sonin.mn
Владимир Ильич Ленин бол СССР-ийг үндэслэгч ба дэлхийн пролетариудын удирдагч билээ. Аугаа улстөрч тухайн үедээ өөрийн олон тооны бүтээлүүддээ капитализмын хямралыг судлаж, дэлхийд хувьсгал гарна хэмээн найдаж байлаа. Гэтэл өнөөдөр төрийг шинэ Ленин биш харин Ковид-19 хувьсгалч өөрчлөлт рүү биш юм гэхэд зүүний эргэлт рүү түлхэж байна. Вирус засгийн газруудыг өмч, нийгэмчлэх тухай бодоход хүргэж, эдийн засгийг аврах "зүүний" оношийн тухай дурсахад шахан тулгаж байна хэмээн Оросын "Финам.ру" сайтад бичжээ.
 
"Америк бол хүний нэгдсэн хөдөлмөрийн үйлдвэрлэх хүчний хөгжлийн өндөрлөгөөр эрх чөлөөтэй, боловсролтой орнуудын дунд нэгдүгээр байр эзэлнэ.Үүний зэрэгцээ Америк нэг талаас өчүүхэн цөөхөн, увайгүй, хахаж цацсан, бохирдсон баян тансаг тэрбумтанууд ба нөгөө талаас ядуурал, гуйранчлалын ирмэг дээр мөнхөд амьдрах сая сая хөдөлмөрчдийн хооронд гүн гүнзгий ангал үүссэн орон мөн" гэж Ленин 1918 оны наймдугаар сард Америкийн ажилчдад бичсэн алдарт захидалдаа өгүүлсэн билээ. Гэхдээ, дэлхийн пролетариудын удирдагч америкийн ард түмнийг капитализмын эсрэг тэмцэлд босгож чадаагүй бол үүнийг нь энэ цаг үед коронавирус хийж байна. Тахал нийгэмд "социалист зарчим” нэвтрүүлэх шаардлагатай байгаа тухай яриаг оюунлаг хүмүүсийн дунд өрнүүлээд зогсохгүй, өвчний тархалттай тэмцэх зорилгоор эдийн засагт оролцоход өөрийн эрх мэдлээ ашиглахыг Засгийн газарт тулган шахаж байна.
Тахлын үед төр аль хэдийнээ "шөнийн манаач" биш болжээ. Дорвитойхон оролцохыг гуйх биш харин шаардаж байгаа бөгөөд үүнийг өчигдөрхөн ийм арга хэмжээний эсрэг байсан тэр хүмүүс шаардаж буйг хэлэх нь зүйтэй. "Одоо хамгийн консерватор, либеритари санаа бодолтой бүгд найрамдахчууд хүртэл төр томоохон үүрэг гүйцэтгэхийг эсэргүүцэхээ больжээ. Тэд эрүүл мэндэд болрн өөр олон зүйлд шинээр зардал төсөвлөхийн төлөө санал өгцгөөж, үүнийг бүр ойрын үед хийж эхлээд байна" хэмээн Америкийн нэгэн консерватор порталын тоймч Говард Финеман тэмдэглэсэн байна. Тэрээр өөрийн өгүүлэлдээ "Берни ялагдсан, харин коронавирус түүний зөв байсныг харууллаа" гэсэн чамин нэр өгчээ. Энд эрүүл мэндийн даатгалын төлөө, бүгдэд үнэгүй дээд боловсрол олгохын төлөө тэмцэгч, Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнөөс нэрээ татсан, социалист Берни Сандерсийн тухай яригдаж байна. Тахалтай тэмцэж байгаа үед энэ үзэл санаа хамгийн олон янзын бүлэг, хэсгүүдэд улам олон дэмжигчидтэй болж байна. "Тахлын эрин үед бүх нийтийн эрүүл мэнд гэдэг зөвхөн ярианы сэдэв төдий биш, үндэсний аюулгүй байдлын императив” хэмээн "Salon" сэтгүүлийн тоймч Боб Хенелли бичжээ. Америкийн олон тоймчид тахлыг 1930-аад оны их хямралтай харьцуулангаа АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельтийг эдийн засгийг аврах түүний социалист оношилгоо болон төрийн далайцтай төслүүдийг, түүнчлэн Америкчуудад зориулсан нийгмийн ажил бий болгох санааг нь дурсацгааж байна.
 
 
 
Үндэсний ашиг сонирхол сэтгүүл Рузвельт ба Трамп хоёрыг харьцуулаад сүүлийнхэд нь ашигтүй дүгнэлт хийжээ: Үхлийн вирусын халдвар авсан олон арван мянган америкчуудын зүрхний цохилтоос илүүгээр фондын захын пульс Трампын сэтгэлийг зовоож байна” гэж зохиогч тус сэтгүүлд бичлээ. Гэхдээ Ерөнхийлөгч Дональд Трамп хэдийгээр өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн бүх нийтийн эрүүл мэндийн даатгалын тухай санааг "живүүлсэн" ч гэсэн альтернативийг олохыг оролдож байна. Гуравдугаар сарын сүүлээр тэр нийгмийн хэрэгцээнд ба Ковид-19-той тэмцэхэд эориулан хоёр их наядын тусламж үзүүлэх тухай хуульд гарын үсэг зурсан юм.
 
 
 
"Коронавирусын хямрал нь төр өөрийн сонгогчдоо зах зээлийн хайр найргүй байдлаас бүрэн хамгаалах чадвартайг тод санууллаа" гэж "Нью Йорк Таймс" сонины тоймч Эрик Ленц өгүүлэлдээ бичжээ. Хэрэв тахал цааш үргэлжлэх тохиолдолд дэлхийн олон орны эдийн засагт социалист элемент улам их хэрэглэгдэх болно гэдэгг Британийн эдийн засагч Симон Мейр итгэлтэй байна. "ВВС"-ийн сайтад нийтлэгдсэн өгүүлэлдээ шинжээч "төрийн социализм" эхлэх нь боломжит хувилбаруудын нэг мөн гэж тэмдэглэсэн байна. Үүнд эмнэлгүүдийг улсын болгох ба иргэдэд үнэгүй орон сууц өгөх явдал орно. "Ийм хувилбарын үед амьдралд зайлшгүй хэрэгцээтэй эдийн засгийн тэр хэсгийг хамгаалах нь чухал. Жишээ нь зах зээлийн олон ааш авираас амьдралын үндсэн нөхцлийг хараат биш байлгахын тулд хүнс, эрчим хүч, орон сууц үйлдвэрлэлд төр оролцоно" хэмээн зохиогч бичиж байна. Ийм хувилбар байх бүрэн магадлалтай. Хэрэв эдийн засагт гүнзгий уналт нүүрлэвэл эдийн засгийн нийлүүлэлтэнд ээлжит цохилт ирнэ гэж зохиогч үзэж байгаа аж. Гэхдээ ийм хандлага эрсдэлтэй учир авторитаризмаас зайлсхийхийн тулд бид болгоомжтой байх ёстой гэж бас анхааруулж байгаа юм.
 
ИЛҮҮ СОЦИАЛИЗМ ИЛҮҮ НИЙГЭМЧЛЭЛ
 
Эдийн засгийн зүүн үзэл болон нийгмийн секторыг илүүтэй дэмжих явдал Европт хүчтэй байсаар ирсэн бөгөөд хямралын үед төр өөрийн үүргийг улам нэмэгдүүлдэг. Хувь заяаны шоглоомоор Их Британид саяхныг хүртэл Лейборист намыг толгойлж байсан зүүний радикал үзэлт улстөрч Жереми Корбины сургаалийг тахал амьдралд хэрэгжүүлж байна. "Эдийн засгийн томоохон секторуудад тавих хяналтыг төр гартаа авна гэж лейбористууд амалснаас хэдхэн сарын дараа консерваторууд харин үүнийг нь хийж байна. Онцгой хариуг зөвтгөдөг онцгой нөхцөл байдаг юм” гэж консерватив "Таймс" сонины тоймч Филипп Коллинз хэллээ.
 
 
 
Вирустай тэмцэж байгаа нөхцөлд консерватив засгийн газар банкны үйлдвэржилтийг аврахын тулд асар их мөнгө цутган, бүрнээ "зүүний" алхаагаар явж байна. Хямралаас агаарын компаниудыг аврахын тулд тэднийг бүр нийгэмчлэх боломжийн тухай асуудлыг шинжээчдийн хүрээнийхэн хэлэлцэж эхэлжээ. "Тахалтай тэмцэхийн тулд засгийн газар том байх хэрэгтэй. Гэхдээ хожмоо хэдий хэр багасгах нь чухал" гэж экономист сэтгүүл болгоомжлолоо илэрхийлсэн байна.
 
 
 
Урьд нь өөрийгөө капитализм ба социализмын "конвергенц" (нийлүүлэх) талын хүн гэж зарласан Францын ерөнхийлөгч Макароны хувьд тахал үнэний агшин болов. Тахал эхэлсний дараа "шар хантаазтнуудыг өдөөж байсан эрс өөрчлөлт удаан хугацааны "авдарт" орж хойшлогдлоо. Иргэддээ хандсан саяхны илгээлтдээ тэрээр томоохон компаниудыг нийгэмчлэх асуудлыг үгүйсгэсэнгүй. Германд ч гэсэн туйлын арга хэмжээ болгож нийгэмчлэл явуулахыг бас үгүйсгэхгүй байна. "DW радио станцын тэмдэглэсээр ийм боломжийг Засгийн газрын эдийн засгийн тэргүүлэгч зөвлөхүүд хэлэлцэж байгаа аж. "Немцийн эдийн засагт төр улам томорсон" гэж Берлиний "First Private Embassy"-ын зөвлөх компаний тэргүүн Айнура Асакеева ярьж байна. "Коронавирусын эринд Германд бүр авто машины аж үйлдвэрийг улсын болгох тухай ярьж эхэлжээ. "Одоо хэн ч автомашин худалдаж авахгүй байна. Автомашины аж үйлдвэр төргүйгээр цааш явахгүй нь гэцгээж, олон концерн-гигантуудыг нийгэмчлэх шаардлагатай байгаа тухай олон хүн ярьж эхлээд байна. Үнэнийг хэлэхэд энэ хэлэлцүүлэг Германид коронавирусээс өмнө эхэлсэн бөгөөд энэ нь немцийн нийгэмд өсөн нэмэгдсээр буй тэгш бус байдалтай холбоотой" гэж Асакеева ярьжээ.
 
ДЭЭРХ, ДООРХ БА ЗҮҮН ЭРГЭЛТ 
 
Тахал эдийн засагт төрийн үүргийг нэмэгдүүлж байгааг бид Барууны орнуудын жишээн дээрээс харж байна. Харамсалтай нь манай оронд удирдлагууд зөндөө ихийг амалдаг ч туйлын бага зүйл хийдэг. "Баталгаатай орлого гэгчийн талаар улам идэвхитэй ярьцгааж хэд хэдэн орон (жишээ нь Испани) ажиллаагүй байгаа бүх хүнд нөхөн төлбөр олгохоор амлаад байна" гэж Европын институтын шинжлэх ухааны тэргүүлэх ажилтан Борис Гуселетов "Финам.ру”-д ярилцлага өгөхдөө хэлжээ. Шинжээчдийн бодлоор бол гол асуудал нь улс орны чанар ямар вэ гэдэгт байгаа гэнэ. "Улс хүмүүсийн төлөө юу, элитүүдийн төлөө юу? “Ерөнхийдөө асуулт Ленинийхтэй адилхан. Төр ба Хувьсгал. "Өөрийн хүрээндээ эргэж ирэх" гэж ярьдаг шиг юм. Ленинийг “Оросын түүхийг нураагч" гэж үздэг ерөнхийлөгч Владимир Путин хямралын энэ эринд Лениний бүтээлүүдийг унших нь юу л бол. Мөн өөрөө өршөөсөн олигархи Михаил Ходорковскийн бичсэнд тэрээр гараа хүргэхгүй биз. "Бүх нийтийн либералчлапаас хожсон цөөн хэд ба өөрсдийгөө ялагдагсад гэж үздэг олонхийг эрх чөлөө ба шударга ёсыг эвлэрүүлэхийн тулд зүүн эргэлт хэрэгтэй байна” гэж Ходорковский 15 жилийн өмнө шоронд байхдаа бичсэн "Зүүн эргэлт" өгүүлэлдээ тэмдэглэсэн билээ. Өнөөдөр 15 жилийн дараа "зүүн лүү эргэх" нь чухал байгаа тухай либералиудаас эхлээд консерваторууд хүртэл хамгийн олон янзын хүрээнд дуулдах болжээ хэмээн социологч Борис Кагарлицкий "Финам.ру"-д ярьсан байна. Гэхдээ нөхцөл байдлыг шүүн тунгаагаад тэрээр "доорх үл хүссэн, дээрх үл чадсан" гэсэн Лениний илэрхийллийг дурсжээ. "Хэрэв элитуүд энэ эргэлт рүү явахыг хүслээ ч гэсэн холбоотнуудын өмнө хүлээсэн үүрэг нь тэдний замыг хаах болно. Энэ нь бид цагаан хоолонд шилжинэ, гэхдээ ямар ч гэлээ махаа үлдээнэ” гэж хэлэхтэй адил юм.
 
 
Эдийн засгийг дэмжих өнөөдрийн арга хэмжээг 2008 оны хямралтай харьцуулаад Кагарлицкий хэлэхдээ "Үгүй ээ яахав, Оросын элитүүд тодорхой ахиц гаргаж байна” гэжээ. Учир нь тэр үед мөнгийг үндсэндээ корпорациудад өгч байсан бол засгийн газар энэ удаад жирийн иргэдэд мөнгө өгч байна. Бялууг хуваах ёстой гэсэн ойлголт байна. Харин бутербродод шар тосоо тун нимгэнээр түрхэж байна” гэж тэр нэмж хэлэв.
 
 
Гэхдээ энэ бүх арга хэмжээнүүд "бүтцийн хувьсал" санал болгохгүй байна хэмээн Кагарлицкий яриад "ахиц өөрөө ирдэггүй" гэдгийг ойлгосон Ленинд ханджээ. Орчин үеийн нөхцөл байдал-энэ бол засаглалд улс төрийн өөр хүчин оруулах хэрэгтэйг харуулж байгаа хэрэг юм. Харин Оросын эдийн засагч Антон Любич хэлэхдээ "Хэдийгээр зүүн эргэлт болох эрсдэл байгаа ч гэсэн Оросыг баруун эргэлт-хувийн санаачлагыг чөлөөлөх нөхцөл бий болох явдал аварна" гэжээ. Барууны ертөнц хэдэн арван жилийн турш зүүн лүү эргэсэн. Манай сэхээтнүүд тэднийг дууриаж бас л тэр зүгт татагдаж байна. Өндөр татвар ажил хэрэгч саналыг бөхөөнө, хүмүүсийн дээш цойлон гарах боломжийг үгүй хийнэ. Энэ үед харин рентийг дахин хуваарилах байдлаар олон түмний нийгмийн баталгааг хангаж бопох юм. Өнөөдөр Баруун эргэлтийн нөхцөл бүрдсэн, бид татвараа сайн төлж байгаа. Харин хямралын үед бидэнд хэн ч байхгүй, тэр тусмаа туслахгүй. Зүүн загвар бүтэлгүйтсэн” гэж тэр хэлж байна.
Магадгүй тахлын дараа л зүүн эсвэл баруун замын зураг илүү тод гарах биз. Хэрэв зарим орны засгийн газруудаас эдийн засагт хийж буй довтолгоо үр ашгаа өгөхгүй бол дээрх зүйл тохиолдоно гэж Стенфордын их сургуулийн профессор Вальтер Шайдель "The wall street" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. "Довтолгоо манай эдийн засгийн, манай нийгмийн аврал болж байна, гэхдээ эдгээр нь бас одоо оршин буй дэг журмыг хадгалахад чиглэгдэж байгаа юм. Хэрэв энэ бүтэлгүй болбол бид дорвитойхон өөрчлөлтийг үзэх болно” гэж тэр өгүүлжээ.
 
 
Доктор Г.Төртогтох