sonin.mn

1. Яагаад гадаадын шууд хөрөнгө оруулалт гэж?


Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг өөрийн оронд оруулах гэж улс орнууд хэрэндээ хичээдэг. Энэ ажлыг  амжилттай хийж буй орны тоонд яалт ч үгүй АНУ, Хятад хоёр орно. Өнөөдөр дэлхий дээр гадаадын шууд хөрөнгө оруулалт нэрийн дор триллион гаруй ам доллар эргэлдэж байна. Үүний 50 орчим хувийг хөгжингүй орнууд өөртөө татаж авдаг аж. Хэн хөрөнгө оруулагчдыг татаж чадна тэд илүү хөгжилтэй байгаа нь нууц биш юм. Урд хөрш Хятадын эдийн засгийн хөгжлийн загварт Гадаадын шууд хөрөнгө оруулалт том байр суурь эзэлдэг. Гадаадын шууд хөрөнгө оруулалт аливаа эрсдлийг хөрөнгө оруулагчид үүрүүлдэгээрээ, тухайн оронд өр үүсгэдэггүйгээрээ зээл, бонд бусад санхүүгийн аргуудаас хамаагүй дээр.



        

2. Гадаадын хөрөнгө оруулалт ба Монгол


Монголын эдийн засагт сүүлийн үед гарсан хамгийн том сөрөг үйл явдал бол гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан явдал билээ. Нуршаад яахав. Зураг харуулья.



 

3. Гадаад болон дотоод хөрөнгө оруулалт


    Гадаадын хөрөнгө оруулалт, дотоод хөрөнгө оруулалтын хоорондын уялдаа холбоог зөв ойлгох явдал их чухал.


            
Нэгдүгээрт, хэмжээ дамжааны хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг, дотоодын хөрөнгө оруулалттай харьцуулахын аргагүй. Тэнгэр, газар. Нэн ялангуяа дөнгөж өсч өндийж байгаа Монгол шиг оронд энэ шууд хамаарна.
Хоёрдугаарт, Гадаадын хөрөнгө оруулалт өсөх, буурах хэмжээгээр дотоодын хөрөнгө оруулалт мөн адил өсч буурна. Гадаадын хөрөнгө оруулагчдаас авсан татвар дотоод хөрөнгө оруулалтын бололцоог бий болгодог. Гадаадын хөрөнгө оруулалт буурч байгаа бол дотоодын хөрөнгө оруулалт буурах нь гарцаагүй. 2015 оны төсвийн төслийг зэрвэс харвал төсвийн хөрөнгө оруулалт зогсохоор байгаа. Улс төрчид  яаж ч хоорондоо маргалдаад, хэрэлдээд мөнгө ургаж бий болохгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахаас нааш ирээдүй гэрэлтэхгүй. 2013, 2014 онд Чингис бонд тус болсон боловч эргээд ашиг өгөх төсөл нь хэд билээ, хэзээ билээ гээд бөөн асуудал дагуулна.

4. Улс төрийн үзэл суртал


 
    Монголын улс төрчид ертөнцөөс өөрөөр сэтгэдэг гойд улс төрчид биш билээ. Зөв буруу ярьж байгаа бүхий л үзэл бодол туйлшрал, прагматик национализм, чөлөөт зах зээл гэсэн сэтгэлгээний 3 хэмжигдэхүүний аль нэгт хамаарна. Хэн яаж ярьж байгаагаас тэднийг танихад тус болох үүднээс улс төрийн үзэл суртлуудыг товч тайлбарья.
Туйлшрал. Хоёр төрөлд хувааж болох бизээ. Нэгдүгээрт, Гадаадын хөрөнгө оруулалт бол ямар ч ашигггүй, мөлжлөгийн хэрэгсэл гэх тайлбар. Марксист үзэл хэмээнэ. Тооцоо судалгаагүй ингэж ярьж байгаа бол коммунист уламжлалын сэтгэлгээ гэхээс өөр зам байхгүй. Хоёрдугаарт, Гадаадын шууд хөрөнгө оруулалт дарлах, колончлох хэрэгсэл гэх тайлбар. Үндсэрхэг үзэл хэмээнэ. Голдуу популизм үнэртүүлдэг. Популизмд тооцоо судалгаа хэрэггүй байдаг.
Чөлөөт зах зээл. Чаддаг чаддаг юмаа хийж худалдаа наймаа хөгжүүлье гэх тайлбар. Чөлөөт зах зээлийн үзэл хэмээнэ. Олон орон энэ баримтлалыг таашаадаггүй.
Прагматик национализм. Хөрөнгө оруулалт ашигтай ч бас зардалтай. Гадаадын хөрөнгө оруулагчид болон хөрөнгө оруулахыг дэмжиж байгаа тухайн орон аль аль нь сайн муу, үр ашигаа тооцож хамтарч ажиллъя гэх тайлбар. Прагматик национализм хэмээнэ. Нэр томьёо нь Монголд шинэдэж мэднэ. Энэ бол үндсэрхэг үзэл биш шүү гэсэн тодотголыг дахин хэлэх нь зүйтэй байх.

5. Дүгнэлтийн оронд


    Улс төрчид, төрийн дээд албан тушаалтнууд эдийн засгийн амин чухал энэ асуудлаар өөрсдөө зөв ойлголттой байж, өрөөлийг итгүүлж чадах эсэхээс Монгол орны цаашдын хөгжил хамаарна.
Бодлогогүй үг, болчимгүй үйл явдал соёлын зөрүүтэй хүмүүсийн хооронд зөвхөн “ айдас” бий болгох бөгөөд “Итгэлцэл”-ийг  бүрэн алдуулдаг.
Монголын өнөөгийн дүр зураг энэ аж.

Ерөнхий сайд асан, МҮАН-ын дарга Мэндсайханы Энхсайхан