sonin.mn

Төмөр замаас гаралтай "Хурд" хамтлаг

Монголын нэрт рок хамтлаг "Хурд" 1987 онд төмөр замын хэсэг залуусын хүрээнд сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн гэдэг. Улмаар 1991 оны Ардчилсан хувьсгал гарч уг хамтлагийн Нэгдүгээр бүрэлдэхүүн тарахад бөмбөрчин Д.Ганбаяр 1993 оноос өнөөгийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, жинхэнэ рок хөгжмийн уран бүтээлээрээ Монголчуудыг байлдан дагуулсаар байна.

 

"Хурд" рок хамтлаг нь зургаан гишүүнтэйгээр анхны "Хар салхи" бүрэн хэмжээний концертоо 1995 оны гуравдугаар сард тогложээ. Монголд дөнгөж хөгжиж буй "Рок" хөгжмийн түүхэнд эрэлхийлэл, шинэ стил хэв маягийг хүчтэйгээр нэвтрүүлж, Монголд анх удаа "Амплаггед" концерт, "Симфони-Хурд" концертыг амжилттай тоглосон.

 

"Хурд" хамтлагийн "Цэргийн бодол", "Аавдаа" зэрэг олон "Хит" дуу бий. Тэд Монголын рок поп хөгжмийн дээд шагнал гардуулах ёслолын 12 удаагийн шагналыг гардсан. "Хурд" хамтлаг мэргэжлийн өндөр түвшинд тоглож, дуулахын зэрэгцээ АНУ, Япон, Хятад, Солонгос зэрэг орноор аялан тоглолт хийдэг.




Монголын анхны хард хамтлаг Харанга

Монголын анхны хард хамтлаг юм. 1989 оны аравдугаар сарын 26-нд Драмын театрын дэргэд байгуулагдаж байжээ. Анхандаа нэргүй байсан гэнэ. Драмын театр, Ардын дуу бүжгийн чуулгын бүх уран бүтээлчийн дунд уралдаан зарласан үед Ардын дуу, бүжгийн чуулгын бүжигчин Д.Сүхбаатар "Харанга" нэрийг санал болгосон түүхтэй.

 

Анхны "Амьдрал" тоглолтынх нь тасалбар 30 минутын хугацаанд зарагдсан гэдэг. "Үгүйлэн санана", "Зөвхөн Монголдоо" зэрэг олон арван хит дуутай Харанга хамтлагийнхий тайлан тоглолт, цомгууд олон. УГЗ Ц.Чулуунбат, МУГЖ гитарчин Ц.Энхманлай, дуучин Х.Лхагвасүрэн нэр нь хүртэл "Харанга" болсон шилдгүүд.

 


Гадаад амжилт үзүүлсэн анхны поп хамтлаг "Хар Чоно"

Хар чоно" хамтлагийнхан "Music - Quist 92" хөгжмийн наадамд Монгол попыг эгшиглүүлэн, Алтан медаль, 5000 ам. Долларын эзэн болж байсан юм. Хоёр үе шаттайгаар шалгаруулдаг тус наадмын эхний шат Монголд болж, тухайн үеийн амьд хөгжмийн "Харанга", "Хурд", "Айзам", "Хөх тэнгэр", "Соёмбо", "Хар чоно" зэрэг найман хамтлаг өрсөлдөн, "Хар чоно" шалгарч байжээ.

 

Хоёрдугаар шатанд Азийн 29 орны 3000 хамтлагаас Монгол попыг эгшиглүүлсэн манай залуус дараагийн финалын эрхээ гардан авсан нь гэрлийн хурдаар гаргасан амжилт байлаа. 1992 оны аравдугаар сарын 11-нд Японы Кагигава хотын "Ямаха ресорт"-д болсон "Music - Quist 92" наадмын финалд таван тивээс шалгарсан 14 орны 17 хамтлаг оролцсоны нэг нь Монголын "Хар чоно" байсан юм.

 

Үндэсний хөгжмийг, орчин үетэй хослуулан, англи хэл дээр дуулдаг байсан тэд Д.Отгонбаярын ая, Д.Ганзоригийн шүлэг “Бид амьдрах гэж төрсөн юм" дуугаараа Гран при хүртсэн юм.


 


Монголын анхны метал хамтлаг Аясын салхи

Метал рок нь дэлхийн дахинаа 1966 оны үеэс хүчтэй хөгжиж эхэлсэн амьд хөгжмийн төрөл бөгөөд хамгийн хүнд хөгжим юм. Энэ чиглэлээр Монголын рок хөгжимд чөлөөтэй байр сууриа илэрхийлж байсан хамтлаг нь Аясын салхи. Тус хамтлаг 1984 онд хамтлагийн ахлагч Энди, дуучин гитарчин Д.Баярмөнх, бөмбөрчин Ц.Батдэлгэр, гоцлол гитарчин Х.Энхбаяр, басс гитарчин Т.Энх-Амгалан гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулагджээ.

 

Социалист нийгмийн хараат байдалд уг хамтлаг нь Монголын ирээдүйн метал хөгжмийн үүдийг нээж өгсөн бөгөөд сонсогчдын дунд Монголын метал рокын загалмайлсан эцэг гэгджээ. Энэ хамтлагийн дараа "Булсара", "Зүгээр л", "Готика", "Хуучны Тамга", "Метроном" зэрэг хамтлаг Монголд метал рокыг хөгжүүлж байна. Аясын салхи хамтлагийн бүрэлдэхүүн 2002 оноос шинэчлэгджээ.



Эх сурвалж: "Ганзам"