүн шударга амьдарсныхаа үр дүнг үздэг ажээ. 



Доржийн Сүхбаатар   2025.09.4