sonin.mn
Өвөр Монголын зохиолч Э.Бүрэнтөгс гуайн ярианаас...
 
...Уран зохиолыг ямар хүн бичдэг юм бэ гэвэл хүн ястай хүн бичдэг юм. Үндэстэн ястандаа хайртай хүний бичсэн зохиол бол энгийн зохиол биш ээ. 
 
...Бээжингийн зохиолчдын эвлэлийн  хорооны Ерөнхий найруулагч надад "Таны энэ зохиолыг (Зохиолчийн "Дэлгэрхангай" роман) манууд уншвал шүлэг шиг юм аа" гэж байна. Би хариуд нь "Манай монгол хэл бол их дүрслэг, язгуурлаг хэл юм. Бид бол "Будаа иднэ, будаа зооглоно, будаа хүртэнэ" гэх мэтээр хэлнэ. Харин хятад хүмүүс танууд бол зөвхөн будаагаа амруугаа чихэж буйг л хэлдэг. Уухыг ч мөн адил. Манай монгол хүмүүс "Хундагаа барьяа" гэж хэлнэ ээ. Харин танай хятад хүн бол амруугаа гудрахыг хэлнэ ээ. Монгол, хятад үгний тусагдхуун нь ангид өөр юм. Манай монгол үг бол тэр чигээрээ дүрслэг урлаг юм. Хятад хэлэнд морины явдлыг зөвхөн гүйх гэсэн ганц л үгээр илэрхийлдэг. Харин манай монгол хэлэнд алхах, сайварлах, шогших, жороолох, хатирах, таваргах, давхих, хурдлах гэх мэтээр олон янзаар хэлж байна аа. Одоо "Хөтөлгөө морьтой" гэх үг хятад хэлэнд буухдаа заавал нэг морьтой хүн яваад, тэр нь хажуудаа бас нэг морь хөтөлсөн гэж бичих хэрэгтэй болж байгаа юм. Харин монголоор бол "Хөтөлгөө морьтой" гэхэд тэр хүн өөрөө бас морь унаад явж байгаа гэдэг нь маш тодорхой ойлгогдоно. Гэтэл яг ингээд хадаад орчуулчихаар хятад хүн ойлгохоо больчихож байгаа юм. Морь хөтөлсөн явган хүн ч юм уу, морьтой хүн ч юм уу бүү мэд...
 
 
 
Хятад дарга "Таны Дэлгэрхангай романыг хятад руу орчуулсныг та хэр зэрэг зөвшөөрөв" гэж асууж байна. "Тавин хувийг нь орчуулжээ. Санааг нь л гаргасан байна" гэж би хариуллаа. Энэ уран баян үг, соёлыг хэн надад зааж өгсөн бэ гэвэл манай монголын удамшлийн соёл, манай ахмад үеийнхэн заасан. 
 
 
 
Тэгээд би романаа хятадаар хэвлэж гаргахыг нь зөвшөөрөхгүй 7 жил болж байна. Би ч зөвшөөрөөгүй. Бээжингийн хэвлэлийн хорооныхон орчуулгыг нь үзээд "Яагаад ийм сайхан хэлтэй романы орчуулга ийм модон хэлтэй болчихдог юм бэ?" гэж байна. Миний "Хан дэлхийн буян" роман бол эрт хятад хэлээр орчуулагдсан. Гэхдээ тэр роман нь энэ Дэлгэрхангай роман шиг монгол ардын дүр байдлыг тэгтэл нь тулгаж бичсэн зохиол биш юм. Тиймээс орчуулжээ. 
Бас нэг жишээ байна. "Хээлтэй гүү" гэхийг хятадаар жирэмсэлсэн гэж орчуулна. Гүүгээ ч, гахайг ч, охин маань ч ялгаагүй, бүгдийг нь жирэмсэллээ гэж ярина. Гэтэл манай өвөр монголд өнөөдөр залуус яг энэ хятад орчуулга, сэтгэлгээг хүчтэй тусгаж аваад монгол үг маань маш ихээр эвдэрч, хамуурч байна. Энэ их хэцүү байна. 
 
 
 
Түүн дээр манай монгол бичгийн маань дүрэм журам их хэцүү болсон. Дарга нар том толь гаргасан. Түүгээр бол олон монгол үгээ бид танихаа байж байгаа. Жишээ нь "Дүрсгүй" гэсэн үг байна. Энэ бол золбоолог, сахилгагүй, зүггүй хүүхдийг, тийм зан аашийг хэлнэ ээ. Гэтэл манай босоо монгол бичгийн дүрмээр бол дүрс + үгүй гэж салгаж бичиж байна. Энэ чинь буруу шүү дээ. Бүр огт өөр утгатай болчихож байгаа юм. Юун дүрсгүй хүүхэд билээ, харин бүр дүрс үгүй буюу үзэгдэх юм үгүй гэсэн утгатай болчихож байна. Энэ мэт олон жишээ байна. 
 
 
 
Харин тануусын Монгол хэл бол жинхэнэ сортойгоо байгаа. Зүйрлүүлбэл, соргүй үс хялгастай Дон гэдэг нэг үүлдрийн ямаа бий дээ. Манай Өвөрлөгчидийн маань хэл яг тийм. Бас ч аргагүй байна. Гэрээс гараад л явахаар бүгд хятад, уулзсан, үзсэн, ярьсан сонссон болгон хятад болоод байгаа хойно. Харин танай Ар Монгол ахан дүүсийн хэл бол яг сайхан хялгас сор нь уртаас урт унжсан улаан ямаа шигээ байна. Тиймээс одоо та бүхэн энэ сайхан сорлог байгаа хэлээ хэвээр нь хадгалахыг хичээгээрэй.
... Би "Тунгалаг Тамир" романыг монгол ертөнцийн нэвтэрхий толь гэж үнэлдэг.
... Бид хэдий тусдаа ч гэсэн элгээрээ нэг юм шүү дээ. Түүнийг холбодог зүйл нь энэ эх хэл, өв соёл маань юм. Тэгэхээр бид үүнээ л эрхэмлэж, нандигнаж байгууштай. Ялангуяа зохиолчид бид нарт том ачаа бий шүү...
... гэх мэтээр уран бүтээлийн тухай ярив. 
Улаанбаатар Их сургуулиас "Монгол туургатны сонгомол номын сан" гэсэн цуврал эхлүүлж байгаа юм байна. Энэ цувралд Өвөрмонгол, Халимаг, Буриад гэх зэрэг монгол туургатны шилдэг зохиол бүтээлийг шинэ бичигт хөврүүлэн хэвлүүлж эхлээд байгаа ба эхний боть нь энэхүү Э.Бүрэнтөгс гуайн "Дэлгэрхангай" роман ажээ. Уг роман Өвөрмонголд олон удаа хэдэн арван түмэн хувиар хэвлэгдсэн, бараг айл бүрд байдаг роман гэнэ. Мөн энэхүү "Дэлгэрхангай" роман 1987 онд хэвлэгдсэнээр Өвөр Монгол түмэн үндэсний томоохон романтай болжээ. 
Улаанбаатар Их сургуулийн захирал С.Байгалсайхан сургуулиасаа эрхлэн гаргасан номуудынхаа дээжийг Э.Бүрэнтөгс гуайд өргөн барихад тэрбээр номыг хадганд боож аваад, "Ембүүг хадганд боож авдаг. Гэтэл ном бол ембүүтэй харьцуулах аргагүй эрхэм зүйл. Тиймээс номыг хадганд боож авбаас зохимуй" гэсэн юм.
 
 
Ярианаас нь хальт мулт тэмдэглэсэн Б.Номинчимэд