sonin.mn

Сүүлийн зуун жилд манай улс төрийн түүхэнд том хувьсгал яг ялаач үгүй, бас ялагдаач үгүй тийм нэгэн сонирхолтой үзэгдэл хоёр удаа тохиопдсоныг бид нэг биш удаа "Хөх толбо" сониноор уншигч олондоо сонордуулж байв. 1921 оны Ардын хувьсгал гурван жилийн дараа 1924 оны 8-р сарын эцсээр зогсох болсон нь Монгол Ардын намын дарга С.Данзангийн үхэлтэй холбогдсон. 1923 оны 3-р сарын 10 гэхэд Оросын аугаа удирдагч В.И.Ленинийг бүрэн цус харвалтанд оруулснаас тэрбээр сэтгэн бодох чадвараа алдсантай уялдаж Октябрийн социалист их хувьсгал зогсож Зөвлөлт улсад түүхэн өөр үйл явц эхэлснийг бид дурдаж байсан. Ер нь том хувьсгал зогсдог үзэгдэл урьд өмнө нь огт яригдаж байгаагүй. Одоо иймэрхүү түүхэн эгзэгтэй үе мөчийг бас ярих шаардлагатай боллоо. 1924 оны 8-р сарын эцсээс Ардын хувьсгал зогссоноос шалтгаалж манай оронд улс төрийн огт өөр чиглэмж бүхий том үйл явцууд өрнөсөөр яваад 1990 оны Ардчилсан хувьсгалтай нүүр тулгарав.

Монгол Ардын нам нь Монгол Ардын Хувьсгалт нам болж хувирсан, тэгэхдээ Ардын намын тавьсан зорилт өөрчлөгдлөө. Бүх Монгол овогтныг нэгтгэх явдал Ардын эрхэт засгийн гол зорилт болсныг 1922 оны 7-р сард Жанжин Д.Сүхбаатар үндэслэж тавьсан бол 1924 оноос Монгол улсыг капиталист биш замаар хөгжүүлэх явдал Монгол Ардын хувьсгалт намын жанжин шугам болон дэвшигдсэн аж. Гэвч 1924-1990 онуудад манай улс капиталист биш замналаар яваагүй бөгөөд капиталист биш замналын нэр хаягаар, социализмыг байгуулж дуусгах түүхэн зорилтын халхавчин дор манай оронд далд колони тогтолцоо төлөвшив. Ийм айхавтар түүхэн үйл явцтай холбогдон өрнөсөн Ардчилсан хувьсгал нь 1924 оноос 1990 он хүртэлх хугацаанд тогтносон Зөвлөлтийн далд колоничлогч дэглэмийг тонилгох аугаа зорилтыг төдийгүй, бас манай үеэ өнгөрөөсөн бөгөөд ялзарч хоцорсон дарга ангийн хамт зайлуулах чиглэлийг дэвшүүлсэн. Ардчилсан хувьсгалыг Монгол Ардын Хувьсгалт нам ч, ЗХУ-ын Коммунист нам ч эрс эсэргүүцэж байсан бөгөөд эл хувьсгалыг сэм нухчин дарах нууц ажиллагааг хоёр үе шаттайгаар өрнүүлсэнийг бид судлаж тогтоосноо зон олондоо "Хөх толбо" сониноор сонордуулаад байгаа.

Ардчилсан хувьсгал 1990 оны 2-р сарын 18-наас эхэлж өрнөсөөр 1990 оны 5-р сарын 6-нд зогсов. Ардчилсан хувьсгал ийнхүү зогсох болсон явдал уул хувьсгалаас тэрсэлсэн урвагчдын болон БОЗ-ын хамтарсан нууц хуйвалдаанаар Улсын бага хурлыг албан ёсоор зөвшөөрсөнтэй шууд холбогдсон аж. Энэ 5-р сарын 6-нд Ардчилсан хувьсгал зогссоны 24 жилийн ой болж өнгөрлөө. Ардчилсан хувьсгал зогссоны энэ ойн талаар Ардчилсан намын лийдрүүд ганц ч үг дуугарахгүй гүрийсээр 24 жил болчихоод байна. Ардчилсан хувьсгалын онол үзэл бодлогыг 1970-аад оны эцсээс миний бие гардан судлаж боловсруулах ажлыг эхэлсэн.

Энэ бол том хэмжээний судалгаа болсон бөгөөд энэ судалгаанд манай том том даргууд байтугай эрдэмтэн судлаачдаас ч нэг ч хүн оролцоогүйг хэлэх нь зөв байх, Ардчилсан хувьсгалын онол номнолыг огт боловсруулаагүй том том улс төрчид өнөө үед өөрсдийгөө монжооч зах зээлийн хувьсгалыг амилуулчихаад Монгол түмэндээ шал өөр юм цухалзуулж ярьдаг болчихоод байгаа. Тэд юуг голлож яриад байна вэ гэвэл нэгэнт тэдний улайран зүтгэж хэрэгжүүлсэн мөнөөх монжооч зах зээлийн хувьсгалын жинхэнэ нүүр царай, улстөр эдийн засгийн хор уршиг нь илчлэгдэхийн хамт өөрсдийгөө гэмгүй лут лийдэрүүд хэмээн хэлүүлэхийн тулд зах зээлийн хувьсгалыг биш, харин 24 жилийн тэртээд зогсчихсон Ардчилсан хувьсгалыг зориуд санаатайгаар дөвийлгөн магтаж эхэлдэг боллоо. Бид үүнтэй холбогдуулаад хоёр баримтыг дурдъя.

 Ардчилсан хувьсгалын үйл хэргийг онол улс төрийн өндөр төвшинд залуурдан зохицуулах том үүргийг хүлээсэн Монголын Ардчилсан намын анхдугаар их хурал хуралдсаны 24 жилийн ойг Ардчилсан намынхан тэмдэглэлээ. Монголын Ардчилсан нам Ардчилсан хувьсгал зогсохын хамт мэдээж Монголын Ардчилсан холбоотой нэгэн адил амьсгалаа хураах ёстой гэдгийг улс төрчид мэддэг гэдэгт бид эргэлздэггүй юм. Ардчилсан хувьсгал 5-р сарын 6-нд зогсоход уул хувьсгалыг амилуулах гол чиг үүрэгтэй Монголын Ардчилсан холбоо ч, Монголын Ардчилсан нам ч далд колоничлолыг дарга ангийнх нь хамт тонилгож Монгол улсыг хараат биш замналаар урагшлуулах зорилтоо хэрэгжүүлж чадахгүй болж жинхэнэ улс  төрийнхөө статусыг гээдэг жамтай. Өнөө үед яагаад Монголын Ардчилсан холбоо оршин тогтноод байгаа вэ гэвэл тэрбээр 1990 оны Ардчилсан хувьсгалыг хэрэгжүүлэгч тийм лут Монгол Ардчилсан холбоо байхаа аль хэдий нь больсон бөгөөд уул холбоо өнөө үед Ардчилсан намын нэгэн фракцын төвшинд амь зогоож явдгийг практик харууллаа. Энэхүү холбоо Ардчилсан хувьсгалаас холдоод, уул хувьсгалаа мартаад 24 жил болж байна. Монголын Ардчилсан холбоо манай улс төрийн амьдралд ямар ч ач холбогдолгүй жижиг хавсрага байгууллага болон хувирсан. Харин Женко Баттулгын ач буянаар Монголын Ардчилсан холбоо нь Ардчилсан намын дотор зөвхөн нэг л фракцын төвшинд л амь зогоож явна. Харин Монголын Ардчилсан намын хувь заяа нэн эмгэнэлтэй болсоныг Ардчилсан намынхан надаар хэлүүлэлтгүйгээр Монгол түмэндээ сонордуулах учиртай байв.

Гэвч Ардчилсан намын лийдэрүүд Монголын Ардчилсан намын нэгэнт зогсчихсон түүхийг мушгин гуйвуулдаг болоод байна. Уг нь Монголын Ардчилсан намын анхдугаар их хурал 1990 оны 4-р сарын 8-нд болсоныг хүмүүс мартаагүй байгаа. Гэтэл Ардчилсан намынхан Монголын Ардчилсан намын анхдугаар их хурлыг 1990 оны 4-р сарын 8-нд биш, зориуд 4-р сарын 7-нд хуралдсан гэж сүрхий гуйвуулж яриад байдаг боллоо. Бид Монголын Ардчилсан намыг 2000 онд таван намын нийлүүлэг дээр боссон Ардчилсан намтай хэзээ ч адилтгаж байгаагүй. Монголын Ардчилсан нам бол Ардчилсан хувьсгалыг амилуулах чиг үүрэг бүхий лут хувьсгалчдын намын статустайгаар байгуулагдсан.

Тэгвэл өнөөгийн Ардчилсан нам нь Засгийн эрхийг мөнгөөр, хуйвалдаанаар тоглоомын сонгуулийн горимтой хослуулж гартаа оруулж авах гэсэн том карьеристуудын болон олигархиудын нам болж хувирчээ. Ардчилсан нам 14 жилийн турш үйл ажиллагаа явуулахдаа нэг ч удаа далд колоничлолын эсрэг, тэр тусмаа гадны гурван давхар далд колоничлолын эсрэг тэмцэж үзээгүй тийм нам болчихсон билээ. Энэ нам ард олноо ядууруулж өөрийн намын карьерист улс төрчдийг, лут лут олигархиудыг баяжуулж улс орноо лицензээр панзалж том том өрөнд унагадаг тийм нам болж хувирчихаад байна. Зүй нь улс төрийн ийм аймшигтай үйл ажиллагааныхаа чиглэлийг Монголын Ардчилсан намын анхдугаар их хурлын 24 жилийн хэмээгч ойг тэмдэглэхдээ дурдсан бол энэхүү ойн хуралдаан ач холбогдолтой болох байсан.

Гэтэл Монголын Ардчилсан намын анхдугаар их хурлыг 1990 оны 4-р сарын 7-нд болсон гэж гуйвуулсан төдийгүй Монголын Ардчилсан намын стратегийг Ардчилсан намын өнөөгийн гол зорилготой хутгаж уул намын улс төрийн статусыг тодорхойлох гэж том будлиан гаргачихаад байгааг бид сонордуулах нь зүйтэй болов уу. Ардын нам өөрийнхөө улс төрийн үзлийг зүүн төвийн үзэл гэж байнга тодорхойлсоор байна. Харин саявтархан Ардчилсан нам өөрийнхөө гол үзлийг Монгол түмэндээ сонордууллаа. Ардчилсан нам Барууны үзлийг баримталдагаа тунхаглаж Ардын намын эсрэг сөргүүлж Баруун төвийн үзлийг дээдэлдэгээ албан ёсоор зарлав. Манай хоёр том улс төрийн намын ажил үйлдэл нь ч, хүндрэл бэрхшээл нь ч, хямрал сөргөлдөөн нь ч улс төрийн өнөөгийн тэнхлэгийн нэг л цэг дээр нийлж тохирдогийг энэ хоёр нам огт ойлгоогүй явааг бид хэлэх учиртай. Хоёр том нам маань хоёулаа энэ хорь гаруй жилийн туршид Монжооч зах зээлийн хувьсгалыг л тус тусдаа, бас эвсэн хамтарч Монголын газар шороон дээр амилуулсан бөгөөд хэн хэнийхээ хар цагааныг гайхахгүйгээр, шар улааныг өөнтөглөхгүйгээр Монголын их түүхийн өмнө адил хариуцлага хүлээж, түүхийн адил шийтгэл авах болно гэдгийг мэдэж байх нь зүйтэй болов уу. Манай хоёр том нам хэзээ ч гадны гурван давхар далд колоничлолын эсрэг, шарын шашны нууц боолчлолын эсрэг, бас Манжийн далд колоничлолын үлдээсэн аюултай өв уламжлалын эсрэг тэмцэх чадваргүй гэдгээ Монгол түмэндээ бүрэн төгс харуулчихаад байгаа.

Бид ийнхүүү Ардчилсан намын баримталдаг баруун төвийн үзлийг сонордуулахын ялдамд бас нэг түүхэн гуйвуулгыг хэлэх шаардлагатай болсон. Монголын Ардчилсан намын анхдугаар их хурлын 24 жилийн ой гэгчийг тэмдэглэх болсоны цаад учир шалтгаан байсан гэдэг нь одоо тодорхой болчихоод байна. Уул баярын хуралдаанд хотын захирагч Э.Бат-Үүл хүндэт зочин төлөөлөгчөөр оролцож худлаа панаалдаж өөрийгөө магтсаар эцэс сүүлд нь Монголын Ардчилсан намыг чухамдаа 4-р сарын 7-ны өдөр өөрт нь зориулж түүхэнд алдаршуулах зорилгоор байгуулсан гэсэн нэгэн хачирхалтай ойлголтыг бий болгочихоод байна.
Түүхэн чухал үйл явдал бид бүгдээс алслагдах тусам карьерист улс төрчид засгийн эрхэнд гарахын хамт өөрсдийгөө дөвийлгөж түүхэн үйл явдлыг гуйвуулж завхруулдаг үзэгдэл айхавтар ажиглагддаг боллоо. Монголын Ардчилсан намыг байгуулах асуудлыг миний бие 1990 оны 2-р сард анх сэдэж тавихдаа Монголын Ардчилсан холбоонд Ардчилсан хувьсгалын түүхэн их үүргийг оноох асуудал шүтэлцүүлж дэвшүүлсэн юм шүү.

Монголын Ардчилсан намын анхдугаар их хурлын үндсэн баримт бичгүүдийг би гардаж бэлтгэсэн бөгөөд Монголын Ардчилсан намыг Монголын Ардчилсан Холбооны бүтэц бүрэлдэхүүнд багтааж байгуулах чиглэлийг гаргасан. Би хувьдаа Монголын Ардчилсан намын даргаар нэгэнт лут лийдэр болсон гэдгээ нотолж чадсан Б.Жаргалсайханыг тавихыг зорьсон. Монголын Ардчилсан намын даргад ажиллаж чадах бас нэг лийдэр бий. Тэр нь социологч М.Оюунбилэг байв. Бат-Үүлийг би Монголын Ардчилсан намын дарга болгох шаардлагыг огт хангаагүй гэж үздэг байсан. Түүний үзэл бодлого нь төлөвшөөгүй, олны өмнө үг хэлэх чадвараар дорой, бас айхтар мартамхай байдал нь байнга илэрдэг. Түүнээс гадна гурван зүйл Э.Бат-үүлийг улс төрийн хувьд итгэл даах хүн биш гэдгийг нотолсон. Энэ тухай би ер нь хэнд ч ярьж байгаагүй.

Эхнийх нь юу байсан бэ гэвэл Монголын Ардчилсан холбооны мөрийн хөтөлбөрийн төслийг Монголын Ардчилсан холбооны анхдугаар их хурал нээгдэхээс 7 хоногийн өмнө нууцын зэрэглэлтэй байхад нь Монгол Ардын хувьсгалт намд аваачиж өгсөнтэй холбогддог.

Хоёр дахь үйлдэл нь Бат-Үүл сэм МоАХ-ны зөвлөх Г.Бошготын эсрэг хуйвалдаан зохион байгуулж улмаар МоАХ-нд анхны хагарлын эхлэлийг тавьсантай уялддаг.

Гурав дахь үйлдэл нь 1993 оны 3-р сарын улс төрийн өлсөлттэй холбогддог. Үүний цаана айхтар хуйвалдаан, бас далд урвалт нуугдаж байсныг бид МоАН-ын анхдугаар их хурал болохоос хэдхэн хоногийн өмнө олж мэдсэн.

Үүнтэй холбогдуулж миний бие хоёр асуудлыг хөндсөн билээ. Юуны өмнө Г.Бошготтой тусгайлан уулзаж Бат-Үүл болон бусад нөхөд чухам юунаас болж МоАХ-ны зөвлөхийнхөө эсрэг зөрөлдсөн учрыг тодруулж Г.Бошготыг МоАХ-ноос гарахгүй байхыг хүсч түүнийг МоАН-ын зөвлөхөөр ажиллаач гэсэн асуудлыг тавьсан. Гэвч энэ асуудлын цаана, энэ том зөрөлдөөний цаана хамгийн гол нь МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Намсрай, Сайд нарын зөвлөлийн дарга Содном хоёрын лут зөрчил далдлагдаж байсан нь бүр ч тодорхой болов. Зарчмын ийм зөрөлдөөн байгаа учраас Г.Бошгот МоАХ-нд болон МоАН-д цаашдаа зүтгэх боломжгүй гэдгээ ч хэлсэн. Г.Бошгот бол шулуун шударга зантай улс төрийн чансаатай төдийгүй МоАХ-нд дэг журам сахиулах зохион байгуулалттай байх үүргийг зөвлөхийнхөө ажилтай хавсарч гүйцэтгэж байв.

Э.Бат-Үүл МАХН-ын дээдчүүлийн захиасаар Г.Бошготыг МоАХ-оос зайлуулах ажлыг гүйцэтгэлээ. МоАХ-нд Э.Бат-Үүл анхны хагарлыг төлөвшүүлсэн төдийгүй улс төрийн өлсөлтийг Ардчилсан хувьсгалын эсрэг чиглүүлэх гэсэн Содномын захиасыг, Бямбасүрэнгийн даалгаврыг хэрэгжүүлсэн. Үүнийхээ шанд 2009 онд Улсын баатар цол хүртжээ. Улс төрийн товчоог огцруулж, Сайд нарын зөвлөлийг авч үлдэх явдал Моломжамц-Содномын бүлэглэлийн болон БОЗ-ын бүлгийн хамгийн гол зорилт нь болж хувирсан байв. Эл зорилтыг чухамдаа 1990 оны 3-р сарын улс төрийн өлсөлтөөр далимдуулж шийдвэрлүүлэх тавилан Бямбасүрэнгийн үнэнч туршуул Э.Бат-Үүлд ноогдлоо. МоАН-ын анхдугаар их хурал хуралдсаны 24 жилийн ойн дээр Бат-Үүл зүй нь Ардчилсан хувьсгалын эсрэг, Монголын ард түмний эсрэг үйлдсэн улс төрийнхөө аймшигт гэмт хэргүүдийг илчилж гэм буруугаа хүлээх ёстой байсан юм. Гэвч өөрийгөө магтаж дөвийлгөсөөр ойн хуралдаан өндөрлөсөн гэлтэй. Ер нь цаашдаа Ардчилсан нам Ардчилсан хувьсгалын түүхийг гуйвуулах ямар ч эрх мэдэл өөрт нь ноогдоогүй гэдгийг ч одооноос ухаарвал зохино. Ардчилсан хувьсгалд Ардчилсан нам хэзээ ч оролцож байгаагүй. Харин монжооч зах зээлийн хувьсгалд эл нам нэн идэвхитэй оролцсон гэдгийг бид үгүйсгээгүй.

1990 онд Ардчилсан хувьсгал хэдийгээр гуравхан cap үргэлжилсэн ч гэсэн энэхүү хувьсгал Монголын улс төрийн түүхэнд өөрийн ул мөрөө үлдээсэн. Юуны өмнө энэхүү хувьсгалыг онол, үзэл, бодлого гурвын харилцан уялдаанд тулгуурлаж миний бие амилуулахыг зорив. Өөрчлөн байгуулалтыг ийм гурвалсан шүтэлцээнд үндэслэж чадаагүй нь МАХН-тай шууд холбоотой биш. Өөрчлөн байгуулалтыг ЗХУ-ын коммунист нам өөрөө санаачилж хэрэгжүүлсэн явдал өөрчлөн байгуулалтын үзэл, бодлогыг тэр бүр Монгол улсын түүхэн тодорхой чиг хандлагуудтай холбоход нэн их бэрхшээлтэй болсоныг Моломжамц-Содномын бүлэглэл нь биш, чухамдаа Намсрай-Жамсранжавын бүлэглэл олж харжээ. Өөрчлөн байгуулалтын үйлсийг Монгол улсад хэрэгжүүлэхэд Моломжамц-Содномын бүлэглэл ихээхэн саад тотгор учруулж байсан. Энэхүү өөрчлөн байгуулалтыг тун явцуухан өнцгөөс Моломжамц-Содномын бүлэглэл харж байжээ. Уул бүлэглэл нь өөрчлөн байгуулалтын явцад Монгол- Зөвлөлтийн гадаад худалдаан дахь шударга биш ёсыг арилгах чиглэлийг зөвшөөрч байгаагүй бөгөөд Сайд нарын зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахыг эрс эсэргүүцэж байсан. Харин тэрбээр зөвхөн Улс төрийн товчоог огцруулахыг зөвшөөрч байлаа.  Ийм чиглэлээр өөрчлөн байгуулалт хийхийг Намсрай-Жамсранжавын бүлэг эсэргүүцдэг.

Үүнийг харгалзаж Моломжамц-Содномын бүлэглэл, БОЗ-ын бүлэг Ардчилсан хувьсгалд давхар цохилт өгөхийн тулд улс төрийн өлсөлтийг ашиглахаар мундаг хуйвалдааныг зохион байгууллаа. Ийм хуйвалдааныг МоАХ-ны зөвлөх Нэргүй илчилж чадахгүй гэж давхар тооцоолжээ. Энэ хуйвалдааныг илрүүлэх нь чухал гэдгийг бид ойлгоод зогсоогүй ийм хуйвалдааны цаана улс төрийн бас нэг том асуудал нуугдаж байсныг ч гэсэн олж харсан гэлтэй. Чухам энэ асуудлыг л бид энэ удаа цухуйлгаж ярих гээд байгаа юм. Улс төрийн энэ том асуудал харин ч богино хугацаанд илчлэгдсэн гэдгийг хэлвэл зохино. Хувьсгалын онолыг мэддэггүй Содном, Жасрай, Бямбасүрэн, Очирбат, Зардыхан нар өөрсдөө ч чухам юу хийснээ мэдэхгүй гэлдэрсээр өнөөдрийг хүргэчихээд байгаа.

Чухам юу болсоныг бид Ардчилсан хувьсгал ба төрийн далд эргэлт гэсэн хоёр чухал үйл явцын харьцууллаас олсон гэлтэй. 1990 оны 3-р сарын улс төрийн өлсөлт бол Ардчилсан хувьсгалын үргэлжилэлтэй ямар ч холбоогүй байсан. МоАХ-ны зөвлөхийн хувьд миний бие улс төрийн өлсөлт хийх асуудлыг МоАХ-ны ерөнхий зөвлөлийн өмнө огт тавиагүй. Ардчилсан хувьсгалыг миний бие хэзээ ч жагсаал цуглаантай, ажил хаялттай, эсэргүүцлийн бусад хэлбэрүүдтэй холбож явдаггүй. Ардчилсан хувьсгал бол далд колоничлолыг тонилгож Монгол улсыг бие даасан улс болгох гол зорилтыг тавьсан. Тэрнээс биш элдэв төрлийн цуглаанаар, улс төрийн өлсөлтөөр Монгол улсыг далд колоничлолоос ангижруулж хараат биш замнал руу шилжүүлэх асуудлыг шийддэггүй юм. Тэр тусмаа ийм том түүхэн шилжилтийг цөөхөн хэдэн даргыг, тодруулбал эрх баригч намын улс төрийн товчоог огцруулсанаар шийдэхгүй. Тухайн тохиолдолд Монголд юу болсон бэ гэвэл улс төрийн өлсөлтөөр халхавчилж Моломжамц-Содномын бүлэглэл БОЗ-ын бүлэглэлтэй хавсарч Улс төрийн товчоог л огцруулах, Сайд нарынхаа зөвлөлийг авч үлдэх гэсэн явцуухан санаархлаа хэрэгжүүлсэн аж. Энэ бол ёстой жинхэнэ "төрийн далд эргэлт" байсан. Үүнийг хэзээ ч Ардчилсан хувьсгал гэж хэлдэггүй юм.

Бид Ардчилсан хувьсгалаа шинэ шатанд оруулахын тулд улс төрийн өлсөлт болсоноос бараг сарын дараа МоАН-ын анхдугаар их хурлыг яаралтай хуралдуулсан. Үүгээр бид юуг нотлох гэж байсан бэ гэвэл бид Ардчилсан хувьсгалаа үргэлжлүүлсэн хэвээр байх болно, харин дарга анги дотроо тэмцэлдэж төрийнхөө эргэлтийг сэм, ард түмнээс нууж хийчихээд үүнийгээ Ардчилсан хувьсгал яллаа гэж Монгол түмнийг өөрсдийнхөө тавьсан урхинд оруулж, тархийг нь угааж хуурах арга гэдгийг илчилсэн билээ. МоАН-ын анхдугаар их хурлын гол гол баримт бичгүүдийг би өөрөө эцэслэн янзалсан бөгөөд үндсэн илтгэл ноорог байдлаар их хурал эхлэхийн өмнөх өдөр Бат-Үүл надад өгсөн. Үндсэн илтгэлийг бичих гэсэн Бат-Үүл болон бусад идэвхитнүүдийн саналыг би хүлээж авалгүй яахав. Гэтэл хурлын өмнөх өдөр үндсэн илтгэлийг хүлээж аваад үзсэн чинь Ардчилсан хувьсгалын зарчмын чиглэлүүдтэй огт нийцэхгүй, ер нь улс төрийн илтгэлийн шаардлагыг хангаагүй тийм ноорогуудыг би олж мэдээд их хурлын үндсэн илтгэлийг дахиж шинээр бэлдсэн. Тэгсэн хожим сонсохноо үндсэн илтгэлийг доктор Зарьдыханаар бичүүлэх тохиролцоо далдуур хийгдсэн байжээ. Үндсэн илтгэлээ 4-р сарын 7-8-ны шөнө дуусгаад бичээчдээ өгөв. Ер нь үндсэн илтгэлээс гадна бас нэг илтгэлийг бэлдэх шаардлага гарсан.

Ардчилсан хувьсгалыг саармагжуулах гэсэн хандлага нэгэнт тодорхой болсон учраас уул асуудлыг МоАН-ын анхдугаар их хурал дээр бур онцлон товойлгож хурлын төлөөлөгчдийн анхаарлыг саяын дурдсан хандлага руу чиглүүлэх хэрэгтэй боллоо. Ин-гээд анхдугаар их хуралд зориулж тусгай илтгэлийг бэлтгэсэн. Тусгай илтгэлийг 4-р сарын 8-ны өдөр Ардчилсан холбооны зохицуулагч С.Зоригоор зориуд их хурлын индэрээс уншуулсан түүх бий. Би бас нэг зүйлийг дурдах шаардлагатай. МоАН-ын анхдугаар их хуралд үндсэн илтгэлийг сонсох гэж, бас тусгай илтгэлийг сонирхож тус хуралдаанд доктор Зардыхан оролцсон байна. Тусгай илтгэлийг сонссоны дараа доктор Зардыхан тун хачин царайлаад хурлаас гарч явсаныг миний бие хожим олж мэдсэн шүү. Энэ явдал хэдийгээр хэнбугайн ч анхаарлыг нэг их татахгүй ч гэсэн БОЗ-ын бүлэглэл МоАХ-ны болон МоАН-ын дээд удирдлагын зарим лийдэрүүдтэй Ардчилсан хувьсгалын эсрэг хийх хуйвалдааныг түргэтгэсэн гэдгийг би хэлэх ёстой.

Тэгээд л 1990 оны 4 сарын 27-нд Сүхбаатарын талбай дээр халз мөргөлдөөнийг зориуд зохион байгуулж БОЗ-ын бүлэглэл Ардчилсан хувьсгалд цохилт өгөх албан ёсны дайралтаа эхлүүлсэн ажээ. Иймэрхүү хуйвалдаан өрнөхийг миний бие мэдэж  Ардчилсан холбооныхныг цуглаан хийх гэж хүсээд байгаа юм бол уул цуглааныг Сүхбаатарын талбайд биш, ялалтын талбайд хийх нь зөв шүү гэсэн чиглэлийг урьдчилж өгсөн. Гэвч хуйвалдагчид цуглааныг биш халз мөргөлдөөнийг зориуд хийснээр Ардчилсан хувьсгалыг зогсоолгох, Монгол улсыг далд колониализмээс салгаж бие даасан замнал руу оруулах зорилтыг унагах айхавтар түүхэн эхлэл тавигдсан гэдгийг бид нэг биш удаа сонордуулав.

Ер нь Ардчилсан хувьсгалыг заавал зогсоолгох шаардлага гарсан. Энэ нь төрийн дээд эрхийг барих улс төрийн шинэ бүлэглэлийг Монгол улсын түүхэн тавцан дээр гаргаж ирэхтэй шууд уялдаж байлаа. Энэ бол эхний гол шаардлага. Ардчилсан хувьсгалыг үргэжлүүлэхийн тулд бид АИХ-ын сонгуульд Ардчилсан холбоо болон Ардчилсан нам оролцохгүй гэдгээ сонордуулсан. Үүнээс БОЗ-ын бүлэглэл гүн цочрол авч Ардчилсан хувьсгалыг даруйхан дарж авах үйл ажиллагаагаа эхлүүлээд 5-р сарын 6-нд Улсын бага хурлыг зөвшөөрөх баримт бичгэнд МАХН бусад шинэ нялханцар намуудыг татан оролцуулж гарын үсгийг нь зуруулав. Үүнийг бид Ардчилсан хувьсгалыг зогсоолгох хамгийн том ялт хэрэг гэж үзэж энэхүү хувьсгалыг зогсоолгосноо Ардчилсан холбооны гишүүдэд мэдэгдэж дээрхи хуйвалдаанд оролцсон МоАХ-ны болон МоАН-ын дээд удирдлагын хэсэг хүмүүсийг ард түмний их үйл хэргээс тэрсэлсэн урвагчид гэж зарласан билээ.

Ардчилсан хувьсгал зогсож Монголын шинэ бөгөөд туршлагагүй карьеристууд засгийн дээд эрхийг гартаа атгах замаа нээж улмаар хоёр сарын дараа гэхэд АИХ-ын сонгуульд карьеристууд нь Ардчилсан хүчин гэдэг гоё нэрээр ялалт байгуулж төрийн том том албан тушаалуудыг хувааж эзэгнэх ажилдаа улайран орцгоосон. Ингээд дараачийнхаа том алхамыг эвсэл маягийн засгийн газар Д.Бямбасүрэнгийн удирдлагын дор ажил үйлсээ эхлүүлж 1991 оны нэгдүгээр сард Монгол улсыг чөлөөт зах зээлд шилжүүлсэнээ 20-р тогтоолоор зарлан мэдэгдсэнээс хойш 20 гаруй жил өнгөрч энэ хугацаанд монголчууд бид төгрөгийн чансаагаа навс унагуулж, бас эдийн засгийн нууц дайнаар үндэснийхээ үйлдвэрлэлийг хиар цохиулж эдийн засгийн их уналтанд орсон төдийгүй байнгын шинжтэй хямралуудад нүдүүлсээр 2014 оны 5-р сарын 6-ны өдөр Ардчилсан хувьсгал зогссоны 24 жилийн эмгэнэлт ойтой золгоод байна. Бид түүхэн бодит үйл явцыг гуйвуулахгүй байх, үнэн мөнөөр нь түмэн олондоо сонордуулах зарчмыг баримталсаар ирлээ. Гэтэл түүхэн бодит үйл явцуудыг санаатайгаар гуйвуулах явуулгууд үргэлжилсээр байгааг бид хэлэхгүй өнгөрч болохгүй.

Бид Ардчилсан хувьсгалын үзэл номнолыг боловсруулсан гэдэг нь үнэн түүх мөн. Ардчилсан хувьсгалыг санаачилж бид эхлүүлсэн. Ардчилсан хувьсгалыг өрнүүлж амилуулах гэж бид зүтгэсэн нь бас үнэн. Ардчилсан хувьсгалыг 5-р сарын 6-нд зогсоолгосон нь бас үнэн юм шүү. Түүнээс хойш 24 жил өнгөрөөд байхад Ардчилсан хувьсгал төгс ялалтанд хүрлээ гэсэн нэгэн мундаг дүгнэлт "Өнөөдөр" сонины 2014 оны 5-р сарын 16-ны өдрийн 116 дугаарт нийтлэгдэж монгол түмэндээ хүрчихээд байна. Энэ дүгнэлт над мэтийнхнийг бүр ч их цочроов. Улс төрийн ийм "аугаа" дүгнэлтийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн дэвшүүлсниийг "Өнөөдөр" сонинынхон тун уриалгахан нийтэлж гаргалаа. Түүний гол дүгнэлтийг толилуулбал: "Ардчиллын үзэл санааны тугийг барьж яваа АН 2012 оноос хойш төрийн жолоог авч, Ардчилсан хувьсгал төгс ялалтад хүрсэн энэ үед туулсан замаа эргэн шүүж, алдсан оносон бүхнээ дэнслэх нь түүхэн ач холбогдолтой байж болох юм".

Сүүлийн хорь гаруй жил Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн засгийн газрын 20-р тогтоолоор эхлүүлсэн зах зээлийн шилжилт үргэлжлэн хэрэгжсээр зах зээлийн хэмээгч "шинэ" төрхийн хувьсгал төгс ялалтанд хүрчихээд байхад ийм төгс ялалтанд Ардын нам ч, Ардчилсан нам ч үлэмж хувь нэмэр оруулчихсан байхад юуны учир хорь гаруй жилийн дараа монжооч зах зээлийн хувьсгалыг үгүйсгэн нууцалж Монголын нийгмийн амьдралд өрнөсөн инфляци, луйврын хувьчлал, эдийн засгийн их уналт, газрын наймаа, эрдэсийн ордуудын панзлал, олигархиудын их хөрөнгөжилт, ард түмний туйлын ядуурал, гадны гурван давхар далд колоничлол, элдэв шашнуудын түрэмгийллийг бүгдийг нь нэг цогц улс төрийн ухагдахуун дээр Ерөнхий сайд асан Бямбасүрэн зориуд зангидаж, түүнийгээ Ардчилсан хувьсгалын төгс ялалт гэж томъёолоод ийм ялалтыг УИХ-ын 2012 оны сонгуулиар Ардчилсан нам засгийн бүх эрхийг гартаа оруулсантай дүйцүүлж өргөмжлөн тунхаглаад байна.

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн онол-улс төрийн томоос том төөрөгдөлд, өөрийгөө аугаа лут удирдагч хэмээсэн мангууралд гүнээ автагдсаныг дээрхи дүгнэлт илчилж харуулаад байна. Өндөр албан тушаалын төлөө, их эрх мэдлийн төлөө улайран тэмцэлддэг тийм бохир араншинг, бас өндөр цалин пүнлүү, сүрлэг алдар нэр хөөцөлдөх балайрлыг чухамдаа Манжийн 200 гаруй жилийн колоничлол Монголын аймаг хошуудын ноёд түшмэдүүдийн сэтгэл оюунд нь, үйл хөдлөлд нь, тэмүүлэл зүтгэлд нь маш гүнзгий зоож суурилуулсны гай ингэж тодорхой хувь хүнээр, тухайлбал Д.Бямбасүрэн дээр илрэн гарч ирээд байна.

Манжгүй манжийн залуурдлага бүхий далд колоничлолын үлдэгдэл нь төр засгийн удирдахуйн салж ангижирч өгдөггүй лут үлдэгдэл болон өвлөгдсөөр 21-р зуун руу орчихлоо. Өнөөгийн монголчууд, манай дээдчүүл төр засгийн ажил явдалд цаг ямагт гадныхны болон харийнхны дээрэнгүй араншин зангарганд өртөж улмаар улс төрд, төрийн бодлогод, удирдахуйн ажил үйлсэд гадны колоничлолын үл үзэгдэх дарамтууд, харийн шашнуудын далд урхиуд, бас манжийн үл үзэгдэгч колоничлолын арга барил хэт давамгайлж явсаар ирсэнийг улс төрчид маань ч, судлаач эрдэмтэд маань ч олж харсангүй ээ.

Ийм нөхцөлд зөв хувьсгал нь ялагдаж, буруу хувьсгал нь ялдаг учиртай. Дээрхи хачирхалтай орчинд монжооч зах зээлийн хувьсгал ялахаас биш Ардчилсан хувьсгал хэзээ ч ялж чадахгүй. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн ч, манай бусад Ерөнхий сайдууд ч, манай Ерөнхийлөгчид болон спикерүүд бараг бүгдээрээ л ажилчин ангийн аугаа сургаальд өргөмжлөгдсөн марксизм-ленинизмийг их дээд сургуульд заалгуулж суралцаж төгссөн мөртлөө марксизм-ленинизмийн арга зүйг нэг нь ч ойлгоогүйгээр барахгүй бүгдээрээ нэгэн зэрэг урваж марксизм-ленинизмийг, шинжлэх ухааны социализмыг, шинжлэх ухааны коммунизмыг алхам дутамдаа ад үзэн муулдаг болсныг бид дээд удирдлагынхны жинхэнэ солиорол, том галзуурал гэж дүгнэж явдагаа сонордуулж хэлье. Бид нэгэнт Ардчилсан хувьсгалын төгс ялалтыг Ардчилсан нам 2012 оны сонгуулиар хангалаа гэсэн дүгнэлтийн тухай ярьж байгаа учраас хэд хэдэн томъёоллуудыг Монгол түмэндээ толилуулах нь зүйтэй болов уу.

Юуны өмнө ард түмний онц зөвлөл сүндэрлэж Ерөнхийлөгчийн гүйцэтгэх засаглал үйл ажиллагаагаа өрнүүлсэн бол үүнийг бид Ардчилсан хувьсгалын ялалт гэж дүгнэж болно. Ард түмний онц зөвлөлийг фашист засаглал гэж хочилж нэр сүрийг нь гутаачихаад, Ард түмний онц зөвлөлд сөргүүлж Улсын бага хурлыг ажиллуулчихсаныг, бас төрийн гурван өндөрлөгийг сүндэрлүүлсэнийг бид хэзээ ч Ардчилсан хувьсгалын төгс ялалт гэж үзэхгүй бөгөөд харин ч монжооч зах зээлийн хувьсгалын содон их амжилт гэж дүгнэх учиртай. Өнөөг хүртэл ийм дүгнэлтийг БОЗ-ын бүлэглэл ч, Жасрай-Содномын бүлэглэл ч, Ардчилсан нам ч, Ардын нам ч хийгээгүй л байна. МАНАН манай улсад улс төрийн чамин үзэгдэл болж байсныг хэнбугай ч Ардчилсан хувьсгалын ялалт гэж нэрлэхгүй л болов уу. Ийм ч учраас бид Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн дэвшүүлсэн дүгнэлтийг тун алдаатай томъёолол хэмээн үзэх учиртай.

Одоо бид хоёр дахь чухал томъёолол руугаа оръё. Энэ нь ямар нийгмийг сүндэрлүүлэх гэсэн асуудалтай холбоотой. Бид Ардчилсан хувьсгалаар дөрвөн сонгодог ойлголтыг нэг цэг дээр зангидаж Ардчилсан хувьсгалын лут зорилго болгон томъёолсон гэлтэй. Хүнлэг ёс, ардчилал, тусгаар тогтнол, бүрэн эрх гэсэн дөрвөн ухагдахууныг Ардчилсан хувьсгалаар амилуулахдаа хүнлэг, Ардчилсан, тусгаар тогтносон, бүрэн эрхэт Монгол улсыг сүндэрлүүлье хэмээсэн аугаа уриаг дэвшүүлсэн, Энэхүү аугаа урианы хүрээнд хүнлэг Ардчилсан нийгэмийг сүндэрлүүлэх явдлыг гол зорилт болгож тавьсан. Зах зээлийн хувьсгалыг 1991 оны 1-р сард Засгийн газрын 20-р тогтоолоор эхлүүлэхдээ чөлөөт зах зээлд шилжинэ гэсэн ганцхан явцуухан томъёо байсныг ер нь хумүүс маань анзаараагүй. Зах зээлийн шилжилт бол зах зээлийн хувьсгал мөн гэсэн томъёолол ч яригдаагүй явсан. Ингээд 1992 оны Үндсэн хуулийг боловсруулах явцад эрхэм дээд зорилгыг яаж үндэслэж тавих вэ гэсэн асуудал мэдээж гарч ирж л таараа. БОЗ-ын бүлэглэл ялангуяа, энэхүү бүлэглэлийн нэг том лийдэр доктор Б.Чимид шинэ Үндсэн хуулийг бүхэлд нь хариуцаж байсан ч гэсэн тэрбээр нийгмийн арван тэргүүлэх шинжлэх ухааныг олж хараагүйгээр үл барам төр эрхийн онолыг эзэмшээгүй учраас чухам ямар нийгэм байгуулах томъёолол дээр будилсан.

Үндсэн хуулийн зарчмын заалтуудыг шүтэлцүүлдэг тийм лут арга зүй зөвхөн марксизм-ленинизмд байдгийг БОЗ-ын бүлэглэл ч олж хараагүй, тэр тусмаа гадныхны зөвлөхүүд бүр ч мэдэхгүй явж байсан нь хожим шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа энэ нь илчлэгдсэн гэлтэй. Ямарч л байсан БОЗ-ын бүлэглэл Ардчилсан хувьсгалаар дэвшигдсэн хүнлэг Ардчилсан нийгэм гэсэн мундаг ухагдахууныг шууд өлгөн авч шинэ Үндсэн хуулиндаа тусгахдаа "хүмүүнлэг, иргэний, Ардчилсан нийгэм" гэмсэн ойлголт руу шахан оруулж хүнлэг гэдгийг авч хаяж, түүний оронд хүмүүнлэг, иргэний гэсэн хоёр үгийг нэмж Үндсэн хуулиндаа оруулав. Бид ийм томъёоллуудын өөрчлөлтийг уншиж үзчихээд шинэ Үндсэн хууль зохиогчид Ардчилсан хувьсгалын онол номнолоос будаа идэж сурсан байна шүү гэж хоорондоо ярьдаг байсан.

Ялангуяа ийм будаа идэлт бас нэг ухагдахуун дээр маш тод томруун илэрсэнийг хэлбэл зохино. Энэ нь олон хэвшилт эдийн засаг гэсэн ойлголт юм. Олон хэвшилт эдийн засгийг Ард түмний онц зөвлөлийн өгсөн зарчимч чиглэлийн дагуу Ерөнхийлөгчийн гүйцэтгэх засаглал амилуулах учиртай. Энэ нь Ардчилсан хувьсгалын эдийн засгийн гол зорилт болж дэвшигдэв. Тэгсэн чинь Олон хэвшилт эдийн засаг гэсэн ухагдахуун шинэ Үндсэн хуулинд шууд тусгалаа олчихдог юм байна. Шинэ Үндсэн хууль батлагдахаас жилийн өмнө Чөлөөт зах зээлийн эдийн засгийг сүндэрлүүлэх зорилтыг Ерөнхий сайд Д.Бямбасүрэн засгийн газрынхаа 20-р тогтоолоор тавьчихсаныг Үндсэн хууль зохиогчид маань анзаарсангүй өнгөрчээ. Ингээд Үндсэн хуулийн биелэлтийн явцад төрийн гурван өндөрлөг нь чөлөөт зах
зээлийн эдийн засгийг хувийн өмч дээр тулгуурлаж байгуулчихсан болчихоос биш олон хэвшилт эдийн засгийг байгуулж чадахгүй гэдэг нь түүхэн явцаар нотлогдлоо. Зөвхөн олон хэвшилт эдийн засгаар дамжуулж монголчууд бид үндэснийхээ бие даасан эдийн засагтай болж чадах тэр боломжийг Ерөнхий сайд Д.Бямбасүрэн чөлөөт зах зээлийн эдийн засаг гэдгээр нэг мөсөн хааж чадав.

Монжооч зах зээлийн эдийн засаг төлөвшсөнийг зах зээлийн хувьсгалын ялалт гэж хэлэхээс биш Ардчилсан хувьсгалын ялалт хэмээн хэнбугай ч хэлэхгүй л байх, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн эдийн засгийн тогтолцооны хэв шинжийн талаар нэн буруу ойлголттой явдаг нь ийнхүү илэрч эхлээд байна. 1992 оны Үндсэн хуулинд зүй нь олон хэвшилт эдийн засаг нь биш, харин чөлөөт зах зээлийн эдийн засаг гэсэн томъёолол тусгагдах ёстой байсан. Үүн дээр Үндсэн хууль зохиогчид лут алдаа хийснээ ойлговол ойлгох цаг нэгэнт иржээ. Гурав дахь томъёолол гэж бас байгаа. Хэрэв эхний хоёр томъёолол нь засаглалын бүтэцтэй, нийгмийн тогтолцоо, эдийн засгийн хэв шинжтэй холбогдож байгаа бол гурав дахь томъёолол нь далд колониализмтай уялдаж буйг бид хэлэх учиртай.

Ардчилсан хувьсгалаар Зөвлөлтийн далд колончилолыг тонилгож, дарга ангийг улс төрийн тавцангаас зайлуулах асуудлыг шийдэх ёстой юм. Ардчилсан хувьсгал нэгэнт зогссон учраас монжооч зах зээлийн хувьсгалыг төрийн гурван өндөрлөг амжилттай хэрэгжүүлж Монгол улс маань нэг гүрний колоничлолд өртөж байснаа гэнэт гадны гурван давхар далд колоничлолд орж, үүний ач буянаар дарга анги улам чинээлэгжиж улмаар хэнбугайд ч дийлддэггүй олигархиудын аймшигт бөгөөд аюулт бүлэглэлийг бий болголоо. Энэ бол Монжооч зах зээлийн төгс ялалт мөн. Зүй нь Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн ийм л дүгнэлтийг хийх ёстой байсан юм. Гэвч тэрбээр марксизм-ленинизмээс хамгийн түрүүнд урваж гайтсанаас болж монжооч зах зээлийн хувьсгалыг танихгүй мунгинаж явсаар олигархийн засаглалыг, гурван давхар колоничлолыг томоос том андуурч үүнийгээ Ардчилсан хувьсгалын төгс ялалт, Ардчилсан намын аугаа гавъяа гэж дүгнэчихээд сууж байна.

Одоо бид дахиад хоёр томъёоллыг л дурдъя. Нийтдээ таван томъёоллыг дурьдах учиртай юм. Дөрөв дэх томъёолол нь овсгоотой, залжин цөөнхи нь түнтийтлээ баяжиж, шударга, даруухан, хөдөлмөрч олон нь навсайтлаа ядуурсаныг бид хэзээ ч Ардчилсан хувьсгалын төгс ялалт гэж томъёолохгүй. Дээрхи үзэгдлийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн өөрийнхөө үйлдсэн түүхэн том алдааг нуухын тулд Монголын түүхэнд өөрийгөө мундаг лийдэр гэдэг нэрээ үлдээхийн тулд мэдэхгүйдээ биш, мэдсээр байсан мөртлөө зориуд, санаатайгаар бодит түүхийг гуйвуулж, нэгэнт зогсчихсон байсан Ардчилсан хувьсгал хэмээх нэрийг ашиглаж Ардчилсан хувьсгалын төгс ялалт гэдэг дүгнэлтийг дэвшүүлсэн. Ийм хачирхалтай алхамыг хийсэн нь Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн хэн гээч этгээд болж хувирчихаад байгааг хүмүүс надаар хэлүүлэлтгүй ухаарч мэдэх л болно.

Бид тав дахь томъёоллыг хөндье. Ардчилсан хувьсгалаар стратегийн дөрвөн ордыг оросуудын далд эзэгнэлээс салгаж Монголын ард түмний өмч болгож хувиргах түүхэн том зорилтыг шийдэх гэсэн билээ. Энэ зорилт хэрэгжсэн бол Ардчилсан хувьсгалын аугаа ялалт болох байсан билээ. Гэтэл МАХН-ын дээд удирдлага нялханцар намуудыг Ардчилсан хувьсгалын эсрэг чиглүүлсэнээр Ардчилсан хувьсгалыг зогсоолгож улмаар гадныхны тулгасан монжооч зах зээлийн хувьсгалыг амилуулж харийнхны далд колониалист бодлогыг гурван чиглэлээр хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр бид 3000 гаруй эрдэсийн баялаг ордуудаа харийнханд панзалчихаад сууж байна. Энэ бол монжооч зах зээлийн хувьсгалын түүхэн ялалт мөн гэдгийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн томъёолж чадсангүй. Харин эсрэгээр хамаг ордоо гадныханд өгсөнийг зориуд санаатайгаар Ардчилсан хувьсгалын төгс ялалт гэсэн балай дүгнэлтийг Монгол түмэндээ ."Өнөөдөр" сониндоо толилуулчихаад байгааг бид дурдахгүй өнгөрч болохгүй ээ. Хамгийн харамсалтай нь Монгол улс маань 1989 онд системийн гүн хямралд өртөж, дараа нь зах зээлийн бужигнааны цаагуур эдийн засгийн их уналтанд өртөж явсаар сүйрэл, сүйтгэлийнхээ шатанд ер бишийн хямралыг туулж үхээрийн шинжтэй аюулуудтай тулгараад байгааг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн ч, Төрийн гурван өндөрлөгч ч, улс төрийн хоёр мундаг нам ч анзаарахгүй явсаар үнэхээр харамсаар юм болж байна.

Доктор П.Нэргүй