"Драмын дөрөв" хэмээх жүжигчдээс бүрдсэн уран бүтэлч хамтлаг энэ жил арван жилийнхээ ойтой золгож байгаа билээ. Тэдний нэг болох Улсын драмын эрдмийн театрын нүүр царай, залуу жүжигчдийн төлөөлөл болж яваа жүжигчин, МУСТА Г.Амгаланбаатартай ярилцлаа.
 
-Ярилцлагаа таны сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачнаас хуваалцаж эхэлье?
 
-Яг одоогийн байдлаар манай театр шинэ уран бүтээлд ороогүй байна. Харин өмнө нь тоглогдож байсан жүжгүүдээ дахин сэргээн тоглож байна. Б.Лхагвасүрэн гуайн зохиол “Үгүйлэгдсэн хайр" жүжгийг МУУГЗ Ч.Найдандорж найруулагч сэргээн тавихаар болсон. Миний хувьд энэ уран бүтээл дээр ажиллаж эхлээд байна. Манай театрт сар шинийн баяр, гэгээн хайрын Валентины баярт зориулсан тоглолтууд өдөр тутам үргэлжилж байна. Өдөрт гурав, ааримдаа дөрвөн удаа тоглолттой байна. Уржигдар гэхэд л “Бүүвэй” жүжиг гурван удаа тоглолоо. Тэрний өмнөх өдөр “Тамгагүй төр” жүжиг гурван удаа тоглосон. Ирэх 13,14-ний өдрүүдэд "Ану хатан, “Хэлж зүрхлээгүй хайр” жүжгүүд тоглогдоно.
 
-“Нууц амраг чинь болъё” жүжгийн нэрийг “Хэлж зүрхлээгүй хайр” болгон өөрчилсөн байна. Найруулагчийн шийдэл үү?
 
-Өмнө нь нэрлэж байсан “Нууц амраг чинь болъё” гэж нэрийг өсвөр насныхан, оюутнууд үзэхэд арай буруу утгаар хүлээж аваад байсан юм. Тиймэрхүү шүүмжлэлүүд ч үзэгчдээс ирж байсан. Уг нь бол жүжигт тийм буруу үйлдлийг ха-руулаагүй, сурталчлаагүй. Энэ үүднээс манай найруулагчдын зөвлөл ярилцаад энэ жүжгийн нэрийг өөрчлөхөөр болсон. Ингээд “Хэлж зүрхлээгүй хайр" гэдэг нэрийг найруулагч Н.Наранбаатар маань өөрөө өгсөн дөө.
 
-Тоглох жүжигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон болов уу?
 
-Анх л Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ бид гурав тоглож байсан. Одоо ч тоглоно. Бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй гэхэд болно. Жүжигчин Д.Баттөмөр, Ц.Баясгалан, Ц.Цэрэнболд гээд бүгд хуучнаараа. Харин жүжигчин Д.Ганцэцэг маань “Хувьсал” продакшнд харъяалагдах болсон учраас ороогүй.
 
-“Драмын дөрөв”-өөр сонин юу байна. Энэ жил хамтлагийн арван жилийн ой тохиох байх аа?
 
-Тэгнэ. Ойн хүрээнд төлөвлөсөн ажил их байна. Гэхдээ хараахан энэ их ажил руугаа идэвхитэй орж чадахгүй юм.
 
-Төлөвлөсөн олон ажлуудаасаа дурдаач. Танай хамтлагаас шинэ цомог хүлээж хүмүүс байгаа байх?
 
-Манайх 2005 онд “Хайрын дурсамж”, 2008 онд “Бүсгүй чамд” нэртэй цомгууд гаргасан. Арван жилийнхээ ойд зориулж гурав дахь цомгоо гаргах болно. Эхний дуу нь гарчихсан. Мөн энэ ойн хүрээнд бүрэн хэмжээний уран сайхны кино хийх төлөвлөгөөтэй байна. Энэ удаад бид дөрөв дөрвүүлээ дүр авч ажиллана. Хэн нь ч найруулахгүй. Гаднаас найруулагч авах байх. Харин ирэх есдүгээр сард тоглолт хийхээр төлөвлөсөн.
 
-Танай хамтлагийн Н.Наранбаатар хэд хэдэн дэлгэцийн уран бүтээл найрууллаа. Хамгийн сүүлд “Сүүлчийн шөнө” киног үзэгчдэд хүргэсэн. С.Болд-Эрдэнэ өнгөрсөн жил “Хөлтрөг” киног найруулсан. Г.Эрдэнэбилэг ирэх сард нээлтээ хийх “Аав” хэмээх киног найрууллаа шүү дээ. Харин таны ээлж хэзээ бол?
 
-Надад ч бодсон зүйл байна. Би удахгүй Соёл урлагийн их сургуульд найруулагчийн чиглэлээр магистрын зэргээ хамгаалах гэж байна. Давхар сургуульдаа багшилж байна. Уг нь санаагаар болдог бол өөрийнхөө кино руу юу юугүй л дайраад орчихмоор байна. Гэхдээ энэ жилдээ түр хойш нь тавьж таарах юм шиг байна. Хамтлагийн ойн хүрээнд хийгдэх ажлуудтай хувийн уран бүтээлээ давхцуулмааргүй байна. Сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг шүү дээ. Энэ гурваасаа сүүлдэж хийж байгаа болохоор сайн зүйл хийх хэрэггэй шүү дээ.
 
-Ямар төрөл жанр барьж авах бол?
 
-Би учиргүй аймшгийн төрлөөр хийхгүй байх. Бас инээдэм ч хийж чадахгүй байх. Тийм болохоор мелодрам талдаа байх болов уу. Ганц нэг зохиолууд уншаад л байж байна.
 
-Хамгийн сүүлд дэлгэцийн ямар уран бүтээлд ажиллачихаад байна вэ?
 
-"L\/А” энтертайнментийн “Мухар гудамж” кинонд ажилласан.
 
-2000 оноос хойш Улсын драмын эрдмийн театр хэмээх энэ их айлд харъяалагдаж байгаа. Энэ хугацаанд хичнээн уран бүтээлд дүр авч ажиллаад байна вэ?
 
-Яг нарийн тоолж үзээгүй ээ. Багцаагаар бол 50 шахам бол байгаа шүү.
 
-Тэгвэл тэдгээр дундаас хамгийн “махаа зулгааж” ажилласан дүр нь ямар дүр байдаг бол?
 
-Ер нь бүх л уран бүтээлд хүч хөдөлмөрөө зарцуулж ажилладаг шүү дээ. Сэтгэл оюунаа бүгдийг нь дайчлахаас гадна бие хаагаа бэлтгэнэ. Турах, таргалахаас авахуулаад нэлээд зовоосон дүрүүд байна л даа. “Гол дүрийн амрагууд" гээд манай С.Болд-Эрдэнэ бид хоёрын эмэгтэй болдог жүжиг байдаг шүү дээ. Энэ жүжиг нэлээд мах идсэн шүү /инээв/. Өсгийтэй гутал өмсөөд явахаас авахуулаад хүндрэл байсан. Би чинь өөрөө жингийн асуудалтай хүн шүү дээ. Болж өгвөл таргалчих гээд байдаг. Энэ жүжигт жин хасах, эмэгтэй дүрд хувирах хэрэгтэй байсан. Яг жинхэнэ эмэгтэй болж хувирах ёстой болохоос биш эмэгтэйг үзүүлэх ёсгүй. “Парисын дарь эхийн сүм”-д тоглоход сар гаруйн дотор арван хэдэн кг турах шаардлагатай болсон. Эргээд “Кихот ноёнтон” жүжигт арваад кг таргалах хэрэгтэй болсон шүү. Энэ мэтчилэн асуудал гарна.
 
-Би хамгийн түрүүнд таныг “Кихот ноёнтон” жүжгийн Санчо Пансагийн дүрийг нэрлэх байх гэж бодсон?
 
-Намайг их өөр талаас нь харуулсан дүр. Өмнө нь ихэвчлэн дурлалт залуу, сайхан сэтгэлт залуугийн дүр оногддог байлаа. Харин энэ дүр надаас нэлээд хол дүр байсан. Анх энэ дүрийг онооход нэлээд баярлахын зэрэгцээ их айж хүлээн авсан.
 
-Өнгөрсөн хавраас танай театр долоон өөр найруулагчийн долоон өөр жүжгийг буюу бэсрэг жүжгийн төсөл хэрэгжүүлсэн. Таны хувьд хоёр ч жүжигт нь ажилласан байх аа?
 
-МУУГЗ Н.Ганхуяг найруулагчийн “Бүүвэй”, Н.Наранбаатар найруулагчийн “Өчигдөр” жүжгүүдэд ажилласан.
 
-“Өчигдөр” жүжиг хоёр гол дүртэй жүжиг шүү дээ. Энэ жүжигт ажилласан туршлагаа ашиглаад монодрам төрөлд хүчээ үзэх бодол төрж байх юм уу? 
 
-Одоохондоо тийм санаа алга. Гэхдээ үзээд алдахад гэмгүй төрөл. Хувь жүжигчнээс асар их хүч хөдөлмөр шаарддаг төрөл жанр. Энэ жүжигт ажиллах гэж нэлээд хичээсэн шүү. Хоёрхон жүжигчин бүхэл бүтэн нэг цаг 30 минутын турш тайзыг эзэгнэнэ гэдэг нэлээд хүнд. Энэ жүжгээрээ энэ жилийн “Гэгээн муза" наадамд нэр дэвших болов уу гэж бодож байна.
 
-Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар та хоёр уран бүтээлийн дотно андууд. Олон жил хамтарч ажиллаж байгаа болохоор ойлголцоход ч илүү дөхөмтэй байдаг болов уу?
 
-Тэгэлгүй яахав. 2000 онд театрт анх ардын жүжигчин Б.Мөнхдорж багшийн найруулан тавьсан "Бооцоо" жүжгээр Н.Наранбаатар найруулагч бид хоёр уран бүтээлийн гараагаа эхэлж байлаа. Үүнээс хойш олон жүжигт хамт тоглосон байдаг. Харин Наранбаатарыгаа найруулагч болсноос хойш түүний найруулсан "Надаар тоглосон хайр, "Парисын дарь эхийн сүм" зэрэг арав гаруй жүжигт тоглосон байна.
 
-Өнгөрсөн намраас эхлээд төгссөн сургуульдаа багшилж байгаа. Оюутнуудтай ажиллах ямар байна вэ. Багшилна гэдэг бас амаргүй л ажил байх?
 
-Тэгэлгүй яахав. Тэр хэрээрээ залуучуудаас суралцах зүйл их байна. Өөрөө оюутан байгаад үзчихсэн хүн шүү дээ. Гэхдээ 15 жилийн өмнө сургуулиа төгссөн гэхээр нэлээд холдчихсон байдаг юм байна. Энэ жил би туршилтын маягаар л ажиллаж байна. Одоо төгсөх курсынхэнтэй ажиллаж байна. Ардын жүжигчин Ж.Лхамхүү багшийнхаа хажууд туршлагаас нь суралцаад явж байна. Харин ирэх хавраас яг өөрийн ангиа нэгдүгээр курсээс нь дааж авна. Өмнө нь энэ төрлийн ажил хийж үзээгүй хүн чинь “Багш нь" гэж хэлж чадахгүй “Ах нь" гээд л. Энэ мэтчилэн хөгжилтэй зүйлүүд байна. “Багшаа" гэж дуудуулах сайхан л байна.
 
-Оюутнууддаа юуг хамгийн их захиж байна?
 
-Нэг их айхтар лоозогнож хэлдэг зүйл байхгүй. Өөрийнхөө баримталдаг зарчмыг л их хэлдэг юм. Уран бүтээлч болохын тулд эхлээд хүн байх хэрэгтэй юм шүү гэдгийг л сайн ойлгуулахыг хүсдэг. Одоогийн оюутнуудын сэтгэлгээ биднийг оюутан байх үеийнхээс их өөр болж. Их залхуу, хойрго болчихсон юм шиг санагддаг. Ийм байж болохгүй л дээ.
 
-Хамгийн сүүлд миний санаж байгаагаар “Босго тотго" дэлгэцийн олон ангит кинонд ажилласан. Одоо энэ төрлийн уран бүтээлд ажиллаж байна уу?
 
-МҮОНТ-ийн түүхэн кино. Энэ уран бүтээлд ажилласан. Уг киноны найруулагч Н.Энхтүвшин маань саяхан бурхан болчихлоо. Их харамсалтай байна. Үе тэнгийн уран бүтээлчид, залуу хүмүүс өөд болохоор нэлээд эмзэглэж хүлээж авах юм.
 
-Дэлгэцийн уран бүтээлийн саналууд хэр ирж байна вэ?
 
-Саяхан нэг санал ирээд, зохиолтой нь танилцсан. Гэхдээ хамтлагийн ойн ажил их байгаа учраас харамсалтай нь татгалзаж таарах байх. Уг нь зураг авалт нь эхлэх болоогүй юм билээ. Харзнаж байж шийднэ дээ.
 
-Театрын уран бүтээлчид дэлгэцийн уран бүтээлд давхар ажиллахад театрын удирдлагын зүгээс хэрхэн хүлээж авдаг вэ. Зэрэг амжуулна гэдэг бас хэцүү байдаг байх?
 
-Хамгийн гол нь үндсэн ажлаа цалгардуулахгүй байх ёстой. Ингэсэн тохиолдолд гадуур уран бүтээлд оролцоход нээлттэй ханддаг.
 
-Ингэхэд таны хамгийн анх камерийн өмнө гарсан уран бүтээл нь ямар уран бүтээл байдаг юм бэ?
 
-Долдугаар ангидаа найруулагч, МУУГЗ Б.Нагнайдоржийн “Нүцгэн уулын бэлд” гээд уран сайхны кинонд орж байсан юм. Тэр үед киног хальсаар хийж байсан үе шүү дээ. Санаандгүй л орсон доо.
 
-Тэгэхээр долдугаар ангидаа жүжигчин болно гээд шийдчихсэн байсан гэсэн үг үү?
 
-Үгүй ээ шийдээгүй байсан. Манай сургууль дээр найруулагч нар ирж проб авч байсан юм. Гол дүрийн охиныг л хайж байсан шиг байгаа юм. Тэнд шалгалт өгч байгаа охид дандаа ээжийн тухай дуу дуулаад л. Дандаа охидыг шалгаад байхаар нь би “Эрэгтэй хүүхэд шалгахгүй юмуу” гээд асуучихсан. Тухайн үед би нэлээд нүүрэмгий, хөдөлгөөнтэй хүү байлаа. Тэгтэл надаас “Чи чинь хэний хүүхэд билээ" гээд асуудаг юм байна. Аав, ээж нь урлагийн хүн байж магадгүй гэж бодсон байх. Тэгэхээр нь би “Би хүний л хүүхэд" гээд хэлчихсэн. Тийм л хэгжүүн хүү байсан даа. Тэгээд дуу дуул гэхээр нь аавын тухай дуулж байсан юм. Ингээд л надад нэг бичиг өгөөд явсан. Гэртээ хариад өвөөдөө нөгөө бичгийг нь үзүүлтэл намайг кинонд тоглох болсныг мэдсэн. Б.Нагнайдорж гэж хүний тухай хэлж өгч билээ. Тэгэж л тэр кинонд гурав дөрвөн удаа гарах аз тохиосон доо.
 
-Аав нь долдугаар ангидаа анхны дүрээ бүтээсэн бол таны охин дөрвөн настайдаа “Парисын дарь эхийн сүм” жүжигт тоглосон байх аа?
 
-Тэгсэн /инээв/. Өнгөрсөн жил “Нора” жүжигт бас тоглосон. Миний хүү ч гэсэн “Атга нөж” жүжигт таван настайдаа тоглож байсан шүү дээ.
 
-Тэгэхээр урлагийн авъяас цухалзаад л байгаа байх нь?
 
-Удам залгаж, үе дамждаг зүйл байдаг байх. Гэхдээ миний хүүд урлагаар явах бодол байхгүй юм шиг байна лээ. Харин охиноо урлагийн мэргэжил сонгох сонголт хийвэл хүлээн зөвшөөрнө шүү. 
 
А.Халиун
Эх сурвалж: "Нийслэл таймс"