Коминтерний төлөөлөгчийн хайрласан нэртэй, Н.Рерихийн зурагт мөнхөрсөн энэ "дагина" царай муутай дагина шиг. Нэгэн үе шоолоод ч юм уу, эсвэл үнэхээр ч шоо дөрвөлжин, шохойгоор будсан ёотон цагаан барилгууд маань таалагдсан ч юм уу гадны нэг жуулчин "Азийн цагаан дагина" хэмээн шивнэснийг бид өнөө ч бахархан ярьдаг.

Дагина гэхээр нэг их сайхан бүсгүй санагдаад л, хөөрцөглөөд л, жил болгон "тень"-дэж, шохойдоод л. Гэтэл бас дагина гэдэг нь бурхны номлолд их сонин, маш дорой зүстэй, яр шарх, өвчин эмгэгт баригдсан, харахын аргагүй эмэгтэйчүүдийн дунд жинхэнэ дагинас явж байдаг хэмээн үздэг гэх. UB маань тэгэхээр одоо "жинхэнэ дагина" нь болж байгаа ч юм уу...

"Муу хүн мухар гудамж" гэдэг.

Манай хотын гудамж үнэхээр    мухардалд хүргэсэн гудамж болох нь. Худалдаад дуусч байгаа, хуураад хүлээлгээд байгаа хүүхдийн паркад байсан төөрдөг байшинархуу. Улс орны төв гэхэд урагшаа харж төлөвлөсөн төлөвлөгөө байдаг болов уу гэхээр "хөгжиж" ирсэн.

Нэг өглөө босоход л нэлээн хэдэн намхан барилга нэлмийтэл босчихсон байх нь хөгжил үү дэвшил үү, хөглөрөл үү... Хаалганд чинь, орцонд чинь, хананд чинь, хүүхдийн тоглоомын талбайд чинь тулгаад шахаад барилга бариад л.

Хөвчин дэлхий "суниавал" хэдэн барилга босоо үлдэх бол гэмээр түгшүүртэй, бас хойд талаараа, хэдэн талаараа дүүрэн "чимээгүй хот"-той, харанхуй манай хот. Хийж байгаа нь их ч хэтийн төлөвлөгөөгүй хөгжих урсгал хот. Урсгал усанд нь үхсэн загас дүүрэн бохир заваан, бидний нийслэл.

Ургуулж байгаа мод нь аврал эрж хатсан манай хот. Өнгөрсөн жилээс л өнгийн цэцэг алаглаж эхэллээ...Ногоон хувцастай хэдэн хүн сайн ажилласаан. Бид Баянгол дүүрэгт ирээд, бидний орыг Баянгол сумынхан эзлээд, "Нүүх үү суух уу" нүүдэл үргэлжилсэн ...нүүдэлчдээр дүүрсэн нүүдэлчний "навсгар" нийслэл.

Гадны хүн хөлөө хугалчихмаар нүхтэй хар зам, нөхөөстэй дардан замаа өнгөрсөн жил сайн чиг заслаа, цаана нь байж л байна...

Цэвэрч, сэжигч монголчуудын нийслэл хотын гудамж-залхуурал арчаагүй байдлын илрэл болсон "Илжигний зам" буюу тахир муруй гудамжтай, талбай, гудамж, алхам, сөөм, газар нь хогтой хот боллоо. Засч залруулах гээд нэг хэсэг нь үзээд, замбараагүй хог тарьж нэг хэсэг нь алхаад байх юм.

Эрүүл саруул ухааны бэлгэдэл болсон залуу хотын шулуун гудамж буюу "Хүний зам" цөөхөн байна. Нэрт архитекторч Ле Корбюзье-н хот байгуулалтын ерөнхий зарчимд "Илжигний зам" гэсэн тодорхойлолт байдаг.

Тэр нь товчхон хэлэхэд илжиг бол бодох юмгүй, зөвхөн "Хурдхан шиг ачаанаасаа салж нуруугаа амраах зорилготой явах зам" гэсэн ойлголт юм. Өнөөдөр хүртэл ийм л замаар UB маань хөгжиж. Өнөөдрийн бүтээн байгуулалтыг хараад "Өнгөрсөн" дарга нар муухан ажиллаж байжээ гэж бодогддог.

Та ундууцаж байна уу, тэгвэл доош хар. Тамхины иш, гялгар хүүдийний өөдөс... ер хоггүй сөөм, ямх газар харагдвал би буруу бичжээ. Дээш хар, тэнгэрийн одод харагдана уу...

Холыг хар, хөгжил дэвшил нь ...

Ц.Жаргалсайхан

Эх сурвалж: “Хөдөлмөр” сонин