МОСКВА. /Neftegaz/. ОХУ-ын “Газпром” компани “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн дамжин өнгөрөх хэсэгт зориулагдсан тусгай зориулалтын компанийг Монголд байгуулж, бүртгүүлэхээр бэлдэж байна. Энэ тухай Интерфакс агентлаг тус компанийн эх сурвалжаас иш татан мэдээлжээ. 
 
Оросын байгалийн хийг Баруун чиглэлээр Хятадад нийлүүлэх “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолой тавих төслийн хүрээнд "Газпром"-ын  тусгай зориулалтын компанийг Монголд байгуулж буй юм. Тусгай зориулалтын компани нь 2020 оны есдүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлэх төлөвтэй байна. Ингэхдээ тус компани нь тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх, түр компанийн хувиар яриа хэлэлцээнд оролцох, хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг хуваалцах, өрсөлдөх чадвартай байх үүргийг хүлээх ажээ.
Энэ оны гуравдугаар сард “Газпром”-ын тэргүүн А.Миллер ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахдаа “Сибирийн хүч-2” төслийн зорилго нь Оросын Баруун болон Зүүн бүсийн хийн дамжуулах дэд бүтцийг холбох, Хятадад Баруун чиглэлээр хий нийлүүлэх зорилгоор тавина гэж мэдэгдсэн юм.
 
 
 
Одоогийн байдлаар Орос, Монголын тал харилцан ойлголцлын санамж бичиг болон тусгай зориулалтын компани байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар болон “Газпром” компанийн хооронд байгуулах нууцлалын гэрээг боловсруулж байна. Харилцан ойлголцлын санамж бичиг нь хууль ёсоор заавал биелүүлэх үүрэг хүлээхгүй байна. 
 
 
 
Мөн тусгай зориулалтын компани, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаас гадна хий дамжуулах хоолойн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, тусгай зориулалтын компанийн санхүүжилтийн нөхцөл, хамтын ажиллагааны хэлбэр, маргааныг шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
 
 
 
 
“Сибирийн хүч” хий дамжуулах систем нь Хятад руу гурван чиглэлээр хий нийлүүлэх төсөл юм. “Сибирийн хүч-1” хий дамжуулах хоолой нь Зүүн Сибирийн орд газруудаас Оросын хийг Хятадын зүүн болон төвийн бүсэд, “Сибирийн хүч-2” нь Баруун чиглэлээр /Алтай/ Баруун Сибирийн орд газруудаас Оросын хийг Хятадын баруун бүсэд нийлүүлэх төсөл бол “Сибирийн хүч-3” нь Сахалины орд газраас хий нийлүүлэх Алс Дорнодын чиглэл юм. 
 
 
 
“Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн төслийг 2019 оны 12 дугаар сард ашиглалтад орсон “Сибирийн хүч-1” хий хоолойтой нэгэн зэрэг санаачилсан боловч удаан хугацаагаар зогссон юм. Хэлэлцээний явцад “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн техникийн тохиргоо, тавих маршрут болон бусад үзүүлэлт нэлээд өөрчлөгдсөн.
"Сибирийн хүч-2" төслийн анхны төлөвлөгөөгөөрөө Алтайн хязгаараар дамжин, БНХАУ-ны Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд шууд хүрэх транзитгүй чиглэл байв.  Гэвч хийн хоолойн маршрут нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан байгалийн цогцолборт газрын статустай Укокын өндөрлөг газрын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх ёстой байсан нь байгаль хамгаалагчдын дургүйцлийг төрүүлэв. Энэ үед Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрээр хийн хоолойг өнгөрүүлэх, транзит чиглэлийг санал болгож байв. Монголчуудын тавьж буй санал нь 1000 км-ийн хийн хоолойн уртыг багасгахаас гадна, хийн хоолойн бүтээн байгуулалт тал нутгаар дамжих тул барилгын ажлыг хялбаршуулах боломжтой байжээ. Гэвч оросууд тухайн үед саналыг сонирхоогүй юм.
 
Тухайн үед буюу 2014 онд монголчууд Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц /УЦС/ барихаар шийдсэн нь ОХУ-ын эрх баригчдыг болгоомжлоход хүргэжээ. Улмаар 2015 онд Шүрэнгийн УЦС, Эгийн гол, Орхон гол дээр барих УЦС-уудын барилгын ажлыг түр зогсоохоор тохиролцов. Түүнчлэн Байгал нуурт үзүүлэх УЦС-ын нөлөөллийг үнэлэх шинжээчдийн баг байгуулсан. 2016 онд тухайн үеийн ОХУ-ын Байгаль орчны сайд С.Донской Сэлэнгэ мөрөн болон түүний цутгалуудад УЦС барихаас илүүтэй ОХУ-аас эрчим хүч импортлох ашигтай нөхцөлийг Монгол Улсад санал болгохыг оролдож байна гэж мэдэгдэж байв. Гэсэн хэдий ч монголчууд УЦС барих төслийг урагшлуулсаар байлаа. Энэ үед ОХУ-ын эрх баригчид БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах саналыг сонирхож эхэлсэн юм. Сэлэнгэ мөрөн дээр УЦС барих ажил 2018 онд ОХУ-ын эрх баригчид Монголын транзиттай холбоотой сэдэв рүү эргэж хазайсны дараа зогссон.
 
Дараа нь энэхүү чиглэл “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойг тавих гол чиглэл болсон юм.
2019 оны 12 дугаар сард Монголын тал Оросын байгалийн хийг Монголын нутгаар дайруулан Хятад нийлүүлэх төсөл эхэлснийг мэдэгдэв.
Хэд хоногийн дараа "Газпром" компани болон Монгол Улсын Засгийн газар төслийг хэрэгжүүлэх боломжид хамтарсан үнэлгээ хийх харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
2020 оны гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "Газпром" компанид төслийн ТЭЗҮ болон зураг төслийн ажлыг эхлүүлэхийг даалгав.
2020 оны тавдугаар сард "Газпром" дээрх маршрутаар жилд өмнө нь тооцоолж байсан 30 тэрбум шоо метрээс 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх боломжтой талаар мэдэгдэв.
“Сибирийн хүч-2” хийн хоолойн чиглэл өнгөрсөн хугацаанд нэлээд өөрчлөгдсөнд гол учир байгаа юм. Энэ чиглэл хэрхэн явах нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ Монголоор дайруулах чиглэл нь Оросын хийг Хятадын төвийн бүс нутгуудад хүргэх замыг эрс багасгах учир Хятадын талд ашигтай юм.
 
 
Д.Жаргал
Эхсурвалж: Монцамэ агентлаг