Хурдан морины уралдаан зөвхөн зун болдог гэдэг сэтгэлгээ эрт дээрээс өөрчлөгдөж, улирал харгалзахгүй уралдуулдаг уламжлал тогтоод удаж буй. Түүнийг нь зохион байгуулэх эрх бүхий сум, аймгийн уяачдын холбоодууд гэж хэдэн бэлтэй уяачдаас бүрдсэн бүлэг байх юм.
 
 
Уяач нэртэй "баячуул" осолтойг нь мэдсээр байж бяцхан хүүхдүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг анхаарах нь битгий хэл хаа хамаагүй цэргийн баяраар хүртэл морь уралдуулж, хүүхдийн эрүүл мэндээр наадахав дээ.
 
 
Саяхан нэг өдөр хоёр ч газар сум, аймгийн алдарт уяачид цолоо мялаалгаж 2-З насны морьд уралдуулан наадацгаажээ. Дээрх уралдаануудыг сумын уяачдын холбоодууд зохион байгуулж, бай шагналд нь мотоцикль, бас бус бэлэг дурсгалын зүйл, мөнгө төгрөг ч дагалдуулжээ.
 
 
Зөвхөн Өргөөтийн талд болсон уралдаанд л гэхэд их нас, шүдлэн хоёр насны 110 гаруй морь уралдсан бол Хоршоололд болсон их нас, шүдлэн, хязаалан насны 90 гаруй морь уралджээ. Хаврын хавсарга шуурганаар морь, хүүхдээ туйлдуулж зүдрээсэн уяачид маань бас дахиад 200-аад хүүхдийн эрүүл мэндийг хайхраагүй нь мэдээж.
 
 
Гэтэл зөвшөөрөлгүй болсон хоёр ч уралдаанд аймгийн хүүхдийн төлөө байгууллагаас нэг ч хүн очиж ажиллаагүй л байгаа юм даа.  Уяачид нь өөрсдөө хүүхдүүдээ хамгаалахгүйгээр унаачийг хичнээн аюулгүй байлгах гээд ч тус болохоос эс ус болох нь илүүтэй.
 
 
Улс, бүс, их хурд наадмуудад хамгаалалтын хэрэгсэл өмсүүлж, хүүхэд хамгаалал гэж үзүүлдгээс биш бусад уралдаан хэнд ч хамаагүй болдог нь нууц биш Ам нээхээрээ хүүхдийн хамгаала." гэж ярьж суудаг нөхдүүд хаа сайгүй өрнөж буй зөвшөөрөлгүй уралдаанд хүрч очиж чадахгүй байгаа нь ч бас гашуун үнэн.
 
 
Дайран дээр давс" гэгчээр хожим нь ямар сөрөг үр дагавар гарахыг мэдэхгүй "сохроор" хүүхдээ эрсдэлтэй алхам хийлгэдэг эцэг эхчүүд ч нэгийг бодмоор л байгаа юм Энэ мэтээр бүр сүүлдээ хүүхдийнхээ үсний найранд хүртэл наадам хийх нь холгүй болсон, хүлэг морио дээдэлж хүүхдийн амийг үнэгүйдүүлсэн эрх мэдэлтнүүдэд шуудай гурил, хувцас, хичээлийн хэрэгсэл төдийхнөөр хууртагдсан эцэг эхчүүдэд хариуцлага тооцох цаг болжээ.
 
 
Г.Жавар
 
Эх сурвалж: “Архангайн амьдрал” сонин