sonin.mn
Бид хаашаа явах вэ?
 
Коронавирусын дараа Монголчууд хаашаа явах вэ?  Лав л дан ганц Монголчуудын зам гэж байхаа болилоо. Дэлхий даяараа нэгдмэл нэг загвар, дэг журамд орж ч мэдэх юм.
Өвчин ариусгахын тулд, сануулга өгөхийн тулд ирдэг гэдэг. Хэчнээн их бохирдол дотор амьдарч байж вэ? Гаднаасаа ч дотроосоо ч бохирдсон байж. Биднээс хамаарах ч бохирдол байна, хамаарахгүй ч бохирдол байна. Ядаж л ямар хэцүү хөршүүдтэй улс вэ бид чинь? Орос гэж нэг айхтар улс байна. Та анзаарсан бол өвчин хүчирхэг гэгдэх улсуудад хамгийн ихээр тархсан. Оросууд цайлган, шинжлэн ухаандаа гарамгай. Гэвч оросууд яагаад ийм их цэрэг  дайны хэнээрхэлтэй, хүчирхийллээр амьсгалаад байдгийг ойлгодоггүй юм. Кино нь дүүрэн алаан хядаан, мэргэжлийн хүчирхийлэл. Урлагт нь ийм хандлага тогтсон  байж болж гэхэд энэ бүхэн ард иргэдийнх нь  сэтгэл санаа хүмүүжил, хандлагад яаж нөлөөлөх вэ? Өнөөдөр ширээний цаана соёлтой хооллох, суурин  иргэншлээс илүүтэй сэтгэл зүйн хувьд эрүүл байх, хандлага зөв байх, байгал цэвэр байх нь чухал болоод байна.
 
Агуу их орос хэл хэчнээн баялаг тансаг гэдгийг Л.Н.Толстойгоос мэднэ. Гэхдээ оросуудын энэ их дээрэнгүй зан, цэрэг дайнаар амьсгалсан сэтгэл зүйн эсрэг  бодлоготой байх хэрэгтэй.  Манай ХҮ хамтлагийн Чонон сүлд гэх дуугаар дамжуулж оросууд монголчуудыг хичнээн ч их доромжилов. 
 
“Энэ хэлний боломжийн хувьд харин ч ингэж дуулахаас илүү яах вэ дээ” гээд бүр хэзээний монгол хэл мэддэг юм шиг бурж байв. Зарим нь  урлаг соёлын гүнзгий уламжлалтай монголчуудад хандаж зөвлөгөө өгөх гэж оролдсон байв. “Энэ ядуу улсыг удахгүй Хятад улс 30 минутын дотор эзэлж авна” гэсэн бичвэртэй ч таарч байв. Орост хүнсний тусламж үзүүлтэл урдаас “Дэлхийн хамгийн ядуу улсаас тусламж авлаа” гэж нэг иргэн нь бичжээ. “Монголд элчин сайдаар илгээнэ шүү” гэсэн хошигнол хэвийн зүйл. Оросын зурагт харж байхад Хятадыг “Поднебесный” гэж ирээд л далдагнаад ярьж байх юм. Хоёр хөршийн шовинист үзлийн талаар бичвэл дийлдэхгүй юм болно. Ер нь орос хүний мөн чанар нь монголчуудаас өөрсдийгөө дээгүүр гэж үзэх үзэл.
Манай монгол телевизийн нэгэн нэвтрүүлэг санаанд орлоо. Монгол орон хоёр том гүрний  дунд ихээхэн эмзэг байгаа талаар ултайхан ярилцлаа. Хамгийн сүүлд “Одоо бид яах вэ?” гэсэн асуулт үүсэв. Ерөнхийлөгч асан Очирбат гуай  “Залуусаа л дэлхийн хэмжээний боловсролтой болгоно” гэж хэлсэн юм.  Тийм ээ  хүүхдүүддээ л амь амьдралаа зориулцгаая. Бүх боломжоо шавхаад хүүхдүүдээ дэлхийд толгой цохиод амьдарч чадах хэмжээнд хүргэе. Монгол залуу хүн дор хаяж 5 гадаад хэлтэй баймаар байна. Монголчуудын бичсэн ном Амазон дээр толгой цохимоор байна. Монголчууд шинжлэх ухааны салбарт тэргүүлэх ёстой. Монголын дипломат бодлого гайхамшигтай байх ёстой. Заль, суу билгийг үзүүлж амьдрах хэрэгтэй. Монголоос том гэгээнтнүүд төрөх хэрэгтэй. Энэ газар дэлхий дээр биш, дээд хэмжээст ертөнцөөс засал хийж чадах хэмжээний байгаллаг, хүчтэй баймаар байна. 
 
Хятадууд агуу гэдгийг мэднэ.  Ялангуяа их бясалгагч Лууз “Хашаанаасаа гарахгүйгээр ертөнцийг таньж болно” гэж хэлсэн. Гэхдээ л энэ хоёр адармаатай хөршийн дунд  дахин давтан хэлэхэд заль, оюуны суу билгийг үзүүлэх хэрэгтэй.  Надад нэг адармаатай зан байдаг юм. Би ямар ч дарга, боссын урдаас “Би  чамаар удирдуулахгүй. Харин чамайг удирдана” гэж дотроо боддог. Нэг л мэдэхэд алсуураа зөв, шударга  бодлогыг тулгаж чадсан байх хэрэгтэй.
 
Эх оронч баймаар байна. Цөөхөн монголчуудаа бодлогоор, нүдийг нь бүлтийтэл хөл дээр нь босгомоор байна. Тийм боломж байгаа. Өөдтэйхөн ухаалаг айлын эхнэрийг авч ирээд тавьчихсан ч л улсаа аваад явчихмаар  санагдах  юм. Монголчууд энэ өвчний үеэр алсаас эх орноо санаад огшоод хүрээд ирлээ. Одоо гадаадад   ази царайтай бүхнийг  үзэхээ байлаа. Монголчууддаа монгол дотроо тэгш, шударга  боломж  олгомоор байна. 
Монголчуудын зовлон нэгдэж чаддаггүйд оршдог гэсэн үг амны уншлага болжээ.
Би нэгэнтээ “ Эртний  Хятадын 36 нууц стратеги” гэдэг ном олж уншаад нүдээ бүлтийтэл гайхаж билээ. Уг номонд “Загасыг барихын тул цөөрмийг нь булингартуулаад бай. Тэгвэл загаснууд үймэлдэн бужигналдаж, эмх цэгцээ алдаж  амархан баригдана” гэжээ. Мөн “ Байшинг нураахын тулд дотроос нь дам нурууг нь хулгайл. Гаднаасаа байшин л харагдаад байдаг, дам нурууг нь дотроос нь зөөгөөд гаргаад бай. Нэг л өдөр пир хийтэл нурна” гэжээ. Жаахан ухаантай нэгдмэл байх хэрэгтэй.
Монгол хүнийг хайрлах цаг болжээ.  Утсанд “ Хүүхдэд чихэр ундаа өгөхөөс илүү иллэг дасгал хийлгэ. Хүүхдийг чийрэгжүүл” гэсэн мэссеж ирэх хэчнээн сайхан юм вэ?  Хайрлаж удирдах цаг иржээ. Монгол хүн сошиалийн муу муухай юмнаас зайгаа авч, ичдэг айдаг булчирхайтай болж, оюун ухаан бие бялдартайгаа ажилламаар байна. Сайхан бүхнээ нуух, хөгжүүлэх цаг ирж. Онгон тансаг байгалийг минь мэдээд авчихвал гадаадын дундаж хар масс яаж ч магадгүй болж. Ер нь юу юунаас илүү эрүүл хүчтэй байх, оюунлаг байх цаг ирж. Монгол хүн бүр дэлхийн хэмжээнд боловсорч сэтгэж, дэлхийд тэргүүлж ажиллах цаг ирж дээ. Дэлхийн хар хүчинд удирдуулах биш, хар хүчийг удирдаж, харыг цагаанд, хорыг буянд урвуулах цаг ирж. Дор дороо сэрцгээ Монголчууд аа.
                                                                                                                                                                         
                                                                                                                                                             О.Хараа