sonin.mn
Ногоон намын дарга О.Бум-Ялагчтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Наадам хуучраагүй, уулзсан хүмүүс тэр тухай хууч өрнүүлж байна.  Тийм болохоор энэ жилийн наадмын сэтгэгдлээс ярилцлагаа эхэлье?
 
-Аялал жуулчлалын ажил эрхэлдэг болохоор наадмын нээлтэд хэдэн жуулчин дагуулж очсон. Жуулчдад зориулсан суудал нь сүүдрэвчгүй, халуунд тун хэцүү байлаа Жуулчдын олонх нь настай хүмүүс болохоор багагүй сандарсан. Ерөнхийлөгч үг хэлж байхад цэнгэлдэхийн тал нь хоосон, наадмын нээлтээс дуусах хүртэл хүмүүс цувж, бие биеийнхээ урдуур гарч уур уцаар болж, зарим нь хүүхдээ уйлуулан нааш цааш түлхэлцэж байсан.
 
Энэ юуг харуулж байна гэвэл, улс нийгмийн маань нүүр царайг илтгэж байгаа юм. Жуулчид их гайхсан. Би тэдэнд монголчууд нүүдэлчин байгаад суурьшиж буй улс. Энд ирж байгаа хүмүүсийн олонх нь өчигдрийн нүүдэлчид, манай баяр наадам цаг хугацаанд баригддаггүй гэх мэтчилэн нүүрээ улалзуулан байж чадах чинээгээр тайлбарласан.
 
Гэхдээ манайхан жилээс жилд сайжирч байгаа. Өмнө нь идсэн, уусан зүйлийнхээ уут, савыг шууд шидчихдэг байсан бол менежментээ сайн хийж байна. Зохион байгуулалтын  хувьд энэ жил хуучнаа  санагалзсан, эв хамтын нийгэм, хамтарсан үзэл байдлаа мөрөөдсөн байдал ажиглагдсан. Ашиглаж буй дуунууд нь ч тэр.
 
Д.Сосорбарам гуайн үед ардчилсан хувьсгалын тухай “Хонхны дуу” эгшиглүүлж, ингээд та нарыг “нухаад өгч билээ” гэсэн шиг юм  хийсэн. Өнөөдөр  ардчилал бидний зорилго биш байж, бидэнд юм өгөхгүй нь, итгэж найдсан хэдэн нь хүн төрөөс баяжиж индэр дээр гарч суучихаад иргэдээ мартсан гэдгийг  ойлгож эхэлж.
 
Наадмын хоёр дахь өдрийн өнгөнөөс байгаль дэлхий ч гэсэн АН-аас нүүр буруулсныг бүгд анзаарсан. Энэ наадмаар баярлах ганц юм нь хүүхэдгүй морь байсангүй, хүүхдийн аюулгүй байдлыг сайн хангасан. Цаашид хурдан морины уралдаанд 16 нас хүрсэн хүүхдийг оролцуулж байя гэж манай нам үздэг. Учир нь одоогийн морь бидний өвгөд дээдсийн үеэс уралдуулж ирсэнтэй адилгүй болсон.
 
Хүчтэй эм тариа, бордоо тэжээл хэрэглэж, мэргэжлийн өндөр төвшинд бэлдсэн “тамирчин морьд”-ыг 8-9 настай жаахан хүүхдээр унуулна гэдэг бүдүүн зүрхтний хийх ажил. Тэр хүүхэд унаж бэртвэл бүх насаараа эрэмдэг зэрэмдэг болно шүү дээ.
 
-Одоо сэдвээ өөрчилье. Ирэх сарын эхнээс ээлжит бус чуулган зарлах, МАН-ыг засгаас гаргаж, зургаан сайдын асуудал хэлэлцэх мэдээлэл бий. Та юу гэж үзэж байна?
 
-Манай намын гишүүд энэ талаар ярьж байгаа. Түүнээс хоёр зүйл анзаарагдсан. Нэгдүгээрт, нэр нь өөр ч түрийвч нь нэг болсон хоёр том нам нийлж Монголын стратегийн ордуудыг хувааж ашиглах нь гэсэн асуудал ярьсан. Гэтэл АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж МАН-ыг засгаас гаргах асуудал тавилаа.
 
Энэ юунаас болов гэвэл, засагт орсон МАН-ын сайд нар АН-ын  боловсон хүчнийг олноор нь халж сольсон.  Нөгөөтэйгүүр, үүнийг хийхдээ маш их мэдээлэл цуглуулсан. Тэр нь ирэх сонгуулиар гартаа барих зэвсэг нь, тодруулбал АН-ын нэр хүндэд муугаар нөлөөлөх хэмжээнд очсон.
 
Тиймээс хамт явсан ч,тусдаа байсан ч дайсан юм  байна гэдгийг АН-ынхан ойлгож, эртхэн зайлуулъя гэж байх шиг байна. Тэгэхээр зам, замаа хөөе гэж байгаа нь улс төрийн хувьд эрүүл шийдвэр байх. Гэхдээ хоёр нам  хэтэвч нэгтэй учраас засгаас тийм ч амархан гарахгүй л болов уу.
 
У.Хүрэлсүхийн телевизээр өгч байгаа ярилцлагыг харахад тоосон шинжгүй байна лээ, залуу хүн учраас тэр нөхөр бас харуулж байна шүү дээ “Иймэрхүү юм ярьж л байдаг юм, харагдаач” гэсэн байдалтай байсан. Уг нь  МАН-ыг засгаас гаргачихвал улс төр эрүүлжих юм сан.
 
-Яаж?
 
-Тэртэй, тэргүй  АН мөнгөнд пологтож, гадаад өр 20 гаруй тэрбум болчихоод байна. Улсын нэрээр тавьсан өр нь хоёрхон тэрбум, 17-18 тэрбум төгрөгийн өрийг  хувийн компани, аж ахуй нэгж тавьсан байна. Тэр 17 тэрбумыг идсэн хүмүүс  Монголоос зугтах биз, С.Баяр шиг. Яаж зугтдагийг С.Баяр заагаад өгчихсөн шүү дээ. Ийм ялгарал явж байна.
 
Сая гадаад харилцаа хариуцсан сайд нь гадаадад очоод Ардчиллын 25 жилийн ой гээд ярьж явна. Ч.Сайханбилэг ч гадаадын олон орноор явсан. Энэ юуг харуулж байна гэвэл буцах, зугтах газруудаа томъёолж байна. Тиймээс “биднийг ирэхэд интерпольд бариад өгчихгүй биз” гэсэн утга бүхий зүйл яриад эхнээсээ явж эхэлсэн. АН ингэж зугтах араандаа орсон, энэ удаагийн ялагдал нь мөнхийн ялагдал болох байх.
 
Дахиж АН гэх юм уу, ардчилсан хүчин гэж ярих шаардлагагүй асуудал үндсэндээ дуусах биз. Цаашлаад Грекийн чиглэл рүү явах нь ойлгомжтой.  Грект ардчилагчид  алга болж, зүүний чиглэлийн намууд нь үлдсэн. Алийн болгон ард түмнийхээ бүсийг чангалж, хэдхэн хүн идэж уух вэ дээ. Грект ийм л юм болсон. Тиймээс бидний дүгнэлтээр бол Монголын ардчилал дуусч байна.
 
Их хурлын дарга л гэхэд “Чингис бонд”-оор хийсэн төслүүдийг үзээд явж байгааг телевизүүд саяхан харууллаа. Тэнд шинэ юм алга. “Хонхны дуу” орилж байсан хүмүүс тэнд харагдаж байна, нөгөөтэйгүүр огт тоо хэлсэнгүй, бондын мөнгөөр босгосон гэдгээс өөрийг ярьсангүй. Бондоос хэд нь төсөлд орж, эсвэл бүтээн байгуулалтад зарцуулагдав гэдгийг хэлэхгүй байгаагийн цаана залилангаа хийх гэж буй явдал нуугдаж байгаа юм.
 
Соёлтой улсад тоо ярьдгаас биш З.Энхболд хөгшин ардчиллынхнаа дагуулж очиж тайлан тавьж байна гэж жүжиглэх хэрэггүй. Ард түмнээ мэдлэг боловсрол нимгэн, цайлган цагаан сэтгэлтэйг нь далимдуулж хуурч болохгүй.  Өөр нэг асуудал бол сая Киргиз улс АНУ-аас харилцаагаа тасаллаа. Манай хоёр хөрш ч Америкийг даган баясагчдаас зайгаа барьж эхэлсэн. АН-ынхан бол Америкт боловсрол эзэмш­сэн хүмүүс  голдуу байгаа шүү дээ.
 
-Гэхдээ УФА-гийн уулзалт, Шанхай, Бриксийн хэлэлцээнүүдийг манайхан “Монголд ашигтай, Ерөнхийлөгч маань эерэг хандлагыг авчирлаа” гэж мэдээлээд байгаа шүү дээ?
 
-Та нэг  зүйлийг ажиглав уу, В.Путин хэллээ шүү дээ “Үүнээс хойш ,түүнээс цааш Монгол-Оросын хоорондын шууд хэлэлцээр гэж байхгүй. Заавал гурвуулаа сууна шүү” гэлээ. Манайхан энд нэг юм яриад, тэнд очиж бас нэг өөрийг хэлж  холион бантан хутгаад  хоёр том гүрний хооронд асуудал үүсгээд байдаг. Тиймээс В.Путин хаширсан байна, тиймээс “Гурвуулаа сууж байгаад ярья” гэж хэллээ.
 
Үүнээс Монголын улстөрчид нэр хүндээ алдсан нь харагдаж байна. Тиймээс тэгж доромжлохоос өөр яах билээ дээ, их гүрнүүд. Манайхан худал ярьдаг зуршлаараа  том юм хийлээ, гавьяа байгууллаа  гэж яриад байна. Үнэн хэрэгтээ манай улсыг бүхэл бүтэн улс гэдгээр хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ В.Путин албан ёсоор  хэлчихлээ. Аргагүй шүү дээ, өнөөдөр Байгаль нуурыг хар. Ц.Элбэгдорж, В.Путинтэй хамт усан доогуур аялж Байгаль нуурыг үзчихээд “хамгаална” гэж ам тангараг тавьсан.
 
Өнөөдөр Улаанбаатарт байгаа Туул голыг хар, бохирдлын хэмжээ байх ёстой хэр хэмжээнээсээ даваад талийсан. 3.5 тэрбум төгрөгөөс 300 саяыг Туул голыг авран хамгаалахад зарцуулсангүй. Энэ юуг харуулж байна, Төрийн тэргүүнээсээ өгсүүлээд худалч гэдгийг л харуулж байгаа юм. Худал ярьдаг хүмүүстэй бизнес хийх хэцүү шүү дээ.
 
Урд хөршид л гэхэд Монголын төрийн албан хаагчидтай Хятадын төрийн албан хаагчид уулзалт, ярилцлага хийхийг хорьж байна. Яагаад гэвэл, улс төрийн юм ярьж байснаа гэнэт бизнесийн юм яриад унадаг гэнэ. Тэрийг орчуулагч нь орчуулж протокол  хөтлөхгүй бол болохгүй.
 
Манай хүний орчуулагч бол хармааны хүн учраас юугаа ч бурсан хамаагүй, цаад хүний орчуулагч тайлангаа тавьдаг учраас нөгөө хүн хэрэгт орно шүү дээ. Манай ардчиллынхан энд тэнд очиж элдвийг хамаагүй бурдаг, цаана нь  ийм гомдол санал гардаг юм билээ.
 
-Ирэх намрын чуулганаас парламентад суудалгүй намууд ямар үр дүн хүлээж байна?
 
-Түүнээс өмнө ээлжит бусаар чуулах гээд байгаа асуудал бол зургаан сайдын асуудлаас илүү Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн хуульд оруулах өөрчлөлт, төсвийн тодотголыг нухацтай хэлэлцэх нь гэж бид  харж хүлээж байгаа. Энэ асуудлыг нэгдэж байж шийдэх учраас эвсэл задрахгүй байх. Ялангуяа Үндсэн хуулийн асуудалд нэгдмэл байр суурь чухал.
 
Манай нам болон парламентад суудалгүй бусад нам ирэх сараас идэвхтэй тэмцлийн үе эхэлнэ гэж үзэж байгаа. Ялангуяа Үндсэн хуулийн асуудлыг энэ парламент шийдэхгүй. Энд бүх ард түмний санал асуулга явуулах ёстой. Улс төрийн намын тухай хууль дахь Ерөнхийлөгчийн байр суурийг бид дэмжихгүй байгаа. Улс төрийн намын асуудлыг  СЕХ шийддэг байдлаар хийж болохгүй.
 
СЕХ-г сонгуульд олонх болсон нам томилдог. Гэтэл улс төрийн намын халдашгүй эрхийг өөр нэг нам шийддэг байдлаар хийдэг байж таарахгүй. Гэтэл ийм зүйлийг Харвардыг төгссөн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч маань бичээд өгч байна. Тэр ажлын багт нь Германы  Боннд  сургууль төгссөн доктор залуу ажилласан юм гэсэн.
 
Би хувьдаа тэр ажлын хэсэг нь Улс төрийн намын тухай хууль болохгүй байгаа бол юу нь болохоо байж вэ, улс оронд, ард иргэдэд ашигтайгаар яаж өөрчлөх вэ гэдгийг эхлээд судалж гаргаж ирэх ёстой байсан гэж бодож байна.
 
Тэгж байж өөрчилдөг болохоос ямар хууль байвал Монголд таарах вэ гэж нэг хүнд үүрэг өгч юм бичүүлээд,  тэр нь яаруу сандруу сараачаад оруулж ирдэг байж  болохгүй. Иймд эдгээр асуудалд парламентад суудалгүй намууд тэмцлээ нэгтгэж ажиллана.
 
-Ярилцсанд баярлалаа. Танд нэмж хэлэх зүйл байна уу?
 
-Монголын Ногоон намаас ард иргэдийгээ  улс төрийн сонор сэрэмжтэй байж, Үндсэн хуулиа хамгаалан тэм­цэхэд идэвхтэй оролцохыг уриалан дуудаж байна.
 
 
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: