sonin.mn
Короновирусын хатуу хөл хорионы дэглэмд бүх нийтээрээ шилжсэн шийдвэртэй холбоотойгоор жижигхэн Монголын ядарсан эдийн засаг үнэндээ л сүйрэх шахаж байна. Юун түрүүнд архи, согтууруулах ундаанаас голлох орлогоо төвлөрүүлж амь зуудаг найман нэрийн дэлгүүрүүд, жижиг супермаркетууд хатуу хөл хорионы үеэр архи зарахыг хориглосон шийдвэрээс болж балрах шахаж байгаа нь нууц биш.
Мөн холбогдох албаныхан хүнс түгээлтийг шөнийн цагаар явуулах шийдвэр гаргасан нь дампуурч хаалгаа барихын наахнуур шүд зуун дэнжгэнэж байсан тэднийгээ нэг мөр ниргэчих дөхлөө. Олон мянган аж ахуй нэгжүүд иймэрхүү эрсдэлд ороход ойрхон байгааг олж харсан уу яасан, ямартай ч Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос дээрх шийдвэрээ цуцалжээ. Сайн хэрэг.
Хатуу хөл хорионы үед согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон шийдвэрийг зөвтгөх нэг хэсэг байхад буруутгах хүмүүс ч бас байна. Уг нь бол архи, дарс хүртэж таашаах нь биологиосоо заяагдмал хүний анхдагч хэрэгцээ юм гэсэн. Тийм ч учраас элэнц дээдсүүд маань хүй нэгдлийн үеэсээ архиа нэрж уусаар өнөөг хүрсэн биз. Тиймгүйсэн бол архи гэдэг зүйл өдгөө энэ дэлхий дээр ор мөргүй зүйл байх байсан гэдэг нь ойлгомжтой асуудал юм.
 
Манай хойд хөрш болох ОХУ-д хатуу хөл хорионы үеэр согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосны улмаас гар ариутгагч шингэн уугаад долоон хүн газар дээрээ “талийгч” болсон тухай мэдээллийг барууны хэвлэлүүд мэдээлжээ.
Нууцгүй хэлэхэд Улсын онцгой комиссоос гаргасан хатуу хөл хорионы үед согтууруулах ундааг худалдахыг хориглосон шийдвэр эцсийн дүндээ ОХУ-д тохиолдсон шиг эмгэнэлтэй үйл явдалд хөтлөж болзошгүй болчихлоо. 
 
Учир нь хөл хорионы хатуу дэглэмтэй энэ цаг үед хүнсний үйлдвэрийн баталгаажсан согтууруулах ундааг иргэд худалдан авах боломжгүй болж оронд нь гар ариутгах бодис, техникийн спирт, зориулалтын бус шингэн, өндөр үнэтэй шагийн архи ууж заяагдмал хэрэгцээгээ хангах боллоо. 
Бүр гар ариутгагч шингэн ууж хордсон тохиолдол ч мэр сэр гарсан байх юм. Үүний тодорхой жишээ гэвэл саяхан нэгэн иргэн метилийн спирт уугаад гудамжинд ухаангүй хэвтэж байхад нь сайн санаат хүмүүс цагдаа, эмч дуудан хүлээлгэж өгсөн үйл явдал юм. Зөвхөн эмийн санд л зарж борлуулагддаг энэхүү спиртийг ариутгалд хэрэглэдэг гэдгийг тухайн иргэн мэдээгүйдээ ийм үйлдэл хийгээгүй болов уу.
Энэ мэтээс харахад иргэд маань короногоос бус найруулсан архи, ариутгалын спирт ууснаасаа болж нэг нэгээрээ хорвоог орхих эрсдэлтэй нүүр тулж байгаа бололтой.
Улс, нийслэлийн онцгой комиссыг удирдаж буй Я.Содбаатар, Д.Сумъяабазар нар ч тийм зүйл хүсээгүй гэж найдъя. 2008 онд яалаа? “Азийн чоно” гэх найруулсан архинд улсаараа хорлогдох шахаж, 20 шахам иргэдээ хордуулж алсан гашуун туршлага уг нь бидэнд бий. Энэ бүхнийг мэргэн төр маань мартаагүй гэдэгт найдъя.
Саяхан сошиалд нэгэн эмэгтэйн архи хулгайлж байгаа бичлэг цацагдлаа. Энэ бол шоолоод байх үйлдэл биш. Алкохол зарахгүй бол хүн бүр өөрсдийнхөөрөө арга хэмжээ аваад эхэлнэ шүү гэдгийн эхний сэрэмж, дохио. Юмыг утга учиргүйгээр хорьж, цагдах нь бусдыг юу руу ч түлхэж болдгийг харуулсан бодит кэйс.
Энэ янзаараа бол цаашлаад архи согтууруулах ундааны далд бизнес ч хүчээ аван цэцэглэх төлөвтэй болчихлоо. Энгийн цагт 7.0 мянган төгрөгөөр зарагддаг “үнээ” гэх  нэршилтэй шар айраг өдгөө үнэ нь гурав нугарч 25 мянган төгрөгийн ханшийг хэдийнээ давж ард иргэдийн дунд тун эрэлттэй бараа бүтээгдэхүүн болж хувирчээ.
 
“Ланд 200” унасан залуучууд архийг өндөр үнээр нууцаар шаглаж байна хэмээн Цагдаагийн дэд дарга Ж.Амгалан УОК-ийн хурлаар ярьж харагдсан. Энэ бол гайхаад шогшроод байхаар асуудал биш. Эрэлт нь байхад нийлүүлэлт хаана ч , аль ч цагт байдаг гэдгийг л харуулсан зах зээлийн хууль. 
 
Хамгийн харамсалтай нь цаашдаа хуурамч, чанаргүй архины далд худалдаа газар авч, нийгмээрээ хуурамч архин далайд живэх аюул ойрхон болчихлоо. Дээр хэлсэнчлэн тэр цагт короновирусаас бус баталгаагүй, үйлдвэрийн бус архины төлөөсөнд хэчнээн иргэн энэ хорвоог орхих бол. 
Гэхдээ ийм байдалд хүргэхийг хэн хүсэх билээ. Тиймээс Улсын онцгой комиссыг удирдаж байгаа дарга нараасаа учирлаж гуйх нэгэн гуйлт байна. 
Хэдэн иргэнийхээ амийг коронод бус найруулсан архинд алдахаасаа өмнө иргэдийнхээ дунд архи согтууруулах ундааг нийтэд нь хавтгайруулан зардаггүй юмаа гэхэд ядаж градусаар нь жишээлбэл, шар айраг, дарс зэргийг ангилан худалдаалахыг зөвшөөрье, Хотын дарга Д.Сумъяабазар аа.
Бүгдийг хорьж, хаалаа нэгэнт нүүрлээд байгаа цар тахлаас ангижирчихгүй нь ойлгомжтой болчихлоо. Уух дуртай нэг нь гэртээ ганц нэг лааз шар айраг уугаад сууж л байна биз. Ядаж л иргэд маань дэлгүүрээс архи хулгайлж уун өөрийгөө болон нийгмээ шившиглэхгүй шүү дээ...
 
Д.Уран