sonin.mn

Сүүлийн 100 жил дэх хамгийн олон дайн Барууныхны ойр хооронд, мөн Барууныхан ба Оросын хооронд болжээ. 

Барууныхан гэх нэрэнд эхэндээ Европын олон орон шууд, харин АНУ нууцаар холбогддог. АНУ-ын Ази дахь вассалиуд ч мөн энэ нэрэнд одоо хамаарагдах болов. Дээр нь нэмэгдээд Австрали ч бас оролцдог. Энэ түрэмгий, том хүчийг АНУ-ын төр засаг далдуур удирдаж, англо-саксынхан гэх хүч нууцаар өдөөж, түлхэж иржээ. Европын зарим орны бурангуй, болчимгүй төөрөлдсөн удирдлага тэдний гар хөл болж Орос оронлуу олон удаа довтолж байв. Крымийн дайн, Напалеоны дайн, дэлхийн дайн, Интервенци, дэлхийн II дайн, Украин (Нато)-Оросын дайн томдоо орох ба цаана нь олон багавтархан дайн бас буй, зөвхөн сүүлийн 100 жил гэхэд л!


Барууныхан бараг л бүгдээрээ колончлолоор том эзэнт гүрэн болцгоож, баяжсан бөгөөд колончлол нурахлаар тэд одоо хуучин үеэ хомхойрон мөрөөссөн түрэмгий ааш авиртангууд болж хувирсан гэхээр улстөрчидтэй. Оросын өргөн уудам газар нутаг, их баялаг, олон жижиг үндэстнүүд тэдэнд том бялуу болж харагддаг. 


Өмнөх олон дайнаас үлдсэн хонзогнол ч тухай бүрдээ л бас том том нэрмээс болдог. Чухам иймийн учир Барууныхан ба Оросын хоорондох дайн объектив болон субъектив олон шалтгаантай. Дараах 100 жилдээ ч давтан, ужигран гарах гарах магадлал тун өндөр. 


Дэлхийн II дайны дараахан АНУ цөмийн зэвсэгтэй болсноо ашиглан Оросыг дарамтлах, бүр довтолж эзлэх, СССР-ийг задалж хувааж авах, эрхшээх нууц төлөвлөгөөг ч боловсруулж байсан нь үнэн юм. Барууны олон орон армигүй шахам болж хоцорсон, АНУ тэр үед зөөврийн том дайн хийчих бэлтгэлгүй байсны улмаас л тэд Оросод довтлоогүй. Төдхөн Орос цөмийн зэвсэгтэй болсноор Барууныхан мөнхүү санаархлаа орхижээ. Тэр цагаас өнөөг хүртэл цөмийн зэвсэг л том дайныг хазаарлаж байв. Гэвч барууны хомхойрогчид цөмийн дайны аюулыг ч тоох, тооцохоо больтлоо шуналаар өвчлсөн бололтой. Ямар ч болов тактикийн цөмийн зэвсэг хэрэглэх нь тэдний хувьд айх аюул биш болчихжээ! Цөмийн дайны аюул хүртэл хуучирч, зэвэрч тоогдохоо больдог юм байна... 


Европ, Азид цөмийн зэвсэг хэрэглэсэн том дайн дэгдэх нь АНУ-д ч мөн тоох, тооцох аюул биш болжээ.



Дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд оршин буй нь тэдний хайхрамжгүй, тоомжиргүй байдлын шалтгаан юм. Гэхдээ Ази болон Европоос АНУ-ын аль ч хотод цөмийн зэвсгийн цохилт өгөх боломжтой болчихсон шүү дээ! Том дайн өдөөгчдийн цаад, далд эздийг хэн ч зүгээр орхихгүй байх...

Олон том дайн өдөөж, олон хүний амь хөнөөсөн, олон дайнд ялагдаж хонзон өвөртөлсөн Герман, Японы дайнчдын гарт цөмийн зэвсэг өгч болохгүй. Өнгөрсөн 100 жилд энэ хоёр орны өдөөсөн дайнд алагдсан, шархадсан, хэлмэгдсэн хүний тоо бараг л адилхан байгаа болов уу. Энэ учрыг ч бас бодолцох ёстой. Зүүн өмнөд Азид Японы дайнчид мөн ч олон хүн хөнөөсөн дөө...


Жирийн иргэдийг цэрэгт татаж алалцуулаад өөрсдөө аюулд өртөлгүй үлддэг элит давхрааныхан, гүний төр засгийн субъектуудад цөмийн дайн одоо тийм боломж олгохгүйг ч хатуу ойлгуулмаар байна.  


Цөмийн дайнаас хүн төрөлхтөн бүх нийтээрээ, жинхнээсээ айж, болгоомжилж, дайныг хазаарлан барих цөмийн зэвсгийн үүрэг, нөлөөг аль болохоор л өсгөж байх ёстой. 

Англо-саксынхны “жижгэрсний” өс хонзон, АНУ-ын жанжлал нуран унасны өш хонзон, фашистууд болон нацистуудын дайнд ялагдсаны өш хонзон, Японы милитаристуудын эх газрыг эзэгнэх шуналын дахин сэргэлтийн аюул мэтээс хүн төрөлхтөн XXI зуунд ч ер салахгүй нь бололтой. Тэд өнийн хүслээ, бурангуй санаархлаа цөмийн зэвсэг хэрэглэн гүйцэлдүүлэх гэж оролдох магадлал нэн өндөр болсоор байна. Өнөөдөр гэхэд л хүн төрөлхтөн дэлхийн III дайны аюулын босгон дээр зогсож байна шүү дээ. АНУ-ын цэргийн баазууд Орос ба Хятадыг бүсэлчихээд байгаа билээ...


Барууныхны цэрэг-зэвсгийн хүч 50 гаруй улс орны хэмжээнд зангидагдаад Украины нацистуудыг бүх талаар дэмжин Оросын эсрэг байлдуулсаар байна. Аль ч бүс нутаг дахь дайн, мөргөлдөөний галд тос нэмж, хуучин зэвсгээ борлуулж, зэвсэглэлээ ахин дахин шинэчилж, туршиж, өөрийгөө хүчирхэгжүүлж бусдыг сульдаах, стратегийн цохилт өгөх, жанжлалаа хамгаалан авч үлдэхийн төлөө АНУ хор, хорлолоо “Ардчилал” баг, өмсгөлтэйгээр 4 зүг, 8 зовхист цацсаар, тараасаар байна. 


Хүн ам нь хамгийн их нягт суурьшсан Европын орнуудад тактикийн цөмийн зэвсгийн хөнөөл онц хүндээр тусах нь тодорхой. Нэгэнт л цөмийн зэьсэг хэрэглээд эхэлбэл улайрч улангассан хүчнүүд дорхноо л лавлуулаад стратегийн цөмийн зэвсэг хэрэглэх нь ч ойлгомжтой. Энэ бол хүн төрөлхтний хувьд том сүйрэл, мөхөл юм. 


Оросруу чиглэсэн барууныхны шунал, түрэмгийлэлд цэг тавих арга хэрэгсэл, хүчийг хүн төрөлхтөн, дэлхий нийт, НҮБ олж чадахгүй гэж үү?


Томорч хүчирхэг болмогцоо л бусдыгаа дарамтлах, мөлжих, эрхшээлдээ бүрэн оруулах гэдэг эртнээс улбаатай энэ өвчнийг хүн төрөлхтөн хэзээ ихээр жигших, бүрмөсөн устгах байна аа? Хүн ам нь өсөж тэрбум давсан, хүч чадал нь нэмэгдэж ижилгүй шахам өндөрт гарсан, хоёулаа л цөмийн зэвсэгтэй Хятад, Энэтхэг хоёр бусад улс оронтой эрх тэгш, найрсгаар харилцаж байхад 340 гаруйхан сая хүн амтай АНУ бид жанжлах эрхтэй гээд цээжээ дэлдээд байгаагийн учир, үндэс юунд байна вэ? Энэ арай нийгэмд бүхэлд нь тусдаг мэдрэлийн өвчин биш байгаа? Яг л мансуурах дон адил өвчин байж ч болох шүү.


Индианчуудыг түрэмгийлэн эзэлж колончлоод, негрүүдийг боолчилж баяжаад, Австралийн уугуул иргэдийг устгаж нутгийг нь эзлээд, Африкийг хувааж колончлоод, Азийн олон орныг колончилж мөлжөөд Барууныхан гэгдэх олигархиуд бүлэг, давхраагаараа эдүгээ аугаа ихийн солиоролд автаж өвчилсөн байж ч болох юм...


ОХУ-д 100 хол гаруй угсаатан эв найртайгаар аж төрж буйн жишгээр дэлхийн 200 гаруй улс орон энх тайвнаар зэрэгцэн оршиж бас болноо доо? Хүмүүс бид энх тайвнаар зэрэгцэн аж төрөх, амьдрах төрөлх эрхтэй, журамт үүрэгтэй шүү дээ! Энэ эрх, энэ үүрэг хүн нэг бүрийн хувьд төрөлх, заяагдмал, бас хүмүүнлэг ёсны хууль билээ. Харин аливаа жанжлал, ноёрхол, дарангуйлал, мөлжлөг бол үүсмэл, олдмол зүйл, нийгэм дэх сөрөг үзэгдэл, хэмжээ ба нөлөөлөл нь хэтрэх аваас устгагдсаар ч ирсэн, үгүйсгэгдсээр ч байдаг бурангуй үзэгдэл мөн болно.


Судлаач, профессор Д.Чулуунжав