Үлгэрт дуртай бага нас минь. Бутны орой дамжин дэгдсэн бүжин цагаан салхинаас би ингэж асууна. Ижийнхээ ярьдаг үлгэрүүдийг сананам. Ар, өвөртөө хэдэн бор бүжинтэй, Алаг толгой уулаа бодно. Үдшийн одод гялалзах цагаар ижийн минь үлгэр эхэлнэ.
 
 
Цуутын цагаагч гүүний цолмон цоохор унагыг өрөвдөн өрөвдөн уйлна. Дөрөв таван настай байсан юмдаг уу. Аавынхаа сэгсүүргэн дээлээр хучуулаад ижийнхээ ярих үлгэрийг сонссон жаргалтай хүүхэд нас минь.
 
 
Цолмон цоохор унагыг өрөвдөж уйлахад, ах, эгч нар минь хөгжилдөж, өхөөрдөж хөхрөлдөөд. Ижийн минь ярьсан үлгэр Алаг толгойн уулынхаа хэдэн бор бүжинтэй хамт үлдсэн байх. Хүүхэд нас минь ч адилхан. Хүүд минь шингээд дэгдэж явна.
 
 
Цаг хугацаа бүхнийг дийлнэ. Аажим аажмаар уусгана. Гагцхүү ижийн минь ярьсан үлгэрийг мартуулж эс чаднам. Харин ижийнхээ ярьсан олон олон үлгэрээс хүүдээ хэдийг нь хэлж өгсөнсөн билээ. Үлгэр эхлэхэд л орчлон хорвоо амсхийж, үлгэр сонсч өссөн хүүхэд өрөвчхөн болдог гэлцэнэм.
 
 
Гэвч бид үр хүүхэддээ үлгэр ярьж өгдөгсөн үү. Цаг хугацаатай яаран урсах амьдрал. Хүмүүсийн ярилцах нь түргэн, явах нь хүртэл хурдан болоод. Аажуу, уужуу үлгэр сонсох мэт айван тайван амьдрахсан.
 
 
Ижийнхээ ярих үлгэрийг сонсоод тэнгэр огторгуйн хязгааргүйд цагаан хүлэгтэй үлгэрийн баатар болоод дүүлэн нисэх мэт амгалан амьдрахсан. Хүүхэд насандаа эргэж очоод ижийнхээ үлгэр ярихыг ганцхан удаа сонсмоор байна. Бутны орой дамжин дэгдэх, бүжин бор салхи минь.
 
 
Эх сурвалж: "Ганзам" сонин