Манай  настангууд хоолоо зохицуулж идэж чаддаг уламжлалтай байжээ. Харин одоо энэ уламжлал алдагдан архи уух, тамхи татах муу зуршилд багагүй автахын зэрэгцээ өөх тостой хоол унд хэрэглэж байх нь зүйтэй  гэсэн буруу ойлголт газар авсаар байгаа нь харамсалтай.
 
 
Тэд би та нарыг өсгөсөн, тэжээсэн одоо бидний ээлж гээд нас ахисан хүн хэрэглэж болдоггүй хүнсний зүйлүүдийг нэхэж идэд л суугаад байдаг. Зарим нэг нь болохлоор би хөгшин хүн, ийм их идэх уух юмаар яах нь вэ, надад энэ болно гээд хүүхдүүдийнхээ голоод орхисон талх, боовхон идээд өдрийг өнгөрөөдөг нь маш буруу юм.
 
 
Нас ахих тусам хүний бие эрхтэн хоол унд хэрэглэх, түүнийгээ шингээхэд багагүй өөрчлөлт гардаг, үүнийг тооцож үзэх шаардлагатай. Үүнд: Хүнсний зүйлийн шингэц муудна, дархлааны систем дутагдаж, тэжээллэг витаминлаг бодис их шаардагдана. Махан хоол бага идэж, цагаан идээ, жимс ногоо аль болохоор их хэрэглэхийг хичээ.
 
 
Нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний зүйлийг бага хэрэглэж, аль болохоор шинэхэн муудаагүй зүйлүүдийг хэрэглэ. Хоолоо тохируулж ид. Шим тэжээлтэй шинэ хоол идэх нь эрүүл байхад тустайгаас гадна халдварт болон олон өвчнөөс сэргийлдэг. Шингэн ахиухан ууж бай.
 
 
Хоол хийхэд өөрөө оролцохыг хичээж ганцаараа биш, найз нөхөд, дотны хүмүүстэйгээ хамт хоол унд идэх нь тэдэнд ашигтай байдаг. Давс, өөх тос, махыг аль болохоор бага хэрэглэвэл урт наслахад чухал хүчин зүйл болно. Нас ахисан ч гэсэн өөртөө тустай бусдад хэрэгтэй зүйлийг хийж бай.
 
 
Боломжийн хирээр хөдөлж булчин шөрмөсөө чангаруул. Хэрэв өвдвөл эмчийн тусламж ав. Залуу хөгшин хэнд ч эрүүл байх нь чухал. Настай хүмүүс илүү өвчлөмтгий байдаг учраас өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс эмчид тогтмол үзүүлж байх хзрэгтэй. Тэд танд тохирсон зовлогоөг өгөх болно
 
 
Эх сурвалж: “Амьдрах ухаан” сонин