sonin.mn

ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 27 /BBC/. Их Британийн хаан III Чарльз хорт хавдрын эмчилгээнд нь ахиц гарсан тул олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд эргэн оролцож эхэлнэ гэж Букингемийн ордон баасан гарагт мэдэгджээ.  

Букингемийн ордны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, хааны эмч нарын баг өнөөг хүртэл гарсан ахиц дэвшилд ихээхэн урамшиж, хааны биеийн байдал сайжирсаар байна гэж дүгнэсэн байна. 

Хаан эмчилгээгээ үргэлжлүүлэх боловч эмч нар "өнөөг хүртэл гарсан ахиц дэвшилд хангалттай сэтгэл хангалуун байгаа тул хаан одоо олон нийтийн өмнө гарах үйл ажиллагаануудад оролцох боломжтой болж байна" гэж хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. 




Букингемийн ордноос мэдээлснээр, хаан, хатан нар олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд эргэн оролцож эхэлж байгаагийн илэрхийлэл болгон ирэх мягмар гарагт хорт хавдрын эмчилгээний төвд очих ажээ.




Хааны гэр бүл мөн Японы эзэн хаан, хатан нарыг Их Британид ирэх зургаадугаар сард төрийн айлчлал хийх үеэр хүлээн авна гэж ордны мэдэгдэлд дурджээ. Мөн ирэх тавдугаар сарын 6-нд III Чарльз хаан ширээнд заларсны нэг жилийн ой тохиох юм. 

Их Британийн хаан III Чарльз энэ оны хоёрдугаар сарын эхээр хорт хавдартай гэж оношлогдож, гэрээр эмчилгээ хийлгэж эхэлсэн билээ. Түүний дараа Уэльсийн гүнж Кэтрин мөн хорт хавдартай гэж оношлогдсон юм. 


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг