sonin.mn
"Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн Мэдээлэл”-ийн өмнөх дугаарт коронавирусын цар тахлын аюул, хор уршиг, түүний хариуцлагыг хүчирхэг гүрнүүд хэн нэгэндээ тохоох, буруутгах зорилгоор хуурамч мэдээ, мэдээллийг зориудаар бэлтгэн тараан, ашиглаж буй талаарх баримт, мэдээллүүд, тухайн улс орнуудаас гаргасан албан ёсны байр суурийн талаарх оросын шинжээчдийн үнэлэлт, дүгнэлтийг тоймлон хүргэсэн билээ. Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалахын үүднээс нэ дугаарт АНУ-ын Хонолулу хотод төвтэй “Номхон далайн форум” судалгааны төвийн судлаачдын бичсэн нийтлэлүүдийн агуулгыг тоймлон хүргэж байна. Өгүүлэл нь цар тахлын үеийн хамтын ажиллагаа, тулгамдсан асуудлуудыг америкийн судлаачийн өнцгөөс харуулах зорилго агуулсан бөгөөд бөгөөд дурдагдсан баримтыг үнэн зөв эсэхийг нотлох эсхүл үгүйсгэх зорилго агуулаагүй, АБСХ-ийн байр суурийг илэрхийлэхгүй болно.
 
“Covid-19” цар тахал дэлхийн даяар хүмүүсийн аж амьдралыг ихэд өөрчилсөн ба Энэтгэ-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын салбарын шинжээчид, албан тушаалтнуудыг ч тойрч гарсангүй гэж “Номхон далайн форум”-ын бүс нутаг хариуцсан захирал Роб Йорк үзэж байна. 2020 он бол дөрөвдүгээр сард төлөвлөгдсөн байсан БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Японд хийх анхны төрийн айлчлал, гуравдугаар сард Лас-Вегаст болохоор төлөвлөгдсөн АНУ-Зүүн өмнөд Азийн улсуудын холбоо (АСЕАН)-ны дээд түвшний уулзалт гээд зөрчилтэй асуудлуудыг хэлэлцэх, намжаах зорилго бүхий олон чухал арга хэмжээ цуцлагдаж, яриа хэлэлцээг зайнаас явуулахаас өөр аргагүйд хүрэв. 
 
Хэдий тийм боловч, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд арилж үгүй болоогүй, тиймээс дипломат үйл ажиллагаа ч тасалдалгүй явж ирсэн талаар Р.Йорк бичжээ. Хоёр Солонгостой хоёулантай нь санал ихээхэн зөрүүтэй байгаа хэдий ч Вашингтон цар тахлын үеэр хоёулантай нь холбоогоо таслахгүй байхгы чармайж, тусламж санал болгох төдийгүй авах асуудлаар ч хэлэлцсэн. Тухайлбал, 3 дугаар сарын 23-нд Трамп “… Умард Солонгос, Иран ч ялгаагүй, бусад улсын л нэгэн адил цар тахалтай тэмцэх шаардлага тулгарч байгаа тул бид хамтран ажиллахад бэлэн …” гэсэн утгагтай захидлыг Ким Жон Унд илгээсэн тухайгаа мэдэгдсэн. Түүгээр зогсохгүй уг захидалд “… Ким дарга ард түмнээ цар тахлын ноцтой аюулаас хамгаалах талаар хийж байгаа ажлууд нь сэтгэгдэл төрүүлэхүйц байна …” гэсэн талаар СХН-ын Төв Хорооны хэлтсийн орлогч дарга, Ким Жон Уны дүү Ким Ё Жон Солонгосын цахилгааны мэдээний агентлагт мэдээлэл өгч, БНАСАУ-ын зүгээс ч Трампын дээрх алхмыг өндрөөр үнэлж байгааг дурдсан байна.
Харин Хятад дэлхий дахины хэмжээнд эерэг имижийг бүрдүүлэхийг зорьж, Европын орнуудад цар тахалтай тэмцэхэд нь тусламж үзүүлж байгаа атлаа Өмнөд Хятадын тэнгис дэх санаархлаа орхисонгүй. Үүний зэрэгцээ Тайвань ч гар хумхиж суусангүй, цар тахалтай амжилттай тэмцэж буй үр дүндээ дулдуйдан Бээжинтэй өрсөлдөх, хэр хүндийн хувьд давж гарахыг илт санаархаж байна.
Эцсийн бүлэгт Хятад, АНУ хоёрын хэн нь цар тахлыг илүү хүч нөлөөтэй болж давж гарах вэ гэдэг тэмцэл өрсөлдөөн өрнөж байна. Хубэй мужид анх гарсан тархлатын цар хүрээг  нуун дарагдуулсан Бээжингийн үйлдэл нь Хятадын олон улс дахь нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үү? Дэлхийн хамтын нийгэмлэг шинээр халдвар тархаахгүй тогтоон барьсан гэдэг Хятадын мэдэгдэлд үнэмших үү? АНУ холбооны болон муж улсын түвшинд нөхцөл байдлаа хянаж чадахгүй байгааг ашиглан Бээжингийн зүгээс явуулж дэлхий даяарын “пи-ар ажиллагаа” амжилттай болж чадах уу? Хэмээн Р.Йорк асууж байна.
 
 
 
“Номхон далайн форум”-ын бусад шинжээч, нийтлэлчид ч уг асуудалд үзэл бодлоо нэмэрлэсээр байна. Стивен Нажь Хятад цар тахлын анхдагч эрсдэл болох тархалтыг яман нэг хэмжээгээр давж гарсан ч хоёрдагч эрэмбийн эрсдэл буюу аж үйлдвэрийн салбарын хямрал, гуравдагч эрэмбийн эрсдэл буюу гадаад зах зээл дэх хятадын бараа, бүтээгдэхүүний эрэлтийн уналтыг давж гарч чадах эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. 
 
 
 
Ялангуяа Хятадын худалдааны түнш орнууд хятадын зах зээлээс аажмаар хөндийрөх, хамааралт байдлаа багасгахыг хичээж байгаа нь анхаарал татаж байна гэж С.Нажь үзжээ. Тэрээр, “… Хятадын бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээнд Covid-19 томоохон цохилт өгч, хятадын зах зээлээр хэт хамааралтай байдлаа багасгах, нийлүүлэлтээ тэнцвэржүүлэх, худалдааны түншүүдээ олшруулах сонирхлыг дэлхийн бараг бүх улс оронд, түүний дотор бүс нутгийн орнуудад төрүүлж байна. Эцэстээ улс орнууд төдийгүй, бизнес, аж ахуйн нэгжүүд ч Хятадаас мэдрэгдэхүйц зайгаа барьж эхэлж байгаа нь Хятад төвтэй дэлхийн үйлдвэрлэлийн сүлжээнд томоохон цохилт болно …” гэж таамагласан байна.
Жагганат Панда асуудлыг арай өөр өнцгөөс, ялангуяа Хятадын олон улсын тавцан дахь манлайлалтай холбон үзэв. Түүнийхээр, Ши Жиньпин Хятадын дээд удирдагчийн хувьд олон улсын түвшинд санал болгож буй хятад загварын мухардал гэж үзэж байгаа өрнөлийг тайлбарлаж байна. Хятад олон улсад тусламж дэмжлэг үзүүлж, мэдээллийн урсгалыг зөв хянаж байснаараа магтаал сайшаал хүртэж эхэлсэн ч явцын дунд энэ байдал замхарч алга болох хандлагатай болсон. Ялангуяа өвчний дэгдэлтийн эхэн үед “шүгэл үлээгч”-ийн үүрэг гүйцэтгэсэн эмч, мэргэжилтнүүдийн “амыг хаах” оролдлого гаргасан нь ил болмогц Хятадад итгэх итгэл мөн тэр хэмжээгээр буурч эхэлсэн гэж тэрээр дүгнэжээ. Ж.Панда энэхүү шүүмжлэлээ бүр хатуу үгээр тодотгож, “… Нэгэн бодлоор Хятадын Бүс, зам төслийг дагалдаж байсан худалдаа, хүн хоорондын харилцаа, холбоо нь бараа, бүтээгдэхүүн, хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлээд зогсохгүй мэдээллийг хянах, үг хэлэх эрхийг хязгаарлах коммунист авторитар загварыг ч түгээн дэлгэрүүлэх аюултай болохыг Covid-19 илчлэн харууллаа …” гэж бичсэн байна.
 
Covid-19-оос үүдэлтэй эдийн засаг, нийгмийн өөрчлөлтөд нэрвэгдээд байгаа нь зөвхөн Хятад ч бус, Умард Солонгос ч мөн төстэй асуудалтай тулгарсан талаар Тодд Визел өгүүлжээ. Тэрээр, Умард Солонгос дэлхийн эдийн засгаас урд урдныхаасаа илүү тусгаарлагдсан болж байгаа тул өмнө нь үйлдэж ирсэн кибер халдлага, цахим гэмт хэргээ улам нэмэгдүүлнэ гэж таамаглажээ. Тэрээр, “… эдийн засгийн хувьд багалзуурдуулсан Умард Солонгост дэлхий даяарын хямрал ашигтай тусах ба ялангуяа кибер хамгаалалтын хувьд бид бэлэн байдлаа илүү хангах шаардлагатай …” гэж үзсэн байна.    
 
Хонконгийн хувьд, Хятадын захиргааны эсрэг тэмцэлд аль хэдийнээ эдийн засгаа сүйрүүлсний дараа шууд залгуулаад Covid-19-д нэрвэгдсэн тул тус засаг захиргааны онцгой бүсийн засгийн газар хүн амдаа бэлэн мөнгө хуваарилах шаардлагатай тулгарч байгаа ба энэ нь худалдаа, аялал жуулчлал зэрэг хөрөнгө үйлдвэрлэгч салбарт тулгуурлаж ирсэн уламжлалыг нь тасалдуулж, баялгийг бүтээгч бус зарцуулагч бүс нутаг болж хувирахад хүргэж байна гэж Жейсон Хун үзэж байна. Түүнийхээр, “… эсэргүүцлийн жагсаалыг илт дэмжиж байсан том бизнесүүд энэ цаг үед улам их хүндрэл бэрхшээлтэй тулгарах болсон бөгөөд тэднийг дэмжих ямар нэгэн хөтөлбөр байхгүй, гагхцүү жижиг, дунд бизнесүүдэд нэг удаагийн дэмжлэг үзүүлж байгаа нь тэдний дунд засгийн газрын эсрэг үзэл бодол харьцангуй бага байсан, түүнийг нь ч бүр намжаах зорилгодоо хүрч байгаа …” ажээ.
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын тэргүүлэгчид тавдугаар сарын 21-ний өдөр Хонконгийн засаг захиргааны онцгой бүст үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэн БХАТИХ-ын XIII удаагийн сонгуулийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаар болсон нь дэлхий нийтийн анхаарлыг дахин Хятад-Хонгконгийн асуудал руу татлаа. Covid-19-ийн дэгдэлтээс үүдэн улс төрийн нөхцөл байдал намжиж байсан ч ийнхүү уг асуудал дахин сөхөгдөж эхэлж байгаа нь өмнө дурдсан нөхцөл байдалтай холбоотой бололтой.  
 
Энэхтэг, АНУ-ын харилцаанд ч эерэг хандлага гарч болзошгүй гэж Дэвид Скотт таамагласан ба түүнийхээр, “… Энэтхэг, АНУ-ын хамтын ажиллагаа гуравдугаар сарын 20-ноос хойш дөрвөн талт (Энэхтэг, АНУ, Япон, БНСУ) механизм, үүн дээр Вьетнамыг нэмсэн бүтцийн хүрээнд Covid-19-ийн эсрэг хүчин чармайлтыг зангидах хандлагатай болноор ирээдүйтэй харагдаж байгаа …” ажээ.  
 
АНУ болон Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь түүний холбоотнууд ч бодлогодоо зохицуулалт хийх цаг нь болсон гэж Лусио Бланко Питло үзэж байна. Лас-Вегаст болох байсан АНУ-АСЕАН-ы дээд түвшний уулзалт цуцлагдсанаар дараа дараачийн уулзалтад илүү нухацтай бэлтгэх, талуудын сонихрлыг уялдуудан зохицуулахад илүү цаг зарцуулах боломжийг бүрдүүлнэ гэж тэрээр үзжээ. Энэ чуулга уулзалт нь АНУ-АСЕАН-ы харилцааны түүхэн дэх 43 дахь удаагийн, харин хоёр талын стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш тав дахь удаагийн арга хэмжээ болох төлөвлөгөөтэй байв. Ялангуяа энэхүү стратегийн түншлэл нь геостратегийн ач холбогдол бүхий бүс нутаг дахь АНУ-ын нөлөөг тогтвортой байлгах, бэхжүүлэх, харин Зүүн өмнөд Азиийн улсуудад Хятадын “жанжлал”-ыг тэнцвэржүүлэх, хамгаалах үүрэгтэй чухал механизм болох тул чуулга уулзалт хойшилсноор цар тахалтай хамтран тэмцэх, харилцан туслалцаа үзүүлэх цаг, нөөцийг хэмнэх, нөгөөтэйгүүр ашиг сонирхлын эрэмбээ аль аль тал нягтлан шаардлагатай бол шинэчлэн тогтооход эерэг нөлөө үзүүлэх магадлалтай гэж тэрээр таамаглажээ.